| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/00811/И |
| Дугаар | 191/ШШ2025/11781 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/11781
2025 12 19 191/ШШ2025/11781
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:*******/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42,043,732 төгрөг гаргуулах тухай үндсэн, 17,820,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.******* /*******/,
Хариуцагчийн төлөөлөгч Б.,
Хариуцагчийн өмгөөлөгч Т. //,
Гэрч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Ч.*******, өмгөөлөгч Н.******* нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Манай бус санхүүгийн байгууллага "******* *******" ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г/22/01/_I_ тоот "Систем хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх" гэрээ байгуулж дээрх гэрээгээр ААѴ гар утасны аппликейшнийг хөгжүүлэн боломжит богино хугацаанд захиалагчид акт үйлдэн хүлээлгэн өгч, цаашид Программ хангамжийн үйлчилгээний гэрээ байгуулан системийн хэвийн найдвартай ажиллагааг ханган хамтран ажиллахаар харилцан тохиролцсон.
Гэрээний 2.1.1-д заасны дагуу 2022 оны 01 сарын 21-ний 13,365,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд харин гэрээний 2.1.2.-т заасны дагуу системийн эхний тест эхэлснээс хойш ажлын 3 хоногт 13,365,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохиролцсон.
Гэвч "******* ******* ХХК нь "...санхүүгийн боломжгүйгээс ажлаа хугацаанд нь хийж чадахгүй байна" гэсэн агуулгатай тайлбар хийж хүсэлт гаргасны дагуу бид ажлаа түргэвчлэх үүднээс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 13,365,000 төгрөгийг "******* *******" ХХК-д шилжүүлсэн.
Систем хөгжүүлэлтийн гэрээний дагуу аппликейшнийг бүрэн гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх хугацааг гэрээ байгуулсан өдрөөс хойш 78 хоног байхаар тохиролцсон хэдий ч гүйцэтгэгч тал захиалагчаас удаа дараа шаардсан ажлуудыг бүрэн хийж дуусгахгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар эцэст нь бид гэрээг цуцлахаас өөр аргагүй байдалд хүрсэн болно.
Талууд байгуулсан гэрээнд хугацааг 78 хоног байхаар тохирсон боловч гүйцэтгэгч нь ажлыг хугацаандаа хийхгүй байсан учраас 2023 оны 12 сард гэрээг цуцлах талаар мэдэгдсэн, гэрээний хугацаанд ******* ******* ХХК-ийг ажлаа хийж дуусгах бүх боломжоор хангаж, хугацааг хангалттай өгсөн. Гэвч ажлыг хүлээлгэж өгнө гэж хойшлуулсаар байтал 1 жил 11 сарын хугацаа өнгөрсөн.
******* ******* ХХК нь ажлаа бүрэн хийж дуусгасан тул ажлаа хүлээлгэж өгөх хүсэлт гаргасны дагуу талууд хамтарсан тестийг 2023.06.12-ны өдөр манай оффис дээр хийж, гарын үсэг зураад явсан. Ингэхэд 18 тест хийснээс 5 тест хийсэн модул хэвийн ажиллагаатай, 13 тест асуудалтай буюу ажиллагаа хэвийн бус байна. 6 ажил нь ХХК-ийн ажилд дээр журнал олдоогүйгээс эргэн төлөлт хийгдэхгүй алдаа зааж байна гэсэн, үлдсэн 7 ажил хийгдээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан, тэгээд 12 сард дахин тест хийхэд өмнөх алдаа хэвээр байсан.
Хийсэн гэх ажлын гүйцэтгэл нь дутуу байсан бөгөөд огт ажлаа хийгээгүй гэж хэлээгүй. Энэ апп нь харилцагчийн мөнгө санхүүтэй холбоотой учраас нарийн тооцоолол, бодит цагийн горим дээр зөв мэдээллийг харилцагчид мэдээлдэг нарийн технологи шаардлагатай. Харилцагчид зөв мэдээлэл өгөөгүйгээс зээлийн мэдээлэл, хугацаа хэтрэлтийг бүрэн мэдээлээгүй тохиолдолд ажлаа бүрэн гүйцэд хийсэн гэж үзэх боломжгүй юм. Ажлаа бүрэн хийж засварлах, дутуу ажлаа гүйцээж хийх хугацааг хангалттай өгсөн боловч ажлаа дуусгахгүй, засварлахгүй байсан учраас гэрээний үүргийг дангаар цуцлах шийдвэр гаргасан.
Гэрээгээр тохиролцсон Aav апп-ын эх код, дата баазын мэдээлэл байрших сервер болон домайн нэр, түүнийг хамгаалах хамгаалалтын үйлчилгээ авахад манай байгууллагаас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 8,630,243 төгрөгийн зардал гаргасан.
Мөн Ааѵ аппликейшнийг ашиглахтай холбогдуулан ХХК-тай 2022 оны 02 сарын 22-ны өдөр "CALLPRO", "MESSAGEPRO" үйлчилгээний гэрээг тус тус байгуулж колл итгэлцлийн данс нээсэн, дүн нэмсэн, зээл сунгасан, итгэлцэл хаасан тухай мессеж мэдэгдэл про болон мессежпро үйлчилгээ ( аппликейшнаас зээл авсан, зээлийн төлбөр төлсөн, итгэлцлийн данс нээсэн, дүн нэмсэн, зээл сунгасан, итгэлцэл хаасан тухай мессэж мэдэгдэл авдаг) авч нийт 6,683,489 төгрөгний үргүй зардал гаргаж хохирсон байна.
Манайх 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 23/236 тоот албан бичгээр гэрээг цуцалж байгаагаа "******* *******" ХХК-д мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн, гэрээ цуцалсантай холбоотойгоор гэрээний урьдчилгаанд өгсөн 26,730,000 төгрөг, ажил гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас гэрээнээс учирсан хохирол 15,313,732 төгрөгийг шаардсан боловч хохирлыг арилгасангүй.
Иймд ажил гүйцэтгэх гэрээг цуцалсанаас үүсэх үүрэгт 42,043,732 төгрөгийг хариуцагч "******* *******" ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Б., өмгөөлөгч Т. нар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Манай компани нь "Үйзэн Ивээлт *******" ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г22/01/ тоот "Систем хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх" гэрээ байгуулан ААѴ гэх нэртэй "Санхүү бүртгэлийн системд суурилсан онлайн санхүүгийн аппликейшн систем" программ хангамж хөгжүүлэлтийн ажлыг хариуцахаар болсон.
Үйзэн Ивээлт ******* ХХК-ийн AAV аппликейшний суурь систем нийлүүлэгчээр " " ХХК, системийн дизайн хөгжүүлэгчээр " " ХХК нар ажилласан байдаг.
Тус суурь систем нийлүүлэгч " ХХК-ийн " " гэх нэртэй санхүүгийн суурь системийн API холболтын бэлэн бус байдал, алдаатай, огт ажилладаггүй мөн "Санхүү, бүртгэлийн системд суурилсан онлайн санхүүгийн аппликейшн системийн модулиудын ажиллах зарчим, бизнес шаардлага нь удаа дараа өөрчлөгдсөн зэрэг асуудлаас шалтгаалан AAV аппликейшн системийг гэрээнд заасан хугацаанд хөгжүүлж, хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдалтай байсан.
Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа сунгагдсан асуудал нь манай компаниас шалтгаалаагүй бөгөөд манай компанийн зүгээс нэхэмжлэгч компани болон түүнтэй хамтрагч байгууллагуудад алдаа дутагдлаа арилгах хугацаа олгож, хүлээцтэйгээр хандсаар ирсэн.
Урьдчилгаа төлбөр нь энэ ажлыг биднээр хийлгэнэ гэдгийг баталж байгаа төлбөр, систем хөгжүүлэлтийн тест хийж байгаа гэдгийг нотолж байгаа төлбөр, систем хөгжүүлэлт хийж тест хийж байгаа гэдгийг нотлоод гүйцэтгэлийн төлбөрийн 2 дах хэсгийг шилжүүлсэн. Гэрээний дагуу ажил хийгдэж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд манайхаас 3 удаа систем хүлээлцэх актыг, гүйцэтгэлийн тайлантай хамт явуулж байсан. Үүний хариуд тухай бүрт нь системийг нэмэлт хөгжүүлэлтийн ажил хийгдсэний дараа хүлээж авна гэдгээ аман байдлаар, үнийн санал авах байдлаар ажлыг хүлээж авахгүй санаатайгаар удаа дараа хойшлуулж байсан нь ажлыг хүлээлгэж өгөөгүй гэсэн үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Aav апп-г 2023 оны 5 сард бүрэн дуусгасан, үүнээс хойших хугацаанд нэмэлт хөгжүүлэлтийн ажил хийгдсэн, ажил гүйцэтгэх гэрээгээр хийж гүйцэтгэсэн систем нь 24 цаг ажилладаг, хаанаас ч хандах эрхтэй бөгөөд заавал хоёр талаас байлцаж хүлээлцэнэ гэсэн зүйл байхгүй. Талууд ажлыг татаж аваад тестлээд үзэж байсан болохоор бид нар актаа үйлдэж явуулаад хүлээлцсэн болно.
Хугацааг тодорхой санахгүй байна, Үйзэн ивээлт ******* ХХК-ийн ажлын байранд системийн дизайны нэмэлт ажлуудыг тестлэж үзсэн боловч тэмдэглэлд суурь системээс шалтгаалан ажиллахгүй байгаа зүйлийг манайх гэж бичсэн учраас гарын үсэг зураагүй.
Түүнээс гадна манайх 3 удаа ажил хүлээлцэхийг хүссэн боловч нэхэмжлэгч ажлаа хүлээлцэхгүй байсан нь имэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэлд нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг хамт хийсний эцэст үнийн санал авч ажил хүлээлцэнэ гэдэг тусгагдсан байдаг. Хэрэв манайх ажлаа дутуу хийсэн нь манай компанитай холбоотой, манайхаас шалтгаалсан бол серверийн төлбөрийг манайхаас нэхэмжлэх эрхтэй байхаар гэрээнд заасан боловч тухайн үед тест хийгээд шалгаж үзэхэд манайхаас шалтгаалсан зүйлгүй учраас нэхэмжилсэн баримт байхгүй. Серверийн төлбөрийг манай компани төлөх заалт гэрээнд байхгүйгээс гадна сервер унтарсан тохиолдолд аав апп ажиллах боломжгүй юм.
Бид систем хөгжүүлэлтийн ажлыг тасралтгүй хэвийн гүйцэтгэн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж дууссан учраас AAV аппликейшн системийг туршиж хүлээн авч, акт үйлдэж гэрээг дуусгавар болгох тухай 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/01 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Гэвч нэхэмжлэгч нь бидний албан бичгийн хариуг ирүүлээгүй буюу гэрээнд заасанчлан ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй юм.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь гуравдагч компаниудтай байгуулсан гэрээний 108 үүргийг биднээс ямар үндэслэлээр шаардаж, төлбөр гаргуулахаар нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, бусад компаниудтай гэрээ байгуулан үйлчилгээ авч, хариуд нь төлсөн төлбөрийг биднээс шаардсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, дээрх байдлаар манай компани нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн болно.
Иймд Үйзэн Ивээлт ******* ХХК-ийн 42,043,732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Б., өмгөөлөгч Т. нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Манай "******* Солюшн" ХХК нь "Үйзэн Ивээлт *******" ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г22/01/ тоот "Систем хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээ нь "Санхүү бүртгэлийн системд суурилсан онлайн санхүүгийн аппликейшн систем"-ААѴ аппликейшнийг хөгжүүлэн захиалагч талд хүлээлгэн өгөх зорилготой байсан. Захиалагч "Үйзэн Ивээлт *******" ХХК-ийн AAV аппликейшний суурь систем нийлүүлэгчээр " " ХХК, системийн дизайн хөгжүүлэгчээр " " ХХК нар ажилласан.
"Үйзэн Ивээлт *******" ХХК-д суурь систем нийлүүлэгч болох " " ХХК-ийн " " гэх нэртэй санхүүгийн суурь системийн АРІ холболтын бэлэн бус байдал, алдаатай, огт ажиллахгүй байх мөн систем хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Санхүү, бүртгэлийн системд суурилсан онлайн санхүүгийн аппликейшн системийн модулиудын ажиллах зарчим, бизнес шаардлага" нь удаа дараа өөрчлөгдсөн зэрэг асуудлууд нь тус системийг хөгжүүлэх бидний үйл ажиллагаанд хүндрэлийг учруулж байсан.
Үйзэн Ивээлт *******" ХХК дээрх нөхцөл байдлыг мэдэж байсан учраас бидний ажлыг ойлгож, манай компанитай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний хугацааг сунгасан бөгөөд бид тухайн асуудалд нь хүлээцтэй хандаж, өөрсдийн хариуцсан хөгжүүлэлтийн ажлыг бүрэн хийж дуусгасан.
Тус систем хөгжүүлэлтийн ажил дууссантай холбоотой бидний зүгээс захиалагчид албан бичгээр систем хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгон, акт үйлдэх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч нь ямар нэгэн хариуг өгөөгүй тул дахин системийг хүлээн авах, гэрээнд заасан үлдэгдэл төлбөр төлөхийг тус тус шаардсан.
Түүнчлэн гэрээнд заасны дагуу бидний бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээж аваагүй нь манай компанийн буруутай үйл ажиллагаа биш бөгөөд энэ нь "Үйзэн Ивээлт *******"-ийн хариуцлагагүй асуудал билээ.
Иймд манай компани гэрээгээр тохирсон ажлаа бүрэн хийж гүйцэтгээд ажлын үр дүнг акт үйлдэн хүлээж авахыг "Үйзэн Ивээлт *******" ХХК-иас шаардсан боловч ажил хүлээж авахгүй эс үйлдэхүй гаргасан учраас гэрээний үлдэгдэл төлбөр 17,820,000 төгрөгийг захиалагч "Үйзэн Ивээлт *******" ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Ч.*******, өмгөөлөгч Н.******* нар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
******* ******* ХХК-ийн 17,820,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ******* ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаанд чанарын шаардлага хангасан ажил хүлээлгэж өгөөгүй, аппликейшн нь үүргээ бүрэн гүйцэтгэхгүй байсан учир гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй юм.
Талууд гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 78 хоног гэж тохиролцсон боловч ажлаа бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх хугацааг хангалттай олгосныг нэмэлт хугацаа олгосон гэж үзэж байна. Гэвч хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд аппликейшнийг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гарахгүй нь тодорхой болсон учраас 2023 онд гэрээг цуцлах талаар мэдэгдсэн.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралтад MessagePro, CallPro үйлчилгээ тусгагдсан байдаг, AAV аппликейшнаар дамжин дуудлага ирэх учиртай, манайх уг үйлчилгээг авсан боловч хариуцагч гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгээгүйн улмаас манайх шаардлагагүй үйлчилгээний хөлсөнд маш их хэмжээний мөнгө төлсөн. Хэрэв тохиролцсон ажлыг тохирсон хугацаандаа хийж гүйцэтгэсэн бол ийм хэмжээний зардал манайхаас гарахгүй байсан.
Иймд Үйзэн Ивээлт ******* ХХ-иас 17,820,000 төгрөг гаргуулах тухай ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Гэрч Б. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Үйзэн Ивээлт ******* ХХК-д 2021.10-2023.03 сар хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байхдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу систем хөгжүүлэлтийн ажил дээр төсөл хариуцсан менежер буюу 2 талыг холбон зуучилж байсан.
Төслийн үйл ажиллагаа баяр наадмын үеэр тасалдаж байсан боловч огт ажиллахгүй алга болсон тохиолдол байгаагүй. AAV аппликейшний суурь систем нийлүүлэгчээр " " ХХК, системийн дизайн хөгжүүлэгчээр " " ХХК ажиллаж байсан. " " санхүүгийн суурь системд холболт асуудал гарч байсан, асуудал гарах тухай бүрт 2 талд мэйл явуулдаг байсан боловч хариу тэр дор нь ирдэггүй байснаас цагийн хувьд алдагдалтай, өөрөөр хэлбэл ын алдааг зассан гэсэн хариуг явуулснаас хойш 2-3 хоногийн дараа ******* ******* ХХК-иас хариу ирдэгтэй холбоотой.
...******* ******* ХХК-ийн захирал Б. байлцаж тест хийсэн боловч тэрээр гарын үсэг зураагүй, түүнд программд гарсан алдааг албан бичгээр явуулж байсан. Тест хийхийн тулд гар утсан дээр аппликейшнийг суулгаж байсан. ...Нэвтрэх үйлдэл, зээл авах үйлдэл, итгэлцлийн үйлчилгээг нээж үзэж байсан, тэгэхэд зээл авах процесс олон дараалалтай, дансны мөнгө орох хэсэг ажилласан боловч бусад хэсэгт алдаа гарч байсан учир модулыг хүлээж авах боломжгүй гээд хүсэлтээ тавьж байсан.
...Энэ гэрээтэй холбоотой Үндэсний дата төвд серверийн төлбөрийг, каллпро, мессежпро хоёрын зардлыг төлж байсан. Эдгээр төлбөр нь систем хөгжүүлж байсан компанид аппликейшний холболт хийхийн тулд нэмэлт төлбөр төлөх шаардлагатай холбоотойгоор төлөгдсөн. ...Калл про, мсж про үйлчилгээг манай байгууллага дээрх аппликейшнээс бусдаар үйл ажиллагаандаа ашиглах шаардлагагүй, зөвхөн эднийхтэй байгуулсан гэрээний дагуу гар утасны аппликейшнд зориулан тухайн үйлчилгээг нэвтрүүлж байсан.
ын системээс хэрэглэгч рүү мессеж явуулдаг байсан. Аппликейшнаар дамжуулан харилцагчтай утсаар холбогдох, харилцагчийн утасны дуудлагыг авах үйлчилгээг нэвтрүүлсэн боловч огт хэрэглээгүй, зөвхөн байгууллагын ажилтан руу ярих зэргээр ашиглаж байсан. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу эдгээр үйлчилгээг авсан боловч ашиглаагүй, аппликейшнийг эцсийн байдлаар хүлээлцэж байгаагүй, намайг ажлаас гарах үед гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй байсан... гэв.
6. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
6а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.01.16-ны өдөр Н.*******д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2022.01.20-ны өдөр байгуулагдсан №Г22/01/_l_ дугаартай Систем хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, хавсралт 1, 2, 2А, Үйзэн ивээлт ******* ХХК болон ХХК-ийн хооронд 2022.02.22-ны өдөр байгуулагдсан №22/176 дугаартай Messagepro үйлчилгээний гэрээний хуулбар, хавсралт №22/175 дугаартай Callpro үйлчилгээний гэрээний хуулбар, хавсралт, ******* ******* ХХК-ийн 2023.12.13-ны өдрийн №23/236 дугаартай Гэрээ цуцлах тухай албан бичиг, 2023.12.29-ний өдрийн ******* Солюшн ХХК-ийн ирүүлсэн актын дагуу Aav аппликейшнд тест хийсэн тэмдэглэл, №2024011601 дугаартай нэхэмжлэх, Aav аппликейшнтэй холбоотой ******* ******* ХХК-д учирсан зардал гэх жагсаалт, ны шилжүүлгийн мэдээлэл, ны цахим гүйлгээний баримт, ******* ******* ХХК-иас 2025.01.24-ний өдөр О., М. нарт олгосон итгэмжлэл, /1 хх 1-67, 120/,
6б.Хариуцагчаас ирүүлсэн: ******* Солюшн ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.ын иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнийг оролцуулах тухай хүсэлт, хариу тайлбар, 2024.01.10-ны №01/01 дугаартай албан бичиг, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шуудангийн төлбөрийн баримт, 2024.01.19-ний өдрийн №01/02 дугаартай Гэрээний төлбөр нэхэмжлэх тухай албан бичиг, №H240101 дугаартай нэхэмжлэх, түүнд хавсаргасан ажлын төлөвлөгөөний биелэлт 1, 2, /1 хх 72-73, 85, 107-110, 158-180/,
6в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2025.01.24-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн 2023.05.18-ны өдрийн №А23/01 дугаартай Гэрээ дүгнэсэн актын хуулбар, Гэрээний ажлын төлөвлөгөөний биелэлтийн хуулбар, 2025.04.28-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан хавсралт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.06.02-ны өдрийн №14/5061, 2025.06.25-ны өдрийн №14/6047, 2025.07.07-ны өдрийн №14/6415 дугаартай албан бичиг, 2025.07.09-ний өдрийн №ЕГ0125/654 дугаартай Шинжээчийн дүгнэлт, С., Э. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тэднээс авсан гэрчийн мэдүүлэг, /1 хх 121-142, 198-242, 2 хх 12-28, 56, 59-68/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч "Үйзэн Ивээлт *******" ХХК нь хариуцагч "******* Солюшн" ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан Систем хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт 42,043,732 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үлдэгдэл төлбөрт 17,820,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.
2. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
3. Талуудын хооронд дараах гэрээ байгуулагдсан.
3а. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр №Г22/01/ тоот Систем хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр гүйцэтгэгч ******* ******* ХХК нь Санхүү бүртгэлийн системд суурилсан онлайн санхүүгийн аппликэйшн систем программ хангамж /цаашид бүтээгдэхүүн/-ийг хөгжүүлж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Үйзэн Ивээлт ******* ХХК нь гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр тохиролцсон.
3б. Гэрээний 2-т төлбөрийн нөхцлийг, 2.1-т нийт төлбөр 44,550,000 төгрөг, 2.1.1-т эхний төлбөр 13,365,000 төгрөг болох гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувийн төлбөрийг гэрээнд хоёр тал гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногт, 2.1.2-т гүйцэтгэлийн төлбөр 13,365,000 төгрөг болох гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувийн төлбөрийг системийг эхний тест эхэлснээс хойш ажлын 3 хоногт, 2.1.3-т үлдэгдэл төлбөр 17,820,000 төгрөг болох гэрээний үнийн дүнгийн 40 хувийн төлбөрийг захиалагч системийг хүлээлцэх актад гарын үсэг зурсны дараа ажлын 3 хоногт төлөхөөр тус тус тусгажээ.
3в. Нэхэмжлэгч Үйзэн Ивээлт ******* ХХК /захиалагч/ нь гэрээний төлбөрт 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13,365,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 13,365,000 төгрөг, нийт 26,730,000 төгрөгийг хариуцагч ******* Солюшн ХХК /гүйцэтгэгч/-д шилжүүлэн өгсөн нь тогтоогдож байна.
3г. Зохигч гэрээний талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т :Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.
4. Нэхэмжлэгч нь ...гэрээгээр тохиролцсон ажлыг гэрээнд заасан 78 хоногийн хугацаанд гүйцэтгээгүй, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн, актаар хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалсан, урьдчилгаа төлбөр болон хугацаандаа ажлыг гүйцэтгээгүйгээс учирсан хохирол шаардсан,
гэрээгээр тохиролцсон ажлыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөр шаардсан нь үндэслэлгүй гэж тодорхойлсон.
5. Хариуцагч нь ...суурь систем нийлүүлэгч, дизайн хөгжүүлэгчээр өөр өөр компани ажиллаж байсан, эдгээр компанийн хариуцсан ажлын бэлэн бус, алдаатай, ажиллагаагүй байдал, ажиллах зарчим, бизнес шаардлага удаа дараа өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлыг хүлээлгэж өгөх боломжгүйд хүргэсэн, ажлыг акт үйлдэн хүлээлгэн өгч, гэрээг дуусгавар болгох саналыг захиалагчид хүргүүлсэн боловч хүлээж авахгүй эс үйлдэхүй гаргасан,
бусадтай байгуулсан гэрээний төлбөрийг хариуцах үндэслэлгүй тул гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж маргасан.
6. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т :Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т:Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан.
6а. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба хугацаа нь тухайн гэрээний хувьд талуудын зайлшгүй тохиролцох гол нөхцлийн нэг болох ба ажил гүйцэтгэгч нь ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн бол уг ажлыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, ийнхүү хийж гүйцэтгэсэн бол үүнийгээ нотлох үүрэг нь ажил гүйцэтгэгчид байна.
6б. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т: Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан.
6а. Талуудын хооронд 2022.01.20-ны өдөр байгуулагдсан гэрээний 5-т ажил хүлээлцэх талаар тусгасан,
5.1-т Гүйцэтгэгч тал Захиалагч талд бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх хүсэлт өгч, бүтээгдэхүүний талаар сургалт зохион байгуулж, ажиллагааны удирдлага, функц, модулиудыг биечилсэн заавар зөвлөгөө, тайлбарыг гарын авлагын хамт өгч, талууд хүлээлцсэн актанд гарын үсэг зурснаар хүлээлгэн өгсөнд тооцно.
5.2-т Ажил хүлээлцэхдээ Захиалагч талаас томилогдсон зохицуулагч, түлхүүр хэрэглэгч нар нь системийг бүрэн тестлэж (цаашид Системийн тест гэх) хүлээн авсан акт үйлдэнэ.
5.3-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн бол Захиалагчид мэдэгдэж, Захиалагчийн төлөөлөгчийг байлцуулан зохих шаардлага хангасан эсэхийг шалгаж үзэх ба 2 талын төлөөлөгч нарын гарын үсэг бүхий Хүлээлцсэн акт буюу түүнтэй адилтгах баримт бичгийг үйлдэнэ. Хүлээлцсэн акт-ын бүрэлдэхүүнд дараах баримтууд байна.
Үүнд: 5.3.1-т Гэрээний тус зүйлийн 6.1-т заасан Системийн тест хийж хүлээн авсан акт, 5.3.2-т Гүйцэтгэгч талын гэрээ дүгнэсэн акт, 5.3.3-т Бусад ажлын явцад үүссэн баримтууд гэж тусгажээ. / 1хх 7/
6б. Үүнээс үзэхэд талууд гүйцэтгэгч нь ажлыг гүйцэтгэсэн талаар захиалагчид мэдэгдэх, үүний үндсэн дээр хоёр талын төлөөлөгчийг байлцан хийж гүйцэтгэсэн ажлыг зохих шаардлага шаардлага хангасан эсэхийг шалгаж үзэх, ингэснээр ажил хүлээлцсэн акт үйлдэхээр тохиролцсон байх ба ажил хүлээлцсэн акт нь хүлээн авсан акт, гүйцэтгэгч талын гэрээ дүгнэсэн акт, бусад ажлын явцад үүссэн баримт зэрэг хавсралттай байхаар тохиролцсон.
6в.Талууд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан гэрээний 1.4-т Систем хөгжүүлэлтийн хугацаа гэрээ баталгаажсанаас хойш 78 /далан найм/ хоног байна гэж заасан байх ба уг хугацаа 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар байна.
7. Хэрэгт, нэхэмжлэгчээс ирүүлсэн 2022.11.10, 2023.05.18, 2023.06.09, 2024.01.02, 2024.01.09-ний өдөр хариуцагчид, хариуцагчаас 2022.11.10, 2023.06.12, 2024.01.04-ний өдөр нэхэмжлэгчид явуулсан имэйл, 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ******* ******* ХХК-ийн ирүүлсэн актын дагуу Aav аппликейшнд тест хийсэн тэмдэглэл,
Хариуцагчаас ирүүлсэн 2023.05.29, 2023.06.08, 2023.12.12, 2024.01.10, 2024.01.19-ний өдөр нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 2023.12.13-ны өдөр хариуцагчид явуулсан имэйл зэргийг ирүүлсэн, эдгээр имэйлд шүүхээс үзлэг хийж үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан,
хариуцагчийн хүсэлтээр гэрчээр С., Э., Б. нарыг асуусан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэрэг баримт авагдсан. /1хх 28-33, 122-141, 200-242, 2хх 12-28, 2 хх 57-68/
7а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар 09-ний өдрийн №ЕГО225/654 тоот дүгнэлтэд:
1. Шинжилгээ хийлгэх захирамжид дурдсан AAV нэртэй програмыг хөгжүүлэхэд байгуулсан гэрээ нь цахим технологийн шинжилгээний шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй.
2. Ямарваа нэг програм/систем/-ыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхэд захиалагч тал хамгийн чухал үүрэг оролцоотой байдаг. Учир нь захиалагч хүний гараар хийдэг үйлдэл, өөрийн ажил үйлчилгээг автоматжуулах, компьютерын програмаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гүйцэтгүүлэх хэрэглэгчийн шаардлага юм. Систем хөгжүүлэгч нь хэрэглэгчийн шаардсан ажил үйлчилгээг өөрийн хамгийн сайн ашигладаг програм хангамж боловсруулдаг хэл, технологийг ашиглан төлөвлөгөөт хугацаанд бичиж дуусган суурилуулалт хийж өгдөг.
3. Шинжилгээ хийлгэх захирамжид дурдсан "AAV нэртэй ухаалаг гар утасны цогц системийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хэвийн, найдвартай удаан ажиллуулах нь дэд бүтэц/суурь систем/-ээс шууд хамаарна.
4. Шинжилгээ хийлгэх захирамжид дурдсан "AAV нэртэй цогц системийн эх кодын backend хэсэг нь програм хангамж боловсруулах GO хэл дээр, өгөгдлийн сан /Database/ нь POSTGRESQL бүтэцтэй, frontend хэсэг нь SYPHONY орчинтой/framework/, mobile хэсэг нь ухаалаг гар утасны Android, iOS үйлдлийн системд зориулсан OOP/Object-Oriented Programming/ багаж /компьютерын програм/-аар угсарсан нийт 520MB хэмжээтэй боловсруулагдсан байна.
5. Шинжилгээ хийлгэх захирамжид дурдсан AAV нэртэй цогц програмын гүйцэтгэх үүрэг, ажиллах, тооцоолох үйлдлүүдийг гэрээнд гэрээний нийт ажлын тоон хувьд тодорхойлж заагаагүй байна.
6. Шинжилгээ хийлгэх захирамжид дурдсан "AAV нэртэй програм хөгжүүлэх гэрээнд тусгагдсан ажлын үр дүнг уг систем хэвийн ажилласан нөхцөлд дүгнэх боломжтой байна.
7. Шинжилгээ хийлгэх захирамжид дурдсан AAV нэртэй програмыг хөгжүүлэх хоёр талын гэрээний хавсралт-1-д хийгдэх 4 бүлэг 35 ажил үйлчилгээг гэрээнд хувьчилж батлаагүй байна гэж дүгнэсэн. /2хх 12-28/
7б. Нэхэмжлэгчээс ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ******* ******* ХХК-ийн ирүүлсэн актын дагуу Aav аппликейшнд тест хийсэн тэмдэглэлд ...Aav апп-ын үндсэн 11 модулын 43 үйлдэлд темт хийснээс 22 үйлдэл хэвийн ажиллагаатай, 11 үйлдэл ажиллагаагүй, 8 үйлдэл бүрэн бус, 3 үйлдэл хийгээгүй, 1 үйлдлийг тодруулах байна гэж тусгажээ. /1хх 28-33/
7в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч С. ... Aav аппликейшний систем хөгжүүлэлт нь гуравдагч этгээд болон үндсэн системийн холболт, суурь системд хүндрэлтэй асуудал, алдаа гарснаас 78 хоногийн хугацаанд ажлыг хийж гүйцэтгэж амжаагүй... Гэрээний дагуу хийх ёстой ажлаа хийж дуусгасан гэж үзэж байгаа, гэрээгээ хаагаад нэмэлтээр ажиллуулах сайжруулах санал аваад үнийн санал гаргаж өгөөд явж байсан. Үйзэн ивээлтээс нэмэлт санал тавьсан, гэрээ байгуулагдсан эсэхийг мэдэхгүй. ...Aav аппликейшний ажлыг хүлээлцэх гарын үсэг шатан дээрээ явж байсан. Дизайны өөрчлөлт, шинэчлэлт зэрэг ажлыг хийхийг шаардаж байсан, ... нэмэлт санал гэхээс илүүтэй нэмэлт хөгжүүлэлт байсан, гэрээг дуусгаад төлбөрөө бүрэн авсан тохиолдолд хийх нэмэлт хөгжүүлэлт байсан ...Ажил хүлээлцсэн гэж захирал хэлсэн ...гэж,
Гэрч Э. ... Үйзэн ивээлт ******* ХХК-иас апп-н загвар 5 сард батлагдаж ирсэн. Тэгээд тэрнээс хойш хөгжүүлэлт хийж байхад ахиад мобайл аппликэйшныхаа загварыг сольж, өөрсдөө дотооддоо дахиж загвар цуглуулж байж тэрийг нь ахиж хөрвүүлэх ажил гарсан. Тэгээд суурь системийн ХХК дээр модулиуд нь бэлэн биш байсан. Дандаа тест хийгдэж ер нь тэрүүгээр их хугацаа алдсан. Ажлын явцад ерөнхийдөө жижиг өөрчлөлтүүд бас их орж ирсэн. ...Гэрээний дагуу хийхээр тохирсон ажлыг бүхэлд нь хийж дуусахаас гадна араас нь нэмэлт ажлууд бас орж ирж эдгээрийг бас ерөнхийд нь гүйцэтгэсэн. ...Гэрээнд нэмэлт ажил заасан үгүйг бол сайн мэдэхгүй байна. ...Ажил хүлээлцсэн акт дээр миний гарын үсэг байх ёстой эсэхийг мэдэхгүй байна. ....захиалагч тал 2 удаа дизайн батлагдаад ахиж дизайнаа өөрчлөх хүсэлт гаргаж, ахиж дизайн зураад, тэрийгээ батлуулж ахиж тэрийгээ код руу хөрвүүлүүлсэн.... апп-ийг хийхэд 2-3 сар хугацаа орсон. ... Нэг ажлаа 2 хийсэн гэсэнтэй холбоотой хурлын тэмдэглэл, баримт байгаа эсэхийг мэдэхгүй, үүнтэй холбоотой баримт кодын түвшинд байгаа, ...код болон дизайны өөрчлөлт зэргийг шинжээчид өгсөн баримт байгаа, ..ажлыг 2023 оны 11 сард дууссан байх, апп хүлээлцэх ажилд биечлэн оролцсон, гэхдээ хэзээ гэдгийг санахгүй байна. ...нэмэлт ажил хийсэн, хөлс тохирсныг мэдэхгүй ...гэж тус тус мэдүүлжээ.
7в. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд харилцан илгээсэн имэйл, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч С., Э., Б. нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ******* ******* ХХК-иас ирүүлсэн актын дагуу Aav аппликейшнд тест хийсэн тэмдэглэл зэрэг баримтаас үзэхэд хариуцагч нь 2022.01.20-ны өдрийн гэрээнд тусгагдсан ажлыг гэрээгээр тохиролцсон хугацаанд бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүйгээс гэрээ цуцлагдах үндэслэл болсон нь тогтоогдож байна.
7г. Тодруулбал, хариуцагч нь талуудын хооронд гэрээгээр тохиролцсон "AAV нэртэй програм хөгжүүлэх гэрээнд тусгагдсан ажлыг ямар хугацаанд хийж гүйцэтгэсэн болох, ямар ажлыг хийж гүйцэтгээгүй болох, хийж гүйцэтгэсэн гэх ажил нь гүйцэд, эсхүл дутуу, түүнчлэн хэдэн хувийг хийж гүйцэтгэсэн болох, гүйцэтгэсэн гэх ажлыг зориулалтын дагуу ашиглаж болох зэрэг нь тодорхойгүй байхаас гадна гэрээгээр тохиролцоогүй ямар ажлыг, ямар хугацаанд, хэдий хэмжээний төлбөртэй хийж гүйцэтгэхээр тохиролцсон болох, ийнхүү тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн гэдгийг баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл хийж гүйцэтгэсэн гэх ажлаа акт үйлдэн баталгаажуулж хүлээлцсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
8. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь ...гэрээний 1.4-т заасан 78 хоногийн хугацаанд ажлыг дуусгах үүргээ биелүүлээгүй, гэрээ дүгнэх актын дагуу тестийн орчинд хийгдсэн модулийн үйлдэл гүйцэд хийгдээгүй, гэрээний хугацаанд хийгдэх ажлыг гуравдагч этгээдээс шалтгаалсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэн нэмэлт хугацаа тогтоосон боловч ажлыг хүлээлгэж өгөөгүй, үр дүн гарахгүй нь тодорхой болсон... гэж үзэн 2023.12.13-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн байна. /1 хх 27-33/
8а. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд 2022.01.13-ны өдөр байгуулагдсан гэрээг 2023.12.13-ны өдрөөр тооцож цуцалсан байх тул гэрээ цуцлах хүртэл хүртэлх хугацааны үүрэг, ийнхүү цуцлах хүртэлх хугацааны хохирлыг шийдвэрлэх үндэслэлтэй.
9. Нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохиролд тооцож ХХК-тай 2022.02.22-ны өдөр байгуулсан №22/175 тоот Callpro үйлчилгээний гэрээ, №22/176 тоот Messagepro үйлчилгээний гэрээний төлбөрт 6,683,489 төгрөг, түүлс ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт 8,630,243 төгрөг, нийт 15,313,732 төгрөг нэхэмжилсэн.
9а. Нэхэмжлэгчийн, ХХК-тай байгуулсан гэрээ, энэхүү гэрээний дагуу 2022.05.26-2023.12.05-ны өдөр хүртэлх хугацаанд 6,683,489 төгрөг төлсөн нь хариуцагчтай байгуулсан гэрээ цуцалснаас түүнд учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй, харин түүлс ХХК-тай байгуулсан гэрээг ирүүлээгүй тул түүнд төлсөн гэх 8,630,243 төгрөгийг гэрээнээс учирсан хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. /1 хх 19-27, 35-67/
10. Дээрх тогтоогдож буй үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч нь түүлс ХХК-д 8,630,243 төгрөг төлснийг, хариуцагч нь гэрээгээр тохиролцсон ажлыг, гэрээгээр тогтоосон хугацаанд нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ тус тус хэрэгжүүлсэнгүй гэж үзэв. /1 хх-ийн 90/
11. Иймд хариуцагч ******* ******* ХХК-иас 33,413,489 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Үйзэн Ивээлт ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,630,243 төгрөгт холбогдох хэсэг,
нэхэмжлэгч Үйзэн Ивээлт ******* ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрт 17,820,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* Солюшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 325,017 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Үйзэн Ивээлт ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,050 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 33,413,489 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Үйзэн Ивээлт ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,630,243 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Үйзэн Ивээлт ******* ХХК-иас 17,820,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* Солюшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* Солюшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 325,017 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Үйзэн Ивээлт ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,050 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2024/08697 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ