| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/01001/И |
| Дугаар | 314/ШШ2025/00801 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2025/00801
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, ******* сумын * дугаар баг, ***** дугаар байр *** тоотод байрлах “****** ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай *******, * дугаар баг, *** ** дугаар гудамж * тоотод оршин суух, ***** овогт *******ийн *******д холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 11,205,935.91 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****** ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “****** ББСБ” ХХК-аас харилцагч ******** нь 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдөр 10,000,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай 3,8 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд тухайн хугацаанд ******** нь 84,136.99 төгрөгийг үндсэн зээлээс, 1,161,863.01 төгрөг үндсэн хүүнд, нэмэгдүүлсэн хүү 0 нийт 1,246,000 төгрөг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 9,915,863.01 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дуусахад төлөөгүй байна. Зээлийн үндсэн төлбөр болох 9,915,863.01 төгрөг, төлөөгүй сарын хүү 1,276,072.9 төгрөг нэмэгдүүлсэн хүү 0 нотариатын зардал 14,000.00 төгрөг, нийтдээ 11,205,935.91 төгрөгийг *******гаас гаргуулж авах хүсэлтэй байна" гэжээ.
Хариуцагч ******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ******* овогтой ****** нь “****** ББСБ”-аас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг зээлж авсан. Хувийн шалтгааны улмаас төлж чадаагүй. Нийт 11,205,935.91 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 09 дүгээр сар хүртэл сар бүрийн 5-нд 1,000,000 төгрөг 2026 оны 10 дугаар сарын 05-нд 1,413,956.91 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "****** ББСБ” ХХК нь хариуцагч ********д холбогдуулан “11,205,935.91 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нэхэмжлэлийн шаардлага “11,205,935.91 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар "****** ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 11,205,935.91 төгрөгийг төлөхийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 194,021 төгрөгөөс 97,010.5 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 97,010.5 төгрөгийг, хариуцагчаас 97,010.5 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР