Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0105/З |
Дугаар | 221/МА2018/0347 |
Огноо | 2018-06-14 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2018/0347
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0270 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0270 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 26 дугаар зүйлийн 26.3.2, 26.5, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр олгосон “С” ХХК-ийн ашигт малтмалын MV-...... дугаар тусгай зөвшөөрлийг Уул уурхайн компьютерийн кадастрын системд “хүчингүй” гэж бүртгэснийг хүчингүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК нь “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээхийг Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэхүү шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-Э-ийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа “кадастрын мэдээллийн санд бүртгэх” гэсэн шаардлагыг ”...тусгай зөвшөөрлийг уул уурхайн компьютерын кадастрын системд “хүчингүй” гэж бүртгэснийг хүчингүй болгуулах...” гэж өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0270 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасан журмын дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бол “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар шийдвэрээр олгосон “С” ХХК-ийн ашигт малтмалын М\/-........ дугаар тусгай зөвшөөрлийг уул уурхайн компьютерын кадастрын системд “хүчингүй” гэж бүртгэснийг хүчингүй болгуулахыг хүссэн. Тус компаниас Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн а/41 дүгээр тушаал” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0331 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийг эс зөвшөөрч “С” ХХК нь давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2017/0484 магадлалаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Магадлалыг хариуцагч байгууллага эс зөвшөөрч хяналтын шатны гомдол гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 347 дугаар тогтоолоор хариуцагчийн гомдлыг бүхэлд нь хангаж, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Энэхүү тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасны дагуу гарч хуулийн хунин төгөлдөр болсон. Гэтэл мөн хуулийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэсэн заалтыг анхаарч үзээгүй, захиргааны байгууллагыг илтэд буруутган холбогдох хууль тогтоомж, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж хариуцагч байгууллага үзэж байна.
2. Шийдвэрийн Тогтоох хэсэгт “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 26 дугаар зүйлийн 26.3.2, 26.5, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заалтыг баримталсан. Энэ заалт нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь хайгуулын .....Х тоот тусгай зөвшөөрлийг анх 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр олгогдож, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр эзэмших 12 жилийн хуулийн хугацаа дуусгавар болжээ. Дээр дурдсан дуусгавар болсон ....Х тоот тусгай зөвшөөрлийг 1 жил орчмын дараа Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх тухай” а/41 дүгээр тушаалаар эрхийг нь сэргээж тус компанийн ашиглалтын өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн байдаг.
Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” заалтуудыг илтэд зөрчсөн. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалыг тус тус үндэслэн Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн а/41 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэх анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0331 дугаар шийдвэрт дүгнэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг 9, 10 дугаар хуудсанд “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаал нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан агуулгагүй байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах эрх хэмжээ олгогдоогүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж хуульчилсан ба Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 04 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрыг шинэчлэн байгуулсан бөгөөд Засгийн газраас агентлагийн даргыг томилдог зохицуулалттай. Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тушаалаар тус агентлагийн бүтцийн ерөнхий бүдүүвчийг баталж, Кадастрын хэлтсийг агентлагийн бүтцийн нэгж байхаар тогтоосон. Агентлагийн дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ газрын нэгжид түшиглэж, эрхлэх асуудлынхаа зөвлөгөө, мэдээлэл, туслалцаа авах, тушаал гаргах замаар газрын үйл ажиллагааг өдөр тутам удирдан зохион байгуулж, түүний үр дүнг Засгийн газрын гишүүний өмнө хариуцан ажилладаг. Гэтэл шүүхийн шийдвэрт Ашигт малтмал, газрын тосны газрын даргад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах эрх хэмжээ олгогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Шийдвэрийн 10 дугаар хуудсанд “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн а/41 дүгээр тушаалыг үндэслэлээ болгоогүй, харин Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэлээ болгожээ. Иймд хариуцагчийн “Кадастрын хэлтсийн даргын 506 дугаар шийдвэр гаргах үндэслэл болсон а/41 дүгээр тушаал хүчингүй болсон учраас дагаад хүчингүй болсон гэсэн тайлбар үндэслэлгүй юм ...” гэж дүгнэсний тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж заалтыг анхааралгүй шийдвэрлэсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0270 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзэв.
“С” ХХК-аас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар тушаалаар олгосон “С” ХХК-ийн эзэмших ашигт малтмал ашиглалтын MV-...... дугаар тусгай зөвшөөрлийг Уул уурхайн компьютерын кадастрын системд “хүчингүй” гэж бүртгэснийг хүчингүй болгуулах, “С” ХХК-ийн уг зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээхийг Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэгчийн үлдэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анх 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын нутаг “С х-1” нэртэй газар орших 9446 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ....Х дугаартай тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын хайгуулын ....Х дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн “А” ХХК-д олгосон, улмаар “А” ХХК нь уг хайгуулын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх өргөдлийг 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргаж, Геологи, уул уухайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр “С” ХХК-д шилжүүлсэн байна. Улмаар Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 634 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс тооцож, 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгажээ.
Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр/ 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн а/41 дүгээр тушаалаар “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын .....Х дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг даалгаснаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 506 дугаар шийдвэр гаргаж, Төв аймгийн Баянцогт сумын нутаг дахь “С х-1” нэртэй 2954.41 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-..... дугаар тусгай зөвшөөрлийг “С” ХХК-д олгосон болох нь тус тус тогтоогджээ.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах, дуусгавар болох үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан. Тухайлбал хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д ...тусгай зөвшөөрөл дуусгавар болгох үндэслэлүүдийг, 56 дугаар зүйлийн 56.1-д ...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг тус тус тодорхойлон зааж, уг шийдвэрийг гаргах этгээдийг ч мөн заасан байна.
Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч “С” ХХК-д олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан Кадастрын хэлтсийн даргын ямар нэгэн шийдвэр гараагүй байхад өөрийн мэдээллийн сан болох Уул уурхайн компьютерын кадастрын системд маргаан бүхий “С” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-...... дугаар тусгай зөвшөөрлийг “хүчингүй” болсон гэж бүртгэсэн нь дээрх хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаал нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан агуулгагүй байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах эрх хэмжээ олгогдоогүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч “С” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хүчин төгөлдөр байна. Иймд уг захиргааны актыг цуцалсан, хүчингүй болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй гэж үзэх үндэслэлтэй.
Нөгөө талаар шүүхэд хариуцагч нь “ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан” гэж тайлбарлаж байх боловч “С” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-...... дугаар тусгай зөвшөөрлийг 2046 оны 07 дугаар сарын 20-нийг дуустал хугацаагаар олгосон болох нь тогтоогдсон, түүнчлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 506 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн а/41 дүгээр тушаалыг үндэслэлээ болгоогүй, харин Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэлээ болгосон тул хариуцагчийн Кадастрын хэлтсийн даргын 506 дугаар шийдвэр гаргах үндэслэл болсон а/41 дүгээр тушаал хүчингүй болсон учраас 506 дугаар шийдвэр дагаад хүчингүй болсон гэсэн тайлбар үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР