Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/21

 

М.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                  Прокурор А.Алтангэрэл,

                                       Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн дээд прокурорын эсэргүүцлээр М.А-т холбогдох эрүүгийн 2526000000005 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн *** сумын “***” ХХК-ийн “***” ХХК-д механикч ажилтай, ам бүл ***, аав, ээжийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг, *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн М.А /РД: ***/.

М.А нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “АА” бааранд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ч.А, М.С нарын биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: М.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс *** овгийн М.А-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.А, М.С нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг тус тус зааснаар шүүгдэгч М.А-аас 136,716 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Дэнсмаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолоор ***овгийн М.А-ыг 2024 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “АА” бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ч.А, хохирогч М.С нарын биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагад нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь: шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад *** овгийн М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй, 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно, 5 дахь хэсэгт ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэж тус тус хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогыг харгалзан хугацаа тогтоох бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих зохицуулалттай бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, улмаар шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх учиртай. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар шийдвэрт тусгахаар зохицуулсан. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд шийдвэр хэзээ биелэгдэх нь тодорхой байх ёстой. Анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой бөгөөд үүнийг орхигдуулсан.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт шүүхээс оногдуулсан 600 нэгжийн торгох ялыг ямар хугацаанд хэрхэн биелүүлэх талаар тодорхой тусгаагүй атал шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар хуульчилсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мягмарсүрэн нь хэрэгт ач холбогдол бүхий АА баарнаас хураан авсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалуулахаар хэргийн хамт хүргүүлсэн талаар, яллах дүгнэлтийн хавсралтад дурдан шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шийтгэх тогтоолдоо хэрэгт хураагдсан 1 ширхэг CD-ийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилжээ. Шүүгдэгч М.А нь Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “АА” нэртэй бааранд 2024 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 03 цагийн орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ч.А, хохирогч М.С нарын биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн.

Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргахдаа шүүгдэгч М.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, мал маллаж амьдардаг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт шүүгдэгчийн биеийн байцаалтад шүүгдэгч нь Өмнөговь аймгийн *** сумын “***” ХХК-ийн “***” ХХК-д механикч ажилтай талаар тусгасан атал мал маллаж амьдардаг гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. М.А нь санаатай үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй гэж дүгнэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүх хуралдаанд дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагад нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/50 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүгдэгч М.А-т торгох ял оногдуулахдаа уг торгох ялыг ямар хугацаанд биелүүлэх талаар шийдвэрлээгүй. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд Өмнөговь аймгийн *** сумын “***” ХХК-ийн “***” ХХК-д механикчаар ажилладаг талаар мэдүүлсэн ба шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийг дээрх ажлыг эрхэлдэг талаар тусгасан боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг мал маллаж амьдардаг байдлыг харгалзан торгох ял оногдуулсан талаар дүгнэсэн нь ойлгомжгүй, хэрэгт авагдаагүй, шинжлэн судлаагүй нотлох баримтыг дүгнэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэсэн байгаа боловч торгох ялыг ямар хугацаанд биелүүлэх талаар шийдвэрлээгүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт авагдаагүй зүйлийг дүгнэж шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хуулийн шаардлагыг хангаагүй буюу тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Мөн прокуророос М.А-т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэхдээ хяналтын камерын бичлэг бүхий CD-г хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалуулахаар хэргийн хамт хүргүүлэхээр бичсэн. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд прокурор нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ хяналтын камерын бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргуулах саналыг мөн гаргажээ. Гэтэл шийтгэх тогтоолд хэрэгт эд мөрийн баримт болон хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг зөрчсөн, шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй, шүүгдэгчийг 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж хуульд заагаагүй хэлбэрээр бичиж шүүгдэгчид ял оногдуулж байгаа нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.А-т энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авч шийдвэрлэлээ.

Мөн таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай хавтаст хэргийн 91-92 дугаар хуудаст авагдсан шүүгчийн захирамжид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргуулж, гарын үсэг зуруулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг яллагдагчид тайлбарлахыг шүүгчийн туслахад даалгажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч зөрчвөл уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг  тайлбарлахаар хуульчилсан. Гэтэл шүүгчид хуулиар олгогдсон эрх хэмжээг шүүгчийн туслах хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байгаа нь буруу,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 229 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын “Эрүүгийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Баримт№1-д иргэний бичиг баримтыг хуулбарлаж эсхүл түүнтэй адилтгах лавлагааг хавсаргахаар байхад яллагдагчийн бичиг баримтыг хавсаргаагүй /хх-ийн 93/,

Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт яллагдагч, шүүгдэгч гэж хэргийн оролцогчийн нэрийг зөрүүтэй бичсэн /хх-ийн 95/,

Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хуралдааны явцыг дуу, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулсан бичлэгээс зөрүүтэй буюу шүүх хуралдаан даргалагчаас шүүгдэгчийн биеийн байцаалтыг уншиж сонсгосон яллах дүгнэлтэд бичигдсэнээр уншиж сонсгох үе шатын дараа шүүгдэгчээс яллах дүгнэлтийг гардаж авсан талаар асуусан байхад шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч болон оролцогчдыг танилцуулах үе шат явсан гэж буруу тэмдэглэсэн,

Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчээс өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтээ дэмжиж байгаа талаар асуусан,

Шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар танилцуулсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримт шинжлэн судлуулах дараалалд өөрчлөлт оруулах санал хүсэлт гаргах эрхтэй талаар оролцогч нараас асуусан,

Улсын яллагчаас яллах дүгнэлт уншиж сонсгосны дараа шүүгдэгчээс улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлт, оногдуулж болох эрүүгийн хариуцлагын талаар ойлгосон эсэхийг асуусан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн мэдүүлгийг уншиж сонсгох талаар улсын яллагчаас асуусан,

Шүүхийн хэлэлцүүлгийг дуусгаж шүүгдэгчийн гэм буруугийн болон шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын асуудлаар улсын яллагч дүгнэлт гаргах, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргах хугацааны талаар асуусан байдлаар тус тус бичигдсэн байгаа боловч шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт энэ талаар бичигдээгүй, шүүх хуралдаан хуульд заасан журмаар явагдаагүй байхад зөвтгөж шүүх хуралдааны тэмдэглэлд бичсэн.

Шүүх хуралдаан даргалагчаас шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн талаарх тайлбарын дараа шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд 136,716 төгрөгийг төлсөн эсэхийг асуусан байхад шүүх хуралдаанд тэмдэглэлд энэ талаар тусгаагүй /хх-ийн 104-111/,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг оролцогч нарт танилцуулсан тухай Баримт№14-ийг үйлдэхдээ шүүх хуралдааны тэмдэглэл албажиж гараагүй байхад хэргийн оролцогч нарт танилцуулсан буюу огноо зөрүүтэй, мөн иргэний нэхэмжлэгч Г.Г-д шүүх хуралдааны тэмдэглэл танилцуулаагүй /хх-ийн 115/,

Шийтгэх тогтоолыг гардуулсан тухай Баримт№12а-д шийтгэх тогтоолын огноог зөрүүтэй бичсэн, хэргийн оролцогч биш хүнд шийтгэх тогтоолыг гардуулсан /хх-ийн 126/,  

Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулахыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн тухай Баримт№13-т хохирогч Ч.А, М.С, иргэний нэхэмжлэгч Г.Г нарт мэдэгдээгүй /хх-ийн 128/,

Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулахыг хэргийн оролцогчид мэдэгдсэн тухай Баримт№36-д хохирогч Ч.А, М.С, иргэний нэхэмжлэгч Г.Г нарт мэдэгдээгүй /хх-ийн 129/,

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 315 дугаар давж заалдах журмаар эсэргүүцэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт шийдвэрлэсэн захирамжийн тодорхойлох болон захирамжлах хэсэгт дээд шатны прокурорын хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ хуулийн буруу заалт баримталсан, захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулаагүй /хх-ийн 137-139/,

Дээд шатны прокурорын эсэргүүцлийг анхан шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 35 минутад хүлээн авсан боловч 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 626 дугаар албан бичгээр буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн, хугацааг хэтрүүлсэн,

Мөн дээд шатны прокурорын эсэргүүцлийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цаг 18 минутад хүлээн авсан боловч 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгч М.А, хохирогч Ч.А, М.С нарт хугацаа хэтрүүлж танилцуулсан, иргэний нэхэмжлэгч Г.Г-д прокурорын эсэргүүцлийг танилцуулахгүйгээр хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.  

2. Шүүгдэгч М.А-т энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ЭНХМАА

                                           ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                                             Б.ЦЭРЭНПҮРЭВ