Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/690

 

   

 

 

 

    2025            06             03                                        2025/ДШМ/690                    

 

С.Б-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч С.Б-э, түүний өмгөөлөгч Х.Гантулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/1070 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-э, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Б-эд холбогдох эрүүгийн 2408047040057 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-э,

 

Шүүгдэгч С.Б-э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 09-ний 18 цагт 24 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын замд “Тоyota prius” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин, улмаар “Hyundai sonata” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Чойжин овогт Сэрээнэндоржийн Б-ийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.Б-эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч С.Б-э бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Б-э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би бичиг, үсэг мэддэггүй, барилгын туслах болон засал чимэглэл, гадна засвар гээд барилга дээр аль чадах ажлыг хийж амьдардаг. Хэрэгт шалгагдсан цагаасаа хохирогчоос уучлалт гуйж, машинд нь учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Би байнга архи уугаад байдаггүй ч хааяа архи уучихдаг байсан. Мэс засалд орсноос хойш эмч “дахин архи уувал эрүүл мэнд, амь нас чинь хохирно” гэж зөвлөсөн болохоор хагалгаанд орсноос хойш нэг ч удаа архи уугаагүй өдийг хүрсэн. Би унаж, татдаг өвчтэй ба энэ оны 01 дүгээр сард тархиндаа цус харваад хагалгаанд орж амь аврагдсан. Мөн л архи их ууж, унаснаас ийм зүйл болсон. Хорих газарт ирснээс хойш толгой байнга хүчтэй өвдөж, даралт ихсээд буухгүй байсан. Эм тариа хийж даралт буулгаж, хорихын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Одоо гарын алганы арьс шарлаж, толгой эргэж, ухаан балартах зэрэг зовуурь арилахгүй байгаа. Өндөр төлбөртэй оношилгоо, шинжилгээ хийлгэ гэж эмч хэлсэн ч хийлгэж чадаагүй байна. Би анх удаагаа хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна, дахин архи уухгүй, автомашин барихгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө  үү. ...” гэв.  

 

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Х.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нь боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, барилгын туслах, засал чимэглэл, гадна засварын туслах зэрэг барилга дээр өөрийн аль хийж чадах ажлыг хийж амьдардаг, эпилепси буюу унаж татдаг өвчтэй, унаж татсанаас тархиндаа цус харваж, хагалгаанд орсон, одоогоор биеийн байдал нь тааруу, байнгын эмчийн хяналтад зайлшгүй баримтлах дэглэм сахидаг хүн. Тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол болох 533.000 төгрөгийг төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байгаа болох нь илт харагддаг. Давж заалдах шатны шүүхээс С.Б-эд хөнгөн ял оногдуулж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх С.Б-эд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч С.Б-э болон түүний өмгөөлөгч Х.Гантулгын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч С.Б-э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагт 24 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын замд согтуугаар “Тоyota prius” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

С.Б-ийн яллагдагчаар өгсөн “...би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон “Hyundai sonata” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн. ...өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 7 хоногийн баривчлах шийтгэл авсан. ...” /хх 68/,

иргэний нэхэмжлэгч Т.Р-ын “...“тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг гаргуулахад нийт 533.000 төгрөгийн хохирол гэж гарсан. Энэ хохирлыг буруутай жолооч 100 хувь төлж барагдуулсан. ...” /хх 44/ ,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.А- “...“Тоyota prius” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өмчлөл, эзэмшилд байдаг ба би 2023 онд 12.000.000 төгрөгөөр хувь хүнээс худалдан авч байсан. Уг тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 59/  гэсэн мэдүүлгүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-9/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 10-12/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх 16/ согтуурал шалгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 3-6/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн:

шүүгдэгч С.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эрхгүй атлаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч С.Б-э болон түүний өмгөөлөгч Х.Гантулга нар “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

1. Шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзана.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг хортой үр дагавартай.

Хэдийгээр шүүгдэгч С.Б-э нь гэм буруу дээр маргаагүй, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол төлсөн байх боловч тэрээр 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилээр эрхээ хасуулсан үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр 3 сарын дараа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд тухайн зүйл заалтад заасан хорих ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулсан 6 сарын хорих ял нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-э болон түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Б-э нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 47 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/1070 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-э болон түүний өмгөөлөгч Х.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 47 /дөчин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                        Т.ШИНЭБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН