Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 536

 

                       

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Б.Байгалмаа,

Шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.М-т холбогдох эрүүгийн 1711006050486 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Б овогт Ч.М, Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 21-63 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............. /.

Шүүгдэгч Ч.М нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 21-63 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Оюунгэрэлийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.М-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Оюунгэрэл нь надтай ноцолдож байх үед л учирсан байх. Намайг үснээс нь зулгаагаад доош нь дарахаар нь би дээшээ босох гээд самардаж татаж чангааж байх үед эрүүний доод талд нь хүрсэн байх. Тохойнд учирсан гэмтэл нь бол ноцолдож байх үед юманд цохигдсон байх гэж бодож байна ...” гэсэн мэдүүлэг /2хх-4х/,

Шүүгдэгч Ч.М-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдөр гаднаас хоолны материал аваад орж ирсэн. Тэгэхээр ийм орой хоол хийгээд хэрэггүй гэсэн. Тэгээд би гал тогооныхоо өрөө рүү ороход миний араас орж ирээд үснээс зулгаасан. Тэгээд би дээшээ босох гээд хохирогчийн цамцнаас нь татсан. Хана савуулсан гэсэн нь гарыг хойшлуулах үед савагдсан байх. Тэрнээс биш би гар хүрсэн зүйл байхгүй” гэв.

Хохирогч С.Оюунгэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би нөхөр болох Ч.Мтай 1993 онд танилцаад 1994 онд гэр бүл болж бид хоёрын дундаас 4 хүүхэд төрсөн. 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн гадуур явж байгаад /цамцны худалдаа хийгээд/ хоол хүнсний зүйл аваад орж иртэл Ч.М намайг үг хэлээр доромжилж угтсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд хэрүүл маргаан хийж байгаад миний цамцны энгэрийг урж тасдаад дотуур хувцсыг урж хоолой боож хана руу шахан баруун гарын тохойг хүчтэй хананд цохиж гэмтээсэн …” гэсэн мэдүүлэг /1хх-24-25х/,

Насанд хүрээгүй гэрч М.Исаакаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Манай аав бид нартай бол хэвийн харьцаатай байдаг байсан бөгөөд ажил төрлөө хийгээд л явж байдаг байсан. Гэртээ байх үедээ зарим үед уурлаж бид нарыг загнах зодох зэрэг үйлдэл гаргадаг байсан. Хааяа нэг л бид нарт уурлах үе гарч байсан. Түүнээс байнга зодоод байнга дарамтлаад байдаг асуудал байхгүй. Бид нартай энгийн харьцдаг байсан болохоос бид нартай янз бүрийн зүй бус үйлдэл гаргаж тийм үйлдэл үзүүлж байгаагүй. Тийм зүйл огт байхгүй. Би ээж Оюунгэрэлд аав намайг хүчирхийлж байсан энэ тэр гэсэн юм огт ярьж байгаагүй. Тийм зүйл болж байгаагүй …Намайг болон дүү нарыг хамгийн сүүлд хэзээ зодсоныг бол мэдэхгүй байна. Сүүлийн үед зодож байсныг нь санахгүй байна …Би өөрийнхөө л энэ бүхнийг ярьж байна. Надад хэн нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй …” гэсэн мэдүүлэг /1хх-187-188х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 11462 тоот дүгнэлтэнд:

“1. С.Оюунгэрэлийн биед доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохойны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. мэс засал хийлгэсэн гэх эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй тул мэс засал хийлгэх болсон шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй болно.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /1хх-42х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 895 тоот дүгнэлтэнд:

“1. Ч.М нь сэтгэцийн өвчингүй байна.

2. Ч.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /1хх-46-47х/,

Шүүгдэгч Ч.М-ын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-64х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-66х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ч.М нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 21-63 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Оюунгэрэлийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр С.Оюунгэрэлийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч С.Оюунгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохирлын талаарх баримтаа гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Ч.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 6-ны дотор төлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000   (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-т оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 6-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-т хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН