| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2311 00000 1763 |
| Дугаар | 2025/ДШМ/638 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншага |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/638
2025 05 27 2025/ДШМ/638
Н.Цт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Н.Цын өмгөөлөгч Г.Өсөхбаяр,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/370 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2311 00000 1763 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “буцалтгүй тусламж олгоно” гэсэн зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 116 иргэнээс нийт 15,598,170 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 343 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цаас нийт 15,598,170 төгрөгийг гаргуулж энэ тогтоолын тогтоох хэсэгт заасан нэр бүхий хохирогч нарт олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Ц давж заалдах гомдолдоо: “... миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... тухайн үед аливаа зүйлийн учрыг ойлгохгүй буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. ... хувийн байдлын хувьд, миний бие аавгүй , ээж маань миний 4 дүүтэй, 2 хүүгийн минь хамт өрх толгойлон байнгын ажил, орлогогүй хэцүү нөхцөлд амьдарч байна. ... миний хувьд бусдад учруулсан хохирол, төлбөрөө ажил хөдөлмөр хийж хохиролгүй болгохоо илэрхийлж байна. Миний урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй, дээр дурдсан хувийн байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Н.Цын өмгөөлөгч Г.Өсөхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч байгаа. Миний үйлчлүүлэгч 116 хүнд нийт 15,598,170 төгрөгийн хохирол учруулсан. Хохирогч тус бүрт 20,000-50,000 төгрөгийн хохирол учруулсан. Зарим нэг хохирогчид 500,000-1,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Учруулсан хохирлын хэр хэмжээний хувьд эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт ноцтой хохирол учруулсан гэж үзэхээргүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан үйлдсэн гэмт хэрэгтээ тохирсон эрүүгийн хариуцлага хүлээх зарчимтай зөрчилдөж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “50,000,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан этгээд 2-8 жилийн хорих ял авч байхад 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан хүн 5 жилийн хорих ял авч байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тухайн хэргийн хувьд 5-12 жилийн хорих ялын санкцтай. Шүүхээс хамгийн бага хэмжээгээр буюу 5 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг тус тус хэрэглэх боломжгүй. Хохирол, хор уршгийг арилгаагүй байгаа. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй гэж тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл нэг хохирогчид учруулсан хохирол нь 50,000 төгрөгт хүрэхгүй гэж маргадаг. Амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь шүүгдэгч хохирогчид хэдэн төгрөгийн хохирол учруулахаас үл хамаарч, байнгын шинжтэй, цаг хугацааны хувьд ойр ойрхон үйлдэж, тухайн мөнгийг өөртөө болон гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулснаар тогтоогдсон гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэлийн хувьд ямар нэгэн эргэлзээ байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Н.Цын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Н.Цт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “буцалтгүй тусламж олгоно” гэсэн зар байршуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 116 иргэнээс нийт 15,598,170 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон болох нь:
хохирогч Б.Б-ны /1хх 8/, хохирогч Д.Б-ийн /1хх 113-114/, хохирогч Б.Т-ын /2хх 25-26/, хохирогч А.П-ий /2хх 42-43/, хохирогч Х.А-ийн /2хх 57-58/, хохирогч Д.М-ийн /2хх 75-76/, хохирогч С.Ц-ын /2хх 89-90/, хохирогч Б:Д-гийн /2хх 102-103/, хохирогч Ё.А-гийн /2хх 129-130/, хохирогч М.И-гийн /2хх 143-144/, хохирогч Ч.М-ийн /2хх 157-158/, хохирогч С.А-ын /2хх 171-172/, хохирогч Г.Ц-ийн /2хх 182-183/, хохирогч С.Б-ийн /2хх 199-200/, хохирогч Г.Э-гийн /2хх 219-220/, хохирогч O.Д-ын /2хх 234-235/, хохирогч Б.М-ын /2хх 249-250/, хохирогч Г.Н-ийн /3хх 11/, хохирогч Н.О-ийн /3хх 24-25/, хохирогч Т.Б-ийн /3хх 37-38/, хохирогч Б.Б-ны /3хх 49-50/, хохирогч Д.Э-ны /3хх 65/, хохирогч Б.У-ийн /3хх 79-80/, хохирогч Д.Д-гийн /3хх 93-94/, хохирогч Ц.Ө-йн /3хх 107-108/, хохирогч Г.М-ын /3хх 121-122/, хохирогч Д.Б-ын /3хх 133-134/, хохирогч Э.Ө-ын /3хх 146/, хохирогч Д.Г-ийн /3хх 160-162/, хохирогч Н.С-н /3хх 174/, хохирогч Н.Ж-гийн /3хх 188-189/, хохирогч Б.О-ын /3хх 202-203/, хохирогч Б.Ц-йн /3хх 214/, хохирогч Б.О-гийн /3хх 227/, хохирогч Л.С-ын /3хх 238/, хохирогч Г.Х-ийн /4хх 1-2/, хохирогч P.Д-ийн /4хх 15-16/, хохирогч Д.У-ийн /4хх 29-30/, хохирогч Д.О-гийн /4хх 43-44/, хохирогч П.Б-ын /4хх 57/, хохирогч Т.А-ийн /4хх 70-71/, хохирогч П.П-ийн /4хх 85-86/, хохирогч Э.С-йн /4хх 99-100/, хохирогч Ө.-гийн /4хх 113-114/, хохирогч Б.М-ийн /4хх 125-126/, хохирогч З.Т-ын /4хх 138-139/, хохирогч С.Э-ийн /4хх 148/, хохирогч С.Г-ын /4хх 162-163/, хохирогч А.Н-гийн /4хх 177-178/, хохирогч Д.Б-гийн /4хх 191-192/, хохирогч Ч.Л-гийн /4хх 206-207/, хохирогч С.С-гийн /4хх 220-221/, хохирогч Б.Э-ын /4хх 234-235/, хохирогч Б.Д-ийн /4хх 248-249/, хохирогч П.М-ын /5хх 12-13/, хохирогч Д.Ө-гийн /5хх 24-25/, хохирогч Ж.Г-ын /5хх 40-41/, хохирогч Р.О-ын /5хх 54-55/, хохирогч Ө.О-ийн /5хх 68-69/, хохирогч Ш.У-ын /5хх 80-81/, хохирогч Л.А-ын /5хх 97-98/, хохирогч Б.Н-ийн /5хх 108-109/, хохирогч Ч.Б-гийн /5хх 121- 122/, хохирогч О.Э-ын /5хх 134-135/, хохирогч Б.Ц-ийн /5хх 148-149/, хохирогч Ж.Н-ын /15хх 162-163/, хохирогч Л.Б-ийн /5хх 176-177/, хохирогч Ц.А-ийн /5хх 191/, хохирогч Б.М-ийн /5хх 204/, хохирогч Х.Б-ны /5хх 218-219/, хохирогч Н.О-ийн /5хх 232/, хохирогч Х.У-ийн /5хх 246-247/, хохирогч М.О-ийн /6хх 6/, хохирогч Б.О-ын /6хх 20-21/, хохирогч Г.Ц-гийн /6хх 39-40/, хохирогч Б.Э-ийн /6хх 53/, хохирогч Б.М-н /6хх 64-65/, хохирогч Р.Н-ын /6хх 76-77/, хохирогч Б.Э-гийн /6хх 91-92/, хохирогч Д.Б-ийн /6хх 105-106/, хохирогч Г.А-гийн /6хх 121-122/, хохирогч Б.А-ийн /6хх 136- 137/, хохирогч Ц.Л-н /6хх 149-150/, хохирогч Ч.О-ийн /6хх 161-162/, хохирогч Ю.Б-ын /6хх 183/, хохирогч Ш.Ц-гийн /6хх 196/, хохирогч Г.Г-ийн /6хх 208-210/, хохирогч Г.-ийн /6хх 221-222/, хохирогч Б.А-ийн /6хх 236-237/, хохирогч М.Б-ийн /6хх 249-250/, хохирогч Б.С-ийн /7хх 14-15/, хохирогч Б.О-ийн /7хх 27-28/, хохирогч Ч.Д-гийн /7хх 41/, хохирогч Р.О-ын /7хх 52-53/, хохирогч А.Б-ын /7хх 63-64/, хохирогч Ч.Д-ий /7хх 77-78/, хохирогч Д.Б-ийн /7хх 91/, хохирогч С.Э-ын /7хх 103-104/, хохирогч Ж.М-ын /7хх 116-117/, хохирогч Ч.М-ын /7хх 132/, хохирогч Б.Н-нгийн /7хх 144/, хохирогч Д.Г-ын /7хх 157/, хохирогч Ч.Ц-ийн /7хх 170-171/, хохирогч П.Ц-ийн /7хх 182-183/, хохирогч Б.Б-ын /7хх 196-197/, хохирогч С.А-ын /7хх 208-209/, хохирогч Ц.Г-ийн /7хх 221-222/, хохирогч Г.-гийн /7хх 236-237/, хохирогч Б.Д-ийн /7хх 250-8хх 1/, хохирогч Ц.Л-ын /8хх 14-15/, хохирогч Ц.Л-гийн /8хх 29-30/, хохирогч Ц.Г-рын /8хх 43-44/, хохирогч Ш.М-гийн /8хх 63-65/, хохирогч Ц.О-ын /8хх 77/, хохирогч М.М-ын /8хх 103-104/, хохирогч Г.Б-ын /8хх 148-149/, гэрч С.М-гийн /1хх 124/, гэрч Э.Э-ын /1хх 120/,
иргэн С.М-йн эзэмшлийн Хаан банк дахь … дугаарын дансуудын хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 10-54, 134-138/, иргэн С.Э-ын эзэмшлийн Хаан банк дахь ::: дугаарын дансын хуулга /1хх 140-157/, Скайтел ХХК-ийн …. дугаар эзэмшигчийн талаарх болон дээрх дугааруудын орсон, гарсан яриа мессежний талаарх дэлгэрэнгүй лавлагаа /1хх 158-246/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Цыг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч нарыг хуурч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Н.Цын олон нийтийн цахим сүлжээнд “буцалтгүй тусламж олгоно“ гэсэн зар байршуулж хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нэр бүхий 116 хохирогчоос 15.598.170 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн, тухайн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах хамгийн бага ялыг оногдуулсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, бүх хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.
Шүүгдэгч Н.Ц “… ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлэх …” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Н.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийн давтамж зэргийг харгалзан үзэж түүнд тухайн зүйл хэсэг заасан гэмт хэргийн хамгийн бага ялаас сонгож 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Н.Цын өмгөөлөгч Г.Өсөхбаяр “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий тайлбар гаргажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсноос гадна энэхүү гэмт үйлдлээс өөр орлогогүй, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзнэ.
Шүүгдэгч Н.Цын хувьд, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 116 хохирогчийг нэг ижил арга хэрэгслээр залилж, тэднээс авсан мөнгийг өөртөө зарцуулж, энэ байдлаа амьдралын хэвшил болгосон үйлдэл нь тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж анхан шатны шүүх хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Цын “ял хөнгөрүүлэх”, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаярын “зүйлчлэлийг хөнгөрүүлэх”-ээр тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Н.Цын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 113 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/370 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 113 /нэг зуун арван гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ