| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0488/э |
| Дугаар | 515 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Л.О/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Л.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811017480584 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн О овогт Л.О, 1987 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймагт том тэрэгний жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1167 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/........... /,
Шүүгдэгч Л.О нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны 1167 тоот өөрийн гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хамтран амьдрагч Г.Пүрэвсүрэнг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2 дугаар сарын 07-нд Өмнөговь аймаг руу ажил хийхээр яваад 6 дугаар сарын 6-нд ажлаасаа буугаад ирсэн. Тэгээд төрсөн өдрийг нь хамт тэмдэглэж юм авч өгөх гээд нэг өдөр ажлаасаа чөлөө аваад амарчих гэхэд ажил ихтэй амрахгүй гэхээр нь за за ажил ихтэй бол яах уу гэж бодоод наадам болохоос өмнө би хэдэн рейс хийчихээд ирье гэж бодоод буцаад Өмнөговь аймаг руу явсан. Тэгээд би Өмнөговь аймагт очоод залгахад өдөржин, шөнөжин утсаа авахгүй, өглөө нь ээж нь найзуудтайгаа амралтанд явсан гэж хэлэхээр нь намайг очиход ганц хоног чөлөө авахгүй байсан байж яагаад амралтанд явах болохоороо явчихдаг юм гэснээс болж маргаан үүссэн” гэв.
Хохирогч Г.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…нөхөр залгахаар нь аваад ярьтал “хэнтэйгээ ингэж удаан ярьдаг юм” гэж хэлээд гэртээ ороод ирсэн. Миний гартаа барьж байсан гар утсыг шүүрч аваад орон дээр боож унагаагаад нүд хэсэг лүү 2 удаа, ам, шүд хэсэг рүү 2-3 удаа, духны хэсэгт 1-2 удаа зүүн гараараа цохисон ...” гэсэн мэдүүлэг. /хх-11-12х/,
Яллагдагч Л.О мэдүүлэхдээ: “...Би түц орж тами авахаар гарчихаад эргээд ороод иртэл архийг асгачихсан, орон дээрээ гар утсаар эрэгтэй хүнтэй ярьж байгаа бололтой яриад байж байхаар нь би очоод гар утсыг нь авах гэтэл гар утсаа дараад хэвтчихсэн. Би гар утсыг нь авах гэж оролдож байгаад нүүр, нүд, ам хэсэг рүү нь зүүн гараараа 3 удаа цохьсон ...” гэсэн мэдүүлэг. /хх-31-32х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7554 тоот дүгнэлтэд:
“1. Г.Пүрэвсүрэнгийн биед үүдэн 3 шүдний хугарал, 2 шүдний эмтрэл, тархины доргилт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-24х/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.О нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны 1167 тоот өөрийн гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хамтран амьдрагч Г.Пүрэвсүрэнг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.О учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Г.Пүрэвсүрэн нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О овогт Л.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 3-ны дотор төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Л.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН