Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар   2025/ДШМ/637

 

  2025             05             27                                            2025/ДШМ/637

 

Б.Тод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Даваахүү,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/886 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2409025571469 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүүхдийн 100” орчимд хохирогч Р.Аы эзэмшлийн “Айфоне 15 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар түүний халааснаас хулгайлан авч 3.082.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тоос 3.082.500 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ад олгуулж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 118.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Нийслэлийн цагдаагийн удирдах газарт олгуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие хөгшин настай ээжтэйгээ хамт амьдран суудаг. Надаас өөр асран хамгаалах хүн байхгүй. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна” гэв.

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч О.Алтанчулуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Прокурор О.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Шүүх шүүгдэгч Б.Тод ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тод 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Хүүхдийн 100” орчимд хохирогч Р.Агийн эзэмшлийн “Айфоне 15 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар түүний халааснаас хулгайлан авч 3.082.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Р.Агийн “... би 2024 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100 орчим Б, М гэх хоёр найзтайгаа явж байсан бөгөөд “street food” гэх задгай хоолны газар хоол аваад гараад хажуу талд нь идчихээд босох үед миний утас алга болсон. Би өөрийн гар утсаа хамгийн сүүлд сууж байх үедээ утсаар яриад гадуур хүрэмнийхээ баруун талын халаасанд хийсэн, тэгээд л буцаад босох үед миний утас алга болсон байсан. ...” /хх 9/ мэдүүлэг,

эрүүгийн мөрдөгчийн “... хяналтын камер шүүж ажиллахад сэжигтэй этгээдийн гадна төрх, нүүр царайны харагдах байдал, биеэ авч яваа байдал, алхаа гишгээнд дүн шинжилгээ хийж ажиллахад Б.Т үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоныг тэмдэглэл болгон бичив“ /хх 17/ гэх агуулга бүхий тэмдэглэл,

камерын бичлэгт үзлэг хийсэн “... бичлэгийг шалгахад хар футболк, хар өнгийн гадуур цамц өмссөн, хар өнгийн шорт, цагаан өнгийн гутал өмссөн, 30-35 орчим насны эрэгтэй хохирогчийн ард сууж байгаад баруун талын халааснаас нь утсыг нь авч байгаа дүрс бичигдсэн байна” /хх 18-19/ гэсэн тэмдэглэлүүд,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн НЦУГ-24-504 дугаар “Шинжилгээний объектын 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 3.082.500 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан /хх 22-24/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Тод холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан тохирох эрүүгийн хариуцлагыг сонгон хэрэглэх учиртай.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тод 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Тын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 05 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Иймд дээрх үндэслэлүүдээр хорих ялыг хөнгөрүүлэх агуулга бүхий шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/886 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Б.Тыг 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Б.Тыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тын 2025 оны 04 дүгээр сарын 09-ниий өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 48 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                          ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                          ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ