| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2310007870508 |
| Дугаар | 2025/ДШМ/691 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/691
2025 06 03 2025/ДШМ/691
Б.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гэрэлчимэг,
шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/772 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2310007870508 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О-,
Шүүгдэгч Б.О- нь фейсбүүк цахим сүлжээнд “Mungunhudaga Hundgaa”, “Batbold Batnaym”, “Metalplay Metalplay”, “Batnaym Batbold”, “M.A Hishigdalai”, “Бат-Эрдэнэ Төмөр, “Sumyaa Uuganbayr”, “Төмөр Бат-Эрдэнэ”, "Batchuluun Oyuntsetseg", "Byambaa Byambaa", “Ochroo Ochirhuu”, "Enkhtor Toroo", "Oyuntsetseg Oyuna", "Tulgaa Tulgaa Battomor”, "Olziihargal Olzii", “Monhtsetseg Montsetseg” гэсэн хуурамч хаягаас өөртөө байхгүй “Адуу, үхэр, автомашин”-ы зураг оруулж, хямд үнээр зарж, борлуулна гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж, нэр бүхий 98 хохирогчид нийт 137.408.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: О-ыг “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон" гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Б.О-ыг 07 /долоо/ хугацаагаар жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон нийт 264 хоногийг хорих ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.О-аас нийт 134.703.000 төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгож, шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хохирлын тооцоо буруу гаргасан, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Учир нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч З.А нь өөрийн эхнэр Ч-ын эзэмшлийн данснаас шилжүүлсэн гэдэг. Гэтэл би тухайн мөнгийг ТОР-А3 гэх онлайн покерын Хүрэлбаатарын Мөнгөнхундага гэх данс руу хийлгээд тухайн сайт руу орж покер тоглох гэтэл тус газраас миний тоглодог хаягийг блок хийсэн байсан. Тэгээд тус покерын page хуудас руу холбогдож асуухад мөнгийг гүйлгээ хийсэн данс руу нь буцаасан гэж хариу өгсөн. Гэтэл З.А гэсэн хүн гомдол гаргасан. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч А.Лхагвасүрэнд дээрх болсон асуудлыг хэлж, шалгуулах хүсэлт тавьж мөрдөгч З.А-с асуухад А-ын дансанд ямар ч мөнгө ороогүй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл тухайн мөнгө шилжүүлсэн хүнээс биш гомдол гаргасан А-с тодруулсан нь хангалтгүй бөгөөд покерын Х.Хүрэлбаатар юм уу, мөнгө шилжүүлсэн Чанцал гэх хүн хоёр аль нэгэнд нь тэр 6.500.000 төгрөгийг авсан гэж үзэж байна. Мөн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Д.Х-аас 7.000.000 төгрөгийг ... гэсэн М.Очбаярын дансаар дамжуулан Тор-А3 гэх покерын хаягаас цэнэглүүлсэн. Гэтэл тухайн покерын газар тэр мөнгийг өгөлгүй шууд блок. Тор-АЗ гэх покерын газар хохирогч Д.Х авсан 7.000.000 төгрөгийг авсан. Мөн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр болсон хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13, мөн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр авсан гэх гэрч С**** гэсэн хүмүүсийн мэдүүлгээр гэрчилснийг огт ойлгохгүй байна. Би онлайн мөрийтэй тоглоомд маш ихээр донтож, өөрийгөө хянах чадваргүй болтлоо тоглосон. Би бусдаас авсан гэх хохирлын мөнгийг /TOP-A3, Bond007, zoom poker/ OLZ, Megapoker, Odod star гэх зэрэг онлайн покер сайтуудыг эзэмшиж байсан ***** нарын дансаар цахим тоглоомын хаягийг цэнэгжүүлж тоглосон байдаг. Бусдаас авсан мөнгөөр онлайн покер тоглож бүгдийг алдсан. Тэр ч байтугай хожсон тохиолдолд тус покерын газар мөнгийг өгөлгүй шууд блок хийдэг байсан. Би хохирогчдоос авсан мөнгийг амьдрал ахуйдаа зарцуулж хэрэглэсэн зүйл нэг ширхэг ч байхгүй, мөрийтэй тоглоомд донтож, хулхидуулж алдсан байхад, улсын яллагч ямар ч нотлох баримтгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилсэнд гомдолтой байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.О- гэм буруу дээр маргаагүй. Харин залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад бусдаас авсан мөнгө нь Б.О-ын данс руу ороогүй, дандаа мөрийтэй тоглоомын данс руу нь орсон байдаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О- “уг мөнгөнөөс хувьдаа ашиглаж, амьдралдаа зарцуулсан зүйл байхгүй. Би мөрийтэй тоглоомын данс руу хийсэн” гэдэг. ймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн асуудал дээр маргаагүй, хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзаж үзээд 7 жилийн хорих ялыг нь 6 жилийн хорих ял болгон багасгаж өгнө үү. Өнөөдрийн байдлаар 2 хохирогчийн хохирол буюу 2,150,000 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч Б.О-ын нагац эгч нь төсөл хэрэгжүүлдэг бөгөөд мөнгө орж ирэхээр бүх хохирлыг төлнө гэдгийг хэлсэн. ...” гэв.
Прокурор Ц.Гэрэлчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.О- нь гэм буруу дээр маргадаггүй. 2022 оны 4 сараас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 98 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэл нь амьдралын эх үүсвэр болгож, үргэлжилсэн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Хохирогч А-, Х- нарын данснаас мөнгө гараад буцаад орсон талаар ярьж байна. Энэ нь үндэслэлгүй. Хохирогч А-, Х- нарт хохирол төлөгдөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.О-т холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн:
шүүгдэгч Б.О-ын залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.
Шүүгдэгч Б.О- “...хохирогч З.А-, Д.Х- нар мөнгөө Тор-А3 гэх покер тоглоомын газрын данс руу шилжүүлсэн бөгөөд тоглоомын газар уг мөнгийг буцаан хийсэн гэж хариу өгсөн асуудлыг тодруулж шалгаагүй, С.**** нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг үнэлсэн нь буруу, бусдаас авсан мөнгөө амьдралын эх үүсвэр болгоогүй, гэр бүлдээ зарцуулаагүй, мөрийтэй тоглоом тоглохдоо хэрэглэсэн учраас хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
1.Хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй залилах гэмт хэрэг нь хүн хүндээ итгэх итгэл болон нийгэм дэх итгэлцлийг тодорхой хэмжээгээр алдагдуулдаг хортой үр дагавартай.
Шүүгдэгч Б.О- нь үргэлжилсэн үйлдлээр, нэг ижил аргаар 98 хохирогчид 137.402.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн байна.
Хэдийгээр Б.О- нь гэм буруу дээр маргаагүй, нэр бүхий 6 хохирогчид 4.824.000 төгрөгийн хохирол төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх боловч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн нөхцөл байдал, хууль бус үйлдлээ таслан зогсоолгүйгээр олон тооны хохирогчийг хууран мэхэлж, залилсан гэмт хэргийн давтамж, залилах гэмт хэргийн нийгэмд буй болгох хууль бус үр дагавар зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 7 жилийн хорих ял нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байхаас гадна давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг багасгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
2. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох:
-Б.О-ын яллагдагчаар өгсөн “...хийсэн гэмт үйлдэлдээ үнэхээр их харамсаж, гэмшиж байна. ...хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулах болно. ...”,
-хохирогч З.А-ын “...6.500.000 төгрөгийг 5475084610 тоот данс руу шилжүүлсэн,”,
-гэрч Л.-ийн “...манай нөхөр 6.500.000 төгрөгийг 5475084610 данс руу шилжүүлсэн”,
-хохирогч Д.Х-ын “...7.000.000 төгрөгийг 5926513175 тоот данс руу 91500988 гэсэн утгатайгаар шилжүүлсэн” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.О- нь З.А-аас 6.500.000 төгрөгийг, Д.Х-аас 7.000.000 төгрөгийг тус тус авч, 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нар нь шилжүүлсэн мөнгөө буцаан авсан болон шүүгдэгч Б.О-ын зүгээс дээрх хохирогч нарын мөнгийг покерын газар буцаан шилжүүлсэн талаар мэдүүлээгүй, тухайн дансыг шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.А- 6.500.000 төгрөгийг 5475084610 тоот данс руу шилжүүлсэн нь Х.Мөнгөнхундага гэсэн бүртгэлтэй, Д.Х- нь 7.000.000 төгрөгийг 5926513175 тоот данс руу шилжүүлсэн нь М.Очбаярын дансны хуулгаар тогтоогддог /7хх 12, 63-64,10хх 169-170,186/ ба С.*** гэрчээр мэдүүлэхдээ “...Цахим орчинд интернет банкаа ашиглуулаад мөнгө аваарай гэсэн зарын дагуу өөрийн нэр дээр Хаан банкны данс нээж өгсөн. ...” гэж шүүгдэгч Б.О-т өөрсдийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны дансыг ашиглуулж байсан талаар тодорхой мэдүүлжээ.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсноос гадна энэхүү гэмт үйлдлээс өөр орлогогүй, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзнэ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг байнга үйлдэж, тухайн гэмт хэргээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон хүн гэмт хэргийн халхавч болгож хууль ёсны бусад орлого олж байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Шүүгдэгч Б.О-ын хувьд 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 98 хохирогчийг нэг ижил арга хэрэгслээр залилж, тэднээс авсан мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулж, тоглоом тоглох өөрийн хүсэл зорилгыг гүйцээж, амьдралын зорилго болгосон үйлдэл нь тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж анхан шатны шүүх хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-ын нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийт 75 хоног цагдан хоригдсон, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хохирогч М.Очирхүүд 1.500.000 төгрөгийг, хохирогч Г.Анхчимэгт 625.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/772 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.О- нь хохирогч М.Очирхүүд 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг, Г.Анхчимэгт 625.000 /зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 75 /далан тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН