Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 525

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Ц.Б/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811009460607 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн О овогт Ц.Б, 1999 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютер үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10 дугаар гудамж 1097 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/............ /,

 

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10 дугаар гудамж 524 тоотод суух Т.Дэмэдийн гэрт хамт байхдаа зөөврийн компьютерийг буюу бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлж 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

    Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр ээжтэйгээ муудаад найзындаа очсон. Манай найз хөдөө явах гэж байсан. Манай найз дэлгүүр гарах хооронд гэрт нь байсан компютерыг нь авсан маргааш өглөө нь наран туул хуудалдааны төв дээр очиж зарсан” гэв.

Хохирогч Т.Дэмэд мөрдөн шалгах ажиллагааны үе мэдүүлэхдээ: “…2017 оны 11 дүгээр сард гэрээсээ НР маркийн улаан хүрэн өнгөтэй, доод суурь нь хар өнгөтэй зөөврийн компьютер, хар өнгийн Жордангийн логотой хоёр мөрөвчтэй цүнх, жинсэн өмд, даавуун өмд алдсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-19-20, 23-24х/,

            Гэрч Б.Болдбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Намайг ирэхэд байшингийн цонх онгорхой эвдэрсэн байдалтай байсан. Хаалга нь зүгээр байсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-25х/,

             Гэрч Б.Отгонбилэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сард өдрийг нь тодорхой санахгүй байна орой 21 цагийн үед фэйсфүүкээр холбогдоод “андаа нөүтбүүкний хард байна авах уу гэж бичсэн. Тэгээд би хэдтэй юм бэ гэхэд 160 гигабите хэмжээтэй хард байна гэсэн. Би чи хаана байна гэж асуухад Дэнжийн 1000-н хуучин эцэс дээр байна гэж хэлсэн. Тэгээд би яваад очиход хуучин эцсийн цахим тоглоомын газарт сууж байсан. Очоод уулзахад хар сааралдуу өнгөтэй шиг санаж байна 2 мөртэй үүргэвчнээс улбар шардуу өнгөтэй зөөврийн компьютер гаргаж ирээд задлаад дотроос нь хард дискийг нь салгаж өгсөн. Бямбадорж надад хэлэхдээ миний комьпютер байгаа юм гэж хэлсэн. Надаас мөнгө байна уу гэхэд нь 5000 төгрөг байна гээд тэр мөнгөө өгөөд явсан. Тэр хард дискийг нь авч яваад өөрийн зөөврийн компьютердээ хийхэд таарахгүй байгаа юм уу, ажиллахгүй байгаа юм уу уншихгүй байсан. Залгаж үзээд уншихгүй болохоор нь хаясан. Тухайн үедээ тэр зөөврийн компьютерийг нь асааж үзээгүй, цүнхнээсээ гаргаж ирээд задлаад надад өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-29х/,   

          Яллагдагч Ц.Б мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын эхээр гэртээ байж байгаад гэрээсээ 10 цагийн үед гараад найз Дэмэдийн гэрт очсон. Гэрт нь ороход Дэмэд хөдөө явах гээд байж байсан. Тэгээд гэрт нь сууж байхад Дэмэд бие засах гэж байгаа бололтой гарсан. Тэр үед мөнгө хэрэгтэй байсан тул Дэмэдийг гарсаны дараа хувцасны шүүгээнд даавуугаар ороосон зүйл байхаар нь аваад харахад зөөврийн компьютер байсан. Би тэр компьютерийг нь аваад өөрийн үүргэвчиндээ хийгээд хамт гарсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-35х/,

          Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-30-32х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10 дугаар гудамж 524 тоотод суух Т.Дэмэдийн гэрт хамт байхдаа зөөврийн компьютерийг буюу бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлж 510.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-ийг нууцаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Т.Дэмэд нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О овогт Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нууцаар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН