Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 526

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч Х.Н/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Х.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811000000544 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Х.Н, 1968 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, химийн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г 10 дугаар гудамж 771 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/............. /,

 

Шүүгдэгч Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо 10-711 дахь гэртээ Ю.Энхжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч манай гэрт ирээд манай гэр орныг доромжлоод байсан учир маргалдсан” гэв.

Хохирогч Ю.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Нарангэрэл уурлаад намайг гэрээсээ гар, зайл гээд үснээс зулгааж гэрээсээ гаргаад хашааны гол хүртэл чирээд газар унасан байхад дээрээс энд тэнд дэвсэж байгаад гэр лүүгээ орчихсон ...Намайг Нарангэрэл гэх эмэгтэй гэр орныг минь доромжиллоо гэх шалтгаанаар гэрээсээ хашааны гол хүртэл үснээс зулгааж чирээд газар уначихсан байхад дээрээс биений энд тэндгүй хөлөөрөө нилээн олон удаа өшиглөсөн. Миний хамарнаас цус гарсан, үснээс зулгааж туг тугаараа үс унасан, тухайн үед баруун хөл хавдчихсан явж гишгэхэд хүндрэлтэй байсан. Цээж нуруу хөл хөндүүртэй хөхөрсөн байна” гэсэн мэдүүлэг. /хх-8х/,

             Гэрч Б.Болд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 23 цагийн орчим гэртээ байж байхад эхнэр жолооны үнэмлэх гарчихсан гэж байна, хоёулаа очиж авъя гээд эхнэрийн жолооны багш болох Мийгаагийнд очсон. Жолооны үнэмлэхээ авсан гээд тэдний гэрт тавуулаа 4 шил 0.75 граммтай архи уугаад хоносон. Маргааш өглөө нь босоод дахиад нэг шил архи уучихаад гэртээ харьсан. Гэртээ яаж харьснаа мэдэхгүй байна. Орой 21 цагийн орчим сэрсэн чинь Мийгаа манайд унтаж байсан, эхнэр нь байхгүй манай эхнэртэй маргалдаж зодолдсон гэсэн. Тэгээд цагдаа явчихсан гэж эхнэрээсээ сонссон” гэсэн мэдүүлэг. /хх-12х/,

              Яллагдагч Х.Нмэдүүлэхдээ: “...Ю.Энхжаргалын биед учирсан гэмтлийг би учруулсан, хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /хх-27х/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №6687 тоот дүгнэлтэд: 

          “1. Энхжаргалын биед баруун зулайд 10х5см 8х4 см талбайд үс халцарч унасан, цээжний урд дээд хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэг, баруун ташаа, ахар сүүлэнд цус хуралт, баруун хөлийн шагайн үе, тавхайн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

          4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-16х/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо 10-711 дахь гэртээ Ю.Энхжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Н нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Ю.Энхжаргал нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Х.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 5-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Х.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН