| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2409003410410 |
| Дугаар | 2025/ДШМ/692 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.1.1., 17.3.1., 17.6.1., 17.7.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/692
2025 06 03 2025/ДШМ/692
Э.Ж-өд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөнцэцэг,
шүүгдэгч Э.Ж-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/888 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2409003410410 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж-,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1070 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 25 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн;
Э.Ж- нь үргэлжилсэн үйлдлээр
1. 2024 оны 01 дүгээр сарын 04-нөөс 10-ны өдрийн хооронд хохирогч Д.Л-гийн үүрэн холбооны ***** дугаар луу "Надад эмэгтэй хүнтэй байгаа үеийн бичлэг байна" гэж мессеж бичиж, түүний “**** zaluuhan amragtaigaa gaduur selgvvtsej bui boloogui mashind ajil hiij bui bichlegiig vzeh humuus chat bicheed awaarai” гэсэн сэтгэгдэл бичиж үлдээн, "Мөнгө шилжүүлээд бичлэгээ аваарай", "фейсбүүк группүүд дээр тавина" гэх зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэн мөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж 2024 оны 01 дүгээр сарын 04-нөөс 10-ны хооронд 750.000 төгрөг шилжүүлэн авч "Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт,
2. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Элит Майнд Сольюшн" ХХК-ийн "Элит" тоглоомын газраар үйлчлүүлж, мөрийтэй тоглоом тоглож хожигдон мөнгөө алдсан уурандаа тус компанийн өмчлөл, эзэмшлийн "Аsus" брэндийн 23.8 инчийн компьютерын дэлгэцийг цохин хагалж 455.000 төгрөгийн хохирол учруулж "Эд хөрөнгө устгах, гэмтээх" гэмт хэрэгт,
3. 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Петростар" ХХК-ийн шатахуун түгээх станцын 20 дугаар салбараар 27-82 УАТ улсын дугаартай "Toyota hilux" загварын тээврийн хэрэгсэлд 60.000 төгрөгийн шатахуун хийлгэн "мөнгө шилжүүлэх хүн маань нялх хүүхэдтэй юм, би замаа чөлөөлөөд зогсож байя" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч А.Б-ээс 60.000 төгрөгийн шатахуун авч залилсан гэмт хэрэгт,
4. 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 1а байранд үйл ажиллагаа явуулдаг "Сүэдей гүг" нэртэй хоолны газарт туршилтаар ажиллаж байх хугацаандаа тус хоолны газрын зөөгч хохирогч Г.Т-ээс "Утсаараа нэг яриулчхаач" гэж хуурч, түүний эзэмшлийн 3.125.000 төгрөгийн үнэлгээ бүхий “I phone 14 pro max” загварын гар утсыг залилан авсан гэмт хэрэгт,
5. 2024 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх "Yuna" хоолны газрын урд байрлах авто машины зогсоол дээр авто машиндаа унтаж байсан хохирогч А.Б-гийн өмчлөл, эзэмшлийн “I phone 12” загварын гар утсыг тээврийн хэрэгсэл дотроос нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 9.756.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
6. 2024 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гранд плаза" төвийн урд талын авто зогсоолд байрлуулсан байсан хохирогч 3.А-ы эзэмшлийн "Toyota aqua" загварын "****" УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт,
7. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяндөхөмийн 24 дүгээр гудамжны 151 тоот хашаанд байхдаа хамтран амьдрагч Э.Н-той гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр лүү нь удаа дараа цохин, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ж-ийг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, авто тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Э.Ж-өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 5 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 сар, 17 хоногийн хорих ялыг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 7 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож, хорих нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 222 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тоолж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-өөс нийт 5.365.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Л-д 750.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ад 455.000 төгрөг, хохирогч А.Б-т 60.000 төгрөг, хохирогч Г.Т-д 3.125.000 төгрөг, хохирогч А.Б-д 975.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Э.Ж-өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Ж- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн гэмт үйлдлийг ухамсарлаж, маш их гэмшиж, харамсаж байна. Би мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулаагүй, үнэн зөвөөр мэдүүлэг өгч хэргээ шийдвэрлүүлсэн. Би хорих 415 дугаар ангид хорих ял эдлэж байсан учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаж, барагдуулж чадаагүй. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгааг минь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хамгийн доод хэмжээгээр хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Ж-ийн өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Б.Мөнгөнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ж-ийн үйлдсэн хэрэгт 3 жил 7 сар 17 хоногийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Прокурорын зүгээс 7 төрлийн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзаж ял оногдуулах саналаа гаргасан. Анхан шатны шүүхээс хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан тул ял хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Э.Ж-өд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Э.Ж- нь үргэлжилсэн үйлдлээр
1. 2024 оны 01 дүгээр сарын 04-нөөс 10-ны өдрийн хооронд хохирогч Д.Л-гийн үүрэн холбооны ***** дугаар луу "Надад эмэгтэй хүнтэй байгаа үеийн бичлэг байна" гэж мессеж бичиж, “**** zaluuhan amragtaigaa gaduur selgvvtsej bui boloogui mashind ajil hiij bui bichlegiig vzeh humuus chat bicheed awaarai” гэсэн сэтгэгдэл бичиж үлдээн фейсбүүк чатаар "Мөнгө шилжүүлээд бичлэгээ аваарай", "фейсбүүк группүүд дээр тавина" гэх зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэн хохирогч Д.Л-гаас мөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж 2024 оны 01 дүгээр сарын 04-нөөс 10-ны хооронд 750.000 төгрөг шилжүүлэн авч "Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Л-ын “...04- 05 цагийн үед согтуу байхдаа дуудлагын жолооч дуудаад үйлчлүүлсэн. ...Гэтэл уг жолооч намайг машинд байх үеийн бичлэгийг бичиж олон нийтэд буюу фейсбүүкээр цацна гэж мөнгө нэхэж сүрдүүлсэн. ...Би 5-6 удаагийн үйлдлээр 750.000 төгрөг шилжүүлсэн, мөнгө нэхэж өдөр болгон дарамтлаад байдаг. ...” /1хх 30, 3хх 56-57/,
Э.Ж-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...миний Хаан банкны данс руу 4-5 удаа нийт 750.000 төгрөг хийсэн. Би одоо бичлэгүүдийг чинь цацлаа шүү гээд фейсбүүкийн зургийн дор коммент бичээд, мөн групп дээр тавьлаа шүү гэх мэтээр сүрдүүлдэг байсан. ...” /1хх 6-7, 34/ гэсэн мэдүүлгүүд,
Д.Л- болон/1хх 19-20, 22-27/, Э.Ж- нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 74-84/ зэрэг нотлох баримтуудаар,
2. 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Элит Майнд Сольюшн" ХХК-ний "Элит" тоглоомын газраар үйлчлүүлж, мөрийтэй тоглоом тоглож хожигдон мөнгөө алдсан уурандаа тус компанийн өмчлөл, эзэмшлийн "Аsus" брэндийн 23.8 инчийн компьютерын дэлгэцийг цохиж хагалан "Элит Майнд Сольюшн" ХХК-д 455.000 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө устгах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн “...манай компанийн байнгын үйлчлүүлэгч Ж- гэх залуу компьютерын дэлгэц цохиж хагалсан, компьютерын дэлгэц нь одоо ашиглах боломжгүй болсон. ...” /1хх 113/,
Э.Ж-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...“Элит” гэдэг цахим тоглоомын газарт хонож, тоглож байхдаа шөнө 03:00 цагийн үед хожигдсон уурандаа дэлгэцийг нь хага цохичихсон.. ...” /1хх 116-117/ гэсэн мэдүүлгүүд,
компьютерын дэлгэцний үнэлгээ /1хх 142-147/ зэрэг нотлох баримтуудаар,
3. 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Петростар" ХХК-ийн шатахуун түгээх станцын 20 дугаар салбараас тээврийн хэрэгсэлд 60.000 төгрөгийн шатахуун хийлгэн "мөнгө шилжүүлэх хүн маань нялх хүүхэдтэй юм, би замаа чөлөөлөөд зогсож байя" гэж хуурч, мөнгөө өгөлгүй явж, залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч А.Б-ийн “...27-82 УАТ улсын дугаартай машин бензин авахаар орж ирсэн, “60.000 мянган төгрөг” гэж хэлээд би бензин шахаад баримтаа гаргах гээд асуухад “шилжүүлнэ” гэж хэлсэн. ...“мөнгө хийх хүн маань нялх хүүхэдтэй болохоор жоохон удаад байх шиг байна, мөнгө ороод ирэхээр нь би сигнал дарна, та гараад ирээрэй” гээд машины хөгжмөө чанга тавиад цаана зогсоод байсан. ...дулаацах гэж орсон хойгуур хаазлаад яваад өгсөн...60.000 төгрөгөө олж авмаар байна. ...” /1хх 236-237/ гэсэн мэдүүлэг,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 230-231/ зэрэг нотлох баримтуудаар,
4. 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 02 дугаар хороо, 1а байранд үйл ажиллагаа явуулдаг "Сүэдей гүг" нэртэй хоолны газарт туршилтаар ажиллаж байх хугацаандаа тус хоолны газрын зөөгч хохирогч Г.Т-ээс "Утсаараа нэг яриулаач" гэж хуурч, 3.125.000 төгрөгийн үнэлгээ бүхий “I phone 14 pro max” загварын гар утсыг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Т-гийн “...15 цагийн орчим миний гар утсыг гуйж “хүнтэй ярина” гээд гадагшаа авч гараад тэр чигтээ зугтсан. Тэр хүнийг 2-3 хоног ажиллуулаад тэнцвэл үндсэн ажилтнаар авах гэж байсан. “I phone 14 pro max” загварын ягаан өнгийн, 256 гегабайтын багтаамжтай гар утас байсан. ...” /2хх 28-29/,
Э.Ж-ийн сэжигтнээр өгсөн “...надад мөнгөний хэрэг гараад би хамт ажиллаж байсан Т- гэх хүний “I phone 14 pro max” загварын гар утсыг “утсаараа нэг яриулаач” гэж хэлээд аваад явсан, тухайн утсаа Сансарын Баянцээлийн хойно байдаг утас засварт 1.200.000 төгрөгөөр зарсан. ...” /2хх 43/ гэсэн мэдүүлгүүд,
алдсан эд зүйлийн үнэлгээ /2хх 32-33/ зэрэг нотлох баримтуудаар,
5. 2024 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Yuna" хоолны газрын урд байрлах авто машины зогсоол дээр авто машиндаа унтаж байсан хохирогч А.Б-гийн өмчлөл, эзэмшлийн “I phone 12” загварын гар утсыг тээврийн хэрэгсэл дотроос нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 975.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч А.Б-гийн “...би тухайн зогсож байсан газраа машин дотроо хаалгаа түгжээгүй унтаад өгсөн байсан...2 хүн сэрээгээд “чи угаартлаа шүү дээ” гэж хэлсэн, би босоод цагаа харах гэтэл миний гар утас байхгүй болчихсон байсан. ...Миний гар утас “I phone 12” загварын цагаан өнгийн 64 gb багтаамжтай. ...” /2хх 54-55/,
Э.Ж-ийн яллагдагчаар өгсөн “...асаалттай машин дотор хүн унтаж байхаар нь “жолооч авах уу” гээд хаалгыг нь онгойлгоод асуухад сэрэхгүй унтаж байсан ба суудал дээр нь байсан гар утсыг нь аваад Сансарын тунел дээр байдаг гар утас засварын газар зарсан. ...” /2хх 43/ гэсэн мэдүүлгүүд,
алдсан эд зүйлийн үнэлгээ /2хх 60-63/ зэрэг нотлох баримтуудаар,
6. 2024 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Гранд плаза" төвийн урд талын авто зогсоолд байрлуулсан байсан 3.А-ы эзэмшлийн "Toyota aqua" загварын "****" УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч З.А-ы “...шөнийн 01:30 үед харих гээд явж байтал араас “жолооч авах уу” гээд дагаад яваад байсан. Би тухайн үед нэлээн уусан байсан болохоор “за авъя” гээд өөрийн "Toyota aqua" загварын "****" УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ түлхүүрийг өгсөн. Би “тэнд байгаа” гэж хэлээд 5-10 минутын дараа гараад очиход миний машин байхгүй байсан. ...” /2хх 88-89/ гэсэн мэдүүлэг,
цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /2хх 108-109/, тээврийн хэрэгслийн үнэлгээ /2хх 120-124/, тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх 106/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 110-114/ зэрэг нотлох баримтуудаар,
7. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Баяндөхөмийн 24 дүгээр гудамжны 151 тоот хашаанд хамтран амьдрагч Э.Н-той гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр лүү нь удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, зүүн хацарт цус хуралт, зүүн хөмсөгний дотор хэсэг, хамрын уг хэсэг, зүүн завжны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Н-ын “...би араас нь чатаар “чи одооноос манай гэрт битгий ирээрэй” гэхэд Ж- “муу ал минь” гэж хараасан. Тэгэхээр нь би араас нь гараад “чи яагаад намайг ингэж хараадаг юм бэ” гэхэд, “чи зайл танайхан архичид, гуйлгачид” гээд элдвээр хэлээд байсан. Миний уур хүрээд Ж-ийн хүзүү хэсэгт гар утсаараа 1-2 удаа цохисон. Тэгтэл Ж- намайг барьж аваад дарж унагаагаад, миний дээр гараад нүүрэн тус газар гараа атгаж байгаад 3-4 удаа цохьчихоод яваад өгсөн. Би Ж-тэй хамтран амьдраад 2 жил гаран болж байна. Бид 2 гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа нэг хүүхэдтэй, урьд өмнө 5-6 удаа халдаж байсан, ...салъя гэж хэлэхээр хутга шөвөг бариад “би үхнэ, аль эсвэл чи үх” гээд янз бүрээр харааж зүхдэг. ...” /1хх 171, 183/,
Э.Ж-ийн сэжигтнээр өгсөн “...Н- чулуу аваад над руу шидсэн, тэгэхээр би эргэж хараад яаж байгаа юм бэ гээд уурласан. Тэгтэл миний цамц болон гараас зуураад байхаар нь би барьж явсан өмдөөрөө Н-ын нүүрэн тус газар цохьсон. Н-ын нүүрэн тус газар улайгаад, шалбарсан байсан. ...” /1хх 195/ гэсэн мэдүүлгүүд,
“...Э.Н-ын биед зүүн дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, зүүн хацарт цус хуралт, зүүн хөмсөгний дотор хэсэг, хамрын уг хэсэг, зүүн завжны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10189 дүгээр дүгнэлт /1хх 185-186/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн:
шүүгдэгч Э.Ж-ийг “бичлэгүүдийг чинь цацаж, фейсбүүкийн групп дээр тавьлаа шүү” гэх зэргээр сүрдүүлж хохирогч Д.Лхагвын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
“мөрийтэй тоглоом тоглоод хожигдож, мөнгөө алдлаа гэж уурлан "Элит" Пи си тоглоомын газрын "Аsus" брэндийн компьютерын дэлгэцийг хагалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
“утсаар яриад өгье” гэж хохирогч Г.Т-гийн гар утас болон “мөнгө шилжүүлэх хүн маань нялх хүүхэдтэй юм, би замаа чөлөөлөөд зогсож байя" гэж хэлэн мөнгөө өгөхгүй явж хохирогч А.Б-ээс 60.000 төгрөгийн шатахуун залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
хохирогч А.Б-г машиндаа унтаж байхад нь гар утсыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
3.А-ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
хамтран амьдрагч Э.Н-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Э.Ж- нь “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
1. Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг.
Шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзана.
Хэдийгээр шүүгдэгч Э.Ж- гэм буруу дээр маргаагүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хууль бус үйлдлээ таслан зогсоохгүйгээр “Залилах”, “Хулгайлах”, “Заналхийлэх”, “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах”, “Тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах”, “Гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” зэрэг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, нийгэмд буй болгох хууль бус үр дагавар зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд тухайн зүйл заалтуудад зааснаар хорих болон зорчих эрх хязгаарлах ял оногдуулан, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 3 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байхаас гадна давж заалдах шатны шүүхээс Э.Ж-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан хорих ялыг доод хэмжээгээр ял оногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Э.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүний 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 67 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/888 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-ийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 67 /дөчин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН