| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0487/э |
| Дугаар | 514 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Б.Ө/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811006220588 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Х овогт Б.Ө, 1991 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөг 5-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/.................. /,
Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 11 дүгээр байрны 32 тоотод хадам эх С.Жаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар харилцан зодолдож С.Жаргалын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч С.Жаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 2 сарын 17-ны өдөр буюу шинийн 1-ний өдөр хүү Дарханбаярын гэрт нь сар шинэ хийгээд орой нь манай нөхөр Баатаржав, хүү Дарханбаяр, бэр Өнөрсайхан нарын хамт хороололд байх дүүгийндээ очсон. Тэдний гэрт байж байгаад бид нар буцацгаасан бөгөөд замдаа ирж байхдаа Өнөрөө чи ахтайгаа золгоход яадаг юм бэ гэтэл тэр муутай золгож яадгийн гэсэн ба үүнээс болоод бид хоёрын хооронд маргаан болсон юм. Гэрийнх нь гадаа ирээд машинаас буугаад барилцаж авсан ба тэр үед Дарханбаяр, Баатаржав хоёр салгасан. Тэгээд гэрт нь ортол дахин хэрүүл хийгээд над руу дайрч цохиж нүүр амнаас маажиж цохиж энд тэндгүй өшиглөж дайраад бид нарыг гэрээсээ зайл гээд хөөсөн ... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийн болон хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-11-12х/,
Яллагдагч Б.Ө мэдүүлэхдээ: “...бид 2 гэр бүлийн асуудал яриад маргалдсан. Тэгээд байрны гадаа ирээд машин зогсоход хадам ээж жолоочийн ар талд сууж байснаа машинаас буугаад би урд сууж байхад машин тойрч ирээд миний хаалгыг татаж онгойлгоод намайг үснээс зулгаахаар нь би адилхан үснээс нь зулгаасан. Тэр үед Баатаржав, Дарханбаяр хоёр салгасан. Тэгээд гэрт ороод би та нар явцгаа, манай гэрээс зайлцгаа гэж хадам Жаргалыг хэлсэн. Тэгтэл үүдэнд зогсож байснаа над руу ирээд намайг алгадсан ба бид 2 үсдэлцээд нэг нэгийгээ нилээд хэдэн удаа самардалцаад түлхэлцээд зодоон болсон ...Надтай ноцолдож зууралдах үедээ тухайн гэмтлүүд нь учирсан байх, би тухайн гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг. /хх-24-25х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн №2630 тоот дүгнэлтэд:
“1. С.Жаргалын биед баруун доод 1-р шүдний сулрал, баруун зүүн хацар, хамрын нуруу цээж хэвлийд цус хуралт, дээд уруулын баруун зүүн дотор салстад язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-19х/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 11 дүгээр байрны 32 тоотод хадам эх С.Жаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар харилцан зодолдож С.Жаргалын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ө нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч С.Жаргал нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 3-ны дотор төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН