Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 308/ШШ2025/00886

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Д аймаг С сум, *-р баг,*-р гудамж *** тоотод оршин суух, Э овогт М О нэхэмжлэлтэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Миний бие Д аймгийн Х сумын Ш-Ө нэгдэлд малчнаар 1988 оны 10 сарын 15-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэрт буруу бичсэнээс тогтоох боломжгүй болсон. Намайг Д аймгийн Х сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд малчнаар 1988 оны 10 сарын 15-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн,хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-3-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Л.Д,С.Б нарын тодорхойлолт /хх-09,12/, баримт бичгүүд /хх-10-11,13-14/, цэргийн алба хаасан лавлагаа /хх-6/, Шинэ-Өрнөлт ХК-ны захирлын тушаал /хх-7/ цалингийн тодорхойлолт /хх-8/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс:Л.Д гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан /хх-17-18/,

Нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ...үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.О нь Д аймгийн Х сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд малчнаар 1988 оны 10 сарын 15-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч М.О нь 1988 оны 10 сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалах яамны төв архивын тодорхойлолтоор нотлогдож байна.

Дээрх хугацаанд нэхэмжлэгч М.О Х сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1988 оны 10 сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан гэж тогтоох үндэслэлгүй байна.

Иймд хугацаат цэргийн алба хаасан буюу 1988 оны 10 сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.О нь Д аймгийн Х сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1984 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс 1993 оны 5 сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь иргэний үнэмлэхийн,хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-3-4/, Л.Ц, Т.Г нарын тодорхойлолт /хх-9,12/ мэдүүлэг, /хх-21-25/, баримт бичгүүд /хх-13-14, 17, 10-11/, 76 дугаартай тушаал /хх-6/, 43 дугаартай тушаал /хх-7/ цалингийн тодорхойлолт /хх-8/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч М.О-ыг Д аймгийн Х сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1984 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс 1993 оны 5 сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э овогт М О-г Д аймгийн Х сумын Шинэ-Өрнөлт нэгдэлд 1984 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс 1993 оны 5 сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.О-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ