| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0493/э |
| Дугаар | 518 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч Н.Р/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Н Р-д холбогдох эрүүгийн 1811010710458 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М овогт Н.Р, Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жунсон” ХХК-д арматурчин ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг 4 дүгээр хорооллын 6 дугаар байр 7-00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн Москва хороолол 141-36 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............ /.
Шүүгдэгч Н.Р нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “ЭБО” зочид буудалд согтуурсан үедээ Ц.Хишигбаатарыг хардалтын улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Р-оос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд зүс таних Саруул гэх эмэгтэй намайг дуудсан бөгөөд би тухайн үед найз Ганзоригийн хамт явж байсан. Тэгээд Саруултай Далайхүү төвийн урд уулзсан. Тэгээд Саруул энд манай хэдэн найзууд байгаа оръё гээд Эбо төв гэсэн буудал руу орсон. Буудал руу орохдоо би дэлгүүрээс 1 шил архи авсан. Буудалд ороход 3 залуу байсан. Тэгээд тэд нартай танилцаад 1 шил архиа хувааж уусан. Архиа дуусгаад буцаж гараад 2 шил архи бага сага идэж уух юм аваад эргээд буудалдаа орсон. Тэгээд авсан архиа уугаад би нилээд муудсан. Тэгээд тэнд байсан нэг залуутай нь маргалдаад цохьчих шиг болсон. Тэгээд сүүлд ухаан ороход 2 цагдаа ирчихсэн. Саруул болон 2 эрэгтэй нь байхгүй. Миний цохьсон гэх залуу Ганзориг бид гурав байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-25-26х/,
Шүүгдэгч Н.Р-оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Шүүгдэгч: Тухайн өдөр би 2 шил архитай буудал руу ороод архиа хувааж уугаад буудлыг зурагтыг хагалчихсан. Одоо би буудлыг зурагтыг төлчихсөн байгаа” гэв.
Хохирогч Ц.Хишигбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Саруул бид хоёр буудал орохоор болсон. Тэгээд Баярсайханы хоёр танил залууг та хоёр зуу татвал тат гээд Далайхүү төвийн хойно байрлах ЭБО төв гэх буудалд орсон. Тэгээд буудалд бид 4 хоёр шил архи уусан. Тэгээд Саруул утсаар яриад манай хоёр найз ирж байна гэнэ 1 шил архи авахуулчих уу гэхээр нь би тэг гэсэн. Удалгүй Саруулын хоёр найз нь гэх залуу орж ирсэн. Тэгээд тэр хоёр залууг ирэхэд нь Баярсайханы танил гэх хоёр залуу зөрөөд явсан. Тэгээд Саруул болон Саруулын найз нь гэх хоёр залуу бид нар нэг шил архиа уугаад би ч нилээд муудсан. Тэгээд би хэсэг унтчихаад босч ирсэн. Тухайн үед цаг нилээд орой болсон байсан бараг 22 юм уу 23 цаг болж байсан. Тэгээд өндийгөөд босч ирэхэд Саруулын найз нь гэх залуу миний зүүн нүд рүү гараараа цохисон. Тэгээд би урагшаа унаад нүд сонин болоод ресейпшн дээр очоод цагдаа дуудуулсан. Тухайн үед ийм л асуудал болсон …Зочид буудлын зурагтыг тэр залуу хагалсан байх. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед Саруул унтаж байсан. Харин найз нь хажууд нь сууж байсан. Харин Баярсайханы танил гэх хоёр залуу явчихсан байсан юм …Би эмнэлгээр 10 гаран хоног явсан. Эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-8-9х/,
Иргэний нэхэмжлэгч Ү.Тэгшбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 3 сарын 31-ний өдөр манай буудалд Рэнцэндорж, Хишигбаатар, Ганзориг гэх хүмүүс хоногоор үйлчлүүлэх хугацаандаа манай зочид буудлын өрөөний Haier маркийн 32 инчийн зурагтыг дэлгэцийг нь хагалж гэмтээсэн байгаа. Энэний улмаас манай байгууллагад 450 000 төгрөгийн хохирол учраад байна ...Манай зочид буудлын зурагтыг Рэнцэндорж гэх залуу нь удирдлага шидэж хагалсан гэж байсан. Энэ Рэнцэндорж гэдэг хүн нь мөн цуг байсан Хишигбаатар гэх залуугийнхаа нүд рүү цохиж гэмтээсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-11х/,
Гэрч Д.Наранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 3 сарын 31-ний өдөр миний ажлын сүүлийн гараа байсан бөгөөд өдөр 15 цаг өнгөрч байх үед 3 эрэгтэй 1 эмэгтэй манай зочид буудлаар орж үйлчлүүлсэн юм ...Удалгүй тэр өрөөнөөс бусдыгаа бодвол арай махлаг том биетэй бор царайтай залуу нь намайг цохичихлоо гээд хамраас нь цус гарсан байдалтай гарч ирсэн. Тэгээд би юу болов гээд өрөө рүү нь яваад ороход нэг залуу нь тасарчихсан шалан дээр хэвтэж байсан эмэгтэй нь зодсон гэх залуутай орон дээр хэвтэж байсан хүн зодсон гэх залуу нь туранхай бор царайтай их хүйтэн царайтай залуу байсан. Тэгээд зурагт руу харахад зурагтны наад бил үү цаад өнцөг нь хагарчихсан байсан. Тэгээд зурагт хагалсан байна гэхэд хүн зодсон гэх залуу би наадхыг чинь хагалчихсан төлөөд өгчихнө, яасан сүртэй юм гээд байсан эмэгтэй нь болохоор нь хүн унтуулсангүй гээд хэл амаар доромжилоод байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдааг ирэхэд хүртэл тэр хүн зодсон гэх залуу нь би зурагтыг нь цохиод хагалсан төлөөд өгнө гэж ярьж байсан. Тэр зодсон гэх залуу нь туранхай бор царайтай их хүйтэн царайтай хүн байсан. Тэр залууг нөгөө зодуулсан ах хэлээд байсан. Намайг өрөөнд нь ороход нэг нь бол тасраад шалан дээр хэвтэж байсан. Тэр тасарсан хүн хүн зодно гэж байхгүй байх. Ямар ч байсан тэр зурагт хагалсан төлөөд өгчихнө гээд байсан залуу хүн зодсон байх” гэсэн мэдүүлэг /хх-17х/,
Гэрч Т.Энхбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 3 сарын 31-ний өдөр би ЭБО төвд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад манай ресейпшнээр ажиллаж байсан Наранцэцэг дээр зодоон болоод байна хамт ороод өгөөч гэхээр нь 2 давхарт гарч зодоон болсон гэх өрөө рүү ороход 1 эмэгтэй тасарсан байдалтай нүцгэн хэвтэж байсан. 3 залуу байсан. Нэг залуу их муудсан нэг нь хүүхнийхээ хажууд байж байсан. Тэгээд бор царайтай туранхай залуу /Рэнцэндорж/ хүний нүд цохьчихсон хагалчихсан гэл үү удирдлага ч шидчихсэн гэл үү нэг тийм яриад төлөөд өгчихнө гээд байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Зодуулсан гэх махлаг залууг /Хишигбаатар/ зодсон гэх туранхай залуу /Рэнцэндорж/ нарыг аваад явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-17х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 4407 тоот дүгнэлтэнд:
“1. Ц.Хишигбаатарын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-19х/,
Шүүгдэгч Н.Рэнцэндоржийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Шүүгдэгч Н.Рнь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “ЭБО” зочид буудалд согтуурсан үедээ Ц.Хишигбаатарыг хардалтын улмаас зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.Рэнцэндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Хишигбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохирлын талаарх баримтаа гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлжэгч Ү.Тэгшбаатарын гэм хорын хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Н.Рэнцэндоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн хохирогч Ц.Хишигбаатар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Н.Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р-д оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд буюу 2018 оны 9 сарын 3-ны өдөр төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хохирогч Ц.Хишигбаатар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Р-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН