| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2526000000030 |
| Дугаар | 2025/ДШМ/23 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/23
С.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням,
Шүүгдэгч С.Б,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор С.Б-д холбогдох эрүүгийн 2526000000030 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, малчин, ам бүл ***, аав, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, *** овогт С.Б /РД: ***/.
С.Б нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод байрлах иргэн Л.Э-ийн гэрт очиж хонохдоо түүний нөхөр Т.Н-ийн эзэмшлийн тархи манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: С.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овогт С.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 6 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Э-т алдагдсан хөөргийг биет байдлаар буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрийг залруулах тухай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт” гэснийг “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст” гэж залруулж, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Ж.Номинд даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид ердийн журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч С.Б нь өөрийн холбогдсон гэмт хэргийн талаар ямар нэгэн маргаангүйгээр гэм буруугаа хүлээсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын эд зүйлийг түүний аав Д.С-ын дэмжлэгтэйгээр хохирогчид чанар байдлын доголдолгүйгээр буцаан хүлээлгэн өгсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Э гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзээгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой байсан байхад түүний эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тэнсэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгч Б.Батсайханы гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан. Шүүгдэгч С.Б-ий холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нь хорин нэгэн настай, *** аймагт гэрээт цэргээр ажилладаг, хохирогчид 3,000,000 үнэлгээтэй эд зүйлийг биет байдлаар хүлээлгэж өгсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг өөрчилж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хариуцлага оногдуулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан, М.Дамбийням нарын гаргасан гомдол, тайлбарт дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжтой байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосон шийтгэх тогтоолоос зөрүүтэй буюу шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад хохирогчийг гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй гэж бичсэн байгаа боловч энэ асуудлыг шийдвэрлээгүй нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдсон, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дүгээр заалт мөн уншиж сонсгосон шийтгэх тогтоолоос зөрүүтэй.
Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ зорчих эрх хязгаарлах ял яагаад оногдуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирч буйг тухайн хэргийн нөхцөл байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Б-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авч шийдвэрлэлээ.
Мөн хэргийг хүлээн авахдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 229 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Эрүүгийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.1.3-т заасан Шүүхэд албан хэрэг хөтлөх журамд заасны дагуу Бүртгэл№1-д бүртгэж, тэмдэг дарж, баталгаажуулна гэснийг зөрчиж хавтаст хэрэгт шүүхийн дардас дарж баталгаажуулахгүйгээр хэргийг хүлээн авч шүүгчид хуваарилсан,
Хавтаст хэргийн 65-66 дугаар хуудаст авагдсан таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргуулж, гарын үсэг зуруулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг яллагдагчид тайлбарлахыг шүүгчийн туслахад даалгажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг тайлбарлахаар хуульчилсан. Гэтэл шүүгчид хуулиар олгогдсон эрх хэмжээг шүүгчийн туслах хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байгаа нь буруу болсон,
Яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Баримт№1-д иргэний бичиг баримтыг хуулбарлаж эсхүл түүнтэй адилтгах лавлагааг хавсаргахаар байхад яллагдагчийн бичиг баримтыг хавсаргаагүй /хх-ийн 67/,
Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт яллагдагч, шүүгдэгч гэж хэргийн оролцогчийн нэрийг зөрүүтэй бичсэн /хх-ийн 68/,
Нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан баримтад шүүгдэгч С.Б-д танилцуулсан огноо нь зөрүүтэй /хх-ийн 71/,
Хохирогч Л.Э-ээс 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны шүүхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх ба энэ хүсэлт нь “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-д заасны дагуу баталгаажиж хэрэгт авагдаагүй /хх-ийн 74/,
Шүүх хуралдааны тэмдэглэл шүүх хуралдааны явцыг дуу, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулсан бичлэгээс зөрүүтэй буюу шүүх хуралдаан даргалагчаас шүүгдэгчид шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч ойлгосон эсэхийг асуугаагүй,
Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан улсын яллагч, шүүгдэгчид асууж тодруулах зүйл байгаа эсэхийг асуугаагүй,
Шүүгдэгч өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцож байгаа учир дүгнэлт, тайлбар гаргах эрхтэй бөгөөд дүгнэлт, тайлбараа ямар хугацаанд гаргах талаар асуугаагүй байхад тэмдэглэлд тусгасан буюу шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдаагүй байхад зөвтгөж бичсэн. Мөн шүүх хуралдааны бичлэгт шүүгдэгч эцсийн үг хэлсэн байгаа боловч энэ талаар тэмдэглэлд тусгаагүй, /энэ нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдсон хх-ийн 75-81/,
Анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гардуулсан бөгөөд уг шийтгэх тогтоолд гарсан техникийн шинжтэй алдааг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр залруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан даруй хэлэлцэхээр хуульчилсныг зөрчсөн /хх-ийн 96-108/,
Мөн залруулгын шүүх хуралдааныг дуу, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулан хэрэгт хавсаргаагүй, уг шүүх хуралдааны тэмдэглэлийг оролцогч нарт танилцуулсан тухай Баримт№14-т танилцсан сар зөрүүтэй /хх-ийн 105/,
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дугаарлалт давхардсан,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 50 минутад хүлээн авч, хэргийн оролцогч нарт 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр танилцуулсан боловч давж заалдах шатны шүүхэд 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлж байгаа нь оролцогчийн давж заалдах гомдолд хариу тайлбар гаргах эрхийг зөрчиж хүргүүлсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол, тайлбарт эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ