| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0444/э |
| Дугаар | 533 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 533
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Э.С, Б.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гаа овогт Энхболдын Сайханбаяр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тонж овогт Балдоржийн Батболд нарт холбогдох эрүүгийн 1811000500326 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г овогт Э.С, Монгол Улсын иргэн, 1989 оны 8 сарын 8-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хадам эмээ, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 56 дугаар гудамжны 652 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлэн уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:............. /.
Шүүгдэгч Т овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1984 оны 2 сарын 13-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 203-64 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ДЕ84021333/.
Шүүгдэгч Э.С, Б.Б нар бүлэглэн /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Сурагчийн 78 дугаар гудамжны 885 тоотод оршин суух М.Гандолгорын байшингийн цоожийг эвдэн хоёр тагтай хөлдөөгчийг нууцаар хууль бусаар авч 108.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Оюунцэцэгийн гар цүнхийг хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдэж 26.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.С-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Батболд бид хоёр хамт байж байгаад Гандолгор эгчийг гэртээ байна уу гэж үзэхээр очсон. Учир нь хоёр хоногийн өмнө хамт архи уусан байсан. Тэгээд Гандолгор эгчийн гэр рүү нь очиход эзэнгүй байшин нь цоожтой байсан. Хэн нь санаа гаргаснаа сайн санахгүй байна. Гандолгор эгчийн байшингаас хөлдөөгчийг нь авахаар шийдсэн. Байшингийн хаалганы цоожийг нь би хашаанд нь байсан чулуугаар цохиж байгаад цүү төмрийг нь сугалаад эвдсэн. Байшин руу ороход гал тогооны хэсэгт модон шүүгээний дэргэд байсан цагаан өнгийн хоёр хаалгатай хөлдөөгчийг авсан ...” гэх мэдүүлэг /хх-64-65х/,
Шүүгдэгч Э.С-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хэрэг болохоос 2 хоногийн өмнө Гандолгор эгчийн гэрт очиход хөлдөөгчөө зарна авах хүн мэдэж байгаарай гэж Б.Б бид хоёрт хэлж байсан. Тэр талаар Хуяг ахынд байхдаа ярьж байсан чинь Болор ах цахилгаан бараа авдаг хүний утасны дугаарыг мэднэ гэж хэлсэн. Тэр талаар Гандолгор эгчтэй ярихаар очиход гэр нь цоожтой байсан. Тэгээд бид Гандолгор эгчид хэлчихье гээд хөргөгчийг бид хоёр аваад явсан. Тэгээд Хуяг ахынл очиж нөгөө утас руу нь залгаж цахилгаан бараа авдаг хүнд өгсөн” гэв.
Шүүгдэгч Б.Б-оос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Сайханбаяр хамт гараад автобусны буудал руу явъя гэж хэлсэн. Тэгээд автобусны буудал дээр очоод таньдаг хүн байна уу, явах уу гээд зогссон. Сайханбаяр хоёулаа Гандолгорын гэр рүү очъё гэсэн. Ямар учиртай талаар нь асуухад Сайханбаяр зүгээр ээ би аргалчихна гэсэн. Сайханбаяр Гандолгорын гэрийн баруун талын цонхоор ороод буцаж гарч ирсэн. Буцаж гарч ирэхдээ алх барьчихсан гарч ирсэн. Тэр алхаараа цоожийг нь цохиж байгаад цүүг нь эвдээд байшин руу орсон. Байшин руу ороод гал тогооны хэсэгт хаалгаар ороход дэргэд нь байсан хөлдөөгчийг хоёр талаас нь өргөөд гарсан ...” гэсэн мэдүүлэг /хх-6667х/,
Шүүгдэгч Б.Б-оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч М.Гандолгороос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 78-885 тоотод оршин суудаг бөгөөд одоогоор Хангай хотхонд охин болох Гантуяагийн гэрт түр оршин сууж байгаа болно. Би 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 78-885 тоотод байх гэртээ очиж 3 хоноод буцаад Хангай хотхонд буцаж ирээд 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед гэрээсээ юм авахаар очиход манай байшингийн цоожийг эвдэж хулгай орсон байдалтай байсан. Гэртээ ороход гэрийн үүдэнд байсан хөлдөөгч хулгайд алдагдсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-21-22х/,
Хохирогч З.Оюунцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүргэн Ганболд медаль аваад тэгээд Ганболдынхоос орой бүрэнхий байхад төрсөн дүү З.Рэгзмаа бид хоёр хамтдаа такси барих гээд Чингэлтэй дүүргийн Сарандаваагийн сүмийн урд талд байрлах 3 жижиг түцний урд зам хөндлөн гарах гэж байхад архи уусан өндөр залуу хар царайтай авгай хоёр ирээд эрэгтэй нь миний цүнхийг булаах гээд татсан би өгөхгүй гэтэл зэвүүн муу гичий вэ гэж хэлээд 4-5 удаа алгадаж миний цүнхийг булааж аваад түцний араар гүйгээд явсан. Манай дүү Рэгзмаа араас нь яваад нөгөө миний цүнхийг дээрэмддэг хүнтэй хамт явж байсан эмэгтэйг авч ирээд цагдаад барьж өгсөн ...баруун талын шанаа тухайн үед хавдаж өвчин орсон. Толгой өвдөж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-92-93х/,
Гэрч С.Алтангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны үед Сайханбаяр, Гандолгор нартай таарахад Гандолгор нь Сайханбаярыг чи миний хөлдөөгчийг авчирч өг өгөхгүй бол манай охин цагдаад өргөдөл өгөх гээд байна гэж хэлсэн чинь Сайханбаяр нь Гандолгор эгчээ би удахгүй өгнө гэж ярьж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-25-27х/,
Гэрч Б.Хуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай гэрт Сайханаа, Болдоо, Молор, Мөөгий бид нар 3-4 шил архи хувааж уусан. Архи ууж байгаад шөнө Сайханаа, Батболд хоёр гараад явсан. Удахгүй дөрвөлжин хавтгай хөлдөөгч хашаанд оруулаад ирсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-32х/,
Гэрч Д.Отгонмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Архи уугаад сууж байтал автобусны буудал дээр зогсож байсан 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүс байсан. Янжмаа эгч бид хоёр түцнээс тамхи авч байсан чинь түцний ар талд Өндөр Болдоо нэг эгчийн цүнхийг булаалцалдаж байсан. Тэгээд булаагаад зугтаад яваад өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-97-98х/,
Гэрч Б.Рэгзмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Оюунцэцэгийн цүнхийг эрэгтэй нь булаацалдаад эгчийг 2-3 удаа чи яасан зэвүүн авгай вэ гээд алгадаад байсан чинь эгч цүнхээ тавьтал нөгөө залуу түцний араар ороод зугтаагаад яваад өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-100-102х/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14х/,
Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн ЧД2-18-05 дугаартай хөрөнгийн үнэлгээний “ ...Хятад улсад үйлдвэрлэсэн 2 нугастай хөлдөөгч 108.000 төгрөг ...” тайлан /хх-36-37х/,
Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн ЧД2-18-92 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...цүнх, будаг, уруулын будаг, автобусны карт нийт дүн 26.600 төгрөг ..” тайлан /хх-107-108х/,
Шүүгдэгч Э.С, Б.Б нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-112, 140х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-114, 141х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-117-123х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Э.С, Б.Б нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Сурагчийн 78 дугаар гудамжны 885 тоотод оршин суух М.Гандолгорын байшингийн цоожийг эвдэн хоёр тагтай хөлдөөгчийг нууцаар хууль бусаар авч 108.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Оюунцэцэгийн гар цүнхийг хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдэж 26.600 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.С, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тэдгээрийг нээлттэй хорих байгууллагад ялыг тус тус эдлүүлэхээр тогтов.
Хохирогч М.Гандолгорт учруулсан гэм хорын хохирол 108.000 төгрөгнөөс шүүгдэгч Б.Б нь 54.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны үед хүлээлгэн өгсөн, харин шүүгдэгч Э.С нь хохирогчид 54.000 төгрөгийн гэм хорын хохирлыг арилгаагүй ба хохирогч М.Гандолгор нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн материал танилцахдаа гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн хохирогч З.Оюунцэцэгт Б.Б нь 73.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн ба хохирогч нь гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.С, Б.Б нар нь тус бүр 81 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Э.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Быг 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 4 /дөрөв/ жилийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 4 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 4 сар 2 хоногийн хорих ялаар,
Шүүгдэгч Б.Б-од энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 сар 4 хоногийг нэмж нэгтгэн нийт 4 жил 1 сар 4 хоногийн хорих ялаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сын нийт цагдан хоригдсон 81 хоногийг, шүүгдэгч Б.Бын нийт цагдан хоригдсон 81 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд нь оруулан тус тус тооцсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С, Б.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН