Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2017/00073

 

Б.Аийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,


Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 221 дугаар шийдвэртэй, Б.А-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн А сумын Бүрэн  дунд сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагчийн төлөөлөгч Х.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тус сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 25/Б дугаартай Албан тушаалыг түдгэлзүүлэх тухай тушаалыг хүчингүй болгож, биеийн тамирын багшийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж өгөх тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би А сумын Бүрэн  дунд сургуулийн биеийн тамирын багшаар 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдсон юм. Ингээд тус сургуульд 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сар хүртэл биеийн тамирын багшаар ажиллаж байсан юм. Ажилласан хугацаанд эрхэлсэн ажилдаа эзэн ёсоор хандаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй юм. Тэгээд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах болсон учраас Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч О.А-ийн гаргасан тогтоол ёсоор А сумын Бүрэн  дунд сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Албан тушаалыг түдгэлзүүлэх тухай 25\Б тушаал гарсан юм. Б.А надад холбогдох хэрэг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн юм. Анхан шатны шүүхээс Б.А миний багшлах эрхийг хасаагүй учраас өмнө эрхэлж байсан ажилд үргэлжлүүлэн ажиллуулах талаар сургуулийн захирал Г.Н ярихад Та дээд сургууль төгссөн дипломоо аваад ирвэл ажилд авна. Таны оронд одоогоор түр Х.С гэдэг хүнийг ажиллуулж байгаа гэсэн юм. Б.А би 2016 оны 6 дугаар сард Аварга дээд сургуулийг биеийн тамирын багшаар төгссөн юм. 2016 оны намар сургуулийн захирал Г.Н дахин очиж уулзахад тэрээр Та түр хүлээж бай, он гараад ажилдаа авъя гэсэн юм. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын эхээр захирал Г.Н уулзахад тэрээр Чамайг ажилд авч чадахгүй гэж хариу өгсөн юм. Нэхэмжлэгч Б.А миний нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр ханган шийдвэрлэж өгнө үү. 1.Б.А намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай одоо хүртэл ажил олгогчоос тушаал гараагүй, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй байна. 2.Ажил олгогчоос миний албан үүргийг биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тушаал хүчингүй болгоогүй байна. 3.Би тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа өөрөөр хэлбэл биеийн тамирын дээд сургууль төгссөн дипломтой байна. Иймд Баян-Өлгий аймгийн А сумын Бүрэн  дунд сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Албан тушаалыг түдгэлзүүлэх тухай 25\Б тушаалыг хүчингүй болгон Б.А намайг А сумын Бүрэн  дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг сургуулийн захиралд Г.Нурланд даалгаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Б.А нь тус сургуульд биеийн тамирын цагийн багшаар ажиллаж байсан ба 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хичээлийн зохицуулалтаар биеийн тамирын үндсэн 3 багшаас илүү гарсан 12 цагийг авч, 2 тал тохиролцож хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байгаад, мөрдөн байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5/02 дугаар тогтоолын дагуу 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр А сумын Бүрэн  дунд сургуулийн захирлын тушаалаар албан үүргээс түр түдгэлзүүлсэн. Б.А нь багш хүний хувьд хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т заасан Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил үүрэгтэй холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ биелүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг мэдэж байгаа бөгөөд мөн сургуулийн дотоод журмын 7.4 дэх заалтын дагуу ажил үүргээ биелүүлэх үүрэгтэй. Тухайн үед эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч нь мөн хуулийн 6.1-д заасан Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоо эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй гэж заасны дагуу албан ёсны гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ямар нэгэн шаардлага, зүй бус нөлөө үзүүлээгүй учир Б.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1 дэх заалт, 39.1, 39.2 дахь заалтуудад заасны дагуу ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө өгөөгүй. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх заалтад заасныг баримтлах ёстой учир мөрдөн байцаагчийн түр түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгох тухай /тушаал, тогтоол, захирамж/ ирээгүй учир ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжгүй байсан.

Ажилтан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны хүртэл ямар ч гомдол, санал, хүсэлт гаргаж байгаагүй учир 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Боловсрол, соёлын газартай хамтран сонгон шалгаруулалт зохион байгуулан Б.Аийн оронд Х.Сыг түр томилон одоо хүртэл ажиллуулж байна.

Хэрэв эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол тухайн үед гомдол гаргах эрх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу тус тус гомдол гаргах ёстой байсан юм. Б.А нь 2016 оны намар тухайн жилд Аварга дээд сургуулийг төгссөн дипломоо авч ирэхэд Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолын хавсралт 2.2.17-д Багшлах эрх болон мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд зохион байгуулах үүрэг хүлээсний дагуу БШУСайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан Багшид багшлах эрх олгох, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам-ын 4.2-д багш мэргэжлээр шинээр төгсөгч ЕБС-д 3 болон түүнээс дээш жил ажиллаагүй багш ЕБС-д эхний нэг жил ажиллах эрх олгох зөвлөлөөс зохион байгуулах шалгалтад тэнцсэнээр ЕБС-д нэг жилийн хугацаатай ажиллах эрх нээгдэнэ гэж зааснаар 2014 оноос хойш багшийн мэргэжлээр төгсөгчид багшлах эрхийн шалгалтад тэнцсэн байх шаардлагатай гэдгийг ойлгуулсан. Б.Аийн ажилд ороогүй шалтгаан нь: Т.Б.Аийн хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дууссан гэрээгээ сунгах үед ажил үүргээ гүйцэтгээгүй.

2. Мөрдөн байцаагчийн түр түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгох ямар нэгэн эрх зүйн акт ирээгүйгээс хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах, багшлах эрхийг нь хасах нотолгоо байгаагүй.

3. 2014 оны 1 дүгээр сарын 01-нээс багшлах эрхийн шалгалтад тэнцсэн багш 1 жил багшаар ажиллах эрх нээгдэж ажилд орох боломжтой болдог журамтай тул 2016 онд дээд сургууль төгссөн багш заавал багшлах эрхийн шалгалтад орж тэнцсэн байх шаардлагатай гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 221 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11-д заасныг баримтлан Б.Аийн Баян-Өлгий аймгийн А сумын Бүрэн  дунд сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Албан тушаалыг түдгэлзүүлэх тухай 25/Б дугаартай тушаалыг хүчингүй болгон, А сумын Бүрэн  дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг сургуулийн захиралд даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С, нэхэмжлэгч Б.А нар бид Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн А сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Албан тушаалыг түдгэлзүүлэх тухай 25\Б тушаалыг хүчингүй болгон Б.Аийг А сумын Бүрэн  дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг сургуулийн захиралд Г.Нурланд даалгаж өгөх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэн хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1. Нэхэмжлэгч Б-А нь Баян-Өлгий аймгийн А сумын Бүрэн  дунд сургуулийн биеийн тамирын багшаар 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдсон юм.

Ингээд тус сургуульд 2008 оны эцсээс 2015 оны 05 дугаар сар хүртэл биеийн тамирын багшаар ажиллаж байгаад эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах болсон учраас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч албан үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үндэслэл байвал хэрэг бүртгэх, мөрдөн байцаагч нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр, шүүх, прокурор нь тэднийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх эрхтэй гэсэн заалтыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчийн тогтоол гарган Б.Аийн багшийн үүрэгт ажлыг түр түдгэлзүүлсэн байна.

Мөрдөн байцаагчийн тогтоолыг А сумын Бүрэн  дунд сургуулийн захиргаанд хүргүүлснээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75.2. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн ажилладаг албан байгууллагад хүргүүлэх бөгөөд байгууллагын удирдлага уг шийдвэрийг 3 хоногийн дотор хэрэгжүүлэх энэ тухай хариу мэдэгдэнэ гэж зааснаар Баян-Өлгий аймгийн А сумын Бүрэн  дунд сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Албан тушаалыг түдгэлзүүлэх тухай 25\Б тушаал гарчээ.

Харин Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75.3. Энэ хуулийн 75.1-д заасан арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй бол шийдвэр гаргасан албан тушаалтан түүнийг хүчингүй болгож, холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэнэ гэсэн үүргийг мөрдөн байцаагч биелүүлээгүй учраас ажил олгогчийн Б.Аийн албан тушаалыг түр түдгэлзүүлэх тушаал хүчингүй болоогүй байна.

Энэ асуудалд Б.Аийн ямар нэгэн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1,7-д зааснаар Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх .. гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байна. Учир нь Б.Аийг өнөөдөр хүртэл ажил олгогч нь шүүхийн тогтоолыг үндэслэн биеийн тамирын багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлагдаагүй байна.

2.Б.А холбогдох эрүүгийн хэрэг нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолоор тэнсэн харгалзан ял авсан боловч тухайн гэмт хэрэг нь 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 00 цагаас өмнө үйлдэгдсэн учраас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, 6.2.1-т зааснаар зарим хугацааг хэрэгсэхгүй болгохоор зохицуулалттай юм. Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5. Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага, энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэл \бүртгэл\-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ. Ингэхээр Б.Аийг ялтай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн Б.Аийн тодорхой албан тушаал эрхлэхийг хасаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Атэй ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд хандаагүй гэж хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Б.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2. Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэжээ. Ингэхээр Б.Аийг багшийн ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй, түүний албан тушаалыг түр түдгэлзүүлсэн мөрдөн байцаагчийн тогтоол хүчинтэй байснаар тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг өнгөрүүлсэн гэж байгаа асуудал учир дутагдалтай гэж үзэж байна.

Б.Аийг ажил олгогч 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-ныг хүртэл сургуулийн номын санчаар түр ажиллуулж байсан ба тэрээр өмнөх ажилд орох талаар сургуулийн захиралд хүсэлт тавихад хүлээн аваагүй тул 2017 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Ер нь нэхэмжлэгч Б.А нь өмнө эрхэлж байсан ажилд цаашид ажиллуулах талаар сургуулийн захирал Г.Н ярихад Та дээд сургууль төгссөн дипломоо аваад ирвэл ажилд авна. Таны оронд одоогоор түр Х.С гэдэг хүнийг ажиллуулж байна гэжээ. Б.А би 2016 оны 06 дугаар сард Аварга дээд сургуулийг биеийн тамирын багшаар төгссөн юм. 2016 оны намар сургуулийн захирал Г.Н дахин очиж уулзахад тэрээр Таныг одоохондоо сургуулийн номын санчаар түр ажилд авъя, он гараад ажилдаа авъя гэсэн юм.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулан Б.Аийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье. Гомдол гаргагч Б.Аийн гомдол нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх юм. Давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд Б.А, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар бид заавал оролцох юм гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн А сумын Бүрэн  дунд сургуульд холбогдуулан биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баян-Өлгий аймгийн А сумын Бүрэн  дунд сургуулийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 25/Б дугаартай Албан тушаалаас түр түдгэлзүүлэх тухай тушаалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасныг үндэслэн мөрдөн байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5/02 дугаартай тогтоолын дагуу биеийн тамирын багш Б.Аийг 2015 оны 5 дугаар сарын 11-нээс албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн байна.

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоос үзэхэд Б.А нь 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 000000 дугаартай Бакалаврын хуурамч диплом ашиглан Алтай сумын Ахлах сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж улсад 24380271 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба уг шийтгэх тогтоолоор Бийн Аийг Хуурамч баримт бичиг, тэмдэг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар ял оногдуулсан бөгөөд тухайн шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.7- д зааснаар Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх ба багшаар ажиллахад тавигдах шаардлага нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дугаартай Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтоос үзэхэд багш бакалавраас доошгүй зэргийн боловсролтой байх шаардлага тавигддаг. Б.А нь анх ажилд ороход ашигласан диплом нь хуурамч болох нь тогтоогдож шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож ял оногдуулсан ба урьдах дипломын үндсэн дээр багшийн ажлыг эрхлэх боломжгүй тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7.-т зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ