Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 499

 

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч Ш.Хосбаяр,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ээмдээ овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1811006570480 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Э овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1998 оны 6 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 15 дугаар гудамжны 29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 457 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 548 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, /РД:............. /

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Пийс Молл” худалдааны төвийн урд байх автобусны буудлын орчим хохирогч Э.Цэнгэлийн цүнхнээс Ай фоне 8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…миний сууж явсан автобус Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхлах “Peace mall” дэлгүүр дээр зогсох гэж байсан. Ингээд автобусны хойд талын хаалган дээр хүмүүс буух гээд бөөгнөрөөд зогсож байхад миний хажууд хоёр эмэгтэй зогсож байсан. Ингээд нэг эмэгтэйн цүнхийг нь тэмтрээд үзэхэд нь дотор нь гар утас байх шиг байсан. Тэгээд автобуснаас буух үед нь тэр эмэгтэйн урдуур нь баруун талын гараараа хашиж байгаад зүүн талын гараа доогуур нь явуулаад цүнхнээс нь гар утсыг нь авсан. Тэгээд автобуснаас буусан чинь араас нэг эмэгтэй утсаа авъя гээд татахаар нь тухайн үед бага зэрэг архи уусан байсан учраас шууд гарыг нь тавиулаад “Peace mall” дэлгүүрийн зүүн талаар хойшоо чиглэлтэй зугтаасан. Ингээд жаахан зугтааж байгаад эргээд харсан чинь араас хөөсөн хүн байхгүй болохоор нь алхаж байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээрээс суугаад ...гэртээ хариад унтсан” гэх мэдүүлэг /хх-31-33х/,

Шүүгдэгч Б.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Э.Цэнгэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал дээрээс өдөр 15 цаг 30 минутын орчим “Шар хад-Хороолол” чиглэлийн автобусанд суугаад 15 цаг 46 минутанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace mall” их дэлгүүрийн автобусны буудал дээр ирээд автобуснаас буусан чинь миний цүнх онгорхой дотор нь байсан Iphone 8 plus маркийн гар утас байхгүй болохоор нь хамт автобуснаас буусан 22-23 орчим туранхай 170 орчим сантиметр өндөртэй бордуу царайтай, халимаг үстэй, гадуураа улаан хүрэн өнгийн богино куртик өмссөн, дотуураа цагаан өнгийн малгайтай цамц өмссөн хар бараан өнгийн өмд өмссөн залууг барьж аваад миний утсыг өг гээд хэлэхэд эргүүлээд түлхээд зугтаасан. Ингээд би араас хөөсөн чинь “Peace mall” дэлгүүрийн зүүн талаар ертөнцийн зүгээр хойш явсан зам дагуу хөөсөн чинь нөгөө залуу хашаа даваад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд хашаа даваад зугтаасан чинь нэг ах нөгөө залууг бариад авсан чинь дахиж түлхэж унагаад цаашаа зугтаасан. Ингээд нөгөө залуу нэг нарийн замаар ороод урагшаа зам гараад зугтаасан. Тэгээд би тэрнээс цааш хаашаа явсан талаар бол мэдэхгүй байна ...Би өөрийн гар утсаа 2017 оны 10 дугаар сарын дундуур хувь хүнээс 2,6 сая төгрөгөөр шинэ утас худалдаж авсан. Одоо өөрийн гар утсаа 2,6 сая төгрөгөөр үнэлж байна. Миний гар утас Gold өнгөтэй утас байсан” гэх мэдүүлэг /хх-14-16х/,

Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-64х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-40-41х, 42-45х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Пийс Молл” худалдааны төвийн урд байх автобусны буудлын орчим хохирогч Э.Цэнгэлийн цүнхнээс Ай фоне 8 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Цэнгэлийн цүнхнээс Ай фоне 8 плас загварын гар утсыг мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар түүнийг согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь  6 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг  1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь 6 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах тухай  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ё.ЦОГТЗАНДАН