Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 317/ШШ2025/01748

 

 

 

2025 12 02 317/ШШ2025/01748

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Д.Отгончулуун, шүүгч Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр ********************* тоотод байрлах, регистрийн ****** дугаартай, ******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, Буурал 1 дүгээр баг, Жаргалант гол гудамж, 12 тоотод байрлах, регистрийн ******8 дугаартай, ******хоршоонд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээ, түрээсийн гэрээний хүрээнд өмчлөгчийн эд хөрөнгөд учруулсан хохиролд 61,321,200 төгрөг, түрээсийн орлогын 30 хувь болох 30,300,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн нэг ширхэг морины үнэ 800,000 төгрөг, хариуцагчийн хууль бус ажиллагааны улмаас гаргасан хамгаалалтын албаны зардал 15,400,000 төгрөг, нийт 107,821,200 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол нийт 296,320,137.93 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүх 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, мөн оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *****,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж,

Хариуцагчийн төлөөлөгч*****,

Хариуцагчийн өмгөөлөгч ******

Шинжээч М.Ганчимэг,

Гэрч ****************** нар ирсэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавхлан нар оролцов.

(Иргэдийн төлөөлөгч Э.Дашпүрэвт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй.)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******хоршоонд холбогдуулан дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон. Үүнд:

Манай ****** нь Төв аймаг, Жаргалант сум, 1-р баг, Буурал, Жаргалант гол гудамж, 12 тоот хаягт байрлах 1388614 м.кв талбай бүхий үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/340 тоот шийдвэрээр эзэмшиж байна. ****** нь ******хоршоотой

А. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр ****** нь ******хоршоонд аж ахуйг эзэмшүүлэх, ашиглуулах, хадгалж хамгаалах үүрэг хүлээлгэж, тус хоршоо нь актаар хүлээлцсэн газар техник хэрэгсэл, тоног төхөөрөмж эд аж ахуйг ариг гамтай, арвич хямгач, аль альдаа үр ашигтай эзэмших, ашиглах, хадгалж хамгаалах үүргийг хүлээж ашиглахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Б.2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ****** нь ******хоршоотой Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Төв аймаг, Жаргалант сум, 1-р баг, Буурал, Жаргалант гол гудамж, 12 тоот хаягт байрлах 1388614 м.кв талбай бүхий үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 1 /нэг/ жилийн хугацаатай, жилийн 10,000,000/арван сая/ төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон.

В.2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ****** нь ******хоршоотой Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Төв аймаг, Жаргалант сум, 1-р баг, Буурал, Жаргалант гол гудамж, 12 тоот хаягт байрлах 1388614 м.кв талбай бүхий үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 3 /гурван/ жилийн хугацаатай үнэ төлбөргүй түрээслүүлэхээр харилцан тохиролцсон.

Г.Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ****** нь ******хоршоотой Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Төв аймаг, Жаргалант сум, 1-р баг, Буурал, Жаргалант гол гудамж, 12 тоот хаягт байрлах 1388614 м.кв талбай бүхий үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 1 /нэг/ жилийн хугацаатай жилийн 10,000,000/арван сая/ төгрөгөөр түрээслүүлэхээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ****** болон ******хоршоо нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг түрээсийн газрыг чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч сайн дураараа чөлөөлж өгөхгүй байх тул ******-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй гэрээгээр Төв аймаг, Жаргалант сум, 1-р баг, Буурал, Жаргалант гол гудамж, 12 тоот хаягт байрлах 1388614 м.кв талбай бүхий үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг ******хоршооны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна.

Хариуцагч нь манай компанийн газрыг хамтран ажиллах гэрээ болон түрээсийн гэрээний дагуу түрээслэж, ашиглаж байх хугацаандаа тухайн газарт байсан манай малын өвөлжөөний 1 хэсгийг буулгаж хураасан. Дутуу барьсан өндөр зоорины байшингийн гадна талын төмөр бэхэлгээ, дээврийн төмрийг нураан өргөст тор зэргийг ашиглан 60 гаран метр газар малын өвсний хашаа барьсан. 1 байшингийн зоорины дотор төмс хураадаг модон тавиур, нөгөө байшингийн зоорины шуудайтай төмс хураадаг шалны палк моднууд алга болсон. 2 байшингийн зоорины гэрэл байхгүй, нүхэн зооринуудын ам, амалгаа эвдэрсэн, байшингийн шувуун нуруунд хэрэглэх 10 метр урттай 5 ширхэг дүнзэн мод мөн хадлангийн техник хэрэгсэл алга болсон байна.

Хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйл (Б талын хүлээх үүрэг, эдлэх эрх)-ийн 2-т ...Хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, ариг гамтай ашиглах, эвдрэл гарсан, алдагдсан, ашиглалтын шарадлага хангахгүй болсон бол өөрийн хөрөнгөөр засч хэвийн байдалд оруулах, мөн гэрээний 4 дүгээр зүйл (Хариуцдага)-ийн 2-т ...хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, ариг гамтай ашиглах, эвдрэл гарсан, алдагдсан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон бол өөрийн хөрөнгөөр засч хэвийн байдалд оруулах гэж тус тус заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******хоршоо нь Хамтран ажиллах гэрээ болон Түрээсийн гэрээгээр хүлээсэн дагалдах эд хөрөнгийн хадгалж хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс манай компанид эвдэрсэн төхөөрөмжүүд алга болсон эд зүйл, зоорины байгууламжуудад учирсан эвдрэл гэмтэл зэргийг тооцож үзэхэд манай компанид 50,310,000 төгрөгийн хохирол учруулаад байна. (Эвдэлж сүйдсэн, алга болсон хөрөнгийн үнэлгээ болон эд зүйлийн жагсаалтыг нэхэмжлэлд нэг бүрчлэн хүснэгтэлж хавсаргав)

Дээрх хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хөрөнгө хамгаалуулах асуудлаа хамгаалалтын албанд тавьж 2 ажилтан гэрээгээр авч Жаргалантад ажиллуулах болсон ба хамгаалалтын ажилчдын тавьсан шаардлагыг үл биелүүлэн, өөрсдийн танил цагдаа, сумын зарим удирдах албан тушаалтан нарыг гэртээ дуудан архидан согтууруулж, хамгаалалтын албаны ажилчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулсаар байна.

Нөгөө талаар манай хүмүүст ...энэ газар чинь манай сумын нутаг дэвсгэр, энэ сумын хүмүүсийн 80 хувь нь манай ах дүү танил найз нөхөд байгаа учир танай компанийг 140 га газаргүй болгоно... гэх зэргээр сүрдүүлж, сэтгэл санааны дарамтанд оруулж, техник хэрэгсэл, эд хөрөнгөө хамгаалж, засвар үйлчилгээ хийх гэхээр ...Эд чинь манай юм бид мэднэ... гэж ажил саатуулсаар байна. Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн 2023 оны 09 дүгэрэ сарын 15-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Хамгаалалтын алба хөлсөлж тусгайлан хамгаалалт гаргасан зардал болох 15,400,000 төгрөгийг хариуцагчаас гэм хорын хохиролд тооцон гаргуулах хүсэлтэй байна.

Иймд 1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн дэх хэсэгт заасны дагуу нэгж талбарын 4120041322 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-1414000963 дугаартай, Төв аймаг, Жаргалант сум, 1-р баг, Буурал, Жаргалант гол гудамж, 12 тоот хаягт байрлах 1388614 м.кв талбай бүхий үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг ******хоршооны хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү,

2.Бялхам-Ерөөлт ХХК болон ******хоршоо нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 2, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу эд хөрөнгөд учруулсан хохиролд 50,310,000 төгрөгийг ******хоршооноос гаргуулах,

3.Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Хамгаалалтын алба хөлсөлж, тусгайлан хамгаалалт гаргасан зардал болох 15,400,000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр нэмэгдүүлэн тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгчийн зүгээс нэгж талбарын 4120041322 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-1414000963 дугаартай, Төв аймаг, Жаргалант сум, 1-р баг, Буурал, Жаргалант гол гудамж, 12 тоот хаягт байрлах 1388614 м.кв талбай бүхий үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг ******хоршооны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хамтран ажиллах гэрээ, Түрээсийн гэрээний хүрээнд өмчлөгчийн эд хөрөнгөд учруулсан хохиролд 50,310,000 төгрөг, хариуцагчийн хууль бус ажиллагааны улмаас гаргасан хамгаалалтын албаны зардал 15,400,000 төгрөг, нийт 67,710,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ ихэсгэж байна.

2.1 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А тал буюу ******, Б тал буюу ******хоршоо нарын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний 3 дахь хэсэгт Б талын хүлээх үүрэг, эдлэх эрх хэсгийн 3.3-т ...Хөрөнгөө эргэлтэд оруулснаар орж ирсэн мөнгө буюу бүтээгдэхүүний 70%-ийг өөртөө үлдээж, 30%-ийг А талын Хаан бнкны 5007953085 тоот дансанд 3 хоногийн дотор шилжүүлж дор бүр нь мэдээлж байх, бүтээгдэхүүнээр төлбөр хийх бол тухай бүр тохирч байх... гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******хоршоо нь 2018-2019 оны хооронд авсан ургацын бүтээгдэхүүнийг үарж борлуулсан, бусдад дмжуулан түрээсэлж олсон орлогоосоо 30%-ийг нэхэмжлэгч ******-ийн дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэвч харуицагч Гурван мөнх хоршооы зүгээс 2018-2019 оны хооронд манай компанид орлогын 30%-иас нэг ч төгрөгийн төлбөр өгөөгүй. Уг 139 га үр тарианы усалгагаүй тариалангүй зориулалттай талбайны 1 сарын түрээсийн төлбөр 1 га газар 300,000 төгрөг байдаг бөгөөд 139 га талбайн 1 жилийн түрээсийн төлбөр 41,700,000 төгрөг байна. (41,700,00 х 2=83,400,000)

Хариуцагч ******хоршоо нь 2018, 2019 онд газрын нийт түрээсийн төлбөрт 83,400,000 төгрөгийн ашиг олсон байна. Төв аймаг, Жаргалант сум, 1-р баг, Буурал, Жаргалант гол гудамж, 12 тоот хаягт байрлах 1388614 м.кв талбай бүхий үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газарт 2 ширхэг том зоорь, 6 ширхэг нүхэн зоорь байдаг. 1 ширхэг том зоорь нь 70 тонн буюу 70,000 кг-ын багтаамжтай ба энэ нь 1 зооринд 1750 шуудай төмс орно гэсэн үг юм. 1 шуудай төмсийг 2000 төгрөгөөр зооринд хадгалдаг ба (2000 төгрөг * 1750 ширхэг=3,500,000 төгрөг) нэг жилийн түрээсийн төлбөр 3,500,000 төгрөг бөгөөд 2 ширхэг том зоорийн хоёр жилийн түрээсийн төлбөрөөс 14,000,000 төгрөгийн (3,500,000*2 ширхэг зоорь = 7,000,000 төгрөг, 7,000,000 төгрөг * 2 жил=14,000,000 төгрөг) ашиг олсон байна.

1 ширхэг нүхэн зоорийн 6 нүхэн зоорийн нэг жилийн түрээсийн төлбөр 300,000 төгрөг ба 6 зоорийн хоёр жилийн түрээсийн төлбөрөөс 3,600,000 төгрөгийн (300,000*6 ширхэг зоорь=1,800,000 төгрөг, 1,800,000 төгрөг*2 жил=3,600,000 төгрөг) ашиг олсон байна.

Хариуцагч ******хоршоо нь 2018, 2019 онуудад газрын түрээсийн төлбөрөөс 83,400,000 төгрөг, 2 том зоорины түрээсийн төлбөрөөс 14,600,000 төгрөг, 6 ширхэг нүхэн зоорийн төлбөрөөс 3,600,000 төгрөг нийт 101,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компанийн дансанд шилжүүлэх ёстой байсан боловч үүнээс нэг ч төгрөг шилжүүлээгүй. Иймд хариуцагч ******хоршооноос 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний 3.3-т заасны дагуу нийт ашгийн 30 хувь болох 30,300,000 төгрөгийг гаргуулах,

2.2 ****** нь Жаргалант суманд саахалт Дарам гэх айлаас 800,000 төгрөгөөр нэг морь худалдаж авсан бөгөөд манай малчин сугар унаж хэрэглэж байсан. ******хоршооны хүсэлтийн дагуу уг морийг тухайн хоршоо нь үйл ажиллагаандаа ашиглаж байсан бөгөөд гэрээний хугацаа дууссан боловч манай морийг үхсэн гээд өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй байна. Иймд хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн нэг ширхэг морины үнэ 800,000 төгрөгийг гаргуулах,

2.3 Хамтран ажиллах гэрээ, Түрээсийн гэрээний хүрээнд өмчлөгчийн эд хөрөнгөд учруулсан хохиролд 50,310,000 төгрөг нэхэмжилсэн байсан. Уг эд хөрөнгийн жагсаалтыг хавсралтаар хүснэгтэлж шүүхэд гаргасан. Уг өмчлөгчийн эд хөрөнгөд учруулсан хохиролд 50,310,000 төгрөг гаргуулах шаардлагад 24 ширхэг сэндвичэн хавтангийн үнэ 720,000 төгрөгөөр тооцон гаргуулахаар нэхэмжилсэн. Сэндвичэн хавтангийн үнийг нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргасан байна. 1 м.кв сендвичэн хавтан 47,000 төгрөг байдаг бөгөөд 1 ширхэг сендвичэн хавтан 10,4 м.кв байдаг. Өөрөөр хэлбэл, 1 ширхэг сендвичэн хавтангийн үнэ 47,000 төгрөг х 10,4 м.кв = 488.800 төгрөг юм. Иймд хариуцагч ******хоршооноос 24 ширхэг хавтангийн үнэ 488,800 төгрөг х 24 ширхэг=11,731,200 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс ******хоршооноос хамтран ажиллах гэрээ, түрээсийн гэрээний хүрээд өмчлөгчийн эд хөрөнгөд учруулсан хохиролд 61,321,200 (50,310,000 /анхны шаардлага/+11,011,200 /нэмэгдүүлсэн шаардлага/= 61,321,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэж тодорхойлон, энэхүү шаардлагаа бүхэлд нь дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэжээ.

2.Хариуцагч ******хоршоо нь нэхэмжлэгч ******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч марган, доорх тайлбар, татгалзлыг гаргасан. Үүнд:

1.Сумын засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/340 тоот захирамжаар ******-д Төв аймаг, Жаргалант сум, 1-р баг, Буурал, Жаргалант гол гудамж, 12 тоот хаягт байрлах 1388614 м.кв талбай бүхий үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг 20 жилий хугацаатай эзэмшүүлсэн. ****** нь 2018 он хүртэл тус газарт тариалан эрхлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүйгээс хашаа, тор эвдэрч унасан, хашааны мод өгөршиж муудсан, мал амьтан орж, атаршсан байдалтай байсан. Манай Жаргалан гурван мөнх хоршоо 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ******-тай Хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу тариалангийн газрыг арчилж тордон, тариалан эрхлэх, газрыг эргэлтэнд оруулах зорилготой байсан. Ингээд 2018 он, 2019 он дамнуулж бүтэн 2 жилийг тариалангийн газрыг хашаалж, зарим газарт шинээр тор татаж битүүлэн мал амьтан орохооргүй, тариалан эрхлэхэд бэлэн болгоход өөрсдийн хүч хөдөлмөрөө зарцуулсан бөгөөд хийсэн ажлаа тооцож, татсан хашаагаа хэмжиж үзэхэд тариалангийн газар 98 га болж байсан. Энэ талаар тухайн үед ******-ийн захирал байсан Хорлоо гуайд хэлэхэд дутуу газрыг танайх хөөцөлдөөд олоод өгөөч гэж гуйсан, ингээд газрын алба, кадастрын зургаар нь хайсаар хөрш залгаа тариалангийн газарт орсон болохыг тогтоолгож, хашааг нь буулгуулан алдагдсан 28 га газрыг гаргуулан, шинээр торон хаша ататаж авсан. Бүтэн 2 жилийн турш арчилж тордон хамгаалсан, араас нь хөөцөлдөж олж авсан газар дээрээ 2020 онд тариалан эрхлэх гэтэл ******-ийн захирал Чинболд өөр компаниар рапс тариулахаар тордсон гээд гэрээ хийгээгүй, тариалан хийлгээгүй. Гэтэл 2020 онд уг газар дээр өөр компаниар ч тариалан хийлгээгүй өнжөөсөн. ******-тай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дуусах байтал ******-ийн захирал Чинболдын шарадлагаар 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ гэж дахиж байгуулсан. Ингээд ******-тай нийтдээ 4 гэрээ байгуулж, 2018 оноос 2019 он хүртэл 7 га газарт, 2021 оноос 2024 онуудад 18 га төмс, 50 га улаан буудайн тариалалт эрхэлж, гэрээний дагуу түрээсийн төлбөрийг цаг тухайд нь өгч байсан.

Бидний хооронд 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй буюу 2023 оны 9 дүгээр сард ургац хураалт эхлэх үеэр ******-ийн захирал Чинболд нь талбай дээр хамгаалалтын албаны залуучууд авчирч, ургац хураадгахгүй, техник оруулахгүй, ажил гацааж ид ажлын үеэр маргаан үүсгэсэн. Бид сумын Засаг дарга, орлогч дарга, газрын алба, цагдаад гомдол гаргаж улмаар Сумын орлогч дарга, цагдаагийн хамтаар талбай дээр ирж гэрээ, бичиг баримт шалгаад хууль бусаар ургац хураалгахгүй байгаа талаар ******-ийн төлөөлөгч гэх залуучуудад хэлж сануулаад явсан боловч хамгаалалтаа улам зузаатгаж, хотоос залуучууд нэмж авчран ургац хураалгахгүй байснаас болж 18 га төмснөөс 10 га төмс хурааж чадаагүй хөлдөөсөн, 8 га газраас хураасан төмсөө 440 шуудай төмс хөлдсөн, одоо зоорин байгаа, нүхэн зооринд хийснийг мөн авахуулахгүй бүгд муудаж илжирсэн. Гэрээний үүргээ зөрчиж хохирол учруулсан асуудлаар ******-д албан тоот хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Ингээд 2024 оны 4 дүгээрсард ******-ийн төлөөлөгч, хуулийн зөвлөх Энхболд гэж хүн ирж уулзан хөрөнгө хүлээлцэх асуудал ярихад нь манай хоршоо 10 га газрын ургацаа авч чадаагүй хөлдөөсөн, 440 шуудай төмс муутгасан асуудлаар одоог хүртэл албан тоотын хариу өгөөгүй болохыг хэлж сануулсан. Мөн 2023 оны 8 сард 30 га газарт уринш хийсэн, түрээсийн гэрээний хугацаа сунгахыг шаардсан, хэрвээ эд хөрөнгө хүлээлцэх бол ямар эд хөрөнгө хүлээлгэж өгсөн талаарх жагсаалтаа авчрахыг мөн шаардаж, гараар албан тоот бичээд тамгаа дараад өгч явуулсан. Энэ албан тоотын хариуг өгөхгүй байхаар нь ******-ийн захирал Чинболдын 99112193 дугаартай гар утас руу түрээсийн төлбөрөө шилжүүлье гэсэн утгатай цахим бичвэр бичсэн боловч хариу өгөөгүй. Гэрээний хугацаа сунгах санал албан ёсоор бичгээр, мөн цахимаар явуулахд хариу өгөөгүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж ашигласан гэж үзэхгүй байна. Манай албан шаардлагын хариуг одоог хүртэл өгөөгүй, манай хохирлыг асуудлыг шийдвэрлэхгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргаад, хүлээлгэж өгөөгүй эд хөрөнгүүдийг хохиролд тооцоод нэхэмжилж байгаа бол эсэргээрээ нэхэмжлэгч тал гэрээний үүрэг зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулснаас болж 2023 онд тариалсан төмсөө хурааж авч чадаагүй хөлдөөсөн, зооринд хадгалсан төмсөө худалдаж ашиг орлого олж чадаагүй хохирлоо сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэх болно.

2.Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын тухай: Талуудын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний заалтад хөрөнгийн акт 2 хувь үйлдэж хадгалахаар тохирсон боловч огт хөрөнгө хүлээлцсэн акт үйлдээгүй. Нэхэмжлэлд дурдсанчлан нэхэмжлэгч нь усалгаагүй газар тариалангийн зориулалттай 139 га газрыг 2012 оноос хойш эзэмшиж байгаа гэх боловч 2018 онд манай хоршоотой гэрээ байгуулан тус газар дээр ирж хашаалж хэмжихэд гэрээнд заасан 139 га газартаа хүрэхгүй, 98 га газар байсан. Бид өөрсдөө хөөцөлдөж хөрш залгаа газраас 28 га газрыг эргүүлэн авч, өөрийн зардлаар хашаалсан. Нийтдээ 126 га газар хашаалж, газар тариаланд бэлтгэсэн, одоог хүртэл үлдсэн 13 га газар нь хаашаа орсныг олж тогтоогоогүй байгаа болно. Нэхэмжлэлд хавсаргасан алдагдсан эд зүйлүүдийн жагсаалтаас дараах пад, хадуур, тармуур эд зүйлүүд одоог хүртэл хадгалагдаж байгаа, үлдсэн эд зүйлүүд угаасаа байгаагүй, актаар хүлээлгэж өгөөгүй. (Зургийг хавсаргав) Иймд эвдэлж сүйтгэсэн гэх, алга болгосон гэх эд хөрөнгүүдийг актаар хүлээж аваагүй, анхнаасаа байгаагүй тул хариуцахгүй гэж үзэж байна. Харин алдагдсан газрыг олж, хашаалсан зардал, газар дээр байсан ашиглагддаггүй тракторт шинээр бүтэн мотор, 2 том дугуй сэлбэг авч тавиад ажиллагаанд оруулсны хувьд зайлшгүй гарсан зардлуудаа нэмж тооцон хохирлоо нэхэмжлэх болно.

3.Нэхэмжлэлийн 3 дугаар шаардлагын тухай: Бидний 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээний хугацаа 1 жил байсан бөгөөд түрээсийн төлбөр 10,000,000 төгрөгийг 5 дугаар сард нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. Манай хоршооны хувьд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байхад 2023 оны 9 дүгээр сард ид ургац хураалтын үеэр хамгаалалтын алба хөлсөлж хураалт хийлгээгүй, маш их алдагдал, хохирол амссанд гомдолтой байдаг. Ургац хураалтад гаргахаар трактортоо 100 литр түлш хийсэн байхад ажилд гаргуулахгүй гэж түлшний шланкийг тасалснаас болж 100 литр түлш газарт асгасан. Энэ асуудлаар сумын цагдаад гомдол гарагж, улмаар аймгийн цагдаа руу хэргийг шилжүүлсэн боловч гэмт хэрэг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэргийг хаасан. Манай хоршоо хууль бус үйл ажиллагаа явуулаагүй тул ******-ийн хөлсөлсөн хамгаалалтын албаны зардлыг төлөх үндэслэлгүй. Бусад эд зүйлсийн зургийг авах гэтэл Х.Чинболдын хамаатан түлхүүр нь байхгүй гээд агуулахад оруулаагүй. Иймээс бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

2.1.Хариуцагч ******хоршоо нь нэхэмжлэгч ******-д холбогдуулан доорх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:

1.С.Батцэцэг би 1987 онд Төв аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, 1988 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн механикийн курсэд элсэж, хөдөө аж ахуйн механик мэргэжлээр төгсөж, Төв аймгийн Жаргалант сумандаа Үр тарианы бригадад орж ажилласан. Ингээд Бялхам ерөөл ХХК-ийн захирал Хорлоо гуайтай 2014 онд уулзаж танилцаад толгой компани болох Суурь ХХК-д би ашиглалтын механикчаар, нөхөр ЖэМөнхбаатар миксерийн жолоочоор ажиллаж эхэлсэн. С.Батцэцэг би 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төмс, хүнсний ногоо тариалах үйл ажиллагааны чиглэлээр ******хоршоог байгуулж, улмаар 2018 онд Бялхам ерөөл ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан тус компанийн эзэмшлийн Төв аймаг, Жаргалант сум, Буурал 1-р баг, Зүүн нарангийн энгэр 12 хаягт байрлах 139 га үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтай газрыг арчилж тордон тариалан эрхлэх, газрыг эргэлтэнд оруулахад бэлтгэсэн. 2018 ондоо өөрийн 3 хүүхдийн хамтаар ирж 2019 он дамнуулж бүтэн 2 жилийн турш тариалангийн газрыг хашаалж, зарим газарт шинээр тор татаж битүүлэн мал амьтан орохооргүй, тариалан эрхлэхэд бэлэн болгоход өөрсдийн хүч хөдөлмөрөө зарцуулсан бөгөөд 1 га газарт төмс тариалсан, өөр цалин орлогогүй, нөхрийнхөө цалингаар амьдарч байсан. Нийт хийсэн ажлаа тооцож, татаж янзалсан хашаагаа хэмжиж үзэхэд тариалангийн газар 98 га болж байсан тул энэ талаар тухайн үед Бялхам ерөөл ХХК-ийн захирал байсан Хорлоо гуайд хэлэхэд дутуу газрыг танайх хөөцөлдөөд олоод ав гэж хэлж байсан. Ингээд Жаргалант сумын газрын албанд хандаж, кадастрын зургаар нь хайсаар хөрш залгаа тариалангийн газарт орсон болохыг олж тогтоолгон, хашааг нь буулгуулан алдагдсан 28 га газрыг гаргуулан авч, 2021-2022 онд шинээр торон хашаа татаж авсан. Энэ тор татах ажилд модон шон 2,681,000 төгрөг, хашааны тор 2, 200,000 төгрөг, өргөст тор 8,550,000 төгрөг, хадаас 445,200 төгрөг, сапуд 763,000 төгрөгөөр худалдаж аваад хөлсөнд (1 хүний ажлын хөлс 30,000 төгрөгөөр тооцож, 5 хүнийг 7 шон суурилуулах, тор татах ажлын хоног ажиллуулсан) зардал 1,050,000 төгрөг, нийт 28 га газарт шинээр тор татсан зардал 15,689,000 төгрөг болсон тул үүнийг нэхэмжилнэ.

2.******хоршоо нь Бялхам ерөөл ХХК-тай 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дуусах байтал Бялхам ерөөл ХХК-ийн захирал Х.Чинболдын шаардлагаар 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ гэж дахиж байгуулсан. Ингээд Бялхам ерөөл ХХК-тай 2018 оноос хойш хамтарч ажиллахдаа 4 гэрээ байгуулж, 2018 оноос 2020 он хүртэл 1 га газарт, 2021 онд 11 га, 2022 онд 8 га, 2023 онд 25 га тариалснаас өрх толгойлсон 3 эмэгтэйн 7 га талбайг хасвал 18 га газарт манай Жаргалант мөнх гурав хоршоо тариалалт эрхэлсэн, гэрээний дагуу түрээсийн төлбөрийг цаг тухайд нь өгч байсан. С.Батцэцэг би өөрөө хөдөө аж ахуйн техникийн механикч мэргэжилтэй хүний хувьд Бялхам ерөөл ХХК-ийн газрыг түрээслэх үед газартай хамт түрээслэгдсэн 1980 аад оны МТЗ-80 маркын хуучин тракторыг засаж, шинээр сэлбэг, тоног төхөөрөмж авч тавьсан, иж бүрэн мотор 12,000,000 төгрөг, урд тэнхлэг 2,000,000 төгрөг нийт 14,000,000 төгрөгний зардал гаргасан бөгөөд тус тракторын тусламжтайгаар тариалсан тариа ногоогоо хураадаг байсан. Гэтэл Бялхам ерөөл ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын эхээр хамгаалалтын албаны залуучууд хөлсөлж тариалангийн талбайд оруулахгүй, трактор, техникүүдийг битүүмжилж, одоог хүртэл тус трактор нь Бялхам ерөөл ХХК-ийн мэдэлд байна. Иймд тус МТЗ-80 маркийн тракторыг засаж янзлахад гаргасан зардал болох 14,000,000 төгрөгийг нэхэмжилнэ.

3.Бидний хооронд 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2023 оны 9 дүгээр сарын эхээр ургац хураалт эхлэх үед Бялхам Ерөөл ХХК-ийн захирал Х.Чинболд нь талбай дээр хамгаалалтын албаны залуучууд авчирч, ургац хураалгахгүй, техник оруулахгүй, ажил гацааж ид ажлын үеэр маргаан үүсгэсэн. Бид Жаргалант сумын Засаг дарга, орлогч дарга, газрын алба, цагдаад гомдол гаргаж улмаар сумын орлогч дарга цагдаагийн хамтаар талбай дээр ирж, гэрээ, бичиг баримт шалгаад хууль бусаар ургац хураалгахгүй байгаа талаар Бялхам ерөөл ХХК-ийн төлөөлөгч гэх залуучуудад хэлж сануулаад явсан боловч хамгаалалтаа улам зузаатгаж, хотоос залуучууд нэмж авчран ургац хураалгахгүй, тариалангийн газар луу оруулахгүй байсан. Арга буюу Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн иргэн Отгонцэцэгийн 6 нүхэн зоорийг түрээслэж, 6 га газраас хураасан төмсөө хийсэн. Нийт 18 га газарт тариалсан төмснөөс 10 га газарт тариалсан төмсөө хурааж авч чадаагүй, хөлдөөсөн, тухайн үед "Бялхам ерөөл" ХХК-ийн захирал Х.Чинболд утсаа авахгүй, холбогдохгүй болохоор нь түүний хамаатан гэх тариалангийн газрын харуул хийдэг хүнд асар их хэмжээний өр төлбөрийн асуудал үүсэх нь гэдгийг хэлж сануулан, цааш нь дамжуулахыг хүссэн. 2 га газраас хураагдсан төмс хугацаа хоцорч хураагдснаас болж хайрагдан нийт 440 шуудай төмс нүхэн зооринд ялзарсан. Энэ 440 шуудай төмсийг одоог хүртэл нүхэн зоориноос авч чадаагүй байна. Иймээс 10 га газраас хураах байсан төмсний зах зээлийн үнэлгээг сумын дундажаар тооцоход 8,7 тонн төмс хураагдаагүй буюу 194,559,000 (нэг зуун ерэн дөрвөн сая таван зуун тавин есөн мянга) төгрөгний хохирол, хайрагдаж ялзарсан 440 шуудай төмсний зах зээлийн үнэ 1 шуудай төмсийг 75,000 төгрөгөөр тооцож нийт 33,000,000 (гучин гурван сая) төгрөг, нүхэн зоорийн түрээсэнд 3,700,000 төгрөг, ургац хураалтад бэлтгэж МТЗ-80 маркын тракторт хийсэн байсан 110 литр түлшийг газарт асгаж хохирол учруулсан тул түлшний зардал 500,000 төгрөг, нийт хохирол 231,759,000 төгрөг нэхэмжилнэ.

4.Бялхам ерөөл ХХК-тай 2018 оноос хойш хамтран ажиллаж, хөдөө аж ахуйн зориулалттай газар түрээслэж байгаагийн хувьд С.Батцэцэг би Хаан банкнаас 2023.5.15-ны өдөр Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалттай 60,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан байсан. 2023 оны 8 дугаар сард 30 га газарт уринш хийлгэхийн тулд мөн Хаан банкнаас 20,000,000 төгрөгний зээл нэмж авсан, гэтэл Бялхам ерөөл ХХК-ийн захирал Х.Чинболд нь гэрээгээ зөрчиж, хамгаалалтын албаны залуучууд авчран ургац хураалгахгүй байсаар хөлдөөж их хэмжээний хохирол учруулсан. Үүнээс болж би Хаан банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулах боломжгүй болж улмаар өөрийн дүүгийн газар, хашаа байшинг түрээслэн, 2024.5.16-ны өдөр 40,000,000 төгрөгний зээл авахуулан өмнөх өрнийхөө талыг төлсөн, одоо үлдэгдэл төлбөр, хүү төлж хохирч байна. Иймд Бялхам ерөөл ХХК-иас хөдөө аж ахуйн газрын түрээсийн гэрээ зөрчиж, учруулсан хохиролд 231,759,000 төгрөг, 28 га газарт шинээр торон хашаа татуулсан зардалд 15,689,000 трактор засварласан зайлшгүй гарсан зардалд 14,000,000 төгрөг, нийт 261,448,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

2.2.Хариуцагч 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндэслэлээ доорх байдлаар тодорхойлсон. Үүнд:

"******хоршоо нь 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 261,448,000 төгрөгийг "Бялхам ерөөл" ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлдээ 2018 оноос хойш "Бялхам ерөөл" ХХК-тай хамтран ажиллаж, хөдөө аж ахуйн зориулалттай газар түрээсэлж байгаагийн хувьд "******хоршоо"-ны дарга С.Батцэцэг нь Хаан банкнаас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалттай 60,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авч, зээлийн гэрээ байгуулсан. Хаан банктай энэхүү зээлийн гэрээний барьцаанд гэр бүлийн хэрэгцээний газрууд, үл хөдлөх эд хөрөнгө, хувийн сууц тавьж 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр №БГУ/20235110735 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Мөн Хаан банктай төмс ногоо барьцаалж 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан №БГХ/20235110735 дугаартай Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний дагуу олгосон мөнгийг зориулалтын дагуу буюу тариалалт эрхлэхэд гарах зардлуудад зарцуулсан, 10,000,000 төгрөгийг Бялхам ерөөл ХХК-тай байгуулсан Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээний түрээсийн төлбөрт төлсөн. Энэ банкны гэрээ, түрээс төлсөн баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Гэтэл Бялхам ерөөл ХХК-ийн захирал Х.Чинболд нь 2023 оны 9 дүгээр сард гэрээгээ зөрчиж, хамгаалалтын албаны залуучууд авчран ургац хураалгахгүй байсаар 10 га газарт тариалсан төмс хөлдөөж их хэмжээний хохирол учруулсан. Үүнээс болж би Хаан банкнаас авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд нь төлж барагдуулах боломжгүй болж улмаар өөрийн дүүгийн газар, хашаа байшинг барьцаанд тавьж, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээл авахуулан өмнөх өрнийхөө талыг төлсөн, одоо үлдэгдэл төлбөр, хүү төлж хохирч байна. Хэрвээ Бялхам ерөөл ХХК гэрээний үүргээ зөрчөөгүй бол тариалсан төмсөө хурааж, хадгалаад банкны зээл, хүүгээ төмс худалдсан орлогоосоо төлөхөөр байсан. Хаан банкнаас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалттай авсан 60,000,000 төгрөгийн зээлийг хүүний төлбөрийн хамтаар 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 64,242,821.9 төгрөг болгож төлж дуусгасан байх ёстойгоос 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 24,872,734.93 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байгаа нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас харагдана. Иймд Бялхам ерөөл" ХХК-д 2023 онд газрын түрээсэнд төлсөн 10,000,000 төгрөг, Хаан банктай 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалттай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 24,872,734.93 төгрөг, нийт 34,872,734.93 (Гучин дөрвөн сая найман зуун далан хоёр мянга долоон зуун гучин дөрвөн төгрөг, ерэн гурван мөнгө) төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

3.Нэхэмжлэгч ******-ийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, доорх тайлбар, татгалзлыг гаргасан.

1."Жаргалант Гурван Мөнх" хоршоо нь манай компанийн 28 га талбайг гаргуулж, тор татаж хашаалсан зүйл огт байхгүй. Жаргалант Гурван Мөнх" хоршоо нь манай газар дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл 140 га газар хашаалсан байсан ба нэг ч га газар нэмэгдэж, хасагдсан, тор татсан зүйл байхгүй. Манай компанийн зүгээс 2015 онд уг газар болон дагалдах тоног төхөөрөмжүүд дээр хөрөнгийн үнэлгээ хийлгэж байсан. 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Итгэлт Бээс" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд маргаан бүхий газрыг 140 га талбайтай 118,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж тодорхой үнэлсэн байдаг. Харин ******хоршоотой 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хамгийн анх "Хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу газрыг хүлээлцэхэд 140 га газар байсан гэдэг нь тодорхой нотлогдож байна.

2.Тракторын засварын хувьд манай компани нь 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэн С.Дамдингаас тус тракторыг хэвийн ажиллагаатай эвдрэл гэмтэлгүй байдлаар хүлээж авсан. 2018 онд "******хоршоо-нд уг тракторыг хэвийн үйл ажиллагаатай, ямар нэгэн дугаар эвдрэл гэмтэлгүй хүлээлгэн өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн "Хамтран ажиллах гэрээ" болон 2019 оны 02 ар сарын 20-ны өдрийн "Хамтран ажиллах гэрээ-ний 3 дугаар зүилд Б талын хүлээх үүрэг, эдлэх эрхийн 3.6 дахь хэсэгт ...машин техникииг үзлэгт оруулах, даатгуулах, төлбөр тооцоог хийх, ашиглалтын бүрэн байдлыг хангаж, ажилд цаг хугацаанд нь бэлэн байлгах..." гэж тодорхой заасан. Хоршооны зүгээс газрын хамт түрээслэгдсэн тоног төхөөрөмжүүдийг ашиглах явцад гарсан эвдрэл гэмтлийг өөрсдөө цаг алдалгүй засаж сэлбэх нь тус хоршооны үүргээс гадна засаж сайжруулснаар хоршооны үйл ажиллагаа хэвийн явагдах үндэс болно.

3.2024 оны 04 дүгээр сард Түрээсийн гэрээний хугацаа дууссаны дараагаар гэрээгээ цуцлах зорилгоор тухайн газар очиход манай эзэмшлийн талбайд өөр хувь хүн, хуулийн этгээдийн эзэмшлийн тракторууд оруулж түрээсэлсэн байдалтай мөн "...энэ манай нутаг бид Жаргалантын нутаг дэвсгэр дээр байна зайл..." гэх зэргээр ёс бусаар харьцаж байсан учир манай компанийн зүгээс өөрсдийн өмчөө хамгаалах зорилгоор хамгаалалтын албаны хүмүүс хөлсөлж зоорь, ус ашиглуулаагүй. Хоршооны зүгээс тариалангийн талбайгаас ургацаа хурааж авахыг хориглосон үйл явдал огт болоогүй бөгөөд хэрвээ талбайд ургац байсан бол өөрсдөө төмсөө хураан авч, өөр зооринд хураах бүрэн боломжтой байсан. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн "Түрээсийн гэрээ" нь хариуцагч "******хоршооны дарга С.Батцэцэг нь банкнаас зээл авах зорилгоор л хийсэн гэрээ бөгөөд үүнийг тус өдөр өөрийн гараар бичиж өгсөн гар бичвэрээр нотлогдоно. Хариуцагчийн хувьд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ болон 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Б талын хүлээх үүрэг, эдлэх эрх хэсэгт ...хөрөнгөө эргэлтэд оруулснаар орж ирсэн мөнгө буюу бүтээгдэхүүний 70 хувийг өөртөө үлдээж, 30 хувийг А талын Хаан банкны 5007953085 тоот дансанд 3 хоногийн дотор шилжүүлж дор бүр нь мэдээлж байх..." гэж заасан боловч 2018-2020 он хүртэлх хугацаанд гэрээний төлбөрт нэг ч төгрөг өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2018-2020 оны хооронд ******хоршоонд орсон мөнгөнөөс ашиг 30%-ийг нэхэмжилж авна гэжээ.

4.Хэрэгт дараах нотлох баримт цугларсан байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл /1хх 1-4/, итгэмжлэл /1хх 5-6/, Бялхам Ерөөл ХХК-ийн дүрэм /1хх 7-8/, Бялхам Ерөөл ХХК-ийн гэрчилгээ /хх 9/, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /1хх 10-16/, 2020 оны 03 дугааар сарын 13-ны өдрийн Түрээсийн гэрээ /1хх 17-20/, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0741 дугаар Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ /1 хх 21-24/, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0388 дугаар Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ /1хх 26/, Бялхам Ерөөл ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03/04 дугаар албан бичиг /1хх 27/, гэрэл зургууд /1 хх 28-33/, Итгэлт-бээс ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 14-36/, Х.Чинболдын Хаан банкны дансны хуулга /1хх 37-40/, Х.Чинболдын Хасбанкны дансны хуулга /1хх 41/, Мөнгө олгохыг хүссэн өргөдөл /1хх 42/, Хаан банкны гүйлгээний баримт /1хх 43/, Мөнгө олгохыг хүссэн өргөдөл /1хх 44/, Хаан банкны гүйлгээний баримт /1хх 45/, Сити мэнт ХХК-ийн захиргаанд гаргасан өргөдөл /1хх 46/ 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гомдол /1хх 47-60/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх 53/ , Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар /1хх 224-225/, Бялхам Ерөөл ХК-ийн ногооны байшин болон нүхэн зоорь, дуусаагүй барилга, бусадд үндсэн хөрөнгө болон эзэмших эрх бүхий газар тариалангийн зориулалттай 140 га газарт хийсэн үнэлгээний тайлан /1хх 226-250, 2хх 1/, Бялхам Ерөөл ХХК-ийн 520мкв талбай бүхий хүнсний ногооны стандарт агуулахын дуусаагүй барилгад хийсэн үнэлгээний ажлын тайлан /2хх 3-7/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2хх 199/, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, /2хх 203-204/, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А342 дугаар захирамж /2хх 205/, Нэхэмжлэлийн зарим шаардлага болон хамтран хариуцагч татах тухай хүсэлтээс татгалзах тухай /2хх 247,248/, Нарт шуүн консалинг ХХК хөрсний итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт /3хх 59-64/, 2025.06.25-ны өдөр Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага / 3хх 185-186/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /3хх 187/, 0284 УБЦ тээврийн хэрэгслийн баримтууд /3хх 188-206/, Гуравдагч этгээд оролцуулах тухай хүсэлт /3хх 207-208/, 2025.06.25-ны өдрийн Монгол улс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг цаг уур орчны шинжилгээний газар, архив мэдээллийн сангийн хэлтсийн баримт /3хх 213-214/, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт /4хх 5/, Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар /хх 74-75/, Суурь ХХК-ийн дүрэм /хх 79-80/, Суурь ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлтийн гэрчилгээ /4хх 81/ 2023.08.04-ний өдрийн 06/09 дугаар итгэмжлэл /4хх 82/, Бялхам Ерөөл ХХК-ийн 2024.04.18-ны өдрийн 03/04 дугаартай албан бичиг /4хх 83/, 2021.01.01-ний өдрийн 01 дугаартай Түрээсийн гэрээ /4хх 84-86/, 2023.12.25-ны өдрийн Түрээсийн гэрээ /4хх 87-89/,

4.2.Хариуцагчаас: Хариу тайлбар /1хх 84-86/, Сөрөг нэхэмжлэл /1хх 97-101/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх 102/, ******хоршооны хуулийн этгээдийн гэрчилгээ /1хх 108/, Хоршооны дүрэм /1хх 104-113/, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ /1хх18-19/, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /1хх 116-117/, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ /1хх 118-122/, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0388 дугаар Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ /1хх 123-127/, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/202456136555 дугаар Зээлийн гэрээ /1хх 128-131/, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн БГҮ/202456136555 дугаар Барьцааны гэрээ /1хх 132-136/, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээ /1хх 137-140/, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн БГҮ/202351107375 дугаар Барьцааны гэрээ /1хх 141-146/, Хаан банкны гүйлгээний баримт /1хх 147-158/, Мөнгөний тасалбар /1хх 159/, Төв аймгийн Цагдаагийн газрын даргад гаргасан өргөдөл /1хх 160-170/, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад гаргасан албан бичиг/1хх 171/, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2024.07.09-ны өдрийн 02/338 дугаар албан бичиг /1хх 172/, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/337 дугаар албан бичиг /1хх 173/, Бялхам Ерөөл ХХК-ийн эд зүйл, техникийн зургаар баримтжуулансан гар бичмэл /1хх 174-177/, 2024.09.02-ны өдрийн Бялхам Ерөөл ХХК-ийн манаач нарын нэрсийг оноор нь цувуулан бичсэн гар бичмэл /1хх 178/, Бялхам Ерөөл ХХК-ийн түрээсэлж байсан 139 га газарт хийгдсэн ажлууд гэх гар бичмэл, зургууд /1хх 179-190/,Чинболд гэх дугаарт бичмэн мессежний зураг /1хх191/, Зураг /1хх 192/, Зарлагын баримтууд /1хх 193-197/, ******хоршооны хог хаягдлын хураамж төлсөн баримт /1хх 52/, Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн Засаг даргын 2024.09.12-ны өдрийн 12/74 дугаар албан бичиг /2хх 53/, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр Ногооны зоорь түрээслэх гэрээ /хх3 54-58/, ******хоршоо ХХК-ийн мэдээлэл /3хх 89-91/, Хөдөө аж ахуйн зориулалттай газар түрээслэх гэрээ /3хх 140-143/, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 0945 дугаар Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ /3хх 144-145/, С.Батцэцэгийн Хаан банкны дансны хуулга /3хх 146-149/, Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тухай /4хх 57-58/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /4хх 59/, 2023.05.15-ны өдрийн Хаан банктай байгуулсан зээлийн гэрээ /4хх60-63/, Барьцааны гэрээ /4хх 64-69/, С.Батцэцэгийн Хаан банкны дансны хуулга /4хх70-72/, Хаан банкны шүүхэд гаргасан нэхэмжлэл /4хх 97-99/, Бялхам Ерөөл ХХК-ийн 2024.04.03-ны өдрийн Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад гаргасан албан бичиг /4хх 109-111/,

4.3.Шүүхээс: Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1537 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд /1хх 200-225/, Төв аймгийн прокурорын газрын 2024.11.4-ний өдрийн 1/2032 дугаар албан бичгээр ирүүлсэн баримт /2хх 64-136/, Б.Гомбодоржийг гэрчээр асуусан тэмдэглэл /2хх 138-143/, Д.Мөнхсайханыг гэрчээр асуусан тэмдэглэл /2хх 144-148/, С.Мөнх-Унрдахыг гэрчээр асуусан тэмдэглэл /2хх 149-154/, Г.Батсүхийг гэрчээр асуусан тэмдэглэл /2 хх155-158/, Ж.Мөнхбаатарыг гэрчээр асуусан тэмдэглэл /2хх 159-164/, Ю.Отгонцэцэгийн гэрчээр асуусан тэмдэглэл /2хх 165-169/, М.Мөнх-Эрдэнийг гэрчээр асуусан тэмдэглэл /2хх 170-177/, Д.Цэдэнпүлжинийг гэрчээр асуусан тэмдэглэл /2хх 178-182/, Г.Чойжилыг гэрчээр асуусан тэмдэглэл /2хх 183-186/, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх 187-188/,Ш.Сэнгэравданыг гэрчээр асуусан тухай тэмдэглэл /2хх 211-129/, Ж.Хорлоог гэрчээр асуусан тухай тэмдэглэл /2хх 220-229/, Д.Буянхишигийг гэрчээр асуусан тухай тэмдэглэл /2хх 231-234/, Ж.Эрдэнэ-Одыг гэрчээс асуусан тухай тэмдэглэл /2хх 235-239/, Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2024.11.14-ний өдрийн 471 дүгээр албан бичгээр ирүүлсэн ******хоршооны ургац хураалтын мэдээ /2хх 240-245/, Б.Элбэгбаярыг гэрчээр асуусан тэмдэглэл /3хх 11-16/, Ш.Батсугарыг гэрчээр асуусан тухай тэмдэглэл /3хх 18-23/, Ж.Дашравданг гэрчээр асуусан тэмдэглэл /3хх 24-33/, Р.Алтанцэцэгийг гэрчээр асуусан тухай тэмдэглэл /3хх 34-39/, Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2025.02.18-ны өдрийн 73 дугаар албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт /3хх 82-84/, Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 188 дугаар албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт /3хх 134-135/, Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3хх 162-167/, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2/5012 дугаар албан бичгээр ирүүлсэн ******хоршооны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /3хх 228-238/, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 21-28/, Ц.Лхагважавыг гэрчээр асуусан тэмдэглэл /4хх 31-38/, Ц.Алтандөшийг гэрчээр асуусан тэмдэглэл /4хх 39-45/ зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******хоршоонд холбогдуулан Хамтран ажиллах гэрээ болон түрээсийн гэрээний дагуу эд хөрөнгөд учруулсан хохирол 61,321,200 төгрөг, хариуцагчийн хууль бус ажиллагааны улмаас гаргасан хамгаалалтын албаны зардал 15,400,000 төгрөг, гэрээнд зааснаар ашиг 30,300,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн нэг ширхэг морины үнэ 800,000 төгрөг, нийт 107,821,200 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч ******хоршоо нь нэхэмжлэгч ******-д холбогдуулан хөдөө аж ахуйн газрын түрээсийн гэрээ зөрчиж, учруулсан хохирол 231,759,000 төгрөг, 28 га газарт шинээр торон хашаа татуулсан зардал 15,689,000 төгрөг, трактор засварласан зайлшгүй гарсан зардал 14,000,000 төгрөг, 2023 онд газрын түрээсэнд төлсөн 10,000,000 төгрөг, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалттай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 24,872,734.93 төгрөг, нийт 296,320,137.93 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж, харилцан маргасан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хамтран ажиллах гэрээ, Түрээсийн гэрээний хүрээнд өмчлөгчийн эд хөрөнгөд хариуцагч хохирол учруулсан, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хамгаалалтын алба ажиллуулж зардал гаргасан, Хамтран ажиллах гэрээний 3 дахь хэсгийн 3.3-т заасан нийт ашгийн 30%-ийг өгөх үүргээ биелүүлээгүй, Бялхам Ерөөл ХХК н.Дарам гэдэг айлаас 800,000 төгрөгийн 1 морь худалдан авсан бөгөөд хоршооны хүсэлтээр уг морийг хоршооны үйл ажиллагаанд ашиглаж байсан, гэрээний хугацаа дууссан боловч манай морийг үхсэн гээд өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй тул хариуцагчаас шаардах эрхтэй гэжээ.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг эс зөвшөөрч марган, дараах тайлбарыг гаргасан. Үүнд: 2018, 2019 онд хамтран ажиллах гэрээтэй ажилласан. Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг тоног төхөөрөмж, байгаа талбай, тухайн объектийг хүлээлцээгүй. Би тоног төхөөрөмжөө хүлээлцээч гэдэг шаардлага тавьж байсан боловч нэхэмжлэгч тал ирээгүй, 2023 он хүртэл газар тариалангийн газрыг түрээслэх журмын дагуу түрээслэсэн. 2010 онд байсан хашаа нь 2018 онд ашиглалтын хэмжээнд байгаагүй, тухайн талбайд 2018, 2019 онд өөрийн хөрөнгөөр 100 га газрыг хашаалж сэргээн босголт хийсэн. МТЗ-80 трактор байсан, мотор нь ажилладаггүй байхыг нэхэмжлэгч талын захирлын хамт очиж үзсэн. 2021 онд гэрээ хийсний дараа гэр бүлийн хүнтэйгээ моторын сольж тавьж ашиглалтанд оруулсан. Надаас нэхэмжилсэн хөрөнгүүд бүгд зохих нэр нэрээрээ байгаа. 2024 оны 09 дүгээр сарын 01-нд нэхэмжлэгчийн 2 харуултай хамтарч яваад бүртгэл хийж хүснэгтээр бөглөөд манаачаар гарын үсэг зуруулсан. Хамгаалалтын зардал гэж байгааг зөвшөөрөхгүй. 2021-2024 он хүртэл бид 2 гэрээ хийсэн байсан боловч 2024 оны 04 дүгээр сарын 13-нд дахин гэрээ хийгээд гэрээнд тариалалтаа хийхдээ Засгийн газраас тариаланчдыг дэмжих хүү багатай 3 жилийн зээл авах байсан. Тухайн зээлээс 60 саяыг авсан. 60 саяын зээлийг тухайн хүнд газрын түрээс гээд 5, 6 сард хуваагаад 5, 5 саяаар 2 удаа өгсөн. 2018, 2019 оны 30 хувь гэж байгаа нь бэлэн бус тээврийн хэрэгсэл байсан би ашиг олохоор ажиллаагүй. 2019 онд хавар тугалтай үнээ аваачиж өгсөн. Үүнийг маллаад байж байхад Ж.Хорлоо 1 айлаас морь авах ёстой, тэрийг очиж ав гэдэг санал тавьсан, 2021 онд тухайн айлаас морийг авсан. Морь удаагүй өвчин тусаад үхсэн. Морийг авлаа гэдгийг Ж.Хорлоод хэлсэн, мөн үхсэн гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага 107,821,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

5.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2018 онд Бялхам ерөөл компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан тус компанийн эзэмшлийн Төв аймгийн Жаргалант суманд 139 га үр тарианы зориулалттай газрыг ашиглаж арчилж тордон тариалан эрхлэх газрыг 2021 онд надад 139 га гэж тариан талбайгаа түрээслэсэн. Хэмжиж үзэхэд 100 га байсан. 100 га байхаар нь Төв аймгаас кадастрын албаны мэргэжилтэнг очихоор нь манай газрыг хэмжиж өгөөч гээд, 139 га газрыг түрээслэсэн гээд гэрээгээ үзүүлсэн. Газрын зургийн цэг тогтооход урд тал нь 28 га байсан, уг газарт н.Нямрагчаа аавтайгаа тариалсан байсан. 2021 онд тэднийх хашаагаа авсан, манайх 2021, 2022 онд олсон газар дээр шинээр хашаа барьсан, зардал нь 15,689,000 төгрөг, Тракторт хийсэн бусад үйлчилгээ сэлбэг оролцуулаагүй, моторыг үнэлж 12 сая төгрөг нэхэмжилсэн, Бялхам ерөөл ХХК-аас газрын түрээсийн гэрээг зөрчиж учруулсан хохирол 231,759,000 төгрөг, 28 га газар шинээр торон хашаа татуулсан зардал 15,689,000 төгрөг, трактор засуулсан зайлшгүй гарсан зардал 14,000,000 төгрөг, Банкнаас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүнс болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийг дэмжих зориулалттай авсан 60,000,000 төгрөгийн зээлийг хүүний төлбөрийн хамтаар 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 64,242,821.9 төгрөг төлж дуусгах ёстойгоос 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 24,872,734.93 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаад зээлийн дансыг төлбөргүй болгосон, нийт 296,321,734.93 төгрөгийг Бялхам ерөөл ХХК-аас шаардах эрхтэй гэв.

6.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, марган ... 2018 оны 05 дугаар сарын 04-нд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр бүх тоног төхөөрөмж, газрыг хүлээлцсэн акт байгаа. Түүнд С.Батцэцэг өөрөө гарын үсэг зурсан, байхгүй юман дээр гарын үсэг зурахгүй. Тракторыг энэ хүн 6 жил ашигласан. Ашигласан хүн техникийг хариуцалгүй яахав, 296,321,734 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, шаардах үндэслэлгүй гэж татгалзсан тайлбарыг гаргасан.

7.Нэхэмжлэгч ******-ийн захирал Х.Чинболд болох нь хэрэгт авагдсан тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн, гэрчилгээний хуулбараар нотлогдож байх бөгөөд захирал Х.Чинболд нь анх 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай итгэмжлэлээр Б.Болорыг тус иргэний хэрэгт оролцох эрх, үүргийг олгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Болор оролцжээ. Захирал Х.Чинболд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байсан Б.Болороос татгалзсан хүсэлтийг шүүхэд гаргаж, өөрийн биеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон./1хх 19, 58-59, 2хх-246/

Хариуцагч ******хоршооны дарга С.Батцэцэг болох нь тус хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн, гэрчилгээний хуулбараар тогтоогдсон ба тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.батцэцэг өөрийн биеэр тасралтгүй оролцсон./1хх 20/

 

8. Нэхэмжлэгч тал анх шүүхэд гаргасан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн дэх хэсэгт заасны дагуу нэгж талбарын 4120041322, эрхийн улсын бүртгэлийн Э-1414000963 дугаартай, Төв аймаг, Жаргалант сум, 1-р баг, Буурал, Жаргалант гол гудамж, 12 тоот хаягт байрлах 1388614 м.кв талбай бүхий үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг ******хоршооны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээс татгалзах,... эрхтэй. гэж заасан эрхээ хэрэгжүүлсэн нь хуульд нийцнэ гэж үзлээ.

8.1.Ийнхүү нэхэмжлэгч тал дээрх шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан тул шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ энэхүү татгалзлыг нь Ирргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...нэхэмжлэгчийн татгалзал, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасан зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэнэ.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

9.1. Нэхэмжлэгч ******, хариуцагч ******хоршоо нарын хооронд

1. Анх 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний Нэг. Ерөнхий зүйл-д ****** нь 1998 оноос эхлэн газар тариалан зоорийн аж ахуй эрхлэн тус нутагт үйл ажиллагаа явуулсан 140 га гзар эзэмшиж, нүхэн зоорь, 19х21-н харьцаатай 2 байшин зоорь, газар тариаланд ашиглагдах том жижиг нийлсэн техник тоног төхөөрөмжтэй битонон шон, 5 эгнээ өргөст тороор датаж мал амьтнаас газар нь хамгаалагдсан, 380 м2 өндөр хүчдэлийн цахилгаанд холбогдсон, усны гүний худагтай аж ахуй байгаа болно. гурван мөнх хоршоо нь 2015 онд 9 гишүүнтэй төмс, хүсний ногооны аж ахуй эрхлэх чиглэлээр байгуулагдаж, энэ чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. ****** нь ******хоршоонд аж ахуйг эзэмшүүлэх, ашиглуулах, хадгалж хамгаалах үүрэг хүлээлгэж, хоршоо нь актаар хүлээлцсэн газар техник хэрэгсэл, тоног төхөөрөмж эд аж ахуйг ариг гамтай, аривч хямгач, аль альдаа үр ашигтай эзэмших, ашиглах, хадгалж хамгаалах үүргийг хүлээж ашиглана. гэж,

Гэрээний Хоёрт. А талын хүлээх үүрэг, эдлэх эрх. 1-д Газар, машин тоног төхөөрөмж, хашаа, бетонон зоорь, гэр, эд аж ахуйг актаар хүлээлгэн 2% үйлдэж, байгууллага тус бүр нэг нэг хувийг эзэмшинэ. Энэхүү акт нь энэ гэрээний салшгүй хэсэг болно. гэж, ...Дөрөвт. Хариуцлага хэсгийн 5-д Гэрээг жилийн хугацаагаар байгуулж дүгнэж, цаашид хэрхэн ажиллахаа ярилцан шийдвэрлэж байх. Жич: гэрээнд 2 байгууллагын гэрчилгээний хуулбар, газар эзэмших гэрээний хуулбар. Ажил хүлээлцсэн акт зэргийг хавсаргав. гэжээ./1хх 10-12/

2.Мөн зохигч талууд нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан ба уг гэрээнд ...анхны байгуулсан дээрх гэрээний заалтууд тусгагдсан, гэрээг жилийн хугацаагаар байгуулсан болох нь хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээний хуулбараар нотлогдож байна. /1хх 116-117/

9.2. Зохигчид нь дээрх хоёр гэрээг байгуулсантай болон хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй ба Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.

10.3. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ****** нь ******хоршоотой Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч тал буюу ****** өөрийн өмчлөлийн Наран зүүн энгэр хаягт байрлах, 139 га м.кв талбайтай, Үр тарианы зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 03-р сарын өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 1 /нэг/ жилийн хугацаагаар, жилийн 10,000,000 /арван сая/ төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ./1хх 17/

10.4. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ****** нь ******хоршоотой Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 18566303606760 нэгж талбарын дугаартай, Төв аймаг, Жаргалант сум, 2-р хороо, Наран толгойн хойд энгэрт байрлах, 139 га талбайтай, үр тарианы зориулалттай газрыг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх нийт 3 /гурван/ жилийн хугацаатай үнэ төлбөргүйгээр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна./1хх 21-22, 118-119/

10.5. 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ****** нь ******хоршоотой Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 4120041322 нэгж талбарын дугаартай, Төв аймаг, Жаргалант сум, 1-р баг, Буурал, Жаргалант гол гудамж, 12 тоот хаягт байрлах, 1388614 м.кв талбайтай үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 1 /нэг/ жилийн хугацаагаар, 1 жилийн 10,000,000/арван сая/ төгрөгөөр түрээслүүлэхээр талууд харилцан тохиролцож гэрээ байгуулж, нотариатаар тус тус гэрчлүүлсэн /1хх 25-26, 27-28, 123-124/ бөгөөд, эдгээр гэрээнүүдийг байгуулсан боловч 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ****** нь ******хоршоотой Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 18566303606760 нэгж талбарын дугаартай, Төв аймаг, Жаргалант сум, 2-р хороо, Наран толгойн хойд энгэрт байрлах, 139 га талбайтай, үр тарианы зориулалттай газрыг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх нийт 3 /гурван/ жилийн хугацаатай үнэ төлбөргүйгээр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон талаарх гэрээг хариуцагч С.Батцэцэгийг банкнаас зээл авах зорилгоор хийсэн, үүнийг тус өдөр өөрийн гараар бичиж өгсөн гар бичвэрээр нотлогдоно гэж тайлбарлан, 2021.04.07-нд гэх огноотой, Бялхам Ерөөл ХХК-ийн захирал Х.Чинболд танаа өргөдөл гаргах учир нь: Бялхам Ерөөл ХХК-ийн тариалангийн 139 га газрын гэрээг зөвхөн Х.А.А-н банкинд зээл авах нөхцөлөөр иргэн С.Батцэцэг миний бие нь ашиглах болно. Өргөдөл гаргасан С.Батцэцэг гэж гараар, балаар бичсэн баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн байна./1хх 224-225, 2хх-6/

10.6. Дээрхээс үзэхэд зохигч талуудын хооронд сүүлд 2020, 2021, 2023 онуудад байгуулагдсан гурван гэрээ нь Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээнүүд байх бөгөөд Иргэний хуулийн 327 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамаарч байна. Тухайн гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар талуудын хэн аль нь маргаагүй тул шүүх талуудын хооронд 2020, 2021, 2023 онуудад Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээнүүд байгуулагдсан талаарх хууль зүйн дүгнэлтийг хийх нь зүйтэй байна.

11. Нэхэмжлэгчийн Хамтран ажиллах гэрээ болон түрээсийн гэрээний дагуу эд хөрөнгөд учруулсан хохирол 61,321,200 төгрөг, хариуцагчийн хууль бус ажиллагааны улмаас гаргасан хамгаалалтын албаны зардал 15,400,000 төгрөг, гэрээний заасан ашиг 30,300,000 төгрөг нийлээд 107,021,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

11.1. Анх талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ нь 1 /нэг/ жилийн хугацаатай, мөн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ нь 1 /нэг/ жилийн хугацаатай тус тус байгуулагдсан бөгөөд эхний гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, дараагийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон байна.

11.2. Талуудын хооронд байгуулагдсан дээрх 2/хоёр/ гэрээнүүд нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээ байх бөгөөд хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд гэрээний талуудын нэр, хаяг, хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх, үүрэг, удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах журам, гэрээний хугацаа, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам-г тусгахаар хуулийн 476.3-т тодорхойлсон.

Мөн хуулийн 477 дугаар зүйлд Оролцогчдын хураамж, хувь-г Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна. Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно. Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна. Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна. Талууд өөрт ногдох хувиа бусад талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох бөгөөд гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх үндэслэл байвал зөвшөөрөл өгөхөөс татгалзаж болно. гэж,

Хуулийн 478 дугаар зүйлд Хамтын үйл ажиллагаа, Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна. Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна. Гэрээний талууд шийдвэрийг олонхийн саналаар гаргахаар гэрээнд заасан бол төлсөн хураамжийн хэмжээнээс үл хамааран оролцогч бүр нэг саналын эрхтэй байна. Хамтын үйл ажиллагааг хэд хэдэн тал бие даан эрхлэн явуулахаар тохиролцсон бол энэ тухай гэрээнд тусгах бөгөөд ийнхүү зөвшилцөж чадаагүй бол гэрээ байгуулахыг хориглоно. Хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцсон бол түүнийг талуудыг төлөөлж гэрээ хэлцэл хийх, маргаан гарвал төлөөлөх эрхтэй гэж тооцно. Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн талыг санал нэгтэйгээр гэрээнээс гаргаж болно. Гэрээний аль ч тал хамтран ажиллах гэрээг эрхлэн явуулахад оролцохоос татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд шаардлагатай гэж үзсэн мэдээлэл өгөхийг удирдлагаас шаардах эрхтэй. Хамтран ажиллах гэрээнд өөрөөр заагаагүй бол удирдлагад ажиллах талын эрх, үүргийг даалгаврын гэрээний журамд нийцүүлэн тодорхойлно. Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна. Гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж болно. Гэрээнээс үүсэн гарах хоорондын шаардлагыг талууд гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно. Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна. Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна. Хамтран ажиллах гэрээний оролцогч нь үүргээ биелүүлэх явцад олж авсан мэдээллийн нууцыг задруулахгүй байх үүрэгтэй гэж,

479 дүгээр зүйлд Хамтран ажиллах гэрээнээс гарах, Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно. Хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг гэрээнд заасан тохиолдолд, гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарч болно. Гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно. Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана. Гэрээнээс гарахад талуудын дундын хөрөнгө тэдний хүлээсэн нийт үүргийг биелүүлэхэд хүрэлцэхгүй байвал гэрээнээс гарч байгаа тал өөрт ногдох хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг бусдад төлнө. Гэрээнээс гарч байгаа талын үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэнэ. Хамтран ажиллах гэрээнээс гарах эрхийг хориглосон, эсхүл хязгаарласан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж,

480 дугаар зүйлд Хамтран ажиллах гэрээ дуусгавар болох үндэслэлд: гэрээний хугацаа дууссан; талууд шийдвэрлэсэн; талуудын дундын өмчийн хөрөнгийг дампуурлын ажиллагааны дагуу төлбөрт гаргуулах хөрөнгөд оруулсан; хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд хамаарахаар байна.

480.2-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг дараахь үндэслэлийн аль нэг нь байвал дуусгавар болсонд тооцно: гэрээг цуцалсан; талуудын аль нэг нь дампуурсныг шүүхээс зарласан, татан буугдсан; талуудын аль нэг нас барсан.

480.3-т Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна.

480.4-т Хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэнэ. гэж тус тус заажээ.

11.3. Иргэний хуулийн 476-480 дугаар зүйлүүдэд Хамтран ажиллах гэрээг байгуулах, Оролцогчдын хураамж, хувь, Хамтын үйл ажиллагаа, Хамтран ажиллах гэрээнээс гарах, Хамтран ажиллах гэрээ дуусгавар болох үндэслэл журмыг тус тус тодорхойлон зааж хуульчилсан байхад энэхүү хэргийн хамтран ажиллах гэрээний талууд нь байгуулсан гэрээнийхээ Нэг. Ерөнхий зүйл хэсэгт ...****** нь ******хоршоонд аж ахуйг эзэмшүүлэх, ашиглуулах, хадгалж хамгаалах үүрэг хүлээлгэж, хоршоо нь актаар хүлээлцсэн газар техник хэрэгсэл, тоног төхөөрөмж эд аж ахуйг ариг гамтай, аривч хямгач, аль альдаа үр ашигтай эзэмших, ашиглах, хадгалж хамгаалах үүргийг хүлээж ашиглана. гэж,

Гэрээний Хоёрт. А талын хүлээх үүрэг, эдлэх эрх. 1-д Газар, машин тоног төхөөрөмж, хашаа, бетонон зоорь, гэр, эд аж ахуйг актаар хүлээлгэн 2% үйлдэж, байгууллага тус бүр нэг нэг хувийг эзэмшинэ. Энэхүү акт нь энэ гэрээний салшгүй хэсэг болно. гэж, ...Дөрөвт. Хариуцлага хэсгийн 5-д Гэрээг жилийн хугацаагаар байгуулж дүгнэж, цаашид хэрхэн ажиллахаа ярилцан шийдвэрлэж байх.-аар заасан боловч А тал болох нэхэмжлэгч компани нь эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгч акт үйлдсэн гэж тайлбарлан, 1 дүгээр хавтаст хэргийн 13-16 дахь талд авагдсан Эд хөрөнгийн бүртгэл гэх толгойн бичвэртэй хүснэгтийг заасан бол, хариуцагч тал эд хөрөнгийг хүлээлгэн өгч, акт үйлдээгүй, нэхэмжлэгч талын гарган өгсөн акт гэж тодорхойлж буй баримтыг акт биш, талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй, манайд хувийг эзэмшүүлэхээр заасан боловч байхгүй гэж маргаж байна.

11.4.Талууд хамтран ажиллах гэрээний Хоёрт, А талын хүлээх үүрэг, эдлэх эрх хэсгийн 1-д Газар, машин тоног төхөөрөмж, хашаа, бетонон зоорь, гэр, эд аж ахуйг актаар хүлээлгэн 2% үйлдэж, байгууллага тус бүр нэг нэг хувийг эзэмшинэ. Энэхүү акт нь энэ гэрээний салшгүй хэсэг болно. гэж, мөн гэрээний Гуравт. Б талын хүлээх үүрэг, эдлэх эрх хэсгийн 1-д Хоршоонд эзэмшигдэх хөрөнгийг актаар хүлээн авна. Акт нь гэрээний салшгүй эрхтэй байж 1%-г хоршоо авч эзэмшинэ. гэж тус тус заасан атлаа нэхэмжлэгч талын акт үйлдсэн гэх 1 дүгээр хавтаст хэргийн 13-16 дугаар талд авагдсан Эд хөрөнгийн бүртгэл гэх бичвэр бүхий баримтанд хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар бичигдээгүй, гарын үсэг зурагдаагүй байх тул гэрээнд заасны дагуу акт үйлдээгүй гэж маргаж буй хариуцагчийн татгалзлыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлтэй байна. Иймээс хамтран ажиллах гэрээний 1 дугаар зүйлийн 1-д заасан ...Энэхүү акт нь энэ гэрээний салшгүй хэсэг болно. гэж заасан акт үйлдэгдээгүйн улмаас энэхүү баримт хэрэгт авагдаагүй, авагдах боломжгүй, ийм акт байхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

11.5. Мөн хамтран ажиллах гэрээнд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.2-т хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго; 476.3.4-т удирдлагын бүтэц, эрх, үүрэг; 476.3.5-д ашиг, алдагдлыг хуваарилах журам; 476.3.6-д гэрээнээс гарах журам; 476.3.8-д гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журмыг хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд тусгахаар, Талууд хамтын ажиллагаанд хэн хэрхэн оролцох талаар харилцан тохиролцоонд хүрч чадаагүй бол гэрээ байгуулагдахгүй хэмээн Иргэний хуулийн 478.3-т заасан тул гишүүдийн оролцооны хэлбэрийг тодорхойлох асуудал энэ гэрээний гол нөхцөлд хамаарахаар заасныг зохигч талууд гэрээнд бүрэн тусгаагүй, гэрээг талууд дүгнээгүй, дүгнэсэн талаар бичгийн баримт байхгүй тул гэрээний талууд хуулиар тогтоосон журмыг хэрэгжүүлээгүйд хэн аль нь буруутай байх тул шүүх нэхэмжлэгч болон хариуцагч талуудын гэрээнээс үүдэлтэй үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзнэ.

11.6. Хэргийн үйл баримтаас үзэхэд, нэхэмжлэгч ****** нь эд хөрөнгөд учруулсан хохирол 61,321,200 төгрөг, хариуцагчийн хууль бус ажиллагааны улмаас гаргасан хамгаалалтын албаны зардал 15,400,000 төгрөг, ...ашиг 30,300,000 төгрөгийг тус тус шаардахдаа Хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 2-т ...Хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, ариг гамтай ашиглах, эвдрэл гарсан, алдагдсан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон бол өөрийн хөрөнгөөр засч хэвийн байдалд оруулах, мөн гэрээний 4 дүгээр зүйл (Хариуцлага)-ийн 2-т ...хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж, ариг гамтай ашиглах, эвдрэл гарсан, алдагдсан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон бол өөрийн хөрөнгөөр засч хэвийн байдалд оруулах гэж тус тус заасныг үндэслэлээ болгожээ.

12. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; байна гэж заасан ба нэхэмжлэгч ****** нь хариуцагч ******хоршооноос гэрээний үүрэг шаардсан энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа тус шүүхэд анх 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргажээ.

12.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон хамтран ажиллах гэрээнд заасан эрх, үүргийг гэрээний талууд биелүүлээгүй тохиолдолд шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх хугацаа тухайн гэрээ дуусгавар болсон буюу хуульд заасан 3 жилийн хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэхээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлд Хөөн хэлэлцэх хугацааг тоолох, 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно., 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. 76.4-т Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно. гэж хуульчилсан.

12.2. Гэтэл нэхэмжлэгч эхний гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, дараагийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон байхад эдгээр гэрээнээс үүдсэн нэхэмжлэлийн шаардлагаа тус шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан байх тул хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна./1хх-53-57/

13. Нэхэмжлэгчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн нэг ширхэг морины үнэ 800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

13.1. Нэхэмжлэгч Бялхам Ерөөл ХХК нь ...н.Дарам гэдэг айлаас 800,000 төгрөгийн 1 морь худалдан авсан бөгөөд хоршооны хүсэлтийн дагуу уг морийг хоршоонд үйл ажиллагаанд ашиглаж байсан бөгөөд гэрээний хугацаа дууссан боловч манай морийг үхсэн гээд өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн 1 ширхэг морины үнэ 800,000 төгрөгийг гаргуулна. гэж тодорхойлсон.

13.2. Хариуцагч тал ...2019 оны хавар нь тугалтай үнээ аваачиж өгсөн. Үүнийг маллаад байж байхад Ж.Хорлоо 1 айлаас морь авах ёстой, тэр морийг очиж ав гэдэг саналыг тавьсан, 2021 онд тухайн айлаас морийг авсан. Тэр морь удаагүй өвчин тусаад үхсэн. Морийг авлаа гэдгийг Ж.Хорлоод хэлсэн, мөн биеийн байдал нь муу үхлээ гэдгийг хэлсэн. Тухай бүрт нь Ж.Хорлоод мэдүүлгийг өгдөг байсан. 2019 онд очсон үхрийг 2024 он гэхэд 9-н үхэр болгож нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн. 9-н үхрээс 4 нь идшинд хэрэглэгдсэн, 5 үхэр нь тэдний хамаатан .Цэдэнбалжир гэдэг хүнийд үлдсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

13.3. Хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэг ширхэг морины үнэ 800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан боловч хавтаст хэрэгт ямар зүсмийн, хэдэн настай морийг ямар үнээр хэнээс хэдийд, хэрхэн худалдан авсан, тухайн морь ******-ийн хөрөнгө мөн эсэх талаар бичгийн баримт хэрэгт авагдаагүй, гэрч Ж.Хорлоо нь ...1 тугалтай үнээ С.Батцэцэгт өгсөн. 2 үхэр идшиндээ идсэн. Үлдсэн нь хоёр бүдүүн үнээ, хоёр гуна, хоёр бяруу л байгаа гэсэн. Үхэр, морь байх ёстой гэж бодоод байгаа... гэх мэдүүлэг /2хх 220-228/-ийг өгсөн боловч уг мэдүүлгээс өөр баримт байхгүй тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй., 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж заасан заалтыг хэрэгжүүлээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

13.4. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ...800,000 төгрөг гаргуулах хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

14. Харуул хамгаалалтын зардал 15,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

14.1. Нэхэмжлэгч энэхүү шаардлагын талаар 1-р хавтаст хэргийн 37-р талд Х.Чинболдын ХААН банкны 51300010231 тоот Деспозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгсөн ба түүнд 05/14/2024, харьцсан данс 5003440465, 15:28 цагт, Byalham Eruul hhk hamgaalalt, зарлага -1,800,000 гэх, мөн 38-р талд ...05/13/2024, харьцсан данс 5070265775, 13:58 цагт, Byalham Eruul hhk hamgaalalt, зарлага -300,000 гэх, 39-р талд 05/16/2024, харьцсан данс 5720446664, 12:48 цагт, Byalham Eruul hhk hamgaalaltiin huls, зарлага -4,200,000 гэх, 40-р талд 05/15/2024, харьцсан данс 5003440465, 18:45 цагт, Byalham Eruul hhk, зарлага -600,000 гэх, 41-р талд Хас банкны Хан-Уул ТТ-109 дансны хуулга, Х.Чинболдын 5005669825 данснаас 2023/09/15, 100 Хасбанк-Төв алба, Ajiliin huls Byalham eruul HHK, зарлага 2,000,000 гэх баримтуудаас үзэхэд хэн гэдэг хүнд олгосон болох нь тодорхойгүй, 42-р талд Мөнгө олгохыг хүссэн өргөдөл Д.Энхболд ...2,300,000 төгрөгийг олгоно уу, 2023.09.26, Олгох зөвшөөрлийн цохолт хэсэгт (2300000 төгрөг) шилжүүлэв. Х/02, 5112127196 гэх баримт, 43-р талд ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, 2023.10.02, Б...... Баярмаагийн 5112127196 данснаас Б.Болдбаатарын 5030588589 дансанд 2,300,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн гэх боловч зөвхөн хэвлэмэл хуудсаар, 44-р талд Мөнгө олгохыг хүссэн өргөдөл Д.Энхболд... 4,200,000 төгрөгийг олгоно уу, 2023.10.17, Олгох зөвшөөрлийн цохолт хэсэгт (4200000 төгрөг) шилжүүлэв. Х/27, 5112127196 гэх баримт, 45-р талд ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, 2023.10.27, Б...... Баярмаагийн 5112127196 данснаас М.Амаржаргалын 5006647161 дансанд 4,200,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн гэх боловч зөвхөн хэвлэмэл хуудсаар, 46-р талд М.Алтандөшийн гаргасан өргөдөл гэх хуулбар баримтуудыг гаргаж өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй авагдсан ба нийт 11,200,000 төгрөгийн нийлбэр дүн гарч байх боловч өөр баримт гаргаж нотлоогүй тул шүүх энэхүү зардлыг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

15. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж, түүндээ хавсаргаж өгсөн Бялхам Ерөөл ХХК-ийн ногооны байшин болон нүхэн зоорь, дуусаагүй барилга, бусад үндсэн хөрөнгө болон эзэмших эрх бүхий газар тариалангийн зориулалттай 140 га газарт хийсэн үнэлгээний тайлан, Улаанбаатар 2015 гэх 1-р хавтаст хэргийн 226-250, 2-р хавтаст хэргийн 1-5 дахь талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

16. Хариуцагч ******хоршооны нэхэмжлэгч ******-д холбогдуулан гаргасан хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ зөрчиж, учруулсан хохирол 231,759,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын талаар:

16.1. Нийт 28 га газарт шинээр тор татсан зардал 15,689,000 төгрөг гаргуулах тухайд:

16.1.1. Хариуцагчийн төлөөлөгч тус сөрөг шаардлагын үндэслэлээ 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Бялхам Ерөөл ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, тус компанийн эзэмшлийн Төв аймаг, Жаргалант сум, Буурал 1-р баг, Зүүн нарангийн энгэр 12 хаягт байрлах, 139 га үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг арчилж тариалан эрхлэх, газрыг эргэлтэнд оруулахад бэлтгэж, бүтэн 2 жилийн турш шинээр тор татаж битүүлсэн газраа хэмжиж үзэхэд 28 га болсон талаар Ж.Хорлоод хэлэхэд, дутуу газрыг танайх хөөцөлдөөд олоод ав гэсэн. Жаргалант сумын газрын албанд хандаж, кадастрын зургаар нь хайсаар хөрш залгаа тариалангийн газарт орсон болохыг олж тогтоолгон, хашааг нь буулгуулж алдагдсан 28 га газрыг гаргуулан авч, 2021-2022 онд торон хашаа татаж авсан. Тор татах ажилд модон шон 2,681,000 төгрөг, хашааны тор 2, 200,000 төгрөг, өргөст тор 8,550,000 төгрөг, хадаас 445,200 төгрөг, сапуд 763,000 төгрөгөөр худалдан аваад, тор татах ажлын хөлсөнд (1 хүний ажлын хөлс 30,000 төгрөг, 5 хүнийг 7 хоног ажиллуулсан) зардал 1,050,000 төгрөг, нийт 28 га газарт шинээр тор татсан зардал 15,689,000 төгрөг болсон тул нэхэмжлэгчээс гаргуулна гэж тодорхойлсон.

16.1.2. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Талуудын хооронд байгуулагдсан 2 /хоёр/ хамтран ажиллах гэрээ-г үндэслэлээ болгож, шаардах эрхээ тодорхойлсон тул Гэрээний гурав. Б талын хүлээх үүрэг, эдлэх эрх хэсгийн 2-т Хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг хариуцаж, ариг гамтай ашиглах, эвдрэл гарсан, алдагдсан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон бол өөрийн хөрөнгөөр засч хэвийн байдалд оруулах, 4-т Хамгаалалтын хашааг байнга эргэж тойрч мал амьтан орохоос хамгаалахын хамт... арга хэмжээ авахуулах өөрсдөө харилцан ярилцаж шийдвэрлэж байх гэж заасан байх тул 28 га газарт шинээр тор татсан зардал 15,689,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.

16.1.3. Талууд хамтран ажиллах гэрээг нэг, нэг жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд эхний гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, дараагийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон байхад эдгээр гэрээнээс үүдсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нэхэмжлэгчийг тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэснээс хойш буюу 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан байх тул хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж шүүх дүгнэх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасантай нийцнэ./1хх-97-102/

16.1.4. Дээрхээс үзэхэд, тус сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

17. Трактор засварласан зайлшгүй гарсан зардал 14,000,000 төгрөг, төмс хураалгаагүйгээс учирсан хохирол 231,759,000 төгрөг, 2023 онд газрын түрээсэнд төлсөн 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулах сөрөг шаардлагын тухайд:

17.1. Хариуцагч тус шаардлагын үндэслэлээ ...2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээ байгуулсан үед газартай хамт түрээслэгдсэн 1980-аад оны МТЗ-80 маркийн хуучин тракторыг засаж шинээр сэлбэг, тоног төхөөрөмж авч, иж бүрэн мотор 12,000,000 төгрөгөө, урд тэнхэлэг 2,000,000 төгрөгөөр, нийт 14,000,000 төгрөгийн зардал гаргасан, уг тракторын тусламжтайгаар тариалсан ногоогоо хураадаг байсан. Гэтэл Бялхам Ерөөл ХХК 2023 оны 9 сарын эхээр хамгаалалтын албаны залуучууд хөлсөлж тариалангийн талбайд оруулахгүй, трактор, техникүүдийг битүүмжилж, одоог хүртэл тус трактор нь Бялхам ерөөл ХХК-ийн мэдэлд байгаа, тариалсан төмсийг хураалгаагүйгээс хөлдөөж гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 231,759,000 төгрөг, зайлшгүй гарсан зардал 14,000,000 төгрөг, газрын түрээсэнд төлсөн 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулна гэж тодорхойлсон.

17.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...2013 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэн С.Дамдингаас тус тракторыг хэвийн ажиллагаатай эвдрэл гэмтэлгүй байдлаар хүлээж авсан. 2018 онд ******хоршоонд уг тракторыг хэвийн үйл ажиллагаатай, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хүлээлгэн өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн "Хамтран ажиллах гэрээ" болон 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн "Хамтран ажиллах гэрээ-ний 3 дугаар зүйлд Б талын хүлээх үүрэг, эдлэх эрхийн 3.6 дахь хэсэгт ...машин техникийг үзлэгт оруулах, даатгуулах, төлбөр тооцоог хийх, ашиглалтын бүрэн байдлыг хангаж, ажилд цаг хугацаанд нь бэлэн байлгах..." гэж тодорхой заасан. Хоршооны зүгээс газрын хамт түрээслэгдсэн тоног төхөөрөмжүүдийг ашиглах явцад гарсан эвдрэл гэмтлийг өөрсдөө цаг алдалгүй засаж сэлбэх нь тус хоршооны үүрэг, 2024 оны 04 дүгээр сард Түрээсийн гэрээний хугацаа дууссаны дараа гэрээгээ цуцлах зорилгоор тухайн газар очиход манай эзэмшлийн талбайд өөр хувь хүн, хуулийн этгээдийн эзэмшлийн тракторууд оруулж түрээсэлсэн, мөн "...энэ манай нутаг бид Жаргалантын нутаг дэвсгэр дээр байна зайл..." гэх зэргээр ёс бусаар харьцсан учир өөрсдийн өмчөө хамгаалах зорилгоор хамгаалалтын албаны хүмүүс хөлсөлж зоорь, ус ашиглуулаагүй. Хоршооны зүгээс тариалангийн талбайгаас ургацаа хурааж авахыг хориглосон үйл явдал огт болоогүй, талбайд ургац байсан бол төмсөө хураан авч, өөр зооринд хураах бүрэн боломжтой байсан, Хамтран ажиллах гэрээ дуусгавар болж, түрээсийн гэрээгээр үр тарианы талбайг түрээслэсэн, эдгээр хочр гэрээ хоорондоо харилцан хамааралгүй тул зээлийн төлөлтөө хийгээгүйд нэхэмжлэгч буруугүй учир зөвшөөрөхгүй гэж маргасан.

17.3. Иргэний хуулийн 327 дугаар зүйлийн 327.1 дэх хэсэгт Хөдөө аж ахуйн зориулалттай газрыг уг зориулалтаар ашиглуулахаар сууцны болон аж ахуйн зориулалтаар ашиглагдах байгууламжийн хамт, эсхүл тийм байгууламжгүйгээр түрээсэлж болно., 327.2-т Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол хөдөө аж ахуйн зориулалттай газрыг түрээслэхэд түрээсийн гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. гэж заасан тул хуулийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

318.2-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ.

318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.

318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж заасан журам үйлчлэхээр байна.

17.4. Дээрхээс дүгнэхэд, ******, ******хоршоо нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 13, 2021 оны 04 дүгээр сарын 07, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдэд тус тус байгуулагдсан Түрээсийн гэрээ болон Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж заасан шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж зааснаар хүчин төгөлдөр бус байна.

17.5. Иймээс, ******, ******хоршоо нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 13, 2021 оны 04 дүгээр сарын 07, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдэд тус тус байгуулагдсан Түрээсийн гэрээ болон Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж заасан зохицуулалт үйлчлэхээр байна.

17.6. Хэргийн үйл баримтаас үзэхэд, Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Чинболд нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд Нэхэмжлэлийн зарим шаардлага болон хамтран хариуцагч татах хүсэлтээсээ татгалзсан тухай хүсэлтийг гаргасан ба, ...Гэвч 2024.11.13-ны өдөр хариуцагч тухайн газраас нүүж, газрыг чөлөөлсөн байх тул ...газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх... нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. гэсэн хүсэлт баримтаар авагдсан, мөн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд энэхүү татгалзлаа дэмжсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй талаар дүгнэлтийг хийж, шийдвэрлэсэн./2хх 247/

17.7. Дээрх нэгтгээд, Зохигчид 2020 оны 03 дугаар сарын 13, 2021 оны 04 дүгээр сарын 07, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдэд байгуулсан Түрээсийн гэрээ болон Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан, улмаар хариуцагч маргааны зүйл болсон ******-д Төв аймаг, Жаргалант сум, 1-р баг, Жаргалант гол 12 хаягт байрлах, нэгж талбарын 4120041322 дугаар бүхий 1388614 м.кв, үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай, 20 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгогдсон газрыг нэхэмжлэгчид хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тухайн газраас нүүж, газрыг чөлөөлж өгсөн үйл баримт тогтоогдсон тул шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан заалт биелэгдсэн гэж дүгнэлээ.

18. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалттай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 24,872,734.93 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагын тухайд:

18.1. Хариуцагчийн төлөөлөгч тус шаардлагын үндэслэлээ...2018 оноос хойш Бялхам ерөөл ХХК-тай хамтран ажиллаж, хөдөө аж ахуйн зориулалттай газар түрээсэлж байгаагийн хувьд ******хоршооны дарга С.Батцэцэг нь Хаан банкнаас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалттай зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. Энэ мөнгийг зориулалтын дагуу тариалалт эрхлэхэд гарах зардлуудад зарцуулсан, 10,000,000 төгрөгийг Бялхам ерөөл ХХК-тай байгуулсан Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээний түрээсийн төлбөрт төлсөн, Бялхам ерөөл ХХК-ийн захирал Х.Чинболд нь 2023 оны 9 дүгээр сард гэрээгээ зөрчиж, хамгаалалтын албаны залуучууд авчран ургац хураалгахгүй байсаар 10 га газарт тариалсан төмс хөлдөөж их хэмжээний хохирол учруулсан. Үүнээс болж Хаан банкнаас авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд нь төлж барагдуулах боломжгүй болж, өөрийн дүүгийн газар, хашаа байшинг барьцаанд тавьж, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээл авахуулан өмнөх өрнийхөө талыг төлсөн, одоо үлдэгдэл төлбөр, хүү төлж хохирч байгаа тул зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

18.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх сөрөг шаардлагыг ...хариуцагчийн авсан зээл нь түүний нэр дээр, түүний аж ахуйн үйл ажиллагаанд зориулан авсан зээл бөгөөд, манай компани уг зээлд хамтран зээлдэгч, батлан даагч, ямар нэг хариуцагч этгээдээр оролцоогүй байтал өөрийн буруугаас зээлийн эргэн төлөлт хийгдээгүй асуудлыг нэхэмжлэгчид хамааруулах үндэслэлгүй тул эс зөвшөөрч байна гэжээ.

18.3. Хаан банк ХХК-тай иргэн С.Батцэцэг нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээг байгуулж, 60,000,000 /жаран сая/ төгрөгийг төмс хүнснийногоо тариалах зориулалтаар ашиглахаар 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдэн авсан болох нь зээлийн болон барьцааны гэрээнүүдийн хуулбараар нотлогдож байна./4хх 60-72/

18.4. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа иргэн С.Батцэцэг, Хаан банк ХХК нарын хооронд үүссэн байх тул уг гэрээний үүргийг тухайн гэрээний талууд хариуцах үүргийг хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хүлээнэ.

18.5.Тус зээлийн гэрээний зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч тал иргэн С.Батцэцэг банкнаас авсан зээлээ хуваарьт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч тал Хаан банк ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар иргэн С.Батцэцэгээс шаардах эрхтэй болохоос уг гэрээний харилцаанд ороогүй энэ хэргийн нэхэмжлэгч ******-иас тухайн хэргийн хариуцагч ******хоршоо шаардах эрхгүй юм.

19. Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэхэд, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 327 дугаар зүйлийн 327.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

20.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийг шаардлага болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч ******-иас хариуцагчид холбогдуулан гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагадаа 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 556,700 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэнд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 368,506 төгрөг, нийт 925,206 төгрөг/1хх-53, 2хх-199/-ийг, хариуцагч ******хоршоо нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,469,190 төгрөг, сөрөг шаардлагын хэмжээг ихэсгэсэнд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 332,314 төгрөг, нийт 1,801,504 төгрөг /1хх-102, 4хх-59/-ийг тус тус улсын орлого болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ****** анхны гаргасан Төв аймаг, Жаргалант 1 дүгээр баг Буурал Жаргалант гол гудамж 12 тоот хаяг байрлах 1,388,618 м.кв талбай бүхий үр тарианы услагаагүй тариалангийн зориулалттай газрыг ******хоршооны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталсугай.

2.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 327 дугаар зүйлийн 327.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******-ийн, хариуцагч ******хоршоонд холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээ болон түрээсийн гэрээний дагуу өмчлөгчийн эд хөрөнгөд учруулсан хохирол 61,321,200 төгрөг, ашгийн 30% болох 30,300,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 1 ширхэг морины үнэ 800,000 төгрөг, хариуцагчийн хууль бус ажиллагааны улмаас гаргасан хамгаалалтын албаны зардал 15,400,000 төгрөг, нийт 107,821,200 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч ******хоршооны, нэхэмжлэгч ******-д холбогдуулан гаргасан хөдөө аж ахуйн газрын түрээсийн гэрээ зөрчиж учруулсан хохирол 231,759,000 төгрөг, 28 га газарт шинээр торон хашаа татуулсан зардал 15,689,000 төгрөг, трактор засварласан зайлшгүй гарсан зардал 14,000,000 төгрөг, 2023 онд газрын түрээсэнд төлсөн 10,000,000 төгрөг, Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 24,872,734.93 төгрөг, нийт 296,320,734.93 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 925,206 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,801,504 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ОТГОНЧУЛУУН

Б.ТҮВШИНЖАРГАЛ