2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 191/шш2025/10539

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ***** оршин суух, Б******* М******* /РД:ЖЯ*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 26,701,082.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.М******* нь 2018-09-28-ны өдөр "******* Банк" ХК-ийн СБ Спортын төв ордон тооцооны төвтэй ЗГ/201843943252 тоот зээлийн гэрээ болон БГХ201843943252 тоот барьцааны гэрээ байгуулан 15,000,000 /арван таван сая төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд олох цалингийн орлогыг барьцаалуулсан.

 

Хариуцагч Б.М******* нь 2025-09-15-ны өдрийн байдлаар тус зээлийн гэрээнүүдийн үүргийн үндсэн зээлийн төлбөрт 2,813,228 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,080,263 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,520 төгрөг, нийт 4,897,011 төгрөг төлсөн ба нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1, 242.3, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20-р зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1/ Хариуцагч Б.М*******од холбогдуулан 2025-09-15-ны өдрийн байдлаар ЗГ/201843943252 тоот зээлийн гэрээний үүрэгт:

А/ Үндсэн зээлийн төлбөрт: 12,186,772.12 төгрөг Б/ Хүүгийн төлбөрт: 12,932,082.01 төгрөг, В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 1,559,728.51 төгрөг, Г/ Нотариатын зарлалд: 22,500 төгрөг. Нийт 26,701,082.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б******* овогтой М******* нь 2018.09.28-нд ******* банкнаас 15 сая төгрөгийн цалингийн зээл авсан 2023 оны 06 сард том техникт засвар үйлчилгээ хийх явцдаа нуруу болгон толгойн дээрээ карден гал унагааж ажил хийх боломжгүй эмчлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар ******* банкинд 26,701,082.64 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг төлбөрийг 18 сарын хугацаатай эвлэрэлийн гэрээ байгуулж төлөх хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авна уу. 2025 оны 11 сараас 2026 оны 1 сар хүртэл сар бүр 100,000 төгрөг, 2026 оны 2 сараас 2027 оны 3 сар хүртэл сар бүр 1,800,000 төгрөг, 2027 оны 4 сард 1,201,082.64 төгрөгөөр нийт 26,701,082.64 төгрөгөөр дээрх графикийн дагуу төлөх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 26,701,082.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 сараас 2026 оны 1 сар хүртэл сар бүр 100,000 төгрөг, 2026 оны 2 сараас 2027 оны 3 сар хүртэл сар бүр 1,800,000 төгрөг, 2027 оны 4 сард 1,201,082.64 төгрөг нийт 26,701,082.64 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

2. Эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар, эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М******* холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 26,701,082.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 сараас 2026 оны 1 сар хүртэл сар бүр 100,000 төгрөг, 2026 оны 2 сараас 2027 оны 3 сар хүртэл сар бүр 1,800,000 төгрөг, 2027 оны 4 сард 1,201,082.64 төгрөг нийт 26,701,082.64 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291,455 төгрөгийн 145,727.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 145,727.5 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас, 145,727.5 төгрөгийг хариуцагч Б.М*******оос гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА