Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 527

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч Ж.Х/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ж.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811000350613 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Н овогт Ж.Х, 1981 оны  8 дүгээр сарын 8-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-646б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/.............. /,

Шүүгдэгч Ж.Х нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-646Б тоот дахь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Болормааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Намайг өвсөнд яваад ирэх хооронд хүүхдээ үлдээгээд архи уугаад явсан байсан. Тэгээд миний уур хүрээд галын хайчаар цохисон” гэв.

Хохирогч Б.Болормаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим гэртээ байж байгаад хүүхдүүдээ нөхөртөө үлдээчихээд дээд айл Цээгий эгчийн гэрт ороход танил Бөмбөөлэй сууж байсан. Тэгээд юм хум ярьж ярьж сууж байгаад Бөмбөөлэй 3, 4-р хороолол орж найзтайгаа уулзах гэсэн юм, хамт явъя гээд цуг явсан. Тэгээд Бөмбөөлэйгийн нэг найзтайгаа уулзчихаад өөрийн найз Нараагийн гэрт Бөмбөөлэйтэй хамт очиж пиво ууж байгаад тэндээ хоносон. Тэгээд маргааш нь 7 цагийн үед гэртээ харьсан юм. Гэртээ хариад байж байтал Бөмбөөлэйгийн ээж, аав орж ирээд намайг загнаж хэрүүл хийж байгаад гарсан учраас нөхөр маань айлын хүүхэд уруу татаж гадуур хонолоо гээд галын хайчаар баруун гуя, зүүн дал руу цохисон мөн нүүр лүү 2-6 удаа алгадсан” гэсэн мэдүүлэг. /хх-16-17х/,

             Гэрч Д.Цэрэндулам мөрдөн шалгах ажилллагааны үед мэдүүлэхдээ: “...Ж.Хнь эхнэр болох Б.Болормаагаа зоддог миний мэдэхээр 2-3 удаа зодож байсан. Тэр өдрийн он сарыг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан оны өмнө өвөл байсан. Нэг өглөө манай гэрт ороод ирсэн нөхөр ажилдаа явсан гээд  өчигдөр би зодуулчихлаа Хүрэл-Энх намайг зөндөө зодсон гэж байсан. Хөл гар нь нил хөх ягаан болчихсон надад хувцсаа тайлж үзүүлж байсан. Зодохдоо хардалтын улмаас зодсон гэж байсан. Ер нь согтуудаа зодлоо гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-26-27х/,

              Яллагдагч Ж.Х мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эхнэр Б.Болормаа гадуур хоночихоод гэртээ ирсэн. Орой гэртээ байж байхад хажуу айлын Бөмбөөлэйг хүүхэд уруу татаад гадуур хоносон, түүний эцэг, эх нь манай гэрт ирээд хэрүүл маргаан хийж байгаад явсан болохоор эхнэртэйгээ хүний хүүхэд дагуулж явлаа гэж уурлахад өөдөөс гэм буруугаа хүлээхгүй уурлаж хэрэлдээд байхаар нь уурласан уураа барьж чадалгүй галын хайчаар 2-3 удаа цохьсон, ер нь манай эхнэр заримдаа нялх нойтон хүүхэдтэйгээ ойлгохгүй хүүхдээ орхичихоод хонуут өнжүүдээр яваад ирдэг, тэгэхээр нь би эр хүн болсон хойно харддаг, хэрүүл маргаан үүсдэг, мөн хөдөө гадаа ажил хийж олсон хэдэн төгрөгөө өгөхөөр эхнэр архи дарс авч уугаад үрчихдэг учраас мөнгөнөөс болж хэрүүл маргаан болдог учраас 2 удаа алгадаж байсан. Гэхдээ одоо яг хэзээ ямар асуудлаас болж алгадснаа санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-45-46х/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №332 тоот дүгнэлтэд: 

           “1. Болормаагийн биед тархи доргилт, зүүн дал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

           4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-40х/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Х нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-646Б тоот дахь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Болормааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Н овогт Ж.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2018 оны 9 дугаар сарын 5-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ж.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН