Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 133

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгч Ж.Лгийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

       Шүүгдэгч: Ж.Л, Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Булгадар овогт Ж.Л, Яргай овогт Д.Ц, нарт холбогдох 1835002290150 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 2 дугаар сарын 03-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл-1, Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суу, Булгадар овогт Ж.Л. РД:ОЗ86020311.

Монгол Улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 03-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргжилтэй, ам бүл-4, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суух Яргай овогт Д.Ц. РД:МО82080305.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Л нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Д.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                I. Шүүгдэгч Ж.Л, Д.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            1. Шүүгдэгч Ж.Л нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Д.Ц-ийг зодсон болох нь хохирогч Д.Ц-ий мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хайстын шилд Ардчилсан намын өдөрлөг, зугаалга болно гээд бидний 13-14 хүнийг  Бонго маркийн машинны тэвшин дээр суулгаж Хайстын шил гэх газар луу явсан. Тэнд очоод хоол унд хийж идээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн ба би тухайн үед архи уусан боловч юу болж байгааг мэдэж байсан. Бид нар орой 21 цагийн орчим зуугалга дуусаад машиндаа сууцгаасан. Машин хөдлөөд явж байтал хамт явсан манай хадам дүү Л нилээд согтчихсон явж байтал Л-гийн өмсөж явсан малгай хийсээд газар уначихсан чинь Л намайг малгайг нь унагалаа гээд над руу дайраад бас өөр хүмүүс рүү дайраад та нарыг ална гээд байсан тул машин дээр байсан хүмүүсийн ихэнх нь буугаад зугатаачихсан. Тэгж байтал машины хажууд буучихсан байсан манай найз Бг Л зодох гээд барьж аваад дайраад байхаар нь би Лг Бгаас салгах гээд татаж эргүүлтэл Л гараараа миний нүүр лүү 2 удаа цохисон. Тухайн үед миний хамар, нүд орчим цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

гэрч Б.гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “гийн улаан өнгийн саравчтай малгайг нүдний шилний хамт Ц авчихсан явсан. Тэгээд Л “би малгай, нүдний шилээ авна” гэхэд  нь Ц “малгай, нүдний шилийг чинь өгөхгүй” гээд Ц Л рүү “май чи” гээд салаавч гаргасан.  Л бас бэргэн эгч Ц рүүгээ салаавч гаргасан. Эхлээд Л, ийг хөлөөрөө манины аравчны ханатай хавсараад жийсэн. Ц хоёр хөлөөрөө Лг жийгээд босоод ирсэн. Тэгээд машин зогсоод би нар буухад Ц, Л нар маргалдаж, зодолдох гэхээр нь больцгоо гээд салгасан юм. Тэр үед Ц гараа алдлаад “чи намайг зод” гэж хэлээд гүйгээд ирэхэд нь Л ийг гараараа дал руу нь цохиод дахиад нүүр лүү нь хоёр удаа цохьсон. Урдаас нь Ц г биенийхэн цээжний хэсэгт гараараа хоёр удаа цохьсон. Тэгээд би тэр хоёр хүнийг салгасан юм. Түүнээс хойш ямар нэгэн зодоон цохион болоогүй. Уг хоёр хүнийг зодолдож байхад надаас өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-19-р тал/,

шүүгдэгч Ж.гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Наранбулаг сумын Хайстын шил гэх газарт Ардчилсан намын уулзалтанд очоод найз нартайгаа хамт архи уусан юм. Тэгээд буцаж явах замдаа бэргэн эгч Ц бид хоёр маргалдаад би бэргэн эгч Ций нүүр нь тус газарт хоёр удаа цохьсон юм” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Ж.Л нь хохирогч Д.Ц-ийг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид хацар нүүрний хэсэг нэлэнхийдээ хар хөхөрсөн хаван хавдар, зүүн нүдний салстад улайлт цус харвалт, зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 442 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч Ж.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Ж.Л нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Л-г зодсон болох нь хохирогч Ж.Л-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 6 дугаар сарын 19-нд бэргэн эгч Д.Ц-ийг зодчихсон болохоор уучлалт гуйхаар 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаангом суманд  байдаг бэргэн эгч Ц-ий том гэрт нь 0.5 литрийн ерөөл гэдэг архи авч очсон юм. Уг архийг Ц эгч бид хоёр гэрт хувааж уугаад би уучлалт гуйсан юм. Бэргэн эгч Ц-д  “Манайд байдаг бог малаа та ав. Ээжийн бие тааруу байна. Би эмнэлэгт хэвтүүлж эмчилүүлмээр байна” гэж хэлсэн. Тэрнээс болж бид хоёр маргалдаад би тэдний гэрээс гараад жорлон орж бие засахаар явж байтал Ц миний хойноос хагас улаан өнгийн тоосго аваад над руу шидэхэд тоосго нь миний толгойны ар талын дагз хэсэгт цохьсон юм. Тэгээд миний толгойноос цус гарсан” гэх мэдүүлэг,

гэрч Ш.Л-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед манай хашаанд охин Ций гэрт тэдний хадам дүү Ж.Л ирсэн байсан. Тэдний гэрт хоёр хүн хоорондоо ярилцаж байгаа чимээ гарч байсан. Би гэрээс гараад хашаан дотор зогсож байхад Л Ц-ий гэрээс гараад хашаан хаалга руу алхаад явж байтал манай охин Ц хойноос нь гэрээсээ гарч ирээд манай хоёр гэрийн дунд байсан хагарсан хагас тоосгыг аваад Л руу шидэхэд толгойг нь уг тоосго цохиод Л толгойноос цус гараад би уурлаад цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг /хх-16-р тал/,

гэрч Д.С-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “ Би 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа буугаад өөрийн төрсөн ээж Л-ийн гэрт нь очиж цай ууж байтал хажуу гэр нь манай төрсөн дүү Ций гэрт хүмүүс маргалдаж байгаа чимээ гарч байсан. Удалгүй гэрийн гадна хүмүүс маргалдах шиг болсон. Тэгээд манай ээж Л гэрээс гарсан. Би гэрээс гарахад Л-гийн толгойноос цус гарч байсан. “Ц хагархай хагас тоосго шидэж Лгийн толгой орчим газарт онож толгойг нь хага цохьчихлоо” гэж манай ээж Л хэлж байсан. Би гэрээс гарч харахад зодоон болоод өнгөрчихсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-17-р тал/,

            шүүгдэгч Д.Ц-ий мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр манай хадам дүү Ж.Л согтуу байдалтай 1 шил архи барьчихсан манайд ирсэн. Л надад “Та малаа ав” гэж хэлэхээр нь би “Зөвхөн миний мал биш танай ахын 3 хүүхдийн мал. Та нар харж өгөхгүй бол би яах юм бэ?” гэж хэлсэн. Л нэг хундага архи хийгээд намайг уу гэхэд нь би уухгүй гээд ширээн дээр тавихад Л аваад миний нүүр лүү цацчихаад миний үснээс бариад намайг чирээд унагачихаад гараад явахаар нь нь би араас нь гараад гэрийн баруун хаяанд байсан улаан өнгийн хагас тоосгыг аваад нуруу орчим нь цохихоор шидэхэд дагз хэсэгт нь оноод толгойноос нь цус гарсан” гэх мэдүүлгүүдээр  нотлогдож тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгч Д.Ц нь хохирогч Ж.Л-ийг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид дагзны хэсгийн хуйханд язрал, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 443 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч Д.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ц нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

 II. Шүүгдэгч Ж.Л, Д.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Л, Д.Ц нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Ц-ий “шүүгдэгч Ж.Л учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тодорхойлолт /хх-50-р тал/, хохирогч Ж.Л-ий “шүүгдэгч Д.Ц-ээс нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдолгүй” гэх тодорхойлолт /хх-69-р тал/, шүүгдэгч нарын хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй гэх шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүдийг үнэлээд шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг гаргалзан ялсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Л, Д.Ц нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн, хагас тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

         

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Булгадар овогт Ж.Л, Яргай овогт Д.Ц  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л, Д.Ц нарт тус бүрт нь 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

       3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

       4. Шүүгдэгч Ж.Л, Д.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн хагас тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Л, Д.Ц нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ