| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/10254/И |
| Дугаар | 191/шш2025/10404 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 191/шш2025/10404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* /РД:ЖЯ*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* ******* нь манай компанитай 2022 оны 10 дүгээр сарын 21-ны өдөр БЗГ/******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,599,500 төгрөгийг сарын 2.98%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Хариуцагч ******* ******* манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Elko SMPA-65AD9B загварын зурагтыг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
******* ******* нь БЗГ/******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 09-р сарын 22-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,148,670.25 төгрөг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 990 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн УБ ***** тоот хаягаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 197/Ш32025/11253 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй Болгон шийдвэрлэсэн байна.
******* *******-г бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн оловч, зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих тасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч ******* *******-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/11253 дугаар захирамж, зээлийн гэрээ, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/44481 дүгээр захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн ******* *******ийн оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар ******* *******ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, ******* ******* /РД:ЖЯ*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. ******* ******* /РД:ЖЯ*******/-ийг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА