2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 191/шш2025/09025

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** тоот хаягт оршин суух, С******* овогт Н******* О******* /регистрийн дугаар: ЦЗ*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** тоот хаягт оршин байрлах А******* ******* ХХК-д холбогдох

 

Хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлж, орц, гарц гаргахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А*******зул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Н.О******* миний бие нь 2019 оны 02 дугаар сарын 15 өдрийн Нийслэлийн Засаг даргын А/101 дугаар захирамжаар ***** дүгээр хороонд ******* нэгж талбарын дугаартай 332 м.кв болон *** засаг даргийн 2021 оны 06 сарын 16 өдрийн А/289 дугаар захирамжаар ******* нэгж талбарын дугаартай 326 м.кв газар тус тус эзэмшдэг.

Гэтэл А******* ******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/102 дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын дугаар бүхий 512 м.кв газраасаа илүү газар эзэмшиж орц, гарц болох / ХХК-ний 2022.09.13 өдрийн кадастрын зурагт тусгагдсан/15 м.кв газрыг ТҮЦ-ээр хааж үйл ажиллагаа явуулах, хууль ёсны газартаа нэвтрэх боломжгүй болгож өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн.

Улмаар орц, гарцаа чөлөөлүүлэх талаар дүүрэг, нийслэлийн газрын албанд удаа дараа хандсан бөгөөд Нийслэл, дүүргийн газрын албанаас тухайн компанид Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-т заасныг зөрчин 512 м.кв газраасаа илүү газар эзэмшиж байгаа газрынхаа талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, илүү талбай ашиглаж байгаа зөрчил гаргасан тул газар чөлөөл гэсэн мэдэгдлийг удаа дараа өгч хууль бусаар байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэх гэсэн боловч хэрүүл маргаан хийж доромжлон манай орц гарцыг чөлөөлсөнгүй.

Мөн 2022 оны 06 сарын 24 өдөр 01-08/3357 дугаар мэдэгдлээр "... 2016 оны тогтоолын дагуу 2019.01.03-ны өдөр кадастрын зургийн хэлбэрийг өөрчилж зүүн талаар орц гарц гаргахыг зөвшөөрсөн... гэж орц гарцны байрлалыг тодорхой зааж мэдэгдэлд дурдсан байдаг.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т ...Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй... гэж, 106.2-т ...Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй... гэж тус тус заажээ.

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхийн дагуу А******* ******* ХХК-ийн 512 м.кв газраасаа илүү газар эзэмшиж манай орц, гарцыг хууль бусаар хаасан 15 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна. гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А******* ******* ХХК-ийн захирал нь манай нөхөр. Газар чөлөөлүүлнэ гэж ярьдаг энэ талаар нь би захиргааны хэргийн шүүхэд үнэхээр их ярьсан. 8 жил үргэлжлээд тус шүүгч надад хууль бус зан гаргаснаас гадна одоо хүртэл захиргааны хэргийн шүүх дээр хавтаст хэрэгт хууль бус худлаа бичиг баримт бүрдүүлж яваа Н.О*******ын /405/ дугаартай захирамжийг шалгуулахаар 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн шүүх дээр би хүсэлтээ гаргаж өгсөн Л.Б шүүгч захирамж дээр нь дүүргийн архивт үзлэг хийсэн, үзлэг хийхэд Н.О******* бид хоёр хоёулаа байсан н.Д гэх залуу захирамж дээр байсан хүмүүсийн нэрийг уншихад Н О******* гэх нэр байгаагүй З.О*******ын нэр байсан гэтэл захирамж дээр нэр байхгүй бол тэр хүн захирамжгүй гэсэн үг. Энэ талаар 2 дугаар албаны дарга н.Ш хүртэл хэлж байсан гэтэл Л.Б шүүгч үзлэг хийсэн хариугаа гаргахдаа 76 дээр Н.О*******ын нэр байна гэсэн тэр хавсралтуудын дунд 14 хүний нэр бүхий нэг ширхэг хуудсыг Н.О******* хуурамчаар хийлгүүлээд хавсралтуудын дунд хийсэн тэр хуурамч хавсралтад орсон 14 хүний нэрс /405/ захирамж дээр огт гараагүй, гарсан байлаа гэж үзэхэд Н.О*******ын дүүргийн захирамж нь бол газрын тухай хуулийн 21.2.3, 33.1.2 дугаар зүйлийг зөрчсөн энэ байдлаараа 2012 онд болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 03 дугаар тогтоолоор хүчингүй болох байсан захирамж Н.О******* намайг олон удаа гүтгэж байгаа.

Н.О******* 2001 онд ирж буухдаа 19 дүгээр хороонд миний тохижуулсан газар дээр ирж буугаад тэгээд шүүхэд өгсөн. Энэ шүүхийн үеэр 2003 онд миний схем зураг батлагдсан, схем зураг нь тухайн үеийн кадастер байсан. Тухайн кадастер нь Н.О******* А******* ******* ХХК гээд хоёулаа нийлсэн схем зураг 2003 онд батлагдсан. 2003 онд батлагдсан схем зураг нь дэндүү бага 210 м.кв байсан. Би 2000 онд газрын албанд 30х40 хэмжээтэй газар хүсэж өргөдөл өгсөн. Би тухайн үед хүүхэд харавсан байсан болохоор нь араас нь хөөцөлдөж чадаагүй. Гэтэл Н.О******* намайг шүүхэд өгсөн. Тэгээд миний газрын хэмжээнээс болж маргасан, 2003 оны схем зургийн дагуу 210м.кв газрыг 2007 оны /405/ дугаартай захирамжаас өмнө 2006 онд Нийслэлийн засаг даргын /122/ дугаар тоот захирамжаар би энэ 210м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Ийм нийлсэн захирамж байсаар байхад Н.О******* заавал миний эзэмшиж байгаа газар дээр орц гарц дээр гаргана гээд дайраад намайг гүтгэсэн. Намайг Н.О******* газрын тухай хуулийн 40.1т заасныг намайг зөрчсөн гээд байгаа. Н.О******* өөрөө тус хуулийг зөрчдөг. Н.О*******ын 119м.кв дэлгүүрийн газар нь 00,7м.кв Нийслэлийн засаг даргаас гарсан захирамжийг анх н.С гэх газрын архитектороос ээж нь худалдаж авсан. Н.О******* нь 2007 оны захирамжтай гэх боловч кадастер байхгүй, мэдээллийн санд бүртгэлгүй, гэрээ төлбөр хийгээгүй, төлбөр төлдөггүй энэ талаар нь 2014 оны шинжээчийн дүгнэлтэд дурдаад газрын тухай хуулийн 27.1-ээр Н.О******* нь газар эзэмших эрхгүй гэх дүгнэлт гарсан. Захирамжгүй орц гарцыг Н.О*******т гаргаж өгсөн, би газрын албанд холбогдох нотлох баримтын хамт өөрийн захирамжийг сэргээлгэхээр хүсэлт өгсөн хүсэлтийн үндсэн дээр миний захирамж сэргэсэн. Гэтэл миний өмнө нь байсан захирамжтай газар дээр орц гарцтай байна гээд гарсан, би энэ талаар гомдлоор өнөөдрийг хүртэл явж байна. Энэ асуудлаар н. М даргад орж уламжлахад нэгэнт шүүхийн шийдвэр гарсан юм чинь та ногоон байртай талаараа орц гарцаа гаргачих гэж хэлсэн би тэгье гэдэг хүсэлтээ бичээд өгсөн тэгтэл Н.О******* хүлээн зөвшөөрөөгүй заавал өөрийн ашигтай талбайг хадгалж хүний эзэмшлийн газар дээр орц гарцаа гаргана гэж дайраад байгаа. Одоо миний эсрэг хариу тайлбар өг би нотлох баримтын хамт яриад явъя Н.О******* орц гарц гаргуулах ямар ч боломжгүй, ТБТЭ-гийн орц гарцыг гэж байгаа юм 2022 онд нэхэмжлэл гаргахдаа /405/ дугаартай захирамжид бусадтай бүлэглэж орц гаргуулсан байж /А101/ гэх нийслэлийн захирамжид орц гарц өгсөн байдаг гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/2165 дугаартай А******* ******* ХХК-д хаягласан Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 2022.04.23№01110-2019/00246 /талуудын гарын үсэггүй, тамга дарагдаагүй, хуулбар баталгаажуулаагүй/, Н.О*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг /нэгж талбарын дугааргүй, газар өмчлэгч эзэмшигчээр Н.О******* бүртгэлтэй ***** дүгээр хороо, *** тоотын орц, гарц/,

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: А******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, И.Б*******д олгосон 2025.05.27 итгэмжлэл, хариу тайлбар, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 2006.05.23, 2008.10.14, Нийслэлийн Засаг даргын 2006.03.20№122, А******* ******* ХХК-иас Нийслэлийн газрын албанд гаргасан 2019.01.03№01 хүсэлт, Н.О*******аас ийслэлийн газрын албанд гаргасан 2008.03.25 хүсэлт, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2016.07.28№07/2615 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022.05.26 мэдэгдэх хуудас, Нийслэлийн газрын албаны 2016.12.14№01/2208 гомдлын хариу, 2017.03.13№03/1025 мэдэгдэл хүргүүлэх тухай тоот, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017.03.28№5/271 гомдлын хариу, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.18№1/3355, 2024.10.28№01/8073 тоот албан бичиг ба бусад нотариатаар гэрчлүүлээгүй хуулбарууд

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Н.О******* нь хариуцагч А******* ******* ХХК-д холбогдуулан, хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлж, орц гарц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дор дурдсанаар тайлбарласан.

2.1. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 захирамжаар **** дүгээр хороонд байрлах ******* нэгж талбарын дугаартай 332 м.кв талбайтай газар, *** дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаар захирамжаар ******* нэгж талбарын дугаартай 326 м.кв талбайтай газрыг Н.О******* тус тус эзэмшдэг, А******* ******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/102 дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын дугаар бүхий 512 м.кв газраасаа илүү газар эзэмшиж орц, гарц болох 15 м.кв газрыг ТҮЦ-ээр хааж үйл ажиллагаа явуулах, хууль ёсны газартаа нэвтрэх боломжгүй болгож өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн нь ХХК-ийн 2022.09.13 өдрийн кадастрын зурагт тусгагдсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...Н.О******* 2001 онд 19 дүгээр хороонд миний тохижуулсан газар дээр ирж буугаад шүүхэд өгсөн ба шүүхээр маргаан шийдвэрлэгдэж байсан. Энэ асуудлаар н. М даргад орж уламжлахад нэгэнт шүүхийн шийдвэр гарсан юм чинь та ногоон байртай талаараа орц гарцаа гаргачих гэж хэлсэн би тэгье гэдэг хүсэлтээ бичээд өгсөн тэгтэл Н.О******* хүлээн зөвшөөрөөгүй заавал өөрийн ашигтай талбайг хадгалж хүний эзэмшлийн газар дээр орц гарцаа гаргана гэж дайраад байгаа. хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд ба зохигч талуудын тайлбараар, хариуцагч нь нэхэмжлэгч Н.О*******ын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурдаж буй нөхцөл байдлыг бодитоор бий болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэнд халдсан, улмаар зөрчигдсөн эрхийг сэргээх шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

5. Шүүх, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, аливаа шийдвэр гаргаснаар, иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээж, зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээнэ.

6. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалтыг хуульчлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна., 9.4.-т Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:, 9.4.1.-д эрхийг хүлээн зөвшөөрөх;, 9.4.2.-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх; 9.4.3.-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх; гэж тус тус заасан.

7. Нэхэмжлэгч Н.О******* нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/101 захирамжаар **** дүгээр хороонд байрлах ******* нэгж талбарын дугаартай 332 м.кв талбайтай газар, **** дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаар захирамжаар ******* нэгж талбарын дугаартай 326 м.кв талбайтай газрыг тус тус эзэмшдэг эсэх, түүний эзэмших эрхтэй газарт орц, гарц гаргах боломжгүй нөхцөл байдлыг хариуцагч А******* ******* ХХК бий болгосон гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.

8. Нэхэмжлэгч нь иргэний газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/2165 дугаартай А******* ******* ХХК-д хаягласан Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 2022.04.23№01110-2019/00246 /талуудын гарын үсэггүй, тамга дарагдаагүй, хуулбар баталгаажуулаагүй/, Н.О*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг /нэгж талбарын дугааргүй, газар өмчлэгч эзэмшигчээр Н.О******* бүртгэлтэй ****/А тоотын орц, гарц/ зэрэг нотлох баримтыг хэрэгт хавсаргасан.

9. Дээр дурдсан, хэрэгт хавсаргасан баримтууд нь нэхэмжлэгч Н.О******* хаана байрлалтай, ямар газрыг, эрх олгосон ямар эрхийн актаар эзэмшиж байгаа нь тодорхойгүй, түүний эзэмших эрхэнд хариуцагч халдаж, эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан, нэгж талбарын дугааргүй, газар өмчлэгч эзэмшигчээр Н.О******* бүртгэлтэй *****, ****/А тоотын орц, гарц нэртэй, Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг тайлбарлахдаа, уг зурагт тусгагдсан эргэлтийн цэгүүд дээр хариуцагчийн ТҮЦ байрлаж, орц гарц хаасан гэх боловч тухайн зурагт буй 1-4, 1-7 хүртэл цифрээр цэг хатгасан зураглал, цэгийн солбилцол, нэгж талбарын дугаар зэргээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн газар дээр орц, гарц хаасан гэх үйл баримтыг илэрхийлэхгүй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй.

11. Нэхэмжлэгч нь 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүссэнээс хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй байна.

12. Хэрэгт авагдсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/2165 дугаартай А******* ******* ХХК-д хаягласан Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт Нийслэлийн Засар даргын 2019 оны А/102 дугаар захирамжаар олгогдсон Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 512 м.кв талбайтай газар эзэмших эрхийг А******* ******* ХХК хэтрүүлсэн буюу дур мэдэн талбайн хэмжээг нэмэгдүүлсэн, 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор зөрчил арилгах талаар дурдсан байх боловч энэ дур мэдэн тайлбайн хэмжээ нэмэгдүүлсэн гэх үйлдэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн эсэхийг нэхэмжлэгч нотлох баримтаар нотлоогүй.

13. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж заасан.

14. Хариуцагч нь дээр дурдсанаар, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн, орц, гарц гаргахгүй байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг баримтлан, хариуцагч А******* ******* ХХК-д холбогдох, хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлж, орц гарц гаргах тухай нэхэмжлэгч Н.О*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА