| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0501/э |
| Дугаар | 528 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 528
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оч,
Улсын яллагч А.Нямсүрэн,
Шүүгдэгч Ц.Б/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадрал овогт Цэрэнжавын Баасандоржид холбогдох эрүүгийн 1811011250407 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б овогт Ц.Б, Монгол Улсын иргэн, 1999 оны 7 сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн 43 дугаар байрны 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.............. /.
Шүүгдэгч Ц.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн булаг” амралтын газрын рестораны вакум цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан 846.990 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн булаг” амралтын газрын рестораны цонхыг түлхэн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж, 800.094 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын баруун талын замд Б.Алимаагийн цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч, 35.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б-оос сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны шөнийн 02 цагийн үед шиг санагдаж байна, өөрийн найз Эрдэнэбилэгтэй хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо Скай караокены гадна юм яриад явж байсан. Тэгсэн чинь өөдөөс нэг эмэгтэй эгч ирж байхаар нь би түрүүлээд яваад очоод эгчээ утсаараа нэг яриулаач гэсэн чинь надад эгчид нь утас байхгүй гэж тэр эгч надад хэлсэн. Тэгэхлээр нь би шууд баруун талын мөрөнд байх үүрч явсан цүнхийг нь шууд булаагаад цаашаа зугтаасан. Тэр үед Эрдэнэбилэг миний хойноос ирж байсан ба би шууд Эрдэнэбилэгийг зугтаарай гэж хэлсэн миний хойноос гүйх шиг болсон. Тэгээд гүйж явсан чинь өөдөөс 2 цагдаа нар гараад ирэхээр нь би Өргөө кинотеатрын баруун талаар гүйсэн. Харин Эрдэнэбилэг тэр дороо зогсоод цагдаад баригдсан. Харин би цаашаа гүйгээд машины доогуур орсон цагдаа нар намайг хайгаад олоогүй. Би хэсэг хугацаанд байж байгаад машины доороос гараад ирсэн. Эрдэнэбилэг байхгүй байсан. Тэгээд би нөгөө цүнхээ бариад Төгөлдөрийн найз эмэгтэйн орц руу ороод цүнхийг нь ухаж онгойлгоод үзсэн чинь дотор нь эмэгтэй хүний будаг, бичиг баримт, зөндөө олон картууд байсан. Тэгээд өөр гар утас болон мөнгө байгаагүй учраас би тэр зүйлүүдийг нь бүгдийг нь үлдээгээд явсан. Би тэр үед мөнгө олох хэрэгтэй байсан учраас ийм хэрэг үйлдсэн. Би тэр хэргийг ганцаараа үйлдсэн ба би л тэр цүнхийг нь авч зугтаасан юм. Би тэр эмэгтэйд ямар нэгэн байдлаар гар хүрч зодсон зүйл байхгүй юм ...” гэх мэдүүлэг /хх-118-119х/,
Шүүгдэгч Ц.Б-оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Энхтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 9 цагт Ойн булаг ХХК-ний амралтын газрын буудлын өрөөнд ажил дээрээ байж байхад манай ажлын газрын бармен Болортунгалаг орж ирээд рестораны 1 давхарын текний урд болон баруун талд байх шүүгээн дотор байсан Болор, Эвок, Шар Чингис, Соёрхол, Экспорт, Сархад, Бэлвэдэр, Данзка, Абсолют нэртэй архи болон Тайгер, Сэнгүр, Нийслэл нэртэй пиво алдагдсан байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Бармен охин болох Болортунгалаг гарч явахад би хажууд нь харж зогсож байгаад хаалгаа түгжүүлээд түлхүүрийг нь би өөрөө авсан. Рестораны бараа бүтээгдэхүүнийг байнга тоолж тулгалт хийдэг учир хэдэн тооны ямар эд зүйл байсан талаар би мэдэж байна. Манай амралтын газрын рестораны текний араас Болор 0,75 литрийн 4 шил, Эвок 0,75 литрийн 2 шил, шар Чингис 0,5 литрийн 1 шил, хар Чингис 0,75 литрийн 2 шил, Соёрхол 0,75 литрийн 4 шил, 0,5 литрийн 2 шил, Экспорт 0,75 литрийн 1 шил, 0,5 литрийн 1 шил, Сархад 0,75 литрийн 2 шил, 0,5 литрийн 1 шил, Бэлвэдэр 0,75 литрийн 1 шил, Данзка 1 литрийн 1 шил, Абсолют 1 литрийн 1 шилтэй архи болон 0,5 литрийн лаазтай Тайгер пиво 24 ширхэг, Сэнгүр нэртэй лаазтай 0,5 литрийн пиво 30, Нийслэл нэртэй лаазтай 0,5 литрийн пиво 3 ширхэг алдагдсан байсан. Тухайн барааг архи пивоны бөөний Дүүхээ төвөөс татан авчирсан байсан. Би дахин нягталж бүртгэж үзтэл рестароны текний ард цоожтой байсан гэсэн шүүгээг хулгайч онгойлгож үзсэн байсан. Тухайн шүүгээнд байсан 1 Laptop загварын нөүтбүүк алдагдсан байсан. Би өөрийн өргөмөл хүү болох Баасандоржийг сэжиглэж байгаа. 2018 оны цагаан сарын дараа ирээд бичиг баримтуудаа аваад явахад нь уулзсан. Тухайн үед манай хүү “би өөрөө амьдралаа аваад явах боломжтой юм байна” гэж хэлээд явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-20-23х/, “...олон нийтийн цагдаатай уулзтал Баасандорж манай Ойн булаг амралтын газрын ресторанаас зурагт, караокений өсгөгч пульт авч явж байгаад цагдаатай таарсан байсан ...” гэсэн мэдүүлгүүд /хх-86-87х/,
Хохирогч Б.Алимаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би тухайн өдөр оройн 23 цаг өнгөрөөгөөд өөрийн найз Халиунаагийн хамтаар 3.4-р хорооллын Өргөөгөөс баруун зүгт яваад байдаг Скай нэртэй караокед хамт орж сууцгааж пиво уусан. Ингээд ер нь бол нилээн муудсан. Ингээд шөнийн 01 цаг өнгөрч байхад тэндээсээ гарч харьцгаах болсон. Ингээд би үүдний ресевшин дээр тооцоо хийх гээд үлдсэн. Харин манай найз Халиунаа гараад такси барих гээд зам руу гарсан. Ингээд би тооцоогоо хийгээд тэр караокеноос гараад зүүн зүгт явган хүний замаар алхаж явсан. Би найз руугаа л явж байсан байх. Тэгтэл гэнэт л миний хойноос зүүн талд үүрч явсан цүнхийг нэг залуу шүүрээд л зугтсан. Хойноос нь харахад 2 эрэгтэй байхаар нь хойноос нь гүйгээд наад цүнхэнд чинь юу ч байхгүй гэж хэлсэн ч Өргөө кинотеатрын ертөнцийн зүгээр яг баруун талаар нь хойшоо эргээд алга болсон. Би хойноос өсгийтэй гуталтай гүйгээд нэмэр байхгүй хоцорсон. Тэгтэл өөдөөс цагдаа нар нэг залууг нь бариад гарч ирээд намайг хамт аваад цагдаа дээр очсон юм. Ингээд би тэндээс шөнө байцаалт өгөөд харьсан. Харин миний цүнхийг авч явсан нь баригдаагүй гэсэн. Миний цүнх хар алаг үүрдэг цүнх байсан. 25,000 төгрөгөөр худалдаж авсан би тэр цүнхээ маргааш нь нэг цагдаа намайг дуудаад өгсөн учраас үнэлэхгүй юм. Хар өнгийн улаан оруулга бүхий 8 гб плаш байсан 20,000 төгрөгөөр авсан одоо 20,000 төгрөгөөр үнэлж байна. Нийт Хаан, Капитрон, Капитал, Төрийн банк, Чингис хаан банкны карт байсан ба нэг бүрийн үнэ нь 5000 төгрөг ба нийт 30,000 төгрөг, дотроос нь алдагдсан зүйл байхгүй. Гоо сайханы эд зүйл том будгийн ком тэр чигээрээ байсан ба би 150,000 төгрөгөөр авсан ба хэрэглэснээ хасаад 100.000 төгрөгөөр үнэлж байна. Ингээд би 150.000 төгрөг нэхэмжилж байна. Миний биед халдаагүй. Хажуунаас цүнхийг минь шүүрээд л зугтсан гэсэн. Тэгээд ойролцоох нэг газарт хоосон цүнхийг минь хаясан байсан гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-107-108х/,
Ц.Б гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 24 цагийн үед 3 дугаар хорооллоос такси бариад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ойн булаг амралтын газарт очсон. Тэгээд таксигаа амралтын газрын хойд талд байрлах уулын зам дээр хүлээлгэж зогсоогоод өөрөө амралтын газар дээр очтол хүмүүс унтаж байсан. Тэгээд би рестораны нэг давхрын цонхоор орж текин доор түгжээтэй байсан архи болон пивыг авч 2 давхарын цонхоор зөөж таксиндаа тавьсан. Би машины улсын дугаар маркийг нь анзаарч хараагүй ямар ч байсан Японы хуучны машин байсан. Би таксинд суугаад жолооч ахад зуслангаас бараа аваад хотод тавих хэрэгтэй байна гэж хэлээд авч явсан. Таксины жолооч ах хотод эхнэрээ эмнэлэгт үзүүлэх гэж ирээд орой нь халтуур хийгээд явж байна гэж надад ярьж байсан. Би найзуудтайгаа салхинд гарах гээд хулгай хийсэн юм. Таксины жолооч ах надад туслаагүй. Машин дотроо л сууж байсан. Би хот руу шөнө орж ирээд модны хоёрын туслах зам дагуу байдаг Казино 24 цагийн ломбарданд Нөүтбүүкийг 40,000 төгрөгөөр тавиад дараа нь Драгон ороод Дархан руу явах таксинд суусан. Тэгээд би Дархан очоод Засаг даргын тамгийн газрын хажууд байрлах зочид буудалд очиж буудаллаад маргааш өглөө нь найзуудыгаа дуудаж авчирсан архиа хэрэглэж зарим найзууддаа архинаасаа тарааж өгсөн. Би хотод авсан таксины ахад километрийн төлбөр гэж 4 Соёрхол архи өгч тооцоогоо хийсэн. Хотоос Дархан руу явахдаа таксинд 15,000 төгрөг бэлнээр өгсөн. Дарханд очоод буудлын мөнгийг бас бэлнээр өгсөн. Ингээд миний ойн булагаас авсан архи пивонууд дууссан. Би Дархан хотод очоод эхлээд буудалд байж байгаад дараа нь найзуудынхаа гэрээр хоноглож байгаад 4 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн ...” /хх-26-27х/, “...2018 оны 4 дүгээр сарын 23-ны орой 24 цагийн үед зуслан руу явж гал тогооны цонхоор нэвтэрч зурагт, өсгөгч хоёрыг аваад гарсан. Тэгээд би манаачийн путкенд хоноод 24-ний өглөөний 05 цагийн үед хот руу явах гээд засмал руу ороод явж байтал би олон нийтийн цагдаатай таарсан. Ингээд би цагдаагийн газар хүргэгдэн ирсэн. Рестораны нэг давхарын гал тогооны цонхыг түлхэн нэвтэрч орж 2 давхарын караокений өрөөнөөс Монел загварын зурагт, өсгөгч пульт зэрэг эд зүйлийг би авч гарсан. Би Ойн булаг амралтын газар луу очихдоо 7 буудлаас такси барьж очоод таксигаа буцаагаад явуулсан. Харин өглөө нь би Ойн булаг амралтын газраас явахдаа явган явж байгаад цагдаад баригдсан. Би Баянгол дүүрэгт байрлах Кензо гэдэг нэртэй зочид буудалд 300,000 төгрөгний төлбөр тооцооны барьцаанд тавьсан байсан бичиг баримтаа чөлөөлж авах зорилгоор хулгай хийсэн юм. Би ганцаараа хулгай хийсэн юм ...” гэсэн мэдүүлэг /хх-88-89х/,
Б.Эрдэнэбилэг сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баасандорж намайг за за хоёулаа нэг чиглэлд юм байна би Өргөөгөөс сууна гэсэн харин би тэр хүртэл цуг яваад доошоо 25-р эмийн сан руу алхаад Гүррагчаа ахынд орж унтана гээд Өргөөгийн баруухан талд явж байсан. Би хойно нь алхаад харин Баасандорж урд талд алхаад явж байсан чинь өөдөөс нэг согтуу эмэгтэй хүн гараад ирсэн чинь шууд явж очоод утсаа өгч байгаач ганц ярьчихаад өгье гэж байсан би тэр үед хойно нь нэлээн дөхөж очсон байсан. Тэгтэл нөгөө эмэгтэй надад утас байхгүй гээд хэлж байх шиг байсан. Гэтэл гэнэт Баасандорж тэр эмэгтэйн гарт нь байсан цүнхийг булааж аваад намайг гүйгээрэй гэсэн. Би яах ч учраа олоогүй сандраад түүнийг дагаад гүйсэн. Харин нөгөө эмэгтэй орилоод үлдсэн. Тэгээд цаашаа гүйгээд явж байсан чинь өөдөөс цагдаа нар гараад ирсэн. Тэгээд зогс гээд цагдаа хэлэхэд Баасандорж чигээрээ гүйгээд Өргөө кинотеатрын баруун талаар гүйгээд алга болсон. Харин би тэр дороо зогсоод байж байтал цагдаа нар намайг ирж бариад явсан юм. Миний хувьд энэ хүний цүнхийг булаасан хэрэгт оролцоогүй, гүйгээгээрэй гэхлээр нь айгаад л сандраад гүйсэн. Учир нь би ийм хэрэгт анх удаагаа шалгагдаж байна. Би энэ хүнтэй бүлэглэж бусдын цүнхийг булааж зугтаагаагүй юм. Би хэрэг хийнэ гэж яриагүй. Харин Баасандорж согтуудаа тийм зүйл яриад байхаар нь согтуудаа тоглож байна л гэж ойлгосон. Түүнээс биш би ийм хэрэг хийх гэж байна гэвэл юу гэж хамт үлдэх вээ дээ. Надад өөр ямар нэгэн хэрэг үйлдсэн газар байхгүй. Би цагдаад торгуулж ч үзээгүй. Би огт архи уугаагүй байсан. Ер нь би Баасандоржтой тухайн хэрэг болохоос өмнө нь 1 удаа нийт 2 удаа л уулзаад тэгээд ийм хэрэгт холбогдсон юм ...” гэсэн мэдүүлэг /хх-120-122х/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-11х/,
Дамно ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-29-30, 91-92х, 112-113х/,
Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-81-82х/,
Шүүгдэгч Ц.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-132-133х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-134х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.Бнь 2018 оны 4 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн булаг” амралтын газрын рестораны вакум цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан 846.990 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн булаг” амралтын газрын рестораны цонхыг түлхэн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж, 800.094 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын баруун талын замд Б.Алимаагийн цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч, 35.400 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Баасандоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ц.Б-ийн хулгайн гэмт хэрэгт хохирол бүрэн төлөгдсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.
Хохирогч Б.Энхтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ц.Баасандоржийг хохирогч Б.Энхтуяад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч Б.Алимаад “Дамно” ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлангийн үнэлгээгээний дүнгээр үнэлэгдсэн гэм хорын хохирол болох 35.400 /хх-112-113х/ төгрөгийг шүүгдэгч Ц.Баасандоржоос гаргуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Баасандоржоос гэм хорын хохирлын 35.400 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Алимаад олгож, шүүгдэгч нь 66 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон нийт 66 /жаран зургаа/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-оос хохирлын 35.400 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Алимаад олгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН