| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0511/э |
| Дугаар | 535 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүгдэгч Ш.М/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ш.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711012290451 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Г овогт Ш.М, 1980 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 17а-07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/........... /,
Шүүгдэгч Ш.М нь 2017 оны 11 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлагч хохирогч Б.Амарбатыг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17 дугаар гудамжинд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг зогсоосон байна” гэх дуудлагаар очиж согтуу жолоо барьсан иргэн А.Ням-Очирыг саатуулан тээврийн хэрэгслийг ачих талаар тавьсан хууль ёсны шаардлагыг “энгэрийн камерийг авч шидэх, мөрдөс тасдах, зүүлттэй шүгэлнээс татаж тасдан хантаазыг урах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ш.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө манай нөхөр согтуугаар машин барьсан байсан. Тэгэхээр нь би нөхрийнхөө машиныг авах гээд очсон. Тэгтэл манай машиныг ачина гэсэн. Тэгэхээр нь ачуулахгүй гэхэд Амарбат гэх цагдаа машиныг чинь ачихгүй гэж хэлээд түлхүүрийг нилээн хол шидэж өгсөн. Тэгээд түлхүүрээ авах гэтэл машиныг нь ач гэсэн. Би машиныг ачуулахгүй гээд машиныхаа урд зогстол чамайг дийлэхгүй хэн байсан юм гээд намайг боож унагаасан. Би тэр үед 8 сартай жирэмсэн байсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалаад баруун гарт байсан утсаараа нэг удаа хацрыг цохисон. Гэтэл намайг газар унагаагаад чирсэн. Тэр үед хажууд нь Бат-Ирээдүй гэх цагдаа байсан. Тэр цагдаа Амраа чи болиоч наад хүн чинь жирэмсэн хүн байна гэж хэлж салгасан” гэв.
Хохирогч Б.Амарбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүргийн ахмад, зохицуулагч С.Бат-Ирээдүй нарын хамтаар хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажилласан. Ажиллах хугацаанд АТ-1 буюу Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай албанаас Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд согтуу жолоочийг зогсоосон байна гэсэн дуудлага орж ирэхэд тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан 03-74 УНӨ дугаартай тээврийн хэрэгслээр зөрчил гаргагч дээр нилээд хүнд зэргийн согтолттой байдалтай байсан. Биднийг очиход Нийслэлийн цагдаагийн урьдчилсан сэргийлэх хэлтсийн алба хаагч Батбаатар гэж өөрийгөө танилцуулсан хүн болон түүний эхнэр зөрчил гаргагч А.Ням-Очир болон түүний эхнэр Майжаргал нар байсан. Тэгээд бид нар дуудлага хүлээн авах тэмдэглэлийг бөглүүлж аваад А.Ням-Очирын тээврийн хэрэгслийн түлхүүрийг аваад Батбаатарыг явуулах гэхэд Майжаргал нь явуулахгүй “та нар хүний мууд дуртай юмнууд” гээд байхаар нь за та нар түр тээврийн хэрэгслээ холдуулаад зогсож бай тэгэхгүй бол тээврийн хэрэгсэл рүү чинь чулуу шидэх байх гэж хэлээд зогсоод Ш.Майжаргалд хуулийг тайлбарлаж хэлээд тээврийн хэрэгсэл ачих ёстой байдаг юм гэхэд Ш.Мнь би машинаа ачуулахгүй гэж хэлэн машиныхаа урд талын хамар дээр суугаад босохгүй гартаа барьж байсан гар утсаараа миний нүүр лүү цохиод гарынхаа хумсаар нүүрэн тус газарт маажиж миний эрх чөлөөнд халдаад байхаар нь та тээврийн хэрэгслээсээ холдоно уу гэхэд холдохгүй гээд өөрөө халтираад газар унаад энэ цагдаа намайг зодлоо гээд орилсон чинь Ням-Очир цагдаагийн машинаас бууж ирээд намайг үгийн зөрүүгүй толгой руу цохиод авсан. Тэгээд зохицуулагч цагдаа Бат-Ирээдүй ирээд Ням-Очирыг салгаж аваад би энгэрийн камер ажиллуулах гэж байхад Ш.Мминий энгэрийн камерийг авч газар шидээд мөрдөс тасдаад зүүлттэй байсан шүгэлнээс татаж тасдаад хантааз зэргийг урсан. Тэгээд тухайн үед тээврийн хэрэгсэл ачигч машин ирсэн байсан учир би ачигчийн жолоочийг гар утсаа гаргаж ирээд бичлэг хий гэж хэлээд бичлэг хийж эхэлсэн ...Миний дух орчимд 2 газарт гар утсаар цохиулснаас болж хавдсан. Нүүрний 2-3 газарт хумсаар маажуулсан шарх, баруун гарын шуунд хумсаар маажсан шарх болон зүүн гарын хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл авсан байна. Тэгээд тэр өдрөө ажлаасаа буугаад гэрт очиход шөнөжин толгой өвдөөд маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Миний энгэрийн камер тогтоогч түгжээ хугарч тухайн үедээ асахгүй ажиллахгүй байсан. Тэгээд мэдээлэл технологийн ажилтанд өгч засуулсан тэгээд одоо хэвийн ажиллаж байгаа. Шүгэл тасраад хагарсан байсан. Одоо байхгүй шинээр худалдаж авсан. Мөрдөс тасраад хантааз урагдсан байсныг хоёуланг оёж одоо зүгээр болсон” гэсэн мэдүүлэг. /хх-49х/,
Гэрч А.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын эцэст байдаг Ургац нэртэй дэлгүүрээ хаагаад нөхөр Батбаатарын хамтаар явж байхад ...Чингэлтэй дүүргийн хорооны урд талын чулуун зам дээр нүүрс ачсан портер урсгал сөрөөд зогсчихсон, портер машины дэргэд цагаан өнгийн автомашины жолоочийн хаалга онгорхой харагдсан. Тэгээд цагаан машины ар хэсэгт цагаан машины жолооч бололтой эрэгтэй, нэг согтуу эрэгтэйг газар чирээд байгаа харагдсан. Тэгээд бид хоёр хажуугаар нь тойроод гарсан. Тэгээд дэргэдүүр нь дээгүүрээ нимгэн цамцтай нимгэн өмдтэй согтуу хүн харагдсан. Тэгээд би нөхөртөө энэ аягүй бол хөлдөж үхэх нь гэж хэлээд машинтайгаа буцаж эргээд ирэх үед цагаан машин нь хурдтай хөдлөөд явсан. Тэгээд манай нөхөр машины дугаарыг нь харъя гээд араас нь гүйцсэн чинь цагаан машин 16 дугаар хорооны урд талд очоод зогссон. Тэгээд манай нөхөр дэргэд нь очоод зогсоод цонхоо онгойлгоод жолоочид нь хандаж юм хэлэх гэхэд эрэгтэй нь согтуу байгаа харагдсан. Тэгээд манай нөхөр машинаасаа бууж очоод цагдаагийн алба хаагчийн үнэмлэхээ үзүүлээд тэр хүнээс бичиг баримтаа үзүүлчих, зам дээр орхисон хүн чинь ямар учиртай юм бэ гэж асуухад тэр эрэгтэй онгорхой цонхоороо “чи утаа шиг үнэмлэх үзүүлээд хэн бэ банди минь би өөрөө цагдаа байна” гээд байсан. Тухайн үед тэр эрэгтэй согтуу байсан ...ба манай нөхөр машины түлхүүрийг сугалаад авахад тэр нөхөр машинаасаа бууж ирээд манай нөхөр лүү дайраад элдэв хараалаар хэлээд эхлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн ...Энэ үед цагаан машины жолооч эрэгтэйн эхнэр бололтой жирэмсэн эмэгтэй хорооны хойд талаас явган ирсэн ...Цагдаагаас миний утас руу залгахаар нь би байгаа газраа зааж өгсөн. Тэгээд манай нөхөр машин руу явж байхад тэр хүний эхнэр нь хүний муу үзлээ гэж хэлээд манай нөхрийн цээж рүү гартаа барьж байсан утсаараа 2 удаа цохисон. Тэгээд манай нөхөр та яагаад намайг цохиж байгаа юм гэхэд хүний муу үзлээ чамайг цохьмоор байна гээд байсан. Тэр эмэгтэй хашгичиж орилоод байсан, эрүүл согтуу нь мэдэгдэхгүй. Тэгээд байж байхад цагдаа ирсэн. Цагдаа нар ирээд тухайн эрэгтэй хүнээс бичиг баримтаа үзүүлэхийг шаардсан. Мөн машин ачигч ирсэн байсан. Тэгээд манай нөхөр болсон явдлыг хэлээд зогсож байхад цагаан машины жолооч намхан цагдаа руу дайраад цээж рүү нь цохиод байсан. Тэгсэн тэр хүний эхнэр намхан цагдаагийн араас очоод малгайг нь унагаад үснээс нь татаад мөн мөрдөсийг татаад унагчихсан ...Цагаан машиныг ачих үед жолооч эрэгтэйн жирэмсэн эхнэр нөхөр лүүгээ ч гүйгээд машин руугаа ч гүйгээд машинаа ачуулахгүй гээд орилоод байсан. Тэгээд цагаан машин болон ачигч машины дунд хэсэгт орж зогсчихоод байсан” гэсэн мэдүүлэг. /хх-6х/,
Гэрч Ч.Хэрлэнбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Бат-Зэв ХХК-нд ачигч машины жолоочоор ажилладаг. 2017 оны 11 дүгээр сарын 8-ны 23 цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдтай шалгалтаар явсан ...2017 оны 11 дүгээр сарын 8-ны 23:00 цагт хамт ажилладаг жолооч Барсаа чи Хайлаастад цагдаагийн алаг машин байгаа хайлаастын хуучин эцэс дээр оч гэж хэлсэн. Тэгээд би ачигч машинтайгаа Хайлааст руу явж байхад цагдаагийн алаг машин хайлааст руу явж байхаар нь би араас нь дагаад явж байхад Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны хажууд 2 машин зогсож байсан. Уг машины хажууд 2 эрэгтэй 2 эмэгтэй хүн зогсож байсан. Тэгээд би өөрийн машинаа байрлуулах гээд цаашаа жаахан тойроод буцаад ирэхэд нэг согтуу эрэгтэй хүн цагдаагийн ажилтныг заамдаад зууралдаад байсан. Тэгэхэд нь бас нэг эмэгтэй хүн цагдаагийн алба хаагчийг гараараа шанаа руу нь цохисон. Тэгэхэд цагдаагийн ажилтны малгай нь унахаар нь би газраас малгайг нь авч өгсөн. Тэгэхэд согтуу эрэгтэй хүн чи миний эхнэрийг зодлоо гээд цагдаагийн алба хаагчийг цонхисон. Тэр үед уг согтуугийн эхнэр нь цагдаагийн мөрдөснөөс нь татаад цагдааг дахин цохиод малгайг нь унагасан. Тэр үед цагдаагийн алба хаагч намайг бичлэг хийгээрэй гээд би утсан дээрээ бичлэг хийсэн. Намайг бичлэг хийж байхад уг согтуу хүний эхнэр нт гэх жирэмсэн эмэгтэй нь цагдаагийн алба хаагчийг пизда минь шээс минь гээд хараагаад байсан. Тэгэхэд цагдаа уг эмэгтэйг чи намайг яагаад пизда гээд байгаа юм гэхэд уг эмэгтэй нь цагдаагаас машиныхаа түлхүүрийг авна гээд орилоод байсан. Тэгэхэд цагдаагийн ажилтан намайг машиныг нь ач гээд байсан. Тэр үед би өөрийнхөө машин дээр очоод ач гэсэн машиныг нь ачих гэхэд уг эмэгтэй хүн машинаа ачуулахгүй гээд машиныхаа урд зогсоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-8х/,
Гэрч Л.Батбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Эхнэр бид хоёр дэлгүүрээ 2017 оны 11 сарын 8-ны 23 цагийн 55 минутын үед дэлгүүрээ хаачихаад хадам эгчийнхээ гэр лүү явж байсан ...Тэгээд эхнэр бид 2 тэр машины хажуугаар өнгөрөөд явахад машин нь замынхаа зүүн талдаа зогсчихсон баруун талд нь гадуур хувцас байхгүй, шар өнгийн цамцтай биеийн тамирын өмдтэй хүн ухаангүй хэвтэж байсан ба хажууд нь 2 сандаал нь байсан. Тухайн үед би тэр хүн хөдлөхгүй байхаар нь зүгээр байгаа, осгочихвийдээ гэхэд эхнэр хоёулаа буцаж очоод цагдаа дуудъя гэхэд тэр машин шууд хөдлөөд яваад өгөхөөр нь араас нь очоод харсан чинь жолооч нь согтуу бололтой байхаар нь цонхыг нь доошлуулаад би албаны үнэмлэхээ үзүүлээд та тэр гудамжинд байгаа хүнтэй хамт явж байна уу нимгэн хувцастай осголоо гэхэд утаа шиг үнэмлэх үзүүлчихээд юу гээд байгаа сонин банди вэ мэтээр баахан доромжилсон. Тэгэхээр нь би та наад хүнээ гэр оронд нь оруулж өгөхгүй ямар нэг асуудал болвол та өөрөө хариуцлага хүлээнэ гэхэд наадах чинь гудамжны архичин байгаа юм хэн ч тоохгүй, гэрийнхэн ч тоохгүй, гэрийнх нь үүдэнд хүргэж ирсэн нь их юм гэж хэлсэн ...Тэгээд тэр согтуу жолооч намайг хэл амаар доромжлоод байхаар нь манай эхнэр цагдаа дуудсан байсан. Гудамжинд байсан хүнийг жолоочийн хамт гэрт нь оруулж өгчихөөд гараад ирэхэд цагдаагийн машин ирсэн. Тэгээд цагдаа нар бичиг баримтыг нь шалгах гэхэд жолооч нь чам шиг банди миний бичиг баримтыг шалгах ёсгүй гээд доромжлоод цагдааг заамдаад цохих гэхээр нь цагдаа нар тэр жолоочийн газар хэвтүүлээд гавлах гэхэд эхнэр нь нэг цагдаагийн хувцаснаас зуураад малгайг нь авч шидээд мөрдөсийг нь тасдаад үсдээд байх шиг харагдсан. Тэгээд цагдаа босч ирээд хувцсаа янзлаад та төрөөд эх хүн болох гэж байж ямар аймаар юм бэ гээд тайлбарлаад байсан. Тэгээд машиныг нь ачих гэхэд эхнэр нь машиных нь урд зогсчихоод ачуулахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-10-11х/,
Гэрч С.Бат-Ирээдүй мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн хэлтсийн шугаман замын байцаагч ахмад Нямбаяр, цагдаа зохицуулагч ахлагч Амарбат нарын хамт томилгоот үүрэг гүйцэтгэж байхад Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны үүдэнд согтуу жолооч байна гэх дуудлагын дагуу очсон ...Ням-Очир болон эхнэрийн хамт дагуулж очоод бичиг баримтыг нь шалгах гэхэд байхгүй гээд огт үзүүлэгүй байсан. Тэгээд машины түлхүүр нь дуудлага өгсөн хүнд байхаар нь аваад жолоочийг албаны машиндаа суулгачихаад машиныг ачуулахаар дуудлага өгөөд ачигч ирээд тээврийн хэрэгслийг ачуулах гэхэд Ням-Очирын эхнэр машины урд талд нь зогсчихоод машинаа ачуулахгүй байхаар нь Амарбат бид нар машиныг ачих журамтай та холдоно уу гэхэд нүүрийг нь маажаад хувцасыг нь ураад шүгэлийг нь таслахаар нь Амарбат тэр эмэгтэйг хойшоо түлхэж холдуулсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй Амарбатыг чи намайг зодлоо гэж орилоод утсаа гаргаж ирээд цагдаа намайг зодлоо гээд утсаар ярьсан. Тэгэхэд жолооч Ням-Очир албаны машинаас бууж ирээд Амарбатыг өшиглөх гээд дайрахаар нь би барьж аваад болиулсан” гэсэн мэдүүлэг /хх-15-16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14055 тоот дүгнэлтэнд:
“1. Ш.Майжаргалын биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдохгүй байна” гэжээ /хх-29х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14041 тоот дүгнэлтэд:
“1. Б.Амарбатын биед дух, баруун хацар, баруун бугуйд зулгаралт, зүүн сарвууны хуруунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хурц ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-30х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.М нь 2017 оны 11 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлагч хохирогч Б.Амарбатыг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд “Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17 дугаар гудамжинд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг зогсоосон байна” гэх дуудлагаар очиж согтуу жолоо барьсан иргэн А.Ням-Очирыг саатуулан тээврийн хэрэгслийг ачих талаар тавьсан хууль ёсны шаардлагыг “энгэрийн камерийг авч шидэх, мөрдөс тасдах, зүүлттэй шүгэлнээс татаж тасдан хантаазыг урах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ш.М-ыг хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.М нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Б.Амарбат нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх төгрөгийг хорих ялд дүйцүүлэн шилжүүлж 30 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сар хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэмж нэгтгэн нийт 6 сар 30 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г овогт Ш.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялд дүйцүүлэн тооцож 30 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сар хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэмж нэгтгэн нийт 6 сар 30 хоног хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ш.М-ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчилсөн үед цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Ш.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН