Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/25

 

Ч.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                   Прокурор А.Алтангэрэл,

                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням

                                        Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Б-д холбогдох эрүүгийн 2426002250250 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, малчин, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, *** овогт Ч.Б /РД: ***/.

Ч.Б нь 2023 оны 8 дугаар сарын 11-ний шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутагт оторлоод *** сумын *** гэх газар руу буцахдаа иргэн Б.Д-ын им, тэмдэг бүхий 4 тооны хургатай хонь буюу нийт 8 тооны бог малыг бусдын өмчлөлийн мал гэдгийг мэдсээр байж шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар малдаа нийлүүлэн өөрийн эзэмшилд үнэ төлбөргүй, авч захиран зарцуулах боломж бүрдүүлэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, иргэн Б.Д-д нийт 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Ч.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *** овогт Ч.Б-д Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Ч.Б-д холбогдох хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, тогтоосон, түүнчлэн мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал тогтоогдсон ба прокуророос хэрэгт цугларсан нотлох баримтууд нь Ч.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үзэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн ба хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, үнэлсэн хохирогч Б.Д-ын ... Б.Б гэх хүнтэй таараад сурсан чинь танай алдсан 4 хургатай 8 тооны хонь *** сумын *** гэх газарт байдаг Ч.Б-ийн хонинд байна лээ гэж сураг хэлсэн. Тэгээд би Ч.Б-тэй өөрийн *** дугаарын утаснаас залгаад ярьсан чинь манай хонинд байхгүй, би өөрийнхөө малыг тууж ирсэн гэж загнаад байсан, тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулна гэсэн чинь би өөрөө хотод явна, би танай хонийг авсан нь үнэн гэхдээ одоо байхгүй, өөр газар байгаа би очоод олоод өгнө гэж хэлсэн ... Ч.Б хэд хоногийн дараа манай утас руу залгаад танай хонь М-ын хонинд байгаа очоод авчих цагдаад битгий хэлээрэй гэж байсан ... гэх мэдүүлэг,

Гэрч З.М-ын ... Ч.Б нэг өглөө эрт, босоогүй байхад ирчихээд “манай 4 хургатай 8 тооны хонь танай хонинд байна гэнэ гээд ирлээ гэж хэлж байсан, тэгээд малын хашаанд ялгаж хашиж үлдээгээд яваад өгсөн юм. Тэгтэл тэр өдөр нь *** сумын иргэн Д гэх залуу эхнэртэйгээ машинтай ирээд хэд хоногийн өмнө хониноосоо хулгайд алдсан хонь байгаа юм, гэтэл танай хашаанд хашаатай байна гэх сураг гараад ирлээ гээд ачаад явсан. Сүүлд сураг сонсоод байхад Б отроос буцах замдаа Д-ын малнаас хулгайлж авч ирээд Дэ гэх айлын хонинд нийлүүлсэн гэх талаар хашаанд хонь ялгаж байхдаа надад хэлсэн юм ... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б-ийн ... Дэ надад хэдэхдээ Ч.Б ахынх отроор яваад ирэхдээ малдаа өөр айлын имтэй, ижил буруу хургатай хонь авч ирсэн. Тэр хонь нь тасарч яваад Улаанбаатар хотоос намайг харж байгаарай гэж утсаар ярьсан, тэр хонь сэжигтэй буруу гарын хонь шиг байна лээ гэж надад гэж ярьж байсныг Д-д хэлсэн ... гэх мэдүүлэг,

Гэрч Т.Х-ийн ... Хонь дутуу байна гэж маргааш нь Д гэрт орж ирсэн ... Хонь алга болсон гэх өдөр *** гэх газарт нутагладаг Б мал туусан явсан. Би очиж уулзаад өөрийн малаас алдсан малаа шүүгээд үзье гэхэд Б манайд хүний мал байхгүй гээд хонио туугаад явсан. Тэгээд би Б-ийн малаас малаа шүүж чадаагүй ... гэх мэдүүлэг зэрэг болон бусад нотлох баримтаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь давхар нотлогдон тогтоогдсон.

Хулгайлах гэмт хэрэг нь тухайн этгээд өөрийн хууль бус үйлдлийг хэнд ч мэдэгдээгүй гэх сэтгэхүйн хандлагаар тодорхойлогддог, тэр дундаа мал хулгайлах гэмт хэрэг нь хөдөө хээр, ямар нэгэн хараа хяналтгүй үйлдэгдэх боломжтой учир онцгойлон үзэж, хулгайн гэмт хэргээс тусад нь зүйлчилж Эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

Ч.Б 30 гаран жил хөдөө мал малласан малчин хүн бөгөөд тухайн өдөр 40 гаран километр газарт отор нүүдэл хийж хонь тууж явсан. Ингэхдээ бусдын 8 тооны малыг анзаарахгүйгээр өөрийн хонинд авч явах боломжгүй юм. Учир нь тухайн ижил буруу хонь нь Ч.Б-ийн хониноос тасарч захалж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр ч тогтоогддог. Мөн тэрээр туувар хийхэд айлын хонь хамт нийлж, туугдаж ирсэн талаар хэнд ч хэлээгүй, гэрч З.М-аас иргэн Б.Д-ын өмчлөлийн 8 тооны хонийг өөрийн өмчлөлийн хонь мэтээр сураглаж очсон байдал, түүнчлэн хохирогчийг утсаар холбогдоход танай мал манай хонинд байхгүй, би өөрийнхөө малыг тууж ирсэн гэж ундууцсан байдал, улмаар хохирогч цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулна гэхэд би өөрөө хотод явна, би танай хонийг авсан нь үнэн, гэхдээ одоо байхгүй, өөр газарт байгаа, би очоод олоод өгнө, цагдаад битгий хэлээрэй гэж хэлсэн байдал зэрэг нь түүний өөрийн үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн хандлага, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг маш тодорхой харуулж байх бөгөөд түүний өөрийн хууль бус үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэх сэтгэхүйн хандлага нь биеллээ олсон бол тэрээр бусдын малыг өмчлөгчид нь өөрийн санаачилгаар буцаан өгөхгүй байсан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдож байна.

Ч.Б-ийн дээрх үйлдэл нь бусдын өмчлөлд байгаа малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан гэмт хэрэг мөн юм. Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар авч өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм. Мөн шүүгдэгч Ч.Б нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хохирогч Б.Д-ын /800,000/ төгрөгөөр үнэлэгдсэн 8 тооны хонины талаар ... орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй болно. Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа Ч.Б нь өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн хонийг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан алдуул малыг завшсан гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, иргэн Б.Д-ын 800,000 төгрөгөөр үнэлэгдсэн 8 тооны хонийг өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулах боломж бүрдүүлсэн нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа юм. Мөн энэ талаар Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор хууль хэрэглээний практик тогтоосон байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийнхээ үндэслэлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй учир хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгчийг олон тооны мал буюу найман тооны малыг хууль бусаар авч, малдаа нийлүүлсэн гэсэн. Гэвч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт дөрвөн хургатай хонийг Ч.Б идэвхтэй үйлдлээр өөрийн хонинд нийлүүлж, өөрийн эзэмшилд байлгасан талаарх мэдүүлэг байдаггүй. Мөн тухайн өдөр эзгүй байхад гэрч буюу н.Т гэдэг хүн хонийг нь хариулж байсан, хонь гэрийнхээ хажуу талын хотонд байсан талаар мөн мэдүүлдэг. Тухайн цаг хугацаа нь өдрийн цагаар байсан бөгөөд шүүгдэгч нь өдрийн цагаар хонийг бэлчээрээр нь туугаад явж байсан байдаг. Гэртээ хариад дөрвөн хургатай хонь буюу найман тооны хонь байгааг мэддэг. Маргааш өглөө нь найман цагийн автобусаар Улаанбаатар хот руу эхнэртэйгээ хамт явсан. Улаанбаатар хотод 3 хоноод гэртээ ирсэн талаар гэрч Ё.Д, Д.Г нар мэдүүлдэг. Тиймээс Ч.Б нь тухайн малыг хулгайлсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Улаанбаатар хотоос ирээд тухайн малыг айлаас сураглаж байгаад эзэнд нь буцаан өгсөн.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос ... Ч.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийн бодит байдлыг бүрэн нотлон тогтоосон ... Ч.Б нь өөрийнх нь сүрэгт ирж нийлсэн хонийг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан алдуул малыг завшсан гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, иргэн Б.Д-ын 800,000 төгрөгөөр үнэлэгдсэн 8 тооны хонийг өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулах боломж бүрдүүлсэн нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа юм ... Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

Мөн алдуул мал гэдэг нь өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамааран өөрийн ижил сүрэг, байнга идээшиж дассан нутаг бэлчээр, хашаа, хороогоо орхин алслагдаж, хэний ч эзэмшил, хараа хяналтгүй болсон малыг ойлгох ба Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар алдуул  мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл, өөрийн эзэмшилд байлгах буюу орон нутгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.

Харин шүүгдэгч Ч.Б бусдын 8 тооны хонийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж дээрх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, улмаар гэрч Т.Х хонь алга болсон өдөр мал шүүгээд үзье гэхэд Ч.Б “манайд хүний мал байхгүй” гээд хонио туугаад явсан /хх-ийн 132/, хохирогч Б.Д гар утсаар Ч.Б-ээс хонь сураглахад “манай хонинд байхгүй, би өөрийнхөө малыг тууж ирсэн” гэж хэлсэн /хх-ийн 10, 11/, отроос ирсний дараа Д.Г-оор хоёр хоног хонь харуулахад 4 тооны хургатай хонь тасраад байсан /хх 124/, гэрч З.М-аас Ч.Б нь өөрийн өмчлөлийн хонь мэтээр сураглан очих зэргээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч  захиран зарцуулах боломж бий болгосон идэвхтэй үйлдэл хийсэн нь тогтоогдож байна.

Гэтэл прокуророос шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх “...гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ...шүүгдэгч Ч.Б нь хохирогч Б.Д-ын өмчлөлийн 8 тооны хонийг өөрөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогч Б.Д-ын өмчлөлийн 8 тооны хонийг хулгайлсан үйлдэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэн үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Б-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авч шийдвэрлэв.

Мөн хавтаст хэргийн 147-148 дугаар талд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргуулж, гарын үсэг зуруулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг яллагдагчид тайлбарлахыг шүүгчийн туслахад даалгажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч зөрчвөл уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг  тайлбарлахаар хуульчилсан. Гэтэл шүүгчид хуулиар олгогдсон эрх хэмжээг шүүгчийн туслах хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байгаа нь буруу,

Яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Баримт№1-д иргэний бичиг баримтыг хуулбарлаж эсхүл түүнтэй адилтгах лавлагааг хавсаргахаар байхад яллагдагчийн бичиг баримтыг хавсаргаагүй /хх-ийн 149/,

Хэргийн оролцогч нарт хэргийн материал танилцуулах тухай Баримт№4-т хохирогч Б.Д-д хэргийн материал танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй /хх-ийн 154/,

Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулахыг хэргийн оролцогчид мэдэгдсэн тухай Баримт№36-д хохирогч Б.Д-д мэдэгдээгүй /хх-ийн 179/,

Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулахыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн тухай Баримт№13-т хохирогч Б.Д-д мэдэгдээгүй /хх-ийн 197/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан оролцогчид хүргүүлэх болон танилцуулахаар хуульчилсан. Гэтэл прокурорын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 11 дүгээр эсэргүүцлийг анхан шатны шүүх 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг 16 минутад хүлээн авч баталгаажуулсан боловч оролцогч нарт 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр танилцуулсан /хх-ийн 200/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчиж байгааг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ч.Б-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                ШҮҮГЧИД                                 Н.ЭНХМАА

                                                                              Л.НЯМДОРЖ