Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02197

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02197

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Батзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01785 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Батзоригийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Батцоожид холбогдох

Гэм хорын хохиролд 8 051 393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Батзориг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Мөнх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч С.Батзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эрүүлжүүлэн саатуулах байранд саатуулагдахаар явж байх замд цагдаагийн машин дотор ахмад Б.Батцоож тамхи татахаар нь би бас тамхи асаатал Б.Батцоож шууд баруун нүд рүү хүчтэй цохисон. Аль гараараа цохисныг нь мэдэхгүй байна. Энэ цохилтоос миний баруун нүд хараагүй болж, 9 удаа хагалгаанд орж, эмчилгээ хийлгэсээр байна. Хагалгаа хийлгэсний болон эмчилгээний зардалд нийт 8 851 393 төгрөг зарцуулагдсанаас бэлнээр 2 800 000 төгрөг авч үлдэгдэл 6 051 393 төгрөгийг төлөөгүй. Үлдэгдэл төлбөр болох 6 051 393 төгрөгийг нүд хараагүй болсноос үүссэн бие болоод сэтгэл санааны хохирол 2 000 000 төгрөг, нийт 8 051 393 төгрөгийг Б.Батцоожоос гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Батцоожоос 4 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Батзоригт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 551 393 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 86 950 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.Батцоож давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Шүүх хурлын товыг нэхэмжлэгч, хариуцагч 2 талд мэдэгдээгүй. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнх-эрдэнэд шүүгчийн туслах 8 дугаар сарын сүүлч 9 дүгээр сарын эхээр шүүх хурал болно гэж хэлсэн, үүнээс хойш утсаар яриагүй, огт мэдэгдээгүй болно. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтаар эрүүгийн хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул Сонгинохайрхан дүүргийн Прокурорын 2017 оны 8 дугаар сарын 29 ны өдрийн 22 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс "гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон" гэж үзэж, нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч С.Батзориг нь эмнэлэгт 9 удаа хагалгаа хийлгэсэн гэх боловч эмчилгээний зардалд гарсан санхүүгийн баримтыг шүүхэд өгөөгүй. Нэхэмжлэгч С.Батзориг нь хагалгаанд орсон, мөнгө төлсөн гэж тайлбарлаж боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй. Тухайн үед эрүүгийн хэрэг шалгаж байсан мөрдөн байцаагч н.Амаржаргал нь С.Батзоригийн эмчилгээний зардал 2 750 000 орчим төгрөг гарсан гэсэн, удахгүй эмнэлэгийн баримтаа авчирч өгнө гэсэн, чи тэр мөнгийг өгсөн нь дээр гэж хэлсний дагуу би түүнд 2 800 000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн. Үүний дараа С.Батзориг нь надтай уулзахаар үдшийн 22 цагийн орчим машин барьж, хүүхдээ суулгаад ирсэн бөгөөд тэрээр надад мөнгө хэрэгтэй байна, хүүхдийн төлбөр, хүнээс мөнгө зээлж эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний мөнгөө авах хэрэгтэй байна, эхнэр сална гээд байна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа дахин уулзахаар ирэхдээ том ачааны машин унаад шороо буулгахаар явж байна гэж хэлсэн. Тэрээр мөн гэрээсээ хөөгдсөн, нүд юм харахаа больсон, би амьд явах хүсэл алга гэх мэтээр учир нь олдохгүй ойлгомжгүй олон зүйл ярьсан. Дахиад хэд хоногийн дараа дахин уулзахаар дуудахад нь өмгөөлөгч н.Даваажавын хамт очиж уулзахад ачааны том машин унаж ирсэн. Энэ үед үдшийн 22 цаг өнгөрч байсан. Миний хоёр нүд юм харахгүй болсон, зунжин ажилласан компани цалингаа өгөхгүй байна, өөрийнхөө хувийн машинаар ажил хийж баахан шатсан, эхнэр намайг гэрээсээ хөөгөөд оруулахгүй байна гэх мэтээр ярьсан. Түүний энэ яриануудаас үүдэн амиа хорлож магадгүй гэж бодсон тул С.Батзоригт 6 000 000 төгрөг өгнө гэж бичиж өгсөн. С.Батзориг нь нүд юм харахаа больсон гэж байнга ярьдаг боловч уулзах болгондоо машин барьж явдаг ба ачааны том машинаар барилгын компанид шороо зөөх ажил хийдэг байсан. Нүдгүй хүн ингэж явж чадна гэдэгт эргэлзэж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын тогтоолоор С.Батзоригийг цохиж зодсон гэх байдал тогтоогдоогүй гэж үзэн хэргийг хэрэгсэлгүй болгосон. Гэтэл хэрэг нь нотлогдсон мэтээр эрүүл мэндэд учирсан хохирлыг төлүүлэх шийдвэр гаргасаныг үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь алдаа ихтэй, зөв тооцоололгүй гарсан байна. Болдын Батцоожийн овгийг Богд овогтой Батцоож гэж буруу бичсэн. Би 6 000 000 2 800 000 = 3 200 000 төгрөг төлөх ёстой гэх байтал 6 000 000 1 500 000 = 4 500 000 төгрөг төлнө гэж буруу тооцоолсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.Батзориг хариуцагч Б.Батцоожид холбогдуулан гэм хорын хохиролд 8 051 393 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хагалгаа хийлгэсний болон эмчилгээний зардалд 6 051 393 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2 000 000 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч буюу цагдаагийн ахмад Б.Батцоож нь нэхэмжлэгч С.Батзоригийг саатуулахаар авч явах замдаа машин дотор тамхи татсан гэх шалтгаанаар зодож түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 3-4 тал/

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо ...прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзсэн гэжээ.

 

Хэдийгээр хариуцагч Б.Батцоожийн үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгээгүй ч хуульд зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд гэм хорын хохирлыг арилгах үүрэг хүлээдэг.

 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.Батзориг нь хариуцагч Б.Батцоожоос өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Батцоож нь нэхэмжлэгч С.Батзоригт гэм хорын хохирол учруулаагүй болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Зохигчид эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээний талаар тохиролцож, 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Төлбөр төлөх тухай хэлцэл байгуулсан байх бөгөөд хариуцагч Б.Батцоож эмчилгээний зардалд 6 000 000 төгрөг төлөхөөс 1 500 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 4 500 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөх үүргийг хүлээжээ. Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч С.Батзориг нь 1 500 000 төгрөг авсан болохоо үгүйсгээгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Батзориг нь хагалгаа болон эмчилгээний зардалд 6 051 393 төгрөг зарцуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч талуудын байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн төлбөр төлөх тухай хэлцлийг үндэслэн хариуцагч Б.Батцоожоос бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хор учруулсантай холбоотой зардалд 4 500 000 /6 000 000-1 500 000= 4 500 000/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч Б.Батцоож нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх, үүрэгтэйгээ танилцсан байх боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн хариуцагч Б.Батцоож давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ...шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч болон хариуцагч талд мэдэгдээгүй, овог буруу бичсэн гэж заажээ.

 

Шүүх хуралдаан 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 09.00 цагт болох талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнх-Эрдэнэ нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 31 тал/ Анхан шатны шүүх зохигчид шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт ... хариуцагч Б.Батцоож... гэж бичсэн атлаа шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийн овгийг бүтнээр нь бичихдээ буруу бичсэн байгааг техникийн алдаа байна гэж үзлээ. Анхан шатны шүүх цаашид ийм алдааг гаргахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ц.ИЧИНХОРЛОО

ҮНДЭСЛЭХ НЬ:

...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .................... дугаар зүйлийн .........................................-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ..........................................................................................................................................................................................................................

2.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         .................

                               ШҮҮГЧИД                                               #OTHER_JUDGE_LARGE#