| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2518000000074 |
| Дугаар | 2025/ДШМ/42 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/42
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2518000000074 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд:
-Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109а-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-Сэлэнгэ аймгийн шүүхийн 1990 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90.1-д зааснаар 3 жилийн хугацаатай хорих ялаар,
-Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 1992 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******3 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил 8 сар 26 хоногийн хорих ялаар,
-Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 176 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар,
-Сэлэнгэ аймгийн Сум дундын 3-р шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 104 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******3 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/11 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 378 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,
-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаатай хорих ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 05 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ******* цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багт байрлах “******* mart” хүнсний дэлгүүрийн менежерийн ажлын өрөөнд тавьсан ******* эзэмшлийн “Iphone-15 рго” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
-Шүүгдэгч Т овогт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь 8 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж. хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:
...Миний бие хорих ялыг хүлээн зөвшөөрч байгаа боловч 2025.02.14-нд авто осолд орж машинд мөргүүлснээс болж зүүн талын нүд бага багаар харах нь муудаж байгаад харахаа больсон, одоо баруун талын нүд маш их өвдөж харахад хүндрэлтэй байна. 2025.3.16-нд Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт нүдний онош тогтоолгосон, ослын улмаас зүүн талын нүд маш муу онош тогтоогдсон, иймд эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсэж байна... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:
6 сарын хорих ялыг би хүлээн зөвшөөрч байгаа. Урьд удаа дараа гэмт хэрэгт холбогдож ял, шийтгэл авч байсан. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Дэлгүүрт би дулаацах зорилгоор ороход худалдагч эмэгтэй намайг элдэв бусаар харааж, хөөж гарсан. Гар утсыг би хулгайлж авч гарсан. Хэрэгт холбогдож магадгүй гэсний үндсэн дээр хоёр цагдаагийн албан хаагчид өгсөн. Гар утсыг нь эргүүлээд өгье гэтэл дэлгүүрийг хайгаад олоогүй. Миний эрүүл мэнд тааруу байх тул хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:
Анхан шатны шүүх хурал болохоос өмнө нь шүүгдэгчийн дүү нь нүдийг үзүүлэх зорилгоор эмнэлэг авч явсан. Эрүүл мэндийн байдалтай холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөрэй гэж хэлэхэд цагдаагийн албан хаагчид өгсөн, эргүүлээд хайхад олдоогүй алга болсон. Цагдан хорих байранд байхад даралт ихсэж байсан талаарх нотлох баримтыг нь мөн адил авч чадаагүй. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид 6 сарын хорих ял оногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал болон 13 удаагийн ял шийтгэлийг харгалзан үзсэн. Шүүгдэгч нь архины хамааралтай. Шүүгдэгч нь цагдан хорих байранд эрүүл мэндийн үйлчилгээг зохих журмын дагуу авч байх тул оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар солих боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өөрийнх нь гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч ******* холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Прокуророос шүүгдэгч *******ыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ******* цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багт байрлах “******* mart” хүнсний дэлгүүрийн менежерийн ажлын өрөөнд тавьсан иргэн ******* эзэмшлийн “Iphone-15 рго” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эд хөрөнгөд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би “******* mart” хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг юм. 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр дэлгүүрийн арын өрөөний ширээн дээр өөрийн эзэмшлийн “Iphone 15 pro” загварын гар утсаа тавьж үлдээгээд дэлгүүр дотор юм хийгээд явж байгаад арын өрөө рүү хэсэг хугацааны дараа орж гар утсаа авах гэхэд ширээн дээр байсан миний гар утас байхгүй болчихсон байсан. Тэгээд камер шүүж үзэхэд хар өнгийн малгайтай куртиктэй хүн орж ирээд миний гар утсыг аваад гарсан байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. 2023 оны 11 дүгээр сард Мобикомоос 5.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-25-р тал/, “******* mart” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-18-р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл з үзүүлэлт, гар утсыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гар утасны үнэлгээ тогтоосон “ ” ХХК-ийн шинжээчийн №ТХҮ--91*******39 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож, шүүгдэгч *******ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, үйлдэлд шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулсан байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан хорих ялыг хамгийн бага хугацаагаар тогтоож оногдуулсан байх тул ял хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалсан байхад шүүх хуралдааны тэмдэглэлд ...шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Идэр даргалж...гэж бичиг техникийн шинжтэй хайхрамжгүй алдаа гаргасан байгааг цаашид анхаарах шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ