| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0477/э |
| Дугаар | 498 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Б.Т, Э.Т/шүүгдэгч нар өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Т, Э.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711016100471 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Э.Т, 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Олон улс худалдаа Бизнес удирдлага 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо 3 дугаар хороолол 23в байр 27 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/............. /,
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Б.Т, 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол Хасбаатар гудамж 27б байр 14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/........... /,
Шүүгдэгч Б.Т, Э.Т нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Н.Мэндсайханд “Мөс” гэх мансууруулах бодис зарна хэмээн хуурч шүүгдэгч Б.Тэмүүлэнгийн эзэмшлийн Хаан банкны 5058170752 дугаартай дансаар 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “12 дугаар сарын дундуур Билгүүн мөс олоод өгөөч гэхээр нь Б.Т руу ярьсан чинь Б.Т хоёуланд олдохгүй юм чинь гээд мөнгийг нь аваад үрсэн” гэв.
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Н.Мэндсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байрны дүү Мөнхүүлээгийн найз болох Билгүүн намайг өргөө кино театрын хажууд дуудсан. Яваад очиход манай нэг найзад мөс гэх нэртэй зүйл байна гэнээ та яах юм гэхээр нь би авъя гээд хорооллын Билэг их дэлгүүрийн хажууд Билгүүн бид хоёр машинтай байж байхад саарал өнгийн 2082 дугаартай Рав-4 маркийн тээврийн хэрэгсэл миний хажууд ирж зогсохоор нь мөс байгаа юм уу гэхэд байгаа байгаа дагаад яв гэсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар сургуулийн хажуу талын байрны буланд очоод зогссон. Тэгээд нөгөө машинаас нэг эрэгтэй хүүхэд бууж ирээд Билгүүнтэй юм ярьж байгаад эргээд машиндаа суугаад хөдлөөд явчихсан. Тухайн үед Тэмүүлэн гэх залуу машинаасаа бууж үлдээд манай машинд орж ирээд надад мөс байгаа та мөнгөө бэлнээр өгчих гэсэн. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй учраас дансаар шилжүүлье гээд дансны дугаарыг нь аваад Хаан банкны 5058170752 дугаарын данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Тэмүүлэн за би одоо яваад аваад ирнээ энүүхэн энд нуучихсан байгаа гээд буугаад явсан. Тэгээд эргэж ирээгүй ...” гэсэн мэдүүлэг. /хх-31х/,
Гэрч Д.Билгүүн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би өмнө нь хэрэглэж байгаагүй бөгөөд Мөнхүүлээ надаас тохиолдлын байдлаар асууж байсан байх. Би Мөнхүүлээтэй хамт /нэрийг нь санахгүй байна/ ресторанд гэрэлтүүлгийн ажил хийж байгаад танилцаж байсан бөгөөд Мөнхүүлээ анх надтай Мэндсайхан гэх ахынхаа талаар асууж байсан. Мэндсайхан анх намайг би Тэргэл гэх залууг танихгүй учраас надтай хамт явчих гэж гуйсан бөгөөд би хамт очоод уулзах үед нь машинаас нь буугаад тамхи татаж байсан. Тэгээд тамхиа татаж дуусаад машинд суух үед Тэмүүлэн гэх залуу надтай зөрөөд машинаас буусан. Тэгээд Мэндсайхан түр байж байя гэсэн. Бид хоёр 10-15 орчим хүлээгээд энэ хугацаандаа Мэндсайхан Тэргэлийн гар утас руу 3 залгасан боловч утсаа авахгүй байхаар нь явъя гээд хөдөлсөн. Тэгээд намайг модны 2-ын ойролцоо буулгаад өөрөө яваад өгсөн. Маргааш нь Мэндсайхан над руу залгаад чамтай Тэргэл, Тэмүүлэн нар холбогдсон уу гэхээр нь үгүй гэж хэлсэн Тэгээд Мэндсайхан мөнгөө хульхдуулчихлаа өөрөө явдаг газраар нь яваад мөнгөө олж авна гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-41-42х/,
Яллагдагч Тэргэл мэдүүлэхдээ: “Манай гэрийн ойролцоо байдаг Вов нэртэй цахим тоглоомын газарт анх танилцаж байсан бөгөөд түүнээс хойш зүс мэддэг танилууд болж байсан. Тэгээд надаас Билгүүн ах мөс гэх зүйл гэж асуухаар нь байхгүй гэхэд надад тухайн үед нэг утасны дугаар өгч байсан. Би тэгр дугаарыг нь одоо санахгүй байна. Энэ дугаараар холбогдоод нэг юм аваад ир гээд Тэмүүлэнгийн данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн байсан бөгөөд Тэмүүлэн бид хоёр тухайн үед хар тамхины асуудалд холбогдож болохгүйгээ мэдэж байсан учраас өгсөн мөнгийг аваад хувьдаа хэрэглэсэн ...” гэсэн мэдүүлэг. /хх-43-44х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Т, Э.Т нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Н.Мэндсайханд “Мөс” гэх мансууруулах бодис зарна хэмээн хуурч шүүгдэгч Б.Тэмүүлэнгийн эзэмшлийн Хаан банкны 5058170752 дугаартай дансаар 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Т, Б.Т нарыг бүлэглэн бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Т, Б.Т нар нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Н.Мэндсайхан нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-87х/ гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Э.Т, Б овогт Б.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Т-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Э.Т нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 27-ны дотор төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Э.Т нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Т, Э.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Э.Т нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН