Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01991

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/01991

 

 

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/01574 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох

Цахилгааны тоног төхөөрөмж ашигласантай холбоотой болон засвар үйлчилгээний төлбөр 654 802 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайханы давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Гансүх, Р.Жамъяанжав

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Төрболд, Ц.Энхцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ж.Батсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, Р.Жамъянжав нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нийтийн орон сууцны хэрэглэгчдийг цахилгаанаар хангах үүрэг хүлээдэг. Уг үүргийнхээ дагуу  Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны байрны хэрэглэгчдийг манай байгууллагын эзэмшил болох /ерөнхий шит/ орон сууцны цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглан цахилгаан түгээн хангах үйл ажиллагааг явуулдаг юм. Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 297 дугаар тогтоолоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас орон сууц, нийтийн аж ахуйн компаниудад олгох цахилгааны тоног төхөөрөмж ашигласан, засвар үйлчилгээ үзүүлсэн үйлчилгээний тарифыг сард 750 төгрөгөөр баталж, батлагдсан тарифыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг, орон сууцны үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудтай төлбөр тооцооны гэрээ байгуулж ажиллахыг  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгасан юм. Гэтэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь дээрх тогтоолыг үл тоомсорлон цахилгааны тоног төхөөрөмж ашигласны төлбөрт 2016 оны 1, 2 дугаар сарын төлбөр 161 921 000 төгрөг төлсөн боловч үүнээс хойш 2016 оны 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацааны 654 802 500 төгрөгийн төлбөрийг барагдуулахгүй манай байгууллагыг хохироож байна. Иймд хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 654 802 500 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

  Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн нийтлэг үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолын 1-д Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас орон сууц нийтийн аж ахуйн компаниудад олгох цахилгааны тоног төхөөрөмж ашигласан, засвар үйлчилгээ үзүүлсэн үйлчилгээний тарифыг сард 750 төгрөгөөр нэг өрхөд баталсан. Тус тогтоолын 3-т Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг орон сууц нийтийн аж ахуйн газруудтай гэрээ байгуулж өгч байх талаар дурдсан байдаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тогтоолын дагуу гэрээний саналаа Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ болон бусад хувийн конторуудад хүргүүлж, санал ирүүлсэн газруудтай гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг дүгнэн төлбөр мөнгийг нь өгч ажилласан. Гэвч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас гэрээний саналыг зөвшөөрөхгүй байсаар 2016 онд гэрээ байгуулагдаагүй. Энэ талаар удаа дараа тус байгууллагатай уулзалт зохион байгуулж байсан боловч үр дүнд хүрээгүй болно. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тогтоолын дагуу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь нэг айл, өрх бүрийн тоогоор үйлчилгээ үзүүлэхэд нийт хэдэн айл, өрхтэй тухай холбогдох мэдээлэл, баримт материалыг манай байгууллагад гаргаж өгөөгүй болно. Манай байгууллага гэрээ байгуулахаас татгалзсан зүйлгүй ба хоёр тал харилцан тохиролцож чадаагүйгээс гэрээ байгуулагдаагүй болно. Харин 2017 оны хувьд Үйлчилгээний төлбөр төлөх гэрээ-д эдгээр асуудлуудыг харилцан тохиролцож шийдвэрлэсний үр дүнд гэрээг байгуулан ажиллаж байгаа болно. Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолын дагуу гэрээ байгуулагдсаны үндсэн дээр уг төлбөр олгогдох байсан бөгөөд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь гэрээ байгуулаагүй тул манай байгууллага ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-т заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас үйлчилгээний төлбөрийн үлдэгдэлд 654 802 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр төлсөн 3 431 962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3 431 962 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т  олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан давж заалдах гомдолдоо:

... Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-т "өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, түгээх, тухайн хангагчаас үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу авах" гэж заасан. Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан "Цахилгаанаар зохицуулалттай хангахтусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм"-ийн 2.8-д "хангагч нь Эрчим хүчний тухай хуулийн 30.1.11-д заасны дагуу хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжөөр дамжуулан бусад хэрэглэгчдэд цахилгаан түгээх, цахилгаанаар хангах үйл ажиллагаа явуулж байгаа бол тухайн хэрэглэгчийн ашиглуулж байгаа цахилгаан тоног төхөөрөмжийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг үндэслэн үйлчилгээний төлбөрийг тооцож хэрэглэгчид төлөхөөр гэрээ байгуулна" гэж заасан байдаг. Гэтэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-д "орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарах эд зүйлсийг зааж өгсөн бөгөөд орон сууцны ерөнхий щитнүүд нь "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах гэзар" ОНӨААТҮГ-ын өмч мөн эсэхэд эргэлзээтэй байна. Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 297 дугаар тогтоолын 1-д Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас орон сууц нийтийн аж ахуйн компаниудад олгох цахилгааны тоног төхөөрөмж ашигласан, засвар үйлчилгээ үзүүлсэн үйлчилгээний тарифыг сард 750 төгрөг /НӨАТ-гүй/ нэг өрхөд баталсан. Тус тогтоолын 3-д "Орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудтай цахилгааны тоног төхөөрөмж ашигласан, засвар үйлчилгээ үзүүлсэн төлбөр тооцооны талаар гэрээ байгуулж ажиллахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д үүрэг болгосон. Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд орон сууцны ерөнхий щитнүүд нь "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ-ын өмч мөн эсэх, хэдэн өрхтэй эсэх асуудал хөндөгдсөн. Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулж, цахилгааны щитүүд нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын өмч мөн болохыг тогтоох шаардлагатай болсон. Эрчим хүчний зохицуулах хорооноос Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т нэг, айл өрх бүрийн тоогоор үйлчилгээний төлбөр өгөх талаар тогтоол баталсан. Уг тогтоолын дагуу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ыг хэдэн айл, өрхтэйгөө баталж холбогдох мэдээлэл баримт материалыг гаргаж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй, чадаагүй болно. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын өмчлөлийн тоног төхөөрөмж, щит мөн гэдгийг батлаагүй болно. Манай компанитай гэрээ байгуулсан хэрэглэгч нарыг цахилгааны төлбөрөөс бусад хууль бус шаардлага тавьж цахилгаан эрчим хүчийг хязгаарлахгүй байх, хязгаарласан тохиолдолд манай компани тус үйлчилгээний төлбөрийг төлөхгүй байх талаар цэвэр оршин суугч нарын эрх ашгийгхамгаалсан зүй ёсны шаардлага бүхий заалтыг гэрээнд оруулсан боловч түүнийг хүлээн зөвшөөрөөгүй байсаар гэрээ багуулаагүй нь өөрсдийн буруутай үйл ажиллагаа болно.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-т заасантай нийцэж байна гэж үзсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д гэрээ байгуулсан байна гэсэнтэй зөрчилдөж үндэслэл бүхий болоогүй байна. Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт "Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй" гэж заасан байгаа нь гэрээ шууд байгуулагдсан гэж үзэхээргүй байна. Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолын дагуу гэрээ байгуулагдсаны үндсэн дээр уг төлбөр олгогдох байсан бөгөөд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ гэрээ байгуулаагүй, манай байгууллага ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан цахилгааны тоног төхөөрөмж ашигласантай холбоотой болон засвар үйлчилгээний төлбөр 654 802 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага гэрээ байгуулагдаагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрөн маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримтаар хоёр байгууллагын нягтлан бодогчид 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж үзэхэд 654 802 500 төгрөгийн өртэй, авлагатай гарсаныг харилцаж баталж, энэхүү өрийн үлдэгдлийг бэлэн бусаар нэхэмжлэн авахаар тохиролцож, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна. /хх-ийн 29,56 тал/

 

Хариуцагч байгууллага дээрх бичгийн баримтыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Мөн талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 76/2014 дугаар үйлчилгээний төлбөр төлөх гэрээ, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 2017-102/26 дугаар үйлчилгээний төлбөр төлөх үндсэн гэрээ тус тус байгуулагдаж байсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 86-92 тал/

 

Хариуцагч байгууллага 2016 онд хоёр тал харилцан тохиролцож чадаагүйгээс талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэсэн тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэгч байгууллагын цахилгааны тоног төхөөрөмжийг ашигласан болохоо үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх тайлбар нь цахилгааны тоног төхөөрөмжийг ашигласантай холбоотой болон засвар үйлчилгээний төлбөр төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/01574 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 431 962 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО