| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2410000000312 |
| Дугаар | 2025/ДШМ/689 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Д.Сүрмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/689
2025 06 03 2025/ДШМ/689
Д.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Сүрмандах,
хохирогч Г.О-, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг,
хохирогч Б.Номин-Эрдэнийн өмгөөлөгчийн Л.Батбаяр,
яллагдагч Д.Э-ын өмгөөлөгч М.Мөнгөнхүү,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/3025 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Сүрмандахын бичсэн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Э-д холбогдох эрүүгийн 2410000000312 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э-,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 8 жил 9 сар 1 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 12 жилийн хугацаагаар тогтоож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 525 дугаар магадлалаар 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 жилийн хорих ял болгон, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын хэмжээнд нийцүүлэн хасаж, хорих ялын хэмжээг 5 жил 7 сар 9 хоногийн хорих ял болгож, нийт эдлэх хорих ялын хэмжээг 12 хугацаагаар тогтоосон,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 жилийн хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 7 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 12 жилийн хугацаагаар тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;
Д.Э- нь
Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны “Гэрлүгэ виста” хотхоны оршин суугчдын фейсбүүк групп дээр Римакс үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Д.Дэлгэрмөрөнгийн байршуулсан зарын дагуу холбогдож, тус хотхоны 58/8 дугаар байрны 5 давхрын 01 тоот, 16 давхрын 01 тоот, 58/6 дугаар байрны 21 давхрын 05 тоот, 12 давхрын 03 тоот, 58/5 дугаар байрны 18 давхрын 02 тоот, 58/3 дугаар байрны 13 давхрын 04 тоот, К4 блокийн 58 дугаар байрны 4 дүгээр орцны 601 тоот орон сууцнуудыг өмчлөгчтэй нь түрээслэх гэрээ байгуулж, түрээслэн авсан хэрнээ бусдад худалдахаар үзүүлж тус хотхонд байр өмчилдөггүй бодит байдлаа нууж, зохиомол байдлыг зориуд бий болгож, итгэл төрүүлж, хохирогч нарыг төөрөгдөлд оруулж
1. хохирогч Д.У-гаас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 461.200.000 төгрөгийг,
2. хохирогч Д.У-аас 2024 оны 01 дүгээр сарын 30-наас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд 710.000.000 төгрөгийг,
3. хохирогч Б.Ч-ээс 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 119,000,000 төгрөгийг,
4. хохирогч М.С-аас 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 215,000,000 төгрөгийг,
5. хохирогч Ж.Б-гаас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны хооронд 89.400.000 төгрөгийг,
6. хохирогч Г.О-гаас 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 59,200,000 төгрөгийг,
7. хохирогч Б.О-, Б.Н нараас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 168.500.000 төгрөгийг,
8. хохирогч Н.У-ээс 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 229.000.000 төгрөгийг,
9. хохирогч Б.Х-аас 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 250,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нэр бүхий хохирогч нарыг залилж, нийт 2.301.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Э-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар заасан ба тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотолно” гэж хуульчилсан хуулийн шаардлага бүрэн хангагдаагүй гэж үзэхээр байна.
Тодруулбал: Хууль зүйн хувьд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2, 3 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг тодорхойлж хуульчилсан ба 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг 3.1 дэх заалтад “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон"-ыг хүндрүүлэх шинжээр тодорхойлсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад "байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” бол гэдэг нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэргийг олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг ойлгоно. Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолууд зэрэг баримтуудаар яллагдагч Д.Э- нь урьд 2 удаа өмчлөх эрхийн эсрэг буюу залилах гэмт хэрэгт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 525 магадлалаар 5 жил 7 сар 9 хоногийн хорих ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 597 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 8 хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 5 жил 7 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2022 оны 10 дугаар 16-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан байсан боловч дахин 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны хүртэл хугацаанд үргэлжилсэн 9 удаагийн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлджээ.
Дээрхээс үзэхэд яллагдагч Д.Э- нь залилах гэмт хэрэгт урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба дахин удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан буюу бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” бол гэсэн хэсгээр хэргийг зүйлчилж шүүхэд ирүүлсэн байна. Яллагдагч нь харьцангуй удаан хугацаанд залилах гэмт хэрэг үйлдэж байгаа байдал нь амьдралын хэвшил болгосон, улмаар хохирогч нараас авсан мөнгийг өр төлбөрөө төлөх, байрны түрээсээ төлөх гэх зэргээр амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгосон, тогтвортой шинжтэй нөхцөл байдал байх тул хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн ба зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай.
Түүнчлэн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан асуудлуудыг анхаарч нотолбол зохих ажиллагааг хангалттай явуулж, хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр, нэг мөр мөрдөн шалгах ажиллагаагаар шалган тогтоох, оролцогч нарын хууль ёсны эрх ашгийг хангах, хэргийн материал танилцуулах зэрэг асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлнө гэх үндэслэлээр яллагдагч Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, яллагдагчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Д.Сүрмандах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох ба үүний дараа Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулахаар зохицуулсан байна. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох хуралдаанаар хэргийг хэлэлцээгүй байхад хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хохирогч М.С-ын өмгөөлөгч Р.Машлайн гаргасан гомдлыг хэлэлцсэн ба гомдолд хохирогч М.С- хэргийн материалтай танилцаагүй гэх үндэслэл нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн явдал биш бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусаад мөрдөгч хохирогч М.С-т хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэж, боломжоор хангасан боловч ирж танилцаагүй, хэргийг шүүх рүү шилжүүлэх үед хохирогч М.С-ын өмгөөлөгч Р.Машлай хэргийн материалтай биечлэн танилцсан. Нэмж хэлэхэд шүүхийн шатанд хохирогч М.С- хэргийн материалтай танилцах бүрэн боломжтой байсан. Хэргийн материалтай танилцах ажиллагаа нь заавал мөрдөн байцаалтын шатанд хийгдэх ажиллагаа биш тул шүүхээс оролцогчийн эрх ашгийг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн бодит байдал болон хуулийн шаардлагад нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч Г.О-гийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирогч Г.О-гийн хувьд хохирлын тооцоогоо гаргаж өгсөн. Тэрээр уг хэрэгт холбоогүй. Харин хохирсон болохыг тогтоосон. ...” гэв.
Хохирогч Г.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. ...” гэв.
Хохирогч Б.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон. Хохиролтой холбоотойгоор гэм хорын асуудал яригдана. Үүнийг шүүхийн шатанд тогтоох боломжгүй тул хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөр харагддаг. ...” гэв.
Яллагдагч Д.Э-ын өмгөөлөгч М.Мөнгөнхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан байсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг зарлах хүсэлтийг хохирогч Н.У-ийн өмгөөлөгч н.Цэрэндаваа, хохирогч М.С-ын өмгөөлөгч Р.Машлай нар гаргасан. Хохирогч М.С-ын өмгөөлөгч Р.Машлай “хохирогч М.С-т хавтаст хэргийн материал танилцуулалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэх үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. Хохирогч Н.У-ийн өмгөөлөгч н.Цэрэндаваагаас ямар үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгийн хурал зарлуулах гээд байгаа талаараа тодорхой дурдаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яг ямар нотлох баримтыг хууль бусаар бэхжүүлсэн, цуглуулсан гэж үзэж байгаа болохоо тодорхойлж чадаагүй. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудалд хамааралгүй асуудлыг хэлэлцсэн буюу зүйлчлэлийг хүндрүүлэх талаар захирамждаа дурдсан. Шүүгч прокурорын эрх хэмжээнд халдаж прокурорт чиглэл өгөх байдлаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх асуудлыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Д.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос яллагдагч Д.Э-ыг өөрийн түрээсэлж байсан байрыг нэр бүхий 11 хохирогчид зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 2.301.300.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Д.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...хэргийн зүйлчлэл тохироогүй, өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан асуудлуудыг анхаарч нотолбол зохих ажиллагааг хангалттай явуулж, хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр, нэг мөр мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоох ...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Д.Э- нь урьд залилах гэмт хоёр удаа ял шийтгүүлж, 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсанаас хойш 4 сар хүрэхгүй хугацааны дараа 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны хооронд нэр бүхий хохирогч нараас 2.301.300.000 төгрөгийг /өмнө залилж байсан аргаар/ авсан хэмээн буруутгаж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарын мэдүүлэгт дурдсан Н.Сэлэнгэ, н.Ариунаа, В.Э-, З.Гэсэрбадам нарын хамтран оролцооны хэлбэр байгаа эсэх талаар шалгах ажиллагаа огт хийгээгүй байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/3025 дугаар захирамжийг үлдээж, прокурор Б.Сүрмандахын бичсэн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН