Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 100

 

  “М” ХХК-ийн гомдолтой, Татварын

 ерөнхий газрын Улсын төсөв, орлого

 хяналтын газрын татварын улсын байцаагч

 нарт холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Танхимын тэргүүн:        М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,                                    

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал   

Гомдлын шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 211820025 дугаартай шийтгэлийн хуудасны зөрчлийн 2, 3, 5, 7, 8, 9.1, 9.2, 9.3 дахь хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0790 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 37 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Г.Х нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0790 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 1.5 дугаар зүйлийн 8, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 1.1, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.3, 13 дугаар зүйлийн 13.9, 15 дугаар зүйлийн 15.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.2, 7.4.9, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.3, 14.4.1, 14.4.2, 16 дугаар зүйлийн 16.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.6.1, 14.6.2, хэсгийг тус тус баримтлан М ХХК-ийн гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 211820025 дугаартай шийтгэлийн хуудсын зөрчлийн 8 дахь хэсгийн 1,096,959,590.89 төгрөгийн зөрчилд ногдуулсан 109,695,959.10 төгрөгийн нөхөн татварыг 12,597,952.69 төгрөгөөр бууруулж, 97,098,006.41 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэж, гомдлын үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.   

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 37 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0790 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.      

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 37 дугаартай магадлалыг эс зөвшөөрөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлсэн тул доорх гомдлыг гаргаж байна.

4. Шийтгэлийн хуудсын 3-т заасан 33,086,250.91 төгрөгийн баримтаар нотлогдоогүй засварын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон тухай зөрчлийн хувьд: Энэхүү зөрчлийн бид анхан болон давж заалдах шатны шүүхэд 2015 он “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-д заасан журмын залруулан тайлагнасан байсан. Гэтэл татварын улсын байцаагч болон 2 шатны шүүх дээрх хуулийн 6.1.Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно. заасныг зөрчиж хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

5. Тэмдэглэлийн тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн 7-д заасан 2,336,329,062.00 төгрөгийн оршин суугч бус этгээдэд олгосон төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан төсөвт төлөөгүй тухай зөрчлийн хувьд: Бид Өмнөговь аймгийн Гурвантэс суманд газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах бариулах ажлыг Хятад улсын иргэн Хан Мин Интэй гэрээ байгуулан барилгын ажлыг гүйцэтгүүлсэн. Гэрээний дагуу Хан Мин Ин нь туслан гүйцэтгэгч компани болох Жилин Тайхуа ХХК-тай гэрээ байгуулсан. Тухайн иргэн нь гэрээний дагуу барилгын ажлыг цаг хугацаандаа гүйцэтгэсэн бөгөөд харин манай зүгээс үүргийнхээ дагуу төлбөрийг тухайн иргэний Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн. Тухайн БНХАУ-ын иргэн нь 2013 онд Монгол улсын нутаг дэвсгэрт 183 хоногоос дээш амьдарсан байдаг. ХХОАТ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Дараах хувь хүнийг Монгол улсад байнга оршин суугч албан татвар төлөгч гэж үзнэ. 6.1.1 Монгол улсад оршин суух байртай; 6.1.2 тухайн татварын жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол улсад амьдарсан” гэж заасан тул БНХАУ-ын иргэн Хан Мин Ин нь Монгол улсад байнга оршин суугч болно. 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн НӨАТ-ын тухай хуулийн 16 дугаар 16.1.2-т “Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа, ажил үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх” гэж заасан байдаг. Энэхүү зүйлд анхаарлаа хандуулбал тухайн үйлчилгээг үзүүлэгч нь Монгол улсын оршин суугч бус этгээд байхаар заасан байдаг. Гэтэл манай тохиолдолд гэрээний тал болох Хятад улсын иргэн Хан Мин Ин нь Монгол улсын байнга оршин суугч татвар төлөгч байна. Иймээс энэхүү хуульд зааснаар 233.6 сая төгрөгийн нөхөн татвар, 116.8 сая төгрөгийн алданги, торгуулийг төлөх үндэслэлгүй байна.

6. Тэмдэглэлийн тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн 8-т заасан 2015 онд импортын барааны 109,695,959.09 төгрөгийн НӨАТ-ын хасалтыг илүү хийсэн тухай зөрчлийн хувьд: Хяналт шалгалтын хугацаа болох 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ГЕГ-ын мэдээллийн санд 3962 ширхэг гаалийн мэдүүлгээр 113 521.5 сая төгрөгийн НӨАТ-ын татвар байх бөгөөд харин энэ хугацаанд манай компанийн татварын албанд тушаасан нийт 48 сарын НӨАТ-ын тайлангуудад импортын худалдан авалтаар 113 000.8 төгрөгийн НӨАТ-ын хасалтыг хийж тайлагнасан. Харин манай компанийн оруулж ирсэн 11 гаалийн мэдүүлгийг өөр компани дээр тайлагнасан мэтээр ТУБ тайлбарлаж үүнийг нь шүүх үнэлэн манай компанийн НӨАТ-аас тооцож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

7. Тэмдэглэлийн тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн 9-т заасан үндсэн хөрөнгө, хувийн хэрэгцээнд болон суудлын автомашин худалдан авахад зориулж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний НӨАТ-ыг хасч тооцсон тухай зөрчлийн хувьд:

8. а. 9.1-д заасан Газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын тухайд: Татварын байцаагчдын үйлдсэн тэмдэглэлийн тогтоох хэсгийн 9 дүгээр зүйлийн дэд хэсгээс харахад “...14.6.5.хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ гэж заасныг зөрчин” гэж бичсэн байна. Гэтэл энэхүү заалт нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон НӨАТ-ын тухай хуулийн зүйл заалт байна. Үүнээс өмнөх буюу 2006 оны НӨАТ-ын тухай хуульд ийм заалт байдаггүй байсан. Мөн тэмдэглэлийн тогтоох хэсгийн 9 дүгээр хэсгийн 9.1 дэх дэд хэсэгт “ ... 2012 оны 1 934.5 сая төгрөг, 2013 оны 212.9 сая төгрөг, 2014 оны 2 976.4 сая нийтдээ 5 123.9 сая төгрөгийн худалдан авалтанд төлсөн ...” гэж тодорхой бичжээ. Тухайн үйлдэл хийж байх үед мөрдөгдөж байсан хууль (НӨАТ-ын тухай хууль 2006)-д байхгүй байсан, улмаар шинэ хууль хүчин төгөлдөр болохыг НӨАТ-ын тухай хууль (2015)-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө” гэж маш тодорхой заасан байхад хууль хэрэглээний хувь буюу тухайн үед мөрдөгдөөгүй байсан хуулийн заалтыг буцаан хэрэглэж бидний эрхийг ноцтой зөрчиж зориуд торгууль тавих гэсэн санаа гэж харж байна. Иймд манай тухайн үеийн хуулийн зохицуулалтад байгаагүй хуулийн заалтыг хэрэглэж торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

9. б. 9.2-т заасан суудлын автомашин худалдан авахад төлсөн НӨАТ-ын тухайд: Байцаагчдын үйлдсэн тэмдэглэлийн тогтоосон хэсгийн 9 дэх хэсгийг харахад “...14.6. Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй; 14.6.1.суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг, .” гэж бичсэн байдаг. Үүнийг анхааран үзвэл дээрхтэй адил шинэ буюу 2015 оны НӨАТ-ын хуулийг зааж, зөрчил болгосон байна. Гэтэл тухайн тэмдэглэлийн 9.2 дахь дэд хэсэгт “...2012 онд 237.1 сая төгрөг, 2014 онд 232.3 сая төгрөг, 2015 онд 639.9 сая төгрөг, 2016 онд 92.8 сая төгрөг нийтдээ 1 201.9 сая төгрөгийн худалдан авалтанд төлсөн ...” гэж тодорхой бичжээ. 2016 оноос өмнөх хугацааны худалдан авалтын НӨАТ-ыг хасахгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иймээс эдгээр зөрчилд хамаарах 120.2 сая төгрөгийн нөхөн татвар, 4.6 сая төгрөгийн алданги, торгуулийг төлөх үндэслэлгүй юм.

10. в. 9.3-т хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын тухайд: 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх зөрчилд хамаарах хариуцлага алданги, торгуулийг хууль зүйн үндэслэлгүй болно. Манай компани нь дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийн гомдол гаргасан хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

12. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нар нь “М” ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг явуулж, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 211820025 дугаартай шийтгэлийн хуудсаар, 16,553,137,564.90 төгрөгийн 10 зөрчилд 1,666,750,414.30 төгрөгийн нөхөн татвар, 326,637,514.30 төгрөгийн торгууль, 208,218,140.60 төгрөгийн алданги, нийт 2,201,606,069.20 төгрөгийн төлбөр ногдуулсан байх ба татвар төлөгчийн гомдлоор Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь шийтгэлийн хуудсыг хянаж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор, 3,623,513,654.89 төгрөгийн зөрчилд ногдох 141,370,296.02 төгрөгийн торгууль, 88,339,518.67 төгрөгийн алданги, нийт 229,709,814.69 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 8,991,657,734.29 төгрөгийн зөрчилд ногдох 1,042,746,136.53 төгрөгийн нөхөн татвар, 156,474,861.01 төгрөгийн торгууль, 104,316,573.88 төгрөгийн алданги, нийт 1,303,537,571.42 төгрөгийн төлбөрийг бууруулж, нийтдээ 6,447,995,717.87 төгрөгийн зөрчилд ногдох 624,004,277.77 төгрөгийн нөхөн татвар, 28.792,357.27 төгрөгийн торгууль, 15,562,048.05 төгрөгийн алданги, нийт 668,358,683.09 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

13. Гомдол гаргагч “М” ХХК нь 211820025 дугаартай шийтгэлийн хуудасны зөрчлийн 1, 4, 6, 9.4, 10 дахь хэсгийг хүлээн зөвшөөрсөн, харин “тус компани Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу тайлангаа хөтөлж, Татварын хууль тогтоомжийн дагуу үнэн зөвөөр тайлан тооцоогоо гарган өгдөг. Татварын улсын байцаагч нар нь татварын бүртгэл, анхан шатны баримт зэргийг дутуу шалган тооцож, шийтгэлийн хуудсаар төлбөр тогтоосон нь үндэслэлгүй” гэж марган, шийтгэлийн хуудасны зөрчлийн 2, 3, 5, 7, 8, 9.1, 9.2, 9.3 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан байна.

14. Хяналтын шатны шүүхээс гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006, 2015 оны/ болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

15. 1. Шийтгэлийн хуудасны 3-т заасан зөрчлийн тухайд:

16. Шийтгэлийн хуудсаар, 2014 онд баримтаар нотлогдоогүй засварын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцон, татвар ногдуулах орлогыг бууруулсан 33,086,250.91 төгрөгийн зөрчилд 8,271,562.70 төгрөгийн нөхөн татвар, 2,481,468.80 төгрөгийн торгууль, 1,654,312.60 төгрөгийн алданги, нийт 12,407,344.10 төгрөгийн төлбөр ногдуулсан байх ба Татварын маргаан таслах зөвлөлөөс шийтгэлийн хуудсыг хянаж, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх энэ зөрчилд ногдох 2,481,468.80 төгрөгийн торгууль, 1,654,312.60 төгрөгийн алдангийн төлбөрийг чөлөөлж, 8,271,562.70 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

17. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гомдол гаргагчийг, өөрийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй гаргасан засварын зардлаар татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан, уг зөрчилд ногдох 8,271,562.70 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэн, гомдлын шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

18. Учир нь, “М" ХХК нь 2014 онд “Эрхэт өргөө хайрхан” ХХК-иар Могул таун хорооллын 704 тоот байранд хийлгэсэн гипсэн тааз, материалын зардалд 7,267,140.00 төгрөг, “Монвакуум” ХХК-иар Зайсан белла виста хорооллын байранд тагтны шилэн фасад хийлгэсний зардалд 23,068,110.91 төгрөг, “МТ дриллинг” ХХК-ийн байрны засварын зардалд 2,751,000.00 төгрөгийг тус тус шилжүүлж, өөрийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй, баримтаар нотлогдоогүй засварын зардлаар татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан нь тогтоогджээ.

19. Иймд тус компанийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно: 12.1.1.түүхий эд, үндсэн болон туслах материал, ...” гэж, 15 дугаар зүйлийн 15.1-д “Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй: ...15.1.2.албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;...” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, шийтгэлийн хуудсаар 8,271,562.70 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

20. Гомдол гаргагч “М" ХХК-иас, 2014 оны баримтаар нотлогдоогүй дээрх засварын зардлыг 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан журмын дагуу залруулан тайлагнасан гэж маргасан, гэвч энэ хуулиар иргэн, хуулийн этгээдийг бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээг сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн байхыг шаардсан тул тус компанийн энэ хуулиас өмнө татвар ногдуулах орлогоос хасч тооцсон зардал хуулийн энэхүү үйлчлэлд хамаарахгүй талаар шүүхүүд зөв дүгнэлт хийжээ. Иймээс, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангах боломжгүй юм.

21. 2. Шийтгэлийн хуудасны 7-д заасан зөрчлийн тухайд:

22. Шийтгэлийн хуудсаар, оршин суугч бус этгээдээр гүйцэтгүүлсэн ажлын төлбөрт 2012-2013 онд шилжүүлсэн орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан төсөвт төлөөгүй нийт 2,336,329,092.00 төгрөгийн зөрчилд 233,632,909.20 төгрөгийн нөхөн татвар, 70,089,872.80 төгрөгийн торгууль, 46,726,581.80 төгрөгийн алданги, нийт 350,449,363.80 төгрөгийн төлбөр ногдуулсан. Татварын маргаан таслах зөвлөлөөс шийтгэлийн хуудсыг хянаж, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар 2012 оны 1,831,616,912.00 төгрөгийн зөрчилд ногдох 274,742,536.80 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, мөн баримтаар нотлогдоогүй зөрүү 72,325,430.00 төгрөгийн зөрчилд ногдох нийт 10,848,814.50 төгрөгийн төлбөрийг бууруулж, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх 432,386,750.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 12,971,602.50 төгрөгийн торгууль, 8,647,735.0 төгрөгийн алданги, нийт 21,619,337.50 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, үлдэх нийтдээ 43,238,675.00 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

23. Шүүхүүдийн, гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэн, 43,238,675.00 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

24. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Дор дурдсан үйл ажиллагааг “үйлчилгээ үзүүлсэн”-д хамааруулна: ...7.4.9-д Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх” гэж, 16 дугаар зүйлийн 16.1-т “Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг ...шилжүүлж, ...тайлангаа харьяалах татварын албанд тушаана: ...16.1.2-т Монгол улсын иргэн, хуулийн этгээд нь оршин суугч бус буюу Монгол Улсад байрладаггүй этгээдээс энэ хуулийн 7.3.5, 7.4.9-д заасан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх” гэж тус тус зааснаар  “М” ХХК нь гадаадын хуулийн этгээдээс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан бол нэмэгдсэн өртгийн албан татварыг уг бараа ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж авч төсөвт төлөх үүрэгтэй байна.

25. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, “М” ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын “J” компанитай барилгын ажлыг гүйцэтгэх 224/12 тоот гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилгын ажлыг гүйцэтгүүлж, гэрээний төлбөрийг тус компанийн захирал, БНХАУ-ын иргэн Х-ий хувийн данс /2012 онд 1,831,616,912.00 төгрөг, 2013 онд үлдэгдэл төлбөр 504,712.180 төгрөг/-д шилжүүлжээ.

26. Гомдол гаргагчаас, хяналт шалгалтын явцад болон шүүхэд “гэрээний тал болох Хятад улсын иргэн Х нь Монгол улсад байнга оршин суугч татвар төлөгч тул актаар тавигдсан төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэж маргасан боловч тус иргэн /Х/-тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг татварын байгууллага, шүүхэд баримтаар гаргаж нотлоогүй, харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус компани нь БНХАУ-ын хуулийн этгээдтэй гэрээ байгуулан, барилгын ажил гүйцэтгүүлж, гэрээний төлбөр төлсөн нь тогтоогдсон тул шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан нь үндэслэл бүхий байна.

27. Иймээс, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан буюу “...манай тохиолдолд гэрээний тал болох Хятад улсын иргэн Х нь Монгол улсын байнга оршин суугч татвар төлөгч байна. Иймээс энэхүү хуульд зааснаар 233.6 сая төгрөгийн нөхөн татвар, 116.8 сая төгрөгийн алданги, торгуулийг төлөх үндэслэлгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

28. 3. Шийтгэлийн хуудасны 8-т заасан зөрчлийн тухайд:

29. Шийтгэлийн хуудсаар 2015 онд гаалиар оруулсан импортын 1,096,959,590.89 төгрөгийн барааны худалдан авалтад ногдох татварыг илүү тооцон төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд 109,695,959.10 төгрөгийн нөхөн татвар ногдуулжээ.

30. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, зөрчлийн энэ хэсгийн 1,096,959,590.89 төгрөгийн зөрчилд ногдуулсан 109,695,959.10 төгрөгийн нөхөн татварыг 12,597,952.69 төгрөгөөр бууруулж, 97,098,006.41 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь дараах байдлаар хуульд нийцсэн байна.

31. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: ...14.1.2-т худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж зааснаар иргэн, хуулийн этгээдийн худалдахаар, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасч тооцохоор зохицуулсан.

32. “М” ХХК-ийн 2012 онд импортлосон 11 гаалийн мэдүүлэгт заасан 754,019,839.47 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар бүхий худалдан авалтыг “М п” ХХК нь мөн онд импортын худалдан авалтаар тайлагнан, төсөвт төлөх татвараа бууруулсан нь тогтоогдсон тул хариуцагч нараас гомдол гаргагч “М” ХХК-ийн дээрх, 754,019,839.47 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар бүхий худалдан авалтаар нэмж тайлагнан төсөвт төлөх татварыг бууруулсан гэж үзэж нөхөн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй.

33. Харин, Татварын хяналт шалгалтаар гаалийн мэдээ, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн зөрүүг 1,096,959,590.89 төгрөгөөр тооцсоныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хянаж, гомдол гаргагч болон хариуцагч нараас гаалийн мэдээ, импортын худалдан авалтын тайланг тулган тооцоог нийлж гаалийн мэдээ, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн зөрүүг 97,098,006.41 төгрөгөөр тооцож гаргасан, иймээс энэ үнийн дүнгийн хэмжээгээр импортын худалдан авалтаа илүү тайлагнаж төсөвт төлөх татвараа бууруулсан зөрчилд тооцон нөхөн татвар төлүүлэх үндэслэлтэй, энэ талаар шүүхүүдийн хийсэн  дүгнэлт зөв байна.

34. 4. Шийтгэлийн хуудасны 9.1, 9.2, 9.3-т заасан зөрчлийн тухайд:

35. Шийтгэлийн хуудасны 9.1, 9.2, 9.3-т зааснаар “М” ХХК-ийн, ...газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 512,387,656.80 төгрөг, суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийн 1,201,944,849.30 төгрөг, хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 42,731,091.74 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараар төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчлүүдэд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байх ба Татварын маргаан таслах зөвлөлөөс шийтгэлийн хуудсыг хянаж, тус компанийн эдгээр зөрчилд төлбөл зохих төлбөрийн хэмжээг тогтоожээ.

36. Хариуцагч нараас, “М” ХХК-ийн 2012-2014 онд газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан худалдан авсан 212,925,088.50 төгрөгийн ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон зөрчилд нөхөн татварын 21,292,508.90 төгрөгийг, мөн 2012-2016 онуудад суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийн 964,887,604.30 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд 96,488,750.50 төгрөгийн нөхөн татвар, 2,782,882.40 төгрөгийн торгууль, 1,855,255.00 төгрөгийн алданги, нийт 101,126,887.90 төгрөгийг, түүнчлэн 2013-1016 онуудад нийт 265,927,263.70 төгрөгийн хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулсан худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараар төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд 26,592,726.37 төгрөгийн нөхөн татвар, 1,437,435.69 төгрөгийн торгууль, 958,290.00 төгрөгийн алданги, нийт 28,988,452.52 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, анхан болон давж заалдах шатны шүүхээс гомдол гаргагчийн  шийтгэлийн хуудасны 9.1, 9.2, 9.3 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын гомдолд заасан энэ үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг гаргасан байх бөгөөд тус шүүхээс давж заалдах гомдлын үндэслэл тус бүрт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

37. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0790 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 37 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         М.БАТСУУРЬ

                                 ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА