Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00312

 

“Эх тэргүүн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01055 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 166 дугаар магадлалтай,

         “Эх тэргүүн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох           

     Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбулган, гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “...6079 дүгээр захирамжаар “Эх тэргүүн" ХХК-иас 403 642 645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн албадан гүйцэтгэх тухай 38367 дугаар захирамж гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа “Эх тэргүүн” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны Г тоотод байрлах 270 м.кв талбай бүхий обьектыг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 125/03 тоот тогтоолоор битүүмжилж , 2016 оны 1 дүүгээр сарын 28-ны өдрийн 125/04 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчид төлбөр төлөх хугацаа өгөөч гэж хүссэн боловч 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шинжээч томилогдож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны 1 тоот хаягт байрлах 270 м.кв талбай бүхий обьектыг 919 000 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3/16819 тоот мэдэгдлээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны Г тоот хаягт байрлах 270 м.кв талбай бүхий обьектыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 919 000 000 төгрөгийг 70 хувиар тооцон 643 300 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээ болохыг мэдлээ. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Тэнгэрийн гэрэл” хөрөнгийн үнэлгээний газрын 71 тоот үнэлгээгээр ...обьектыг 1 215 000 000 төгрөгөөр үнэлж байсан. Чанарын өндөр төвшинд баригдсан, газар зүйн байршлын хувьд А зэрэглэлийн бүсэд байрладаг, обьектыг 2 жилийн дотор үндсэн үнээс 600 000 000 төгрөгөөр бууруулан үнэлгээг тогтоож байгаад гомдолтой байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргаж байна. Одоо анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, зөвхөн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “...захирамжаар “Эх тэргүүн” ХХК-иас 403 642 645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Эх тэргүүн” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206030991 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө болох ...270 м.кв талбай бухий обьектыг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 125/03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 125/04 тоот хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч “Эх тэргүүн" ХХК-ийн захирал П.Ганболд, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43 1., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг сануулж, талуудаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу үнийн санал авахад тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг үнэлгээ хийх хөндлөнгийн шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний "Мөнх-Оргил трейд” ХХК нь дээрх барьцааны обьектыг 919 000 000 төгрөгөөр үнэлж, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээний тайланг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн. Төлбөр төлөгч “Эх тэргүүн” ХХК-ийн захирал П.Ганболдод 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/14662 тоот албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг гардуулан хүлээлгэн өгч, тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байна. Гэтэл “Эх тэргүүн" ХХК нь үнэлгээний мэдэгдлийг гардан авснаас хойш 21 хоногийн дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус албанд болон шүүхэд хандан гомдол нэхэмжлэл гаргажээ. Иймд “Эх тэргүүн" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

           Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хөрөнгийн үнэлгээний “Мөнх- Оргил трейд” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 70 тоот тогтоолын дагуу тус комлани нь үнэлгээний шинжээчээр томилогдож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 27 дугаар байрны 1 давхарт байршилтай, үйлчилгээний зориулалттай талбайг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны байдлаар үнэлж, зах зээлийн үнэ, цэнийг 919 000 000 төгрөг болохыг тодорхойлсон. Үнэлгээг тогтоолд дурдсан обьектын хүрээнд хийхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, журам, стандартын дагуу хийж, дүгнэлтээ хараат бусаар, бие даасан байдлаар гаргасан. Энэхүү үнэлгээг хийхдээ шинжээчид нь тухайн обьекттой газар дээр нь биечлэн танилцаж, шаардагдах үзлэг, хэмжилт хийж, фото зураг авсан, хөрөнгийн үнэлгээнд олон улсын хэмжээнд хэрэглэгддэг үндсэн 3 аргаас зардлын хандлага, зах зээлийн харьцуулалтын аргаар хийж дүгнэлт гаргасан бөгөөд тухайн үеийн ижил төрлийн обьектын зах зээл, үнэ ханшийн судалгаа, харьцуулалтыг хийж, дүгнэлт гаргасан талаар 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 24/Ш тоот үнэлгээний тайланд тодорхой тусгасан болно. Манай гаргасан дүгнэлтээр уг обьектын 1.0 м2талбайн үнэ нь 3403.7 мянган төгрөгөөр тооцогдсон нь тухайн үеийн зах зээлийн бодит ханшийг илэрхийлж байгаа болно. Өөрийн хийсэн үнэлгээг үндэслэлтэй хийгдсэн гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд шинжээч томилон тухайн хөрөнгийн үнийг тодорхойлуулж байгаа нь дуудлага худалдааны анхны үнийг тогтоох үндсэн зорилготой бөгөөд дуудлага худалдаагаар худалдан авах сонирхолтой этгээдүүд шударга өрсөлдөөний зарчмаар үнэ хаялцан анхны үнийг дээш нь хэдээр ч ахиулах боломжтой юм. Нөгөө талаар шинжээчийн тодорхойлсон үнийн дүнгээр ямар нэг төлбөр тооцоо хийх, талуудад хариуцлага хүлээлгэх нөхцөл үүсэхгүй.” гэжээ.

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгчийн гаргасан тайлбарт: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 6079 дүгээр захирамжаар "Эх тэргүүн” ХХК-иас 403 642 645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Эх тэргүүн" ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой төлбөрийг төлөхгүй байх боломжуудыг хайж, цаг хугацаа өнгөрүүлэх үүднээс шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул төлбөр төлөгч гомдоод байх шаардлагагүй юм. Бид “Эх тэргүүн” ХХК-ийн обьектыг авах, багаар үнэлүүлэх сонирхолгүй, шүүхийн шийдвэрийн дагуу авах ёстой төлбөрөө л авах хүсэлтэй байна. Үнэлгээчин бол өөрийн хүсэлтээр үнэлгээ хийгээгүй, хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01055 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6079 дүгээр захирамжаар “Эх тэргүүн” ХХК-иас 403 642 645 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 166 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Эх тэргүүн" ХХК нь анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталсугай” гэж өөрчилж, тогтоох хэсэгт “2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Эх тэргүүн" ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг "3", 3 дахь заалтыг “4" дэх заалт болгож өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: “ ...“Эх тэргүүн” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны Г тоотод байрлах 270 м.кв талбай бүхий обьектыг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 125/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 125/04 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчид төлбөр төлөх хугацаа өгөөч гэж хүссэн боловч 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шинжээч томилогдож ... обьектыг 919.000.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3/16819 тоот мэдэгдлээр ...обьөктыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээний тогтоосон зах зээлийн үнэ болох 919.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 643.300.000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээ болохыг мэдэж гомдол гаргасан. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Тэнгэрийн гэрэл” хөрөнгийн үнэлгээний газрын 71 тоот үнэлгээгээр ... 270 м.кв талбай бүхий обьектыг 1.215.000.000 төгрөгөөр үнэлж байсан. Чанарын өндөр төвшинд баригдсан, газар зүйн байршлын хувьд А зэрэглэлийн бүсэд байрладаг, обьектыг 2 жилийн дотор үндсэн үнээс 600.000.000 төгрөгөөр бууруулан үнэлсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу шүүхэд үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Одоо анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, зөвхөн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Тухайн үед шүүхэд хандаж "Тэнгэрийн гэрэл” хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээ хийсэн тайлан болон үнэлгээчнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй нь ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлд заасан хэрэгт холбоотой нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх үүрэгтэй гэсэн заалт болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах гэсэн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. Учир нь 1.215.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн обьектыг 919.000.000 төгрөгөөр доош бууруулж үнэлсэн үнэлгээг тооцсон аргачлал буруу гэж дахин шинжээч томилохын тулд "Тэнгэрийн гэрэл” хөрөнгийн үнэлгээний компанийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаагүй нь ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн заалтыг үндэслэж энэхүү гомдлыг гаргаж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

       Нэхэмжлэгч “Эх тэргүүн” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эхний шаардлага болох анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагаас татгалзсан байна. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6079 дугаар захирамжаар “Эх тэргүүн” ХХК-иас 403 642 645 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд  энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж,  барьцааны зүйл болох “Эх тэргүүн” ХХК-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2206030991 дугаарт бүртгэлтэй 270 м.кв талбай бүхий объектыг битүүмжилж, хураасан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх-5, 31-41/

“Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр “Мөнх-Оргил трейд" ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгосон байна. /хх- 65-92/

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан үзэхэд хариуцагчийн шинжээч томилсон үйл ажиллагааг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2,  Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

         Хариуцагч 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/14661 тоот албан бичгээр нэхэмжлэгчид шинжээчийн  үнэлгээний тайланг мэдэгдсэн бөгөөд уг дүгнэлтээр “Эх тэргүүн" ХХК-ийн өмчлөлийн  Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 27 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, Ү-2206030991 дугаарт бүртгэлтэй 270 м.кв талбай бүхий объектын зах зээлийн үнэлгээг 919 000 000 төгрөгөөр үнэлсэн байна.  

Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргасан  боловч энэ тухайгаа баримтаар нотолж чадаагүй гэж анхан шатны дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Төлбөр төлөгч “Эх тэргүүн” ХХК-ийн захирал П.Ганболд  нь “Мөнх-Оргил” ХХК-ийн хийсэн үнэлгээний талаар 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдсэн тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч энэ үнэлгээг зөвшөөрөхгүй гомдлыг шүүхэд 7 хоногийн дотор гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т нийцсэн,  нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

         Нэхэмжлэгч “Эх тэргүүн” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх батлахдаа  процессын хэм хэмжээг материаллаг эрх зүйн хэм хэмжээтэй хамт баримталж, найруулгын алдаа гаргасан  гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөв хэрэгжүүлсэн гэж үзнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 166 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ЦАГААНЦООЖ

                                          ШҮҮГЧ                                                          Д.ЦОЛМОН