| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0124/Э |
| Дугаар | 132 |
| Огноо | 2018-08-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Алтанлхам,
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Т.М, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Зүнтэг овогт Т.М, Өндөрүүд овогт Г.Б нарт холбогдох 1835002240147 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 4 дүгээр багт оршин суух Зүнтэг овогт Т.М / РД:ОК88061619/.
Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын 3-р багт оршин суух Өндөрүүд овогт Г.Б /РД:ОК82022011/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.М нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Г.Бг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Г.Б нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Т.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
I. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Т.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар :
Шүүгдэгч Т.М нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р багийн нутагт хохирогч Г.Б-г зодсон болох нь хохирогч Г.Б-гийн: “2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би Г-т 1,25 литрийн нэрмэл архи гаргаж өгөөд ярьж суугаад хувааж уусан юм. Архиа ууж дуусгаад бид хоёр миний мотоцикльтой гэрээс гараад би дэлгүүр ороод 2.5 литрийн пиво аваад Б-ийн гэрт очоод Б, Г бид гурав хувааж ууж дуусаад Б бид хоёр Гийг гэрт нь хүргэж өгчихөөд дэлгүүр ороод зогсож байтал дэлгүүрт хоч нэр нь У гэх залуу /Т.М/ О гэх залуутай халамцуухан орж ирээд Б бид хоёртой мэнд мэдсэн юм. Тэгээд би У-гийн малгайн саравчийг црхьчихсон чинь У надад хандаж “чи хүний тэргүүнд хүрдэг хэн юм бэ” гэхээр нь “би санаандгүй хүрчихлээ” гэж хэлэхэд У “томроод байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр би “томроогүй санаандгүй хүрчихлээ” гэж хэлэхэд У “гараад үзэх үү” гэж хэлээд намайг барих гээд гараа өргөхөөр нь би түрүүлээд түлхчихсэн. Тэр үед дэлгүүрийн худалдагч “та нар яагаад байгаа юм бэ, гарцгаа” гэж хэлэхээр нь У бид хоёр дэлгүүрээс гарсан. У надад “гудамжинд зодолдоод яахав. Баруун гол гараад үзье” гэхээр нь би “хоёулаа зодолдоод хэрэггүй. Би чиний ахын чинь найз” гэж хэлэхэд “хэрэгтэй, хэрэггүйг чи мэддэг юм уу, айгаад байгаа юм уу” гэж хэлээд мотоциклоо асаасан. Тэгэхээр нь би мөн мотоциклоо асаагаад бид хоёр “Баруун гол” дээр очсон. Би Уд “цээж нүцэглээд сайхан барилдчихъя” гэж хэлэхэд У “чамтай барилдаж яах юм. Хоёулаа сайхан зодолдъё” гэж хэлэхээр нь би “за тэгье сайхан зодолдьё. Эр хүн шиг чулуу барихгүй, мод хутга хэрэглэхгүйгээр үзэх үү” гэж хэлэхэд У “угаасаа хутга, шөвөг, мод, чулуу байхгүй” гэж хэлсэн. Тэгээд У надруу дайраад гараараа миний нүүрлүү цохихоор нь би эргүүлээд цохиж бид хоёр зодолдож эхэлсэн. Бид хоёр хэд хэдэн удаа өнхөрч унаад дээр, доороо орж байгаад би У-гийн хоолойг гараараа бооход хэсэг хугацааны дараа У муужирсан. Тэгэхээр нь би У-г тавиад хажууд нь сууж байгаад “Одоо бос хоёулаа явъя” гэхэд У хөдлөхгүй хэвтээд байсан. Тэгж байтал О ирээд “чи миний найзыг алчихлаа” гээд над руу дайрахаар нь би барьж аваад нүүр хэсэг рүү нь нэг цохиод унагаасан. Тэгтэл О босож ирээд намайг барьж аваад унагаасан. Тэгээд бид хоёр ноцолдож байгаад би дээр нь гараад “одоо болно” гээд босох гээд өндийсөн чинь У миний урд талаар ирээд чулуугаар миний толгой руу цохисон. Тэгэхэд миний толгой хагарч толгойноос цус урсаж толгой, нүүр цус болсон. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 5-10, 11-р тал/,
гэрч Т.О-ын өгсөн “М бид хоёр түүний мотоцикльтой сумын төв ороод дэлгүүр лүү орсон чинь манай сумын Б, Б хоёр байхаар нь М бид хоёр Б, Б хоёртой мэнд мэдэлцээд зогсож байтал Б миний малгайны саравчийг гараараа цохихоор нь би “та яагаад байгаа юм бэ миний ах аа” гэж хэлээд инээгээд зөрсөн. Тэгсэн чинь Б манай найз Мгийн малгайны саравчийг цохисон. Тэгэхээр нь М “та яагаад байгаа юм бэ, яагаад хүний тэргүүнд хүрээд байгаа юм бэ” гэхэд Б Мрүү үг хэлээр дайраад байсан юм. Тэгж байгаад М, Б хоёр хоорондоо маргалдаж, хоёулаа нэг нэгэндээ “гараад үзэх үү, гарах уу” гээд дэлгүүрээс гараад явцгаасан бөгөөд дэлгүүрт Б бид хоёр үлдсэн юм. Б бид хоёр удалгүй тар хоёрын араас дэлгүүрээс гарсан чинь М, Б хоёр өөрсдийнхөө мотоциклоо унаад явчихаар нь Б бид хоёр араас нь алхаж байтал манай сумын мотоцикльтой залуу тааралдхаар нь би ард нь суугаад “Баруун гол” дөхөөд буусан юм. Тэгээд би М, Б хоёрын хажууд очиход Б манай найз Мгийн цамцных нь захнаас татаж, цээж хэсэг рүү нь өшиглөсөн байдалтай байхаар нь би тэр хоёр луу дөхөж очих гээд явж байтал Б миний урдаас ирээд намайг хөлөөрөө өшгилөж унагаагаад миний дээр гараад надтай ноцолдож байтал манай найз Мягамарсүрэн цаанаас ирээд Бгийн толгойруу чулуугаар хоёр удаа цохиход Б миний дээрээс боссон юм. Би босоод М-гийн гарт нь байсан чулууг авч хаясан бөгөөд тэр үед Б гүйгээд явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
гэрч Ч.Б-ийн “Б, М хоёр мотоциклоо асаагаад явчихаар нь нь би араас нь алхаад “Баруун гол” гэх нэртэй газарт очиход Б, У хоёрын мотоцикль нь байгаад өөрсдөө байхгүй байхаар нь би хараад зогсож байтал У цаанаас надруу ирж байгаад замаасаа газраас чулуу аваад “цус үзсэн хүнийг яадгийг нь харах уу” гээд миний хажууд ирсэн. Тэгэхээр нь би “чи залуу дараа нь яахыг нь мэдэж байгаа юм уу” гэсэн чинь “ёстой тийм, би таны үгэнд орно” гээд чулуугаа хаясан юм. Тэгээд би Б-гийн мотоциклийг унаад тэр орчмоор хайхад У голд нүүр гараа угаасан байдалтай голоос ирж байсан. Б голын орчимд байхгүй байхаар нь би Б-гийн гэрлүү явсан юм. Бгийн гэрт очиход Б гэрийнхээ гадна сууж байсан бөгөөд Бгийн толгой хэд хэдэн газарт хагарсан байдалтай, биеийн ихэнх хэсэг нь цус болсон байсан. Тэгэхээр нь би Бгийн эхнэр Труу гар утсаар залгаад “чи хаана байна, Б цус алдаад үхлээ, хурдан хүрээд ир” гэж хэлээд удаагүй байтал Т ирсэн юм. Т Бгийн толгойноос гарч байсан цусыг тогтоох гээд давуугаар боосон боловч цус нь тогтохгүй байхаар нь Т бид хоёр Б-г машинд суулгаад эмнэлэг авч очсон. Тэгээд мэс заслын их эмч М шархыг нь цэвэрлэж байгаад мэс заслын 10 гаруй оёдол тавьсан юм. Тэр үед Б нь “У намайг чулуугаар цохичихлоо” гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
гэрч Д.Т-ын “Б залгаад “танай нөхөр чинь цус алдаж үхлээ. Чи хаана байна хурдан хүрээд ир. Би танай гадна байна” гэж хэлэхээр нь би гэртээ очиход Бгийн толгойноос нь цус гоожоод биеийн ихэнх хэсэг нь цус болсон байсан юм. Би нөхрийнхөө толгойноос гарч байсан цусыг нь тогтоох гээд даавуун материалтай алчуураар толгойг нь боосон чинь цус нь тогтохгүй байсан. Тэгээд Б бид хоёр Б-г машиндаа суулгаж аваад эмнэлэг ороод ээлжийн сувилагчид хэлээд мэс заслын сувилагч, их эмчийг нь дуудсан юм. Удалгүй их эмч М ирээд манай нөхрийн толгойн хэсэгт мэс заслын 10 гаруй оёдол тавьсан. Би гэртээ ирээд нөхрийнхөө толгойноос гарч байсан цусыг тогтоох гэж оролдож байхдаа Боос “энэ яагаад ийм болчихсон юм бэ” гэж асуухад “би сайн мэдэхгүй байна. Надаас салаад явсан хүнээр зодуулсан байх” гэж хэлсэн. Манай нөхөр Б гэртээ Гийн хамт 1,25 литрийн нэрмэл архи хувааж уусан юм. Б-ийн гэрт Г, Б, Б гурав 2.5 литрийн пиво уусан гэж хэлж байсан. Бг эмнэлэг дээр хүргээд их эмч М Б-гийн толгойноос гарч байсан цусыг нь цэвэрлэж байгаад Бгээс “толгой чинь юунаас болоод хагарсан юм бэ” гэж асуухад Б “намайг манай сумын залуу болох хоч нэр У гэх залуу чулуугаар цохисон” гэж хэлсэн. Тэгээд би хэсэг хугацааны дараа нөхрөөсөө “яагаад толгой чинь ийм болсон юм бэ” гэж асуухад “намайг У зодсон” гэж хэлэхээр нь би Боос “У Б-г зодож байх үед чи хаана байсан юм бэ” гэж асуухад Б “Б бид хоёр дэлгүүр орсон чинь Б, У хоёр нэг нэгнийхээ малгайг оролдож байгаад “үзэх үү, гарах уу” гэж байгаад дэлгүүрээс гараад тэр хоёр өөрсдийнхөө мотоциклийг унаад явсан. Тухайн үед У нь Отай хамт явж байсан. Би дэлгүүрээс гараад О-тай хамт нөгөө хоёрын араас явж байтал О замд тааралдсан мотоцикльтой хүүхдийн ард суугаад явсан. Тэгээд би гүйгээд “Баруун гол” гэх нэртэй газарт очсон чинь Б, У хоёрын мотоцикль байсан бөгөөд өөрсдөө байхгүй байсан. Тэгж байтал О цаанаас хүрч ирсэн бөгөөд цаана нь У голд гар нүүрээ угаагаад зогсож байсан. Тэгэхээр нь би “Б хаашаа явсан юм” гэж асуугаад мотоциклийг нь унаад танайд ирсэн чинь Б гэртээ ирчихсэн толгойноос нь цус гоожиж байсан” гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
гэрч Г.М-ын “...Би 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал манай мэс заслын сувилагч “эмнэлэг дээр толгойгоо хагалуулсан хүн ирсэн байна” гэж дуудлага өгсөн. Тэгээд би эмнэлэг дээр очиход тус сумын иргэн Б ирчихсэн байсан бөгөөд “миний толгойг У гэдэг залуу чулуугаар цохисон” гэж хэлж байсан. Тэгээд би Б-гийн толгойг нь үзэхэд толгойн зулай болон орой хэсэгт зүсэгдэж задарсан байдалтай, цус их гарч байсан болохоор цус тогтоох тариа хийж, толгойны зүсэгдэж задарсан хэсгийг цэвэрлэж мэс заслын оёдол тавихад бэлдсэн юм. Тэгээд Бгийн толгойн хуйханд нь цус тогтоох мэс заслын 12 ширхэг оёдол тавьсан юм. Шанаа болон хамрын цусыг цэвэрлэж ариутгаад амьсгалын замыг чөлөөлөж хүчилтөрөгч өгсөн. Даралт пүүлсыг үзэхэд харьцангуй тогтвортой байсан юм. Мөн цус тогтоох, тархины хаван хөөх, амьсгал зүрх судсыг дэмжих, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, тархины эд эсийг хамгаалах эмчилгээ болон бусад шинж тэмдгийн шаардлагатай эмчилгээнүүдийг хийсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,
гэрч Ж.П.ийн “... Би Б-д эмчилгээ хийж байхад манай сумын залуу У, О хоёртой хамт байсан гэж хэлж байсан. Тэгээд би “чамайг зодсон юм уу, юугаар зодсон юм бэ” гэж асуухад надад Б “намайг чулуугаар цохисон” гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Намайг Бд эмчилгээ хийж байхад түүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,
гэрч Ч.Э-ийн “...Тэд нар хоорондоо мэнд мэдэлцээд байж байтал Б нь Мгийн малгайны саравчийг гараараа цохисон юм. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би “та хоёр дэлгүүрээс гарч маргалд” гэж хэлэхэд Б, М хоёр гараад явсан. Б, О хоёр дэлгүүрт үлдсэн юм. Тэгж байтал Б, М хоёр өөрсдийнхөө мотоциклоо унаад явсан. Араас нь Б, О хоёр гараад явсан. Тухайн үед Б, О, Б, М нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,
шүүгдэгч Т.М-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр сумын төв дээр явж байгаад найз Отай тааралдаад бид 2 дэлгүүрээс 3 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй “Боргио” нэртэй пиво аваад “Дунд гол” гэх газарт очиж хувааж ууж байгаад пиво дуусах болж байхаар нь найз Б-руу утсаар ярьж дуудаж ирүүлсэн. Б ирэхдээ 2 том пиво авч ирсэн ба уг пивийг бид 3 хувааж уусан. Пиво дуусч Б хөдөө явсан. Тэр үед бид 3-тай хамт Д байсан боловч пиво уугаагүй юм. Тэгээд О бид 2 миний мотоциклоор сумын төврүү ороод дэлгүүрлүү орсон чинь манай сумын ах нар буюу Б, Б 2 зогсож байхаар нь бид 2 мэндийг нь асууж мэдсэн. Тэгсэн чинь миний найз О-ын өмсөж явсан малгайны саравчийг Б гараараа цохихоор нь О “та яагаад байна, миний ах аа” гэж хэлэээд цаашаа явсан. Тэгж байтал Б миний өмсөж явсан малгайны саравчийг гараараа цохисон. Тэгхээр нь би “та яагаад байна, яагаад хүний тэргүүнрүү цохиж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Б надруу үг хэлээр дайрч байгаад миний гарыг бариж аваад “гараад үзэх үү” гэж хэлээд намайг дэлгүүрээс дагуулаад гарсан. Гадна гараад Б “хоёулаа зодолдъё” гээд байсан. Тэгээд Б бид 2 өөр, өөрсдийнхөө мотоциклийг унаад “Баруун гол” гэх нэртэй газарлуу явсан. Гол дээр очоод Б намайг “барилдъя” гэхээр нь хувцасаа тайлаад бид 2 цээж нүцгэн барилдсан чинь надтай барилдаж байгаад Б намайг цохиж эхэлсэн. Тэгээд бид 2 харилцан зодолдсон бөгөөд зодолдож байтал Б намайг гараараа хувцаснаас боож ухаан алдуулсан. Гэнэт би ухаан ороод харсан чинь манай найз Оын дээр Б гарчихсан байхаар нь би ойртож очоод чулуугаар 2 удаа Бгийн толгойн хэсэгрүү цохисон чинь Б босоод гүйгээд явчихсан. Б миний малгайруу цохисоноос болж бид 2 зодолдохоор гол дээр очиж зодолдсоны улмаас Б-гийн биед гэмтэл учруулсан. Би Бд учирсан хохирлыг төлж барагдуулна. Би ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна. Дахин ийм үйлдэл гаргахгүй, архи согтууруулах ундаа уусан үедээ анхаарал болгоомжтой ууж гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй байхыг хичээнэ. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.М нь хохирогч Г.Б-г зодсоны улмаас түүний биед духны хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, духанд зулгаралт, цус хуралт, дух, баруун зулайн хуйханд язаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн мөрний урд хэсэгт зулгаралт гэмтэл учирсан бөгөөд дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь ийн Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 440 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-р тал/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р багийн нутагт хохирогч Т.М-г зодсон болох нь хохирогч Т.М-гийн: “Б надтай барилдаж байгаад намайг цохиж эхэлсэн. Тэгээд бид хоёр зодолдсон бөгөөд бид хоёр нэг нэгнийгээ гараараа цохиж, зодолдож байтал Б намайг гараараа боосон юм. Тэр үед би ухаан алдсан бөгөөд гэнэт ухаан ороод харсан чинь Б манай найз О-ын дээр гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 16-р тал/,
гэрч Т.О-ын өгсөн “Би М, Б хоёрын хажууд очиход Б манай найз М-гийн цамцных нь захнаас татаж, цээж хэсэг рүү нь өшиглөсөн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,
шүүгдэгч Г.Б-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Бид 2 зодолдож байгаад би Мг гараараа боож ухаан алдуулсан. Би ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй архи согтууруулах ундаа уусан үедээ анхаарал болгоомжтой ууж гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй байхыг хичээнэ. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
хохирогч Т.М нь шүүгдэгч Г.Б-д зодуулсны улмаас Дээд уруул, уруулын салстад язралт, баруун, зүүн нүдний дээд зовхи, цээжний баруун урд хэсэгт цус хуралт, бүсэлхийнд зулгаралт, зүүн чамархай, зулайн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан байх бөгөөд дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 439 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-р тал/-ээр тогтоогдсон тул шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
II. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.М нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.М нь хохирогч Г.Б-гээс уучлалт гуйж, эвлэрсэн, хохирогч Г.Бг нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болох нь түүний 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан эвлэрлийн гэрээгээр /нотариатаар батлагдсан/ нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.М нь Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багт 2 хүүхдийн хамт оршин суудаг болох нь Өндөрхангай сумын Жаргалант багийн засаг даргын 400 тоот тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаагаар, шүүгдэгч Т.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.
Шүүгдэгч Т.М-гийн хувийн байдлын талаар гэрч Н.Д-ийн “Би Төөрүүлийн Мг танина. Садан төрлийн холбоо байхгүй, бид хоёр найз нөхдийн холбоотой. Бид хоёр бага наснаасаа эхэлж одоо хүртэл нөхөрлөж байгаа. Би 2014 оноос Улаангом суманд Өндөрхангайгаас шилжиж ирээд амьдарч байна. Үүнээс хойш М нь Улаангом суманд ирэх үедээ манайд байнга ирдэг бөгөөд бид хоёр байнга холбоотой амьдардаг юм. М нь бага насандаа аав, ээжийнхээ гар дээр хүмүүжиж 2006 онд Улаанбаатар хотод цэргийн алба нэр төртэй хаасан. Тэгээд 2009 онд М-тай гэр бүл болж Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р багт эхнэр М, 2 охины хамт амьдарч байсан. 2014 онд эхнэр М нь нас барсан бөгөөд түүнээс хойш манай найз 2 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа юм. М нь ээж, 2 хүүхдийнхээ хамт тус сумын 4-р багт мал малладаг бөгөөд 5 хошуу малыг таван төрлөөр нь өсгөн маллаж байгаа малч ухаантай залуу байгаа юм. М нь гэр бүлдээ анхаарал халамжтай, гарын ур дүйтэй, техник сэтгэлгээтэй, ажиласаг хөдөлмөрч, бусдад тусархуу, даруу төлөв зантай, архи уудаггүй хааяа нэг баяр ёслолын үеэр найз нөхдийн дунд бага зэрэг уудаг. Бусадтай эелдэг боловсон харьцаатай, элдэв муу зуршил байхгүй, хүний эв дүйг олчихдог хүн байгаа юм. Сум орон нутагтаа нэр төртэй, ямар нэгэн муу зүйлээс холуур явдаг хүн юм. Одоогоор манай найз хоёр хүүхдийнхээ төлөө малынхаа хажуугаар хар бор ажлыг голохгүй хийж амьдарч байгаа хөдөлмөрч залуу байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,
гэрч Г.О “Би Т.М-г танина, садан төрлийн холбоо байхгүй. Бид хоёр найз нөхдийн холбоотой бөгөөд бид хоёр нэг нутаг усны хүмүүс учраас бага наснаасаа хойш нэг нэгнээ мэднэ. 2011 оноос эхэлж найз нөхөд болж одоо хүртэл нөхөрлөж байгаа юм. Би Улаангом суманд Өндөрхангайгаас шилжиж ирээд амьдарч байна. Үүнээс хойш М нь Улаангом суманд ирэх үедээ манайд байнга ирдэг, манай нөхөр Д бид гурав байнга холбоотой амьдардаг юм. М нь бага насандаа аав, ээжийнхээ гар дээр хүмүүжсэн. 2009 онд Мтай гэр бүл болж Увс аймгийн Өндөрхангай сумын 5-р багт эхнэр М, 2 охины хамт амьдарч байсан. Тэгээд 2014 онд эхнэр М нь нас барсан юм. Түүнээс хойш манай найз ээж, 2 хүүхдийнхээ хамт тус сумын 4-р багт мал маллан амьдардаг бөгөөд 5 хошуу малыг таван төрлөөр нь өсгөн маллаж байгаа малч ухаантай залуу байгаа юм. М нь гэр бүлдээ анхаарал халамжтай, гарын ур дүйтэй, техник сэтгэлгээтэй, ажилласаг хөдөлмөрч, бусдад тусархуу, даруу төлөв зантай, архи уудаггүй хааяа нэг баяр ёслолын үеэр найз нөхдийн дунд бага зэрэг уудаг хүн юм. Манай найз хоёр хүүхдийнхээ төлөө малынхаа хажуугаар хар бор ажлыг голохгүй хийж амьдарч байгаа хөдөлмөрч залуу байгаа юм. Манай найз эхнэр байхгүй учраас бага зэрэг сэтгэлээр унаж гутардаг зүйл хааяа гардаг юм. М нь хүнд хар буруу санж муу зүйл хийдэггүй хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/ хэрэгт авагджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Т.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах буюу хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн зэрэг нөхцөл байдал болон эхнэр нь нас барсан, одоо 2 хүүхдийн хамт амьдардаг ганц бие эцэг зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь хохирогч Т.М-гээс уучлалт гуйж, эвлэрсэн, хохирогч Г.Б-г нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болох нь түүний 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан эвлэрлийн гэрээгээр /нотариатаар батлагдсан/ нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багт эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суудаг болох нь Өндөрхангай сумын Цагааннуур багийн засаг даргын 401 тоот тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлгээр, шүүгдэгч Г.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон.
Шүүгдэгч Г.Б-гийн хувийн байдлын талаар гэрч П.Ж-ы “Би Г-ын Б-г танина, садан төрлийн холбоо байхгүй. Бид хоёр найз нөхдийн холбоотой бөгөөд бид хоёр 5 жил нөхөрлөж байна. Б нь Увс аймгийн Өндөрхангай сумын 3-р баг эхнэр Т, 1-11 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Б нь Өндөрхангай сумын 3-р багт мал малладаг бөгөөд 5 хошуу малыг таван төрлөөр нь өсгөн маллаж байгаа малч ухаантай залуу байгаа юм. Б нь гэр бүлдээ анхаарал халамжтай, гарын ур дүйтэй, техник сэтгэлгээтэй, ажилласаг хөдөлмөрч, бусдад тусархуу, даруу төлөв зантай, архи уудаггүй, хааяа нэг баяр ёслолын үеэр найз нөхдийн дунд бага зэрэг ууна гэхдээ согтохгүй, бусадтай эелдэг боловсон харьцаатай, элдэв муу зуршил байхгүй, хүний эв дүйг олчихдог хүн байгаа юм. Бгийн эхнэр Т нь Өндөрхангай сумын ахлах сургуульд англи хэлний багшаар ажилладаг. Хүүхдүүд нь сумын төвд голдуу байдаг бөгөөд Б нь өөрөө хөдөө отрын гэрээр мал дээрээ голдуу байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,
гэрч М.О-ийн “Би Г-ын Б-г танина, садан төрлийн холбоо байхгүй. Бид хоёр найз нөхдийн холбоотой. Бид хоёр 2008 оноос одоо хүртэл нөхөрлөж байгаа юм. Би 2012 оноос Улаангом суманд Өндөрхангайгаас шилжиж ирээд амьдарч байна. Үүнээс хойш Б нь Улаангом суманд ирэх үедээ манайд байнга ирдэг бөгөөд бид хоёр байнга холбоотой амьдардаг. Б нь бага насандаа аав, ээжийнхээ гар дээр хүмүүжээд 2001 онд Завхан аймгийн Завхан Тэс суманд цэргийн албыг нэр төртэй хаасан. Тэгээд 2007 онд Ттай гэр бүл болж Увс аймгийн Өндөрхангай сумын 3-р багт эхнэр Т, 1-11 насны 4 хүүхдийн хамт амьдарч байгаа. Б нь тус сумын 3-р багт мал малладаг, 5 хошуу малыг таван төрлөөр нь өсгөн маллаж байгаа малч ухаантай залуу байгаа юм. Б нь гэр бүлдээ анхаарал халамжтай, гарын ур дүйтэй, техник сэтгэлгээтэй, ажиласаг хөдөлмөрч, бусдад тусархуу, даруу төлөв зантай хүн юм. Архи уудаггүй бөгөөд хааяа нэг баяр ёслолын үеэр найз нөхдийн дунд бага зэрэг уудаг боловч согтохгүй. Бусадтай эелдэг боловсон харьцаатай, элдэв муу зуршил байхгүй, хүний эв дүйг олчихдог, сум орон нутагтаа нэр төртэй, ямар нэгэн муу зүйлээс холуур явдаг хүн байгаа юм. Бгийн эхнэр Т нь Өндөрхангай сумын ахлах сургуульд англи хэлний багшаар ажилладаг. Хүүхдүүд нь сумын төвд голдуу байдаг бөгөөд Б нь хөдөө отрын гэрээр мал дээрээ голдуу байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/ хэрэгт авагджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах буюу хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч Г.Б, Т.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Зүнтэг овогт Т.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
- шүүгдэгч Өндөрүүд овогт Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгээ.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Ялтан Г.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Б, Т.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б, Т.М нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ