Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 038

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өлгий сумын 12 дугаар багийн оршин суугч Ш.Жанимханы нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Буянт сумын Засаг даргад холбогдох;

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжийн Н.Хибатайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүххуралдаанд: нэхэмжлэгч Ш.Жанимхан, түүний өмгөөлөгч С.Алтай, хариуцагч Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэн, гуравдагч этгээд Н.Хибатай, гэрч Д.Сапаргали, Ж.Амандых, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ш.Жанимхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буянт сумын Засаг даргын 2012 оны 22 дугаар захирамж дахь Н.Хибатайд газар эзэмшүүлсэн тухай 1 дүгээр хавсралтын 15 дахь хэсгийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан.Миний төрсөн ах Шахагийн Сейтмурат нь Буянт сумын Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар захирамжаар Буянт сумын Өмнөгол, Шарнуур,Хагийн улаан гэдэг газраас хашаа, байшин, хороо барих \өвөлжөө\ зориулалттай 700м2 газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн юм. Ш.Сейтмурат нь 2013 онд Казахстан улсад нүүхээс өмнө Буянт сумын 3 дугаар багт Хагийн улаан гэх газарт байрладаг өөрийн 2 өрөө өвлийн сууц, малын хашаа, амбаар гэх мэт үл хөдлөх хөрөнгийг надад хариуцуулан өгсөн ба өөрийн хууль ёсоор эзэмшиж байсан өвөлжөөний газрыг Ш.Жанимхан надад шилжүүлэх талаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 06 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, Буянт сумын Тамгын газрын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчээр батлуулсан юм. Би Ш.Сейтмурат ахтай хийсэн газар эзэмших эрх шилжүүлэх дээрх гэрээг үндэслэн ахын эзэмшиж байсан 3 дугаар багийн Хагийн улаан гэх газарт байрлах 700 м2 газрыг миний нэр дээр шилжүүлж өгөхийг хүсэж холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлж, 2010 оны сүүлчээр тухайн үеийн Засаг даргад өгөхөөр очиход тэрээргазрын даамал Р.Төхөөнд өгч шийдвэрлүүл гэсэн юм. Ингээд бүх баримтыг би газрын даамал Р.Төхөөнд өгсөн. Р.Төхөөн нь чиний газар эзэмших асуудлыг шийдвэрлүүлж өгнө гэж бүх баримтыг аваад Буянт сумын Засаг даргын газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамжаар шийдвэрлүүллээ гэсэн. Р.Төхөөн нь Ш.Сейтмуратын Хагийн улаан дахь 0,07 га газрыг чиний нэр дээр шилжүүллээ, их удаасанд уучлаарай гэж уг захирамжийг миний ажлын өрөөнд авч ирж үзүүлсэн. Би нэг хувийг хуулбарлаж авсан юм. Уг 08 дугаар захирамжийн Р.Төхөөн өгсөн нэг хувийг тус шүүхэд нотлох баримтаар нотариатаар гэрчлүүлж өгсөн байгаа. Газрын даамал Р.Төхөөн нь надад 08 дугаар захирамжийг үндэслэн 2014 оны 03 дугаар сарын 11-нд 000504295 дугаартай, нэгж талбарын 030600484 дугаар бүхий 0,07 га газрыг 45 жил эзэмших гэрчилгээг бичиж өгсөн, мөн газар эзэмшүүлэх гэрээ хийж нэг хувийг өгсөн нь хэрэгт байна.

Би Ш.Сейтмурат ахын газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хийсэн гэрээг 2010 оны намар газрын даамал Р.Төхөөнд өгөхөд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхгүй удаасан. Миний байнга шаардсанаар Р.Төхөөн нь Буянт сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаар захирамжаар уг Хагийн улаан дахь 0,07 га газрыг 50 жилийн хугацаагаар эзэмших 000463571 дугаартай, нэгж талбарын 030600654 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг 2013 оны 09 дүгээр сарын 20-ны үед Өлгийд байхад надад өгсөн юм. Би түүнээс энэ 52 дугаар захирамжийн нэг хувийг надад өг, үгүйдээ хуулбарыг нь үзүүл гэсэн. Р.Төхөөн нь захирамжийг авч ирж өгнө гэж явсан,тэгээд алга болсон. Ингээд өвөл өнгөрч 2014 оны хавар 4 дүгээр сарын үед байх Р.Төхөөн нь миний албаны өрөөд ирж тухайн үед Буянт сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 08 дугаар захирамжийн эх хувийг надад үзүүлсэн, тэр захирамжид бараг 30 гаруй хүний газар эзэмших эрхийг өөр бусад хүнд шилжүүлсэн тухай бичсэн байсан ба эхний хуудасны голд нь миний ах Ш.Сейтмуратын Хагийн улаан дахь 0,07 га газрыг Ш.Жанимхан надад шилжүүлсэн тухай бичигдсэн хэсгийг, мөн уг 5 гаруй хуудастай захирамжийн төгсгөлд Засаг дарга Т.Мэндсүрэн гэж гарын үсэг зурж,улаан өнгийн тамга тэмдэг дарагдсаныг Р.Төхөөн нь үзүүлж, энэ захирамжийг үндэслэж одоо газар эзэмших гэрчилгээ бичиж өгнө,урьд нь чамд бичиж өгсөн 52 дугаар захирамжаар олгогдсон 000463571 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй боллоо гэсэн. Би уг үзүүлсэн 08 дугаар захирамжийг үзээд үнэмшээд ажилтан А.Аманбект уг захирамжийг Р.Төхөөнөөс авч газар дээр нь хуулбарлаж нэг хувийг авсан. Түүнд би урьд надад бичиж өгсөн 000463571 тоот газар эзэмших гэрчилгээг буцааж өгөөгүй байсан ба газрын маргааны үед шүүхэд хуулбарыг гаргаж өгсөн. Энэ гэрчилгээг Р.Төхөөн нь үзээд би бичээгүй, мэдэхгүй гэж мэдүүлжээ. Хэрэв Р.Төхөөн нь бичээгүй, шударга байсан бол хуурамч баримт бичиг мөн гэж үзэж шалгуулах, шинжээчээр дүгнэлт гаргуулах байсан юм. Тэгээгүй бөгөөд үүнийг би гэм буруутай үйл ажиллагаа мөн гэж үзэж байна. Би 2014 оны зун уг Хагийн улаан гэдэг газрын кадастрын зургийг буулгуулах тухай Буянт сумын Засаг дарга мөн газрын албанд гэрчилгээгээ хуулбарлан өгч хүсэлт гаргахад миний эзэмшсэн Хагийн улаан гэх тэр газар буюу Буянт сумын 3 дугаар багийн нутагт байрлалтай, урьд нь ахын, одоогийн миний 0,07 га эзэмшлийн газрыг тус сумын Засаг даргын 2012 оны 22 дугаар захирамжаар Н.Хибатай гэгчид эзэмшүүлсэн байх ба нөгөө газрын даамал Р.Төхөөн нь тэр хүнд газар эзэмших гэрчилгээ бичээд өгсөн байсныг мэдээд шүүхэд уг 22 дугаар захирамж дахь Н.Хибатайд газар олгосон хэсгийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл өгсөн юм.

Би уг захирамжийг эс зөвшөөрч 2016 оны эхээр Баян-Өлгий аймгийн Засаг даргад хандахад, надад Буянт сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамжид иргэн Ш.Жанимханд холбогдох хэсэг байхгүй тул таны хүсэлтийг хангах боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд би Буянт сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамжид Шаха Сейтмуратын гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн БГ74073014 регистртэй, Харахас овогт Шахагийн Жанимханд зориулалтаар нь 45 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсүгэй гэж заасан ямар учиртай вэ гэж эргэлзээд дахин Буянт сумын Засаг даргын Тамгын газарт гомдол гаргасан юм. Буянт сумын Тамгын газраас миний гаргасан гомдолд 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 3\73 тоотоор уг газрыг Н.Хибатайд эзэмшүүлсэн тухай хариу өгсөн юм.

Миний ах Ш.Сейтмурат нь 2013 оны намар Монгол улсын иргэншлээс гарсан бөгөөд энэ хүртэл өөрийн эзэмшсэн Хагийн улаан гэх газартаа Казахстан улсад явтлаа амьдарч байсан. Буянт сумын Засаг дарга, багийн Засаг дарга, багийн Хурал, сумын Тамгын газрын даамал бүгд уг Хагийн улаан гэх газарт Ш.Сейтмурат амьдарч байгааг мэдсээр байж, тэр газарт Ш.Сейтмуратын үл хөдлөх хөрөнгө байгааг харсаар байж тус сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажилладаг Н.Хибатай гэдэг хүнд Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж, газрыг давхардуулан олгосон.

Буянт сумын Засаг дарга болон газрын даамал зэрэг нь хамт ажилладаг Н.Хибатайд тал засаж, ашиг сонирхлын зөрчил гаргаж, газрыг давхардуулан олгосон гэж үзэж байна. Ингэж хэлэхийн учир нь Ш.Сейтмуратад Хагийн улаан-д газар эзэмшүүлсэн тухай захирамжийг эсвэл 191 дугаартай болон 2003 онд авсан газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг тус тус хүчингүйд тооцоогүй байна. Н.Хибатайд газар эзэмшүүлэхдээ багийн нийтийн хурлаар хэлэлцээгүй, уг газарт иргэн хуулийн этгээдэд урьд эзэмшүүлсэн газар байгаа эсэхийг багийн Засаг дарга гэх мэт албан тушаалтнуудаас судлаагүй. Уг газрыг Н.Хибатай нь хэнд ч мэдэгдээгүй 2012 онд эзэмшсэн мөртлөө 2016 он дуустал 4-5 жил тэр хавьд нэг ч чулуу хөдөлгөж, барилга, байр, хашаа гэх мэт объект бариагүй юм. Мөн газар маргаантай байна гэж хэн нэгэнд гомдол гаргаагүй байж байгаад гуравдагч этгээдээр шүүхэд орж ирсэн. Энэ нь өөрөө Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гэж үзэж байна. Буянт сумын Засаг дарга болон газрын даамал нар нь Ш.Сейтмуратын газрыг бидний газар эзэмших эрхийг шилжүүлэх 2010 онд хийсэн гэрээг үндэслээд 2014 онд 08 дугаартай захирамжаар Ш.Жанимхан надад шилжүүлэн өгч, гэрчилгээ өгсөн мөртлөө янз бүрийн худал тайлбар гаргаж ,намайг хуурамч баримт бичиг бүрдүүлж авсан мэтээр гүтгэн өөрсдийн хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх гэж оролдоод байна. Газрын даамал Р.Төхөөний надад авч ирж үзүүлсэн 2014 оны 08 дугаар захирамжийг нотариатч Т.Зүлай шалгаж байгаад жинхэнэ эх хувь мөн байна гэж гэрчилж тамга, тэмдэг дарж өгсөн байдаг. Ах Ш.Сейтмуратыг Казахстан улсад нүүж явсныг баттай мэдсэний дараа 2012 онд болгож Н.Хибатайд Хагийн улаан гэх газрыг эзэмшүүлсэн нь сүүлд нөхөн бичигдсэн хуурамч захирамж болжээ гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй юм. Албан тушаалтны ашиг сонирхол гаргаж ,хууль бус үйлдэл гаргасан явдалд иргэн би буруугүй бөгөөд хохирох ёсгүй гэж үзэж байна.

Иймд уг газрыг миний ах Ш.Сейтмурат 13 жил хууль ёсоор эзэмшиж байсан, надад 2010 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хууль ёсоор өвөлжөөний газрыг шилжүүлэх гэрээ хийж баталгаажуулсан, 000504295 тоот дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т ...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн үндэслэлээр Буянт сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 15 дахь хэсэг буюу Н.Хибатайд 0,07 га газрыг эзэмшүүлсэн асуудлыг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага нь Буянт сумын Засаг даргын 2012 оны 22 дугаар захирамжийн Н.Хибатайд газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай юм. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар газар эзэмших хүсэлт гаргасан байхад Засаг дарга болон газрын даамал нь тухайн газар нь өөр хүний эзэмшил газар уу, нийтийн эдэлбэр газар уу гэдгийг судалсны үндсэнд газрыг давхцуулахгүйгээр олгох ёстой байдаг. Гэтэл 2012 онд багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэргүйгээр, сумын Засаг дарга нь асуудлыг судлалгүйгээр, газрын даамал нь энэ асуудалд онцгой ач холбогдол өгөхгүйгээр 2013 онд Монгол улсын харьяатаас гарсан Ш.Сейтмуратын газрыг Н.Хибатайд захирамж гаргаж өгчихсөн байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 31.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн явдал юм. Ямар ч байсан Ш.Жанимхан 2010 оноос эхлэн уг газрыг эзэмшихээр бичиг баримтаа бүрдүүлж өгсөн гэдэг нь харагдаж байна. 2013 онд ах нь нүүгээд, 2014 онд Ш.Жанимхан газрын гэрчилгээ авсан. 2012 онд 22 дугаар захирамжаар Хагийн улаан гэх газарт Н.Хибатай газар авсан мөртлөө 2016 он хүртэл тухайн газарт нэг ч объект бариагүй, маргаан үүсгээгүй, гомдол гаргаагүй байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн заалт байгаа. Үүнийг Н.Хибатай зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч Буянт сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Буянт сумын 3 дугаар /Өмнө гол/ багийн Шар нуурын Хагийн улаан гэдэг өвөлжөөний газрыг өмнө нь ажиллаж байсан сумын Засаг дарга Ө.Лхамсүрэн 2012 оны 22 дугаар захирамжаар тус сумын 4 дүгээр багийн иргэн Н.Хибатайд 25 жилээр эзэмшүүлсэн байна.Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Ш.Жанимхан нь манай сумын иргэн биш, төрсөн ах Ш.Сейтмурат нь Казахстан улсад шилжин явсан.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу иргэн Ш.Сейтмуратаас иргэн Ш.Жанимханд газар эзэмших эрхийг шилжүүлсэн сумын Засаг даргын шийдвэр гараагүй байхад газрын даамалтай хуйвалдан хууль бусаар Засаг даргын 2014 оны 08 дугаар захирамжийг засварлан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон байна. Ш.Жанимханы хувьд тус сумын Хөлцөөт багт гүүр барихад уг ажлыг хүлээлцэх улсын комиссын гишүүнээр манай суманд очиж байсан. Тухайн үед надад энэ суманд манай ахын газар байдаг, энэ газрыг надад олгож өгнө үү гэж уг үйл ажиллагааны явц дунд амаар хүсэлт хэлж байсан. Энэ газар өмнө нь танай ахын газар байж болох ч үүнийг дараа нь өөр хүнд олгосон байна, би судалж байж асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Маргаан бүхий 08 дугаар захирамжийн хувьд нэг асуудал байгаа, эхний нүүрэнд нооргийг бичиж байх үед Р.Төхөөн гуай ашигласан нь тодорхой,дараа нь баталгаажуулах үед захирамжийн хамгийн сүүлийн хуудаст гэрчилгээ шилжүүлсэн хүний гэрчилгээний дугаарыг хүчингүй болгох асуудал орж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл гэрчилгээг шилжүүлсэн тохиолдолд хүчингүй болгосон талаар захирамжийн хоёр дахь заалтад заавал орж ирэх ёстой. Захирамжийг хуурамчаар үйлдсэн гэдэг нь үүгээр тодорхой болж байгаа. Яагаад гэвэл уг захирамжид Ш.Сейтмуратын ийм дугаартай газрын гэрчилгээг хүчингүй болгосугай гэсэн заалт байхгүй байна. Миний бие Засаг даргын албан тушаал хашиж байх хугацаанд Ш.Жанимхан гэх хүнд нэг ч удаа захирамж гаргаагүй. Зөвхөн Ш.Жанимханы надад амаар хэлсэн хүсэлтэд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оруулж байж, асуудлыг сайтар судалж байж шийдвэрлэнэ гэж хариу өгч байсан. Харин энэ газрын маргааны асуудлын хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сардХагийн улаан-д Сагсай сумын харьяат нэг айл буусан талаар иргэдээс мэдээлэл ирснээр бид сумын бүх малчдын бэлчээрийн газартай танилцаж, үзлэг хийж явж байхад мэдсэн. Үүнээс өмнө захирамжийг тэгж өөрчилсөн, газрын даамал Р.Төхөөн гэрчилгээ бичиж өгсөн гэдгийг бид ерөөсөө мэдээгүй явж байсан. Дараа нь Н.Хибатай гуай надад миний авсан газарт өөр айл ирээд буучихсан байна, энэ ямар учиртай юм бэ гэж хэлж байсан. Тэгээд асуудлыг судалж үзээд Ш.Жанимхантай холбоотой юм байна гэдгийг мэдсэн. Түүнээс биш сумын Засаг даргын Тамгын газарт Н.Хибатай гуай ажилладаг гэж тал засаж асуудалд хандсан зүйл байхгүй. Монгол улсын иргэн бүр хууль, журмын дагуу газар эзэмших, ашиглах эрх нь нээлттэй байгаа. Захирамжийг өөрчлөн, ингэж засвар оруулж ирсэн нь хууль бус ажиллагаа юм. Газрын тухай хуульд сумын Засаг даргын газар шилжүүлэх эрхийн талаар заасан. Энэ эрх нь хоёр хүн хүсэлт гаргаад гэрээ байгуулсны үндсэнд хэрэгжих ёстой юм. Байгуулсан гэрээ, нэг нэгэндээ шилжүүлэхийг хүссэн хүсэлт зэрэг холбогдох баримтууд нь орж ирсэн ч эрх бүхий албан тушаалтан болох Засаг дарга эрх шилжүүлэх талаар шийдвэр гаргасан тохиолдолд энэ эрх нь хэрэгжих үндэслэл болно. Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийг заавал шилжүүлнэ гэж ойлгож болохгүй,Засаг дарга эрх шилжүүлэх талаар шийдвэр гаргахгүй байх тохиолдлууд нь хуульд тодорхой байгаа. Ш.Жанимханы хувьд хүчин төгөлдөр эрх зүйн акт гараагүй байгаа. Эрх шилжүүлэх асуудлын хувьд заавал өргөдөл гаргасан байх ёстой. Нэг нь шилжүүлэхийг зөвшөөрсөн, нөгөө нь шилжүүлэн авахыг хүлээн зөвшөөрсөн талаарх хүсэл зоригоо илэрхийлсэн байх ёстой. Дараа нь хүсэлтийг үндэслэж байж гэрээ хийгдэх ёстой юм. Хавтас хэрэгт газар эзэмших эрхийг шилжүүлэх талаарх гэрээ байгаа. Гэхдээ он, сар, өдрийн хувьд бүдэг харагдсан. Уг гэрээ нь ер нь миний хувьд итгэхэд хэцүү баримт байна гэж үзэж байгаа. Иймд Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Ш.Жанимханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Н.Хибатай шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус сумын Өмнөгол багийн Шаха овогтой Сейтмурат гэдэг залуу Хагийн улаан нэртэй газарт амьдарч байгаад 2010 онд Казакстан улсад нүүгээд явсан ба тэнд байсан хашаа, байшинг нураагаад, сүүлд хашааныхаа чулууг хүртэл зөөгөөд зөвхөн хоосон газар үлдсэн байсан. Улмаар уг газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар оруулж батлуулж,тэгээд тухайн үеийн сумын Засаг дарга Ө.Лхамсүрэнд хүсэлтээ гаргаж, 2012 онд би өөрийнхөө нэр дээр захирамж гаргуулж, 0368400 дугаартай газрын гэрчилгээ авсан юм. Би Монгол улсын иргэн хүн, тус улсын нутаг дэвсгэрийн хаанаас ч газар авч болно. Буянт сумын нутаг дэвсгэрээс газар авахын тулд нийгмийн даатгалын байцаагчийн ажлаас гарах юм уу. Нэхэмжлэгч хамт нэг байгууллагад ажилладаг хүмүүс тул ашиг сонирхолтойгоор асуудалд хандсан гэж тайлбарлаж байна. Тэгж ярьж арай болохгүй байх. Миний хувьд тухайн үед гаргасан сумын Засаг даргын хүчин төгөлдөр байх ёстой гэж үзэж байна.

2015 оны 10 дугаар сарын дундуур аймаг орох замд уг газар дээр хашаа ,байшин баригдсаныг үзээд орой буцах замд очиход 2 залуу хашаа барьж байсан ба Сагсай сумын иргэн Ж.Амандых гэдэг залуу байлаа. Тодруулж асуухад, би аймгийн иргэн Ш.Жанимхан гэгчээс 3000 000 төгрөгөөр худалдаж авсан, 1500 000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн мөнгийг газрын гэрчилгээг авчрах үед авахаар тохирсон гэсэн. Нөхөр Ш.Жанимхан нь энэ залууд энэ миний газар, та нарыг Сагсай сумаас шилжүүлж бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж худал хэлсэн байна.Тэгээд утсаар Ш.Жанимхантай ярихад, хэл амаар доромжилж, Засаг дарга Т.Мэндсүрэнгийн гарын үсэгтэй захирамжтай, газрын гэрчилгээтэй гээд утсаа тасалсан.

Маргааш нь суманд ирээд газрын даамал Р.Төхөөнөөс чи миний газрыг өөр хүнд эзэмшүүлсэн захирамж гаргуулсан биш үү гэж асуухад, тийм юм байхгүй, дахиж захирамж гараагүй гэсэн. Дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 19-нд Амандыхын аавЖумабай гэдэг хүн сумын төвд очиж маргааныг шийдвэрлэж өгөх талаар хүсэлт тавьж, Ш.Жанимханы өгсөн материалыг танилцуулахад 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамжийг архивын эх хувьтай нь тулгахад эхний нүүрийг хуурамчаар үйлдсэн болох нь нотлогдсон. Үүнийг тухайн үед газрын даамал Р.Төхөөн хүлээн зөвшөөрсөн.Захирамжийг хуурамчаар засаж, хүний гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар ашигласан. Энэ нь том гэмт хэрэг юм. Иймээс та бүхэн уг хэргийг газар дээр нь сайтар шалган үзэж, хуулийн дагуу үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Гэрч Д.Сапаргали шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ш.Сейтмурат гэдэг хүнийг танина, бид хөрш байсан. Тэрээр 2010 оноос эхлэн нүүнэ гэж ярьж байгаад 2013 онд Казахстан улсад явсан байгаа. Бид цагаан сар,наурызын баярын үед нэг нэгнийдээ орж гардаг байсан учраас сайн мэдэж байна. Тэр нүүж явахад хашаа ,хороо бүх зүйл нь үлдсэн байсан. Ш.Сейтмурат нүүхдээ хашаа, хороогоо дүү Ш.Жанимханд үлдээгээд явна гэж ярьдаг байсан. Түүнд 2 өрөө нэг байшин, 1 өрөө нэг байшин байсан. Дараа нь 2010 онд байх 2 өрөө байшингаа нураасан, 1 өрөө байшин нь үлдсэн2013 оноос хойш Ш.Сейтмуратын газарт байгаа хашаа, хороонд Ш.Жанимханы малыг маллана гэж Ж.Амандых гэх залуу өвөлжиж байгаа. Уг газарт шинээр байшин бариагүй, өмнө нь байсан байшинг 2013 оноос эхэлж засварласан. Би 2012-2014 оны хооронд багийн иргэдийн Нийтийн Хурлын бүх хуралд оролцдог байсан. Тэр хурлууд дээр Ш.Сейтмуратын газрыг Н.Хибатайд олгох тухай зүйл яригдаагүй гэв.

Гэрч Ж.Амандых шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ш.Сейтмурат гэдэг хүн Цагаан хоолой гэх газарт амьдардаг байсан. Би тухайн үед Хужир бөхөн гэх газарт мал хариулдаг байсан. Мал хариулж явж байхад тэр хүнтэй таарч уулздаг байсан. Түүнээс биш хамаатан садан хүмүүс биш. Ш.Сейтмурат 2013 оны үед Казахстан улсад нүүсэн. Өнгөрсөн намар би энэ газарт ирсэн. Ш.Жанимхан гэх хүн тухайн газрыг надад эзэмшүүлжөөрөө хэдэн малтай юм байна, малаа манай малтай нийлүүлж хамтад нь би харж сууж байгаа. 2015 оны 10 дугаар сард тухайн газарт очиход тэр газарт хашаа хороо, малын пүнз байсан. Тухайн хашаа, хороог би худалдаж аваагүй. Ш.Жанимхан надад энэ газарт та өвөлжиж сууна гэхэд нь би эсгий гэрээр тухайн газарт өвөлжиж чадахгүй гэж хэлсэн. Тэгэхэд 2015 оны 10,11 дүгээр сарын үед байшин барьсан. Тухайн байшин Ш.Жанимхан гэх хүний байшин. Би байшин барих ажилд нь туслалцаа үзүүлсэн. Өмнө нь тухайн газарт байшин байсан гэсэн. Тухайн байшинг хуучин байсан байшингийн суурин дээр янзалж барьсан юм шиг байна Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Би зөвхөн шавардлагын ажилд нь тусалсан юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн Буянт сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжийн Н.Хибатайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Буянт сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар[1] гуравдагч этгээд Н.Хибатайд Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах Шар нуурын Хагийн улаан гэх газраас 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ маргаан бүхий 700 м2 газрыг ах Ш.Сейтмурат нь 1997 оноос эхлэнэзэмшиж байсан, 2010 онд уг газрыг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, улмаар Буянт сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар захирамжаар эзэмшилдээ авсан, өөрийнх нь эзэмшлийн газартай давхцуулж Н.Хибатайд газар эзэмшүүлсэн нь хууль бус, газар эзэмших, ашиглах эрх зөрчигдөж байна гэж тодорхойлжээ.

1.Нэхэмжлэгч тал иргэн Ш.Сейтмурат нь маргаан бүхий газар болох Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах Хагийн улаан нэртэй газраас 700 м2 газрыг эзэмшиж байсан нь түүний 1997, 2003 оны газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна гэсэн тайлбар гаргасан.

Газрын тухай хуулийн /1994 оны/ 28 дугаар зүйлийн 1д...иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан эзэмшүүлэх хувийн гэр, орон сууцны хашааны газрын хэмжээ 0,05 га-гаас илүүгүй байна, 31 дүгээр зүйлийн 1-д ...сум, дүүргийн Засаг дарга тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана, 32 дугаар зүйлийн 1-д...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ, 38 дугаар зүйлийн 3-д...газар ашиглах хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх,газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 30,31,32 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-8, 10-т заасан журмыг баримтална гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан дээрх гэрчилгээнүүдэд тусгагдсанаар иргэн Ш.Сейтмуратад Буянт сумын Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр Хагийн улаан гэх газраас 700 м2 газрыг ашиглуулахаар 1997 оны 11 дүгээр сарын 21ний өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ[2], мөн Буянт сумын Засаг даргын 1997 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр уг 700 м2 газрыг эзэмшүүлэхээр 2003 оны 12 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг[3] тус тус хашаа,байшин барих зориулалтаар олгосон байна. Гэтэл энэхүү 2 гэрчилгээнд тусгагдсан Ш.Сейтмуратад газар ашиглуулсан, эзэмшүүлсэн гэх Буянт сумын Засаг даргын 1997 оны 16 дугаар захирамж нь иргэнд газар эзэмшүүлэх эсхүл ашиглуулах тухай биш өөр агуулгатай захирамж байгаагаас гадна 1997 онд тус сумын Засаг даргаас иргэн Ш.Сейтмуратад газар эзэмшүүлсэн, ашиглуулсан шийдвэр гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдсон.

Хэдийгээр иргэн Ш.Сейтмурат маргаан бүхий газарт амьдарч байсан нь тогтоогдож байгаа боловч түүнд газар эзэмшүүлэх тухай шийдвэр эрх бүхий этгээдээс гаргаагүй,мөн хуульд зааснаар иргэнд хувийн гэр, орон сууцны хашааны зориулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээ 0,05 га-гаас илүүгүй байхад сумын Засаг даргын 1997 оны шийдвэрээр 0,07 га газар эзэмшүүлсэн гэх дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгогдсон гэж үзэх үндэслэл муутай байх тул Ш.Сейтмуратад тухайн газрыг эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй байна гэж үзлээ.

2.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болох ба ингэж шилжүүлэхдээ 38.2 дахь хэсэгт зааснаар талууд эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийн хамт холбогдох баримт бичгүүдийг, тухайлбал нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг хавсаргаж өгөхөөр зохицуулсан.

Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг шилжүүлэн авахаар Ш.Сейтмураттай 2010 онд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэж уг гэрээний хуулбарыг[5] тус шүүхэд нотлох баримтаар өгсөн боловч үүнийг Газрын тухай 38 дугаар зүйлийн 38.2.1-т заасан нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ гэж үзэх боломжгүй байна. Учир нь 2010 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэх уг гэрээнд нотариатч 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баримт бичгийн хуулбарыг гэрчилсэн тамга,баталгааны тэмдгээ дарсан байх ба энэ нь гэрээ байгуулсныг нотолсон гэрчлэлт биш юм. Өөрөөр хэлбэл уг гэрээнд нотариатчийн гэрээ, хэлцэл гэрчлэх эсхүл гэрээний талуудын баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх тамга, баталгааны тэмдэг дарагдаагүй байх тул Ш.Сейтмуратаас маргаан бүхий 700 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчШ.Жанимханд шилжүүлсэн нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ байхгүй буюу гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэлээ.

Үүнээс гадна нэхэмжлэгч 2010 оны эцсээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бусад баримт бичгүүдийг Буянт сумын газрын даамалд өгч хүсэлт гаргасан гэх боловч Ш.Сейтмурат болон нэхэмжлэгч Ш.Жанимхан нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргасан, мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-38.2.3-т заасан баримт бичгүүдийг хавсаргаж өгсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

3. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч мөн хуулийн 38.3.1-38.3.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр 38.4 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргахаар зохицуулсан.

Иргэн Ш.Сейтмураттай 2010 онд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн Буянт сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамжаар тухайн 700 м2 газрыг шилжүүлэнэзэмшүүлж, 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 000504295 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэх нэхэмжлэгч Ш.Жанимханы тайлбар нь дараах үндэслэл, нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

2010 он хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2003 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаар тушаалаар баталсан Нэгж талбар дугаарлах журам-ын 1 дүгээр зүйлийн 1.3-т ... нэгж талбарын дугаар нь Үндэсний газрын мэдээллийн нэгдсэн сангийн анхдагч түлхүүр нь учраас дахин давтагдашгүй байна, 3 дугаар зүйлийн 3.1-т...газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч өөрчлөгдөх нь нэгж талбарын дугаар өөрчлөгдөх үндэслэл болохгүй гэж, мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын даргын 2010 оны 16 дугаар тушаалаар баталсан Нэгж талбар дугаарлах журамын 1 дүгээр зүйлийн 1.2-т... нэгж талбарын дугаарлалтыг газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчийн эрхийг баталгаажуулж газрын улсын бүртгэлд бүртгэх,газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах ...зэрэг үйл ажиллагаанд мөрдлөг болгоно, 2 дугаар зүйлийн 2.3-т ...нэгж талбарын дугаар нь улсын хэмжээнд дахин давтагдахгүй байна, 4 дүгээр зүйлийн 4.2-т... нэгж талбар бүрийг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хот суурингийн хэсгийн хэмжээнд давтагдашгүй байдлаар дугаарлана гэж тус тус заажээ.

Эдгээр журамд зааснаас үзэхэд газрын нэгж талбар бүр нь эзэмшигч, ашиглагч, өмчлөгч өөрчлөгдөхөөс үл хамааран дахин давтагдахгүйгээр нэг л дугаартай байхаар зохицуулсан, өөрөөр хэлбэл Ш.Сейтмуратын 1997 оноос эхлэн эзэмшиж байгаад Ш.Жанимханд шилжүүлсэн гэх маргаан бүхий газрын нэгж талбарын дугаар нь нэг л байх ёстой.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн Буянт сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамжийн[6] /нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар/ захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтад Тус сумын....3 дугаар багт байрлалтай нэгж талбарын 030600484 дугаартай, 700 м2 талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Шахай Сейтмуратын гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн БГ74073014 регистртэй Шахагийн Жанимханд зориулалтаар нь 45 жилийн хугацаатай... тус тус шилжүүлэн эзэмшүүлсүгэй гэж тусгажээ.

Гэтэл маргаан бүхий газрыг өмнө нь эзэмшиж байсан гэх Ш.Сейтмуратын 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 191 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээнд газрын нэгж талбарын дугаар тусгагдаагүй, 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд нэгж талбарын 030600273 дугаар бүхий газрыг эзэмшүүлсэн гэж тусгаснаас үзэхэдШ.Сейтмуратын эзэмшиж байсан гэх газрын нэгж талбарын дугаар болон дээрх 2014 оны 08 дугаар захирамжаар Ш.Сейтмуратаас нэхэмжлэгч Ш.Жанимханд шилжүүлсэн гэх газрын нэгж талбарын дугаар зөрүүтэй, мөн Ш.Сейтмуратад нэгж талбарын 030600484 дугаартай газар эзэмшүүлсэн тухай эрхийн гэрчилгээ байхгүй байна.

Үүнээс гадна нэхэмжлэгчээс 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 000463571 дугаартай, Буянт сумын Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 52 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 030600654 дугаар бүхий, 3 дугаар баг,Өмнөгол, Шар нуурын Хагийн улаанд 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн тухай гэрчилгээг[7]тус шүүхэд нотлох баримтаар өгсөн. Энэхүү Буянт сумын Засаг даргын 2013 оны 52 дугаар захирамж[8] нь 07 дугаар сарын 08-ны өдрийн Хэсэгчилсэн хязгаарлалт тогтоох тухай гэсэн өөр агуулгатай захирамж байгаагаас гадна уг гэрчилгээн дэх газрын нэгжталбарын дугаар нь Ш.Сейтмуратын эзэмшиж байсан болон нэхэмжлэгч Ш.Жанимханд 2014 оны 000504295 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгэр эзэмшүүлсэн гэх газрын нэгж талбарын дугаараас мөн зөрүүтэй байгааг дурьдах нь зүйтэй.

Түүнчлэн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж буй тус сумын Засаг даргын 2014 оны захирамжуудад үзлэг хийхэд 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамжийн[9] захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтаар нийт 40 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн,гэхдээ үүний дотор Ш.Сейтмуратын газар эзэмших эрхийг Ш.Жанимханд шилжүүлсэн гэж тусгагдаагүй байх ба 2 дугаар заалтаар дээрх иргэдийн шилжүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг 1 дүгээр заалтад бичсэн дарааллын дагуу хүчингүйд тооцсон байна. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн тус сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар захирамжийн 1 дүгээр заалтад Ш.Сейтмуратын газар эзэмших эрхийг Ш.Жанимханд шилжүүлсэн талаар тусгагдсан байгаа боловч 2 дугаар заалтад газар эзэмших эрхээ шилжүүлсэн гэх Ш.Сейтмуратын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар байхгүй байна.

Эдгээр үйл баримтууд болон нэхэмжлэгч Ш.Жанимхан газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт, хуульд заасан холбогдох бусад баримт бичгүүдийг гаргаж өгсөн нь нотлогдохгүй байгаа зэргээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн Буянт сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамжийн 1 дүгээр заалтад байгаа Ш.Сейтмуратын газар эзэмших эрхийг Ш.Жанимханд шилжүүлсэн талаарх хэсгийг засварлаж нэмж бичсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба энэ нь гэрч нарын мэдүүлэг[10], хариуцагчийн тайлбар, үзлэгийн тэмдэглэл[11] зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон болно.

Дээрх үндэслэл, нотлох баримтуудаар тус сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамжаар Ш.Сейтмуратын газар эзэмших эрхийн гэрчилгээг Ш.Жанимханд шилжүүлээгүй, өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тухайн шатны Засаг даргаас эрхийн гэрчилгээ шилжүүлсэн тухай захирамж гараагүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Мөн нэхэмжлэгч Ш.Жанимханы 2014 оны 000504295 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр хууль бусаар олгогдсон хүчин төгөлдөр бус гэрчилгээ гэж үзэхээр байгаа ба Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох тул нэхэмжлэгч Ш.Жанимханыг маргаан бүхий газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхээр байна.

4. Гуравдагч этгээд Н.Хибатайд Буянт сумын 3 дугаар баг, Шар нуурын Хагийн улаан гэх газраас 700 м2 газрыг 25 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжийг үндэслэн 2012 оны 05 дугаар сарын 11ний өдөр 0368400 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон болох нь гэрч Т.Батмөнх, Д.Бахыт, Ө.Лхамсүрэн нарын мэдүүлэг[12], үзлэгийн тэмдэглэл[13] болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар[14]тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч Ш.Жанимхан нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч биш болох нь тогтоогдсон, 2012 онд уг газрыг гуравдагч этгээд Н.Хибатайд эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гарч, гэрчилгээ олгогдсон байх тул маргаан бүхий захиргааны акт болох Буянт сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн, хууль бус гэж үзэх үндэслэлгүй,мөн Буянт сумын Засаг даргын маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн 2014 оны 08 дугаар захирамж болон 000504295 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус сумын газрын даамал өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь түүнийг маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэж бусдын газар эзэмших эрхийг хөндөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч талаас Буянт сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Н.Хибатайд эзэмшүүлсэн боловч тэрээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа огт ашиглаагүй тул Н.Хибатайн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй гэсэн тайлбар гаргасан. Гэхдээ эрх бүхий этгээд болох Буянт сумын Засаг даргаас гуравдагч этгээд Н.Хибатайн 2012 оны 05 дугаар сарын 11ний өдрийн 0368400 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, гуравдагч этгээд Н.Хибатайн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан.

Иймд дээр дурдсан үндэслэл, нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд Ш.Сейтмурат нь маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшиж байгаагүй учир түүнийг газар эзэмших эрхээ шилжүүлэх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүйгээс гадна эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд болох Ш.Сейтмурат, Ш.Жанимхан нар гаргаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ байхгүй, мөн Ш.Жанимханд эрхийн гэрчилгээг шилжүүлж, маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэр эрх бүхий этгээдээс гаргаагүй байх тул нэхэмжлэгч Ш.Жанимхан нь маргаан бүхий газрын хууль ёсныэзэмшигч биш бөгөөд гуравдагч этгээд Н.Хибатайд газар эзэмшүүлсэн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх ба эрх нь зөрчигдөөгүй этгээдийн нэхэмжлэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас уг хэрэгт Ш.Жанимханыг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах тухай Ш.Сейтмуратын хүсэлт гэх баримтыг гаргаж өгсөн. Тус шүүхэд Өлгий сумын 12 дугаар багийн оршин суугч Ш.Жанимхан ньиргэн Н.Хибатайд газар эзэмшүүлсэн захирамжийн улмаас өөрийнх нь эрх ,хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж уг захирамжийг хүчингүй болгуулах шаардлагатай нэхэмжлэл гаргасан, өөрөөр хэлбэл уг маргааны үйл баримт нь нэхэмжлэгч Ш.Жанимхан, гуравдагч этгээд Н.Хибатай нарт газар давхцуулж эзэмшүүлсэн эсэх тухай асуудал бөгөөд Ш.Жанимханы нэхэмжлэлтэй энэ хэрэгт нэхэмжлэл гаргаагүй, хэргийн оролцогч бус этгээд болох Ш.Сейтмурат нь итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах эрх зүйн үндэслэл байхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар 27.4,31 дүгээр зүйлийн 31.3,38 дугаар зүйлийн 38.1,38.2,38.3,38.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Жанимханы Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжийн Н.Хибатайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 

 

[1]Хэргийн 27-29-р хуудас

[2]Хэргийн 4-р хуудас

[3]Хэргийн 115-р хуудас

[4]Хэргийн 65-66,69-р хуудас

[5]Хэргийн 5-р хуудас

[6]Хэргийн 6-10-р хуудас

[7]Хэргийн 199-р хуудас

[8]Хэргийн 211,233-234-р хуудас

[9]Хэргийн 121-123-р хуудас

[10]Хэргийн 71-72,185-р хуудас

[11]Хэргийн 62-р хуудас

[12]Хэргийн 90,93,225-226-р хуудас

[13]Хэргийн 233-234-р хуудас

[14]Хэргийн 126-127,241-245-р хуудас