Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 520

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Б.Байгалмаа,

Шүүгдэгч М.Г/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Г-т холбогдох эрүүгийн 1811011180533 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Б овогт М.Г, Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-897 тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй,

1999 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 376 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ялаар, 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 20000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 1 жил хорих ялаар шийтгүүлсэн,

  2000 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 63 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ялыг хөнгөнийг хүндэд нь багтаан нийт 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2000 оны 7 сарын 26-нд 1 жил 10  сар 8 хоногийн ялаас чөлөөлөгдсөн,

2001 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 280 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар,

2004 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 240 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар,

2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 387 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар,

2010 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:............ /.

Шүүгдэгч М.Г нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-897 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү М.Туяачимэгийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Г-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…шөнө 2 цагийн орчим Туяачимэг согтуу орж ирсэн. Би тэгэхээр нь хар шөнө хаагуур янхандаж яваад ирж байгаа юм бэ гэж загнасан. Өөдөөс чамд ямар хамаатай юм бэ гэж маргалдсан. Над руу үсчиж дайраад байсан. Тэгээд жижиг ширээний хоёр талаас зууралдсан. Би тухайн үедээ бас согтуу байсан юм. Тэгээд ширээн дээр байсан юм. Тэгээд ширээн дээр байсан жижиг хутгийг барьсан байсан түүгээрээ Туяачимэгийн толгойг зүсч гэмтээсэн ...Шүүх эмнэлгийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Туяачимэгийн биед учирсан гэмтлийг би учруулсан ...” гэсэн мэдүүлэг /хх-39-40х/,

Шүүгдэгч М.Г-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Шөнө 02 цагийн үед гэртээ зурагт үзээд сууж байхад манай дүү гаднаас орж ирсэн. Би бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир хаагуур янхандаж явж байгаад ирж байгаа юм гэж хэлсэн. Гэтэл өөдөөс үсчиж дайраад байсан. Тэгэхээр нь толгой руу нь хутгаар зүссэн. Тэгээд манай дүү цагдаагийн байгууллага дуудаж би баригдаад явсан” гэв. 

Хохирогч М.Туяачимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “… Шөнө 02 цагийн орчим гэртээ харьсан. Гэртээ ирэхэд манай ах Ганбаатар унтаагүй зурагт үзээд сууж байсан. Тэгээд намайг оройтож ирлээ гээд уурлаад хаагуур янхандаж яваад ирж байгаа юм бэ гэж хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би өөдөөс нь бас дургүй хүрээд хэрэлдсэн. Нэг мэдэхэд бид хоёр ширээний 2 талд бие биенээ барьцалдаад зогсож байсан. Ганбаатартай зууралдаж байхад гэнэт миний зулай хэсгээс цус гарсан. Ширээн дээр талх зүсч байсан хутгаар миний толгойг зүссэн байна лээ …урьд нь хэд хэдэн удаа эрүүлжүүлэхэд өгөхөд л дуудлага өгч байснаас биш байнга зодож, дарамтлах зүйл байхгүй. Намайг бол өмнө нь зодож байгаагүй. Архи уухаараа хэрүүл маргаан болдог юм. Намайг байнга зоддоггүй …” гэсэн мэдүүлэг /хх-23-24х/,

Гэрч М.Үүрийнтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Шөнө дунд Туяачимэг ирсэн бололтой хажуу гэрт чимээ шуугиан болохоор нь очтол Ганбаатар Туяачимэг нар хоорондоо маргалдаж зууралдаад байж байсан …Туяачимэгийн толгойноос цус гарч байсан. Маргааш өглөө нь гэр цэвэрлэж байхад тэр хутгийг нь олсон …Өмнө нь архи ууж агсам тавихаар нь эрүүлжүүлэх дуудаад өгчихдөг байсан юм. Тэрнээс зодсон цохисон гэж цагдаад хандаж байгаагүй …” гэсэн мэдүүлэг /хх-28х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4357 тоот дүгнэлтэнд:

“1. М.Туяачимэгийн биед зулайн хуйханд зүсэгдсэн шарх, уруулын салстад өнгөц шарх, цус хуралт, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдийн зулайн хуйхан дах зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн уруулын салстад өнгөц шарх, цус хуралт шилбэнд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-32х/,                                                                                                             

Шүүгдэгч М.Ганбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-43х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.Г нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-897 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү М.Туяачимэгийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч М.Туяачимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-23-24х/ гэсэн байх тул шүүгдэгч М.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч М.Г-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ыг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН