Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 519

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч А.А/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.А-т холбогдох эрүүгийн 1811014390511 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Б овогт А.А, Монгол Улсын иргэн, 2000 оны 2 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 16 дугаар гудамжны 194/а тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Сааралын 22-11 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............. /

Шүүгдэгч А.А нь 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Э.Гантулгад “хямд утас, зөөврийн компюьтер авах уу” гэж хэлээд хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутагт 100.000 төгрөгийг, 2018 оны 5 дугаар сарын эхээр “…мөнгийг чинь өгөх гэсэн юм, гар утсаа ломбарданд тавиад өгөөч” гэж хэлээд хуурч, ЛЖ-5 загварын гар утсыг залилан авч нийт 415.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 20-ны үед надад мөнгөний хэрэг гараад найз нэг ангид хамт сурч байсан Гантулгатай фэйсфүүкээр холбоо барьж манай ах зөөврийн компьютер гар утас хямд зарах гэж байна гэж худлаа хэлж Гантулгатай 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр уулзаж Гантулгад худлаа ярьж ахаас чамд зөөврийн компьютер гар утас авч өгнө гэж Хайлаастад дагуулж ирээд манай ах согтуу байна чи мөнгөө надад үлдээгээд маргааш зөөврийн компьютер гар утсаа аваарай гэж мөнгийг нь авч үлдээд маргааш нь мөнгийг үрсэн. Тэгээд түүнээс хойш нэлээд хэд хоногийн дараа Гантулгатай дахин уулзаж манай ах зөөврийн компьютер гар утас зарах худлаа болсон манай дүү нэг гар утас зарах гэж байна, хоёулаа энэ гар утсыг хямд авч байгаад буцааж үнэтэй зараад чиний 100.000 төгрөгийг гаргаж авъя гэж ярилцсан. Тэгээд би өөрийн НӨТ-3 загварын гар утас Гантулгын ЛЖ Ж-5 загварын гар утсыг 7 хоногийн хугацаатай тавьсан ... Тухайн мөнгөөр ПС тоглоод кино үзээд үрж дуусгасан  ...” гэх мэдүүлэг /хх-25-26х/,

    Шүүгдэгч А.А-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Баянгол дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн автобусны буудал дээр уулзаад хохирогчид худлаа ярьж 100.000 төгрөг аваад найздаа зээлсэн. Дараа нь манай дүү гар утас эвдэрчихлээ үүнийг зараад өг гээд байсан. Тэгээд би худлаа хэлэн Гантулгын гар утсыг барьцаалан зээлдүүлэх газар тавьсан” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.Гантулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өвөөгийн гэрт байж байж байсан чинь манай ангид хуучин сурч байсан Анхбаяр гэх хүн фэйсфүүкээр холбоо барьж чи хямд утас зөөврийн компьютер авах уу манай ах зарах гэж байна чи хүрч ирээд авчих уу гэж хэлсэн. Тэгээд Анхбаяр бид хоёр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хорооллын тэнд манай гэрийн орчимд уулзаж хамт Хайлааст явж Анхбаярын ахын гэр байдаг гэх газарт очсон. Анхбаяр хоёулаа энд манай ахыг хүлээн гэж нэлээд байж байгаад Анхбаяр манай ах согтуу байна чи мөнгөө өгчих маргааш манай ах зөөврийн компьютер гар утсыг чинь өгнө гэж хэлсэн. Би Анхбаярт 100.000 төгрөг өгөөд явсан. Түүнээс хойш манай ах согтуу байна гэж явсаар байгаад нэлээд удсан. 2018 оны 5 дугаар сарын эхээр байх Анхбаяр надтай уулзаж манай ах худлаа болсон би мөнгийг чинь буцааж өгнө. Харин манай дүүгийн гар утасны дэлгэц хагарсан дүүдээ би өөр утас авч өгөөд дүүгийн утсыг авч үнэтэй зарж байгаад чиний мөнгийг өгөх гэсэн юм. Чи гар утсаа ломбарданд тавиад өгөөч баталгаатай нь дээр миний утастай хамт ломбарданд тавъя гэж хэлсэн юм. Тэгээд Анхбаяр миний ЛЖ-5 загварын гар утас өөрийнхөө НӨТ-2 гар утастай нийлүүлэн 230,000 төгрөгөнд тавьж мөнгийг нь аваад маргааш чиний мөнгийг чинь өгнө гэж хэлээд надаас холбоо барихгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-14х/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэчимэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа хэрвээ хохирлоо төлвөл гомдол санал байхгүй” гэв.

Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан “...ЛЖ-5 загварын гар утас 315000 төгрөг ...” /хх-29-30х/,

Шүүгдэгч А.Анхбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-34х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч А.Ань 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Э.Гантулгад “хямд утас, зөөврийн компюьтер авах уу” гэж хэлээд хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутагт 100.000 төгрөгийг, 2018 оны 5 дугаар сарын эхээр “…мөнгийг чинь өгөх гэсэн юм, гар утсаа ломбарданд тавиад өгөөч” гэж хэлээд хуурч, ЛЖ-5 загварын гар утсыг залилан авч нийт 415.000 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзсан болно.

Мөн шүүгдэгч А.А-аас насанд хүрээгүй хохирогч Э.Гантулгад учруулсан гэм хорын хохирлын 415.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ыг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-аас хохирлын 415.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэчимэгт олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ыг оногдуулсан 6 сарын хорих ялаас чөлөөлж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хохирлын 415.000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны дотор төлөхийг үүрэг болгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ё.ЦОГТЗАНДАН