Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/27

 

Ц.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                  Прокурор Ц.Эрдэнэбат,

                                       Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав,

                                       Шүүгдэгч Ц.Ч

                                       Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Ч-д холбогдох эрүүгийн 2526000000050 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, малчин, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, *** овогт Ц.Ч /РД: ***/.

Ц.Ч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй Мустанг-5 маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Ц.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овогт Ц.Ч-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодож эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 225/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолоор Ц.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Шүүгдэгч Ц.Ч нь Төрийн банкинд 11,000,000 төгрөгийн малчны зээлийн үлдэгдэлтэй тул шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхэд хүндрэлтэй байна. Иймд түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга нь шүүгдэгч малчны зээлтэй учраас торгох ял биелэгдэх боломжгүй гэдэг. Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлын талаарх мэдээллүүд хангалттай авагдсан. Зөвхөн малчны зээлтэй учраас торгох ялыг биелүүлэх боломжгүй гэж байгаа өөрөө буруу байна. Ц.Ч-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Шүүгдэгч Ц.Ч нь малчин бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малын ашиг шимээр орлого олдог мал бүхий иргэнийг хэлнэ гэж заасан. Мөн шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Ц.Ч-д Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолоор 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Малчин хүмүүс сар бүр орлого олох боломжгүй, хавар ноолуураа, намар цагаан идээгээ борлуулж амьдралаа залгуулдаг. Нотлох баримт шинжлэн судлахад шүүгдэгчийг 87 тооны бод малтай гэж дурдлаа. 87 тооны толгой мал гэдэг олон тооны малтай хүмүүсийн хажууд бага малтайд орно. Одоо Төрийн банзанд 11,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Цаашид шүүгдэгчийн гэр бүлд банкны өр зээлээс гадна торгуулийн мөнгө дарамт болж байгаа.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, малчны зээлтэй зэрэг хувийн байдлуудыг харгалзан хууль ёсны зарчим болон шударга ёсны зарчмын дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би банкны зээлтэй учраас торгох ял төлөх боломжгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд ... Анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч нь малчны зээлийн үлдэгдэлтэй тул биелүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байна. Иймд түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү ... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасан хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь: Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирч буйг тухайн хэргийн нөхцөл байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзсэн гэсэн байх боловч шүүгдэгч Ц.Ч-ийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан “...Хүргэн, дүү хоёрынхоо малыг өөр дээрээ нэмээд тоолуулсан. Миний цөөхөн хэдэн мал байгаа. 10 сая гаран төгрөгийн малчны зээлтэй..” гэх тайлбарт ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, улмаар ямар үндэслэлээр торгуулийн ял оногдуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгасан байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх ажиллагаанд хэн хяналт тавих талаар шийдвэрлээгүй буюу шийтгэх тогтоол ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Ч-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Мөн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ЗШ/646 дугаар шийтгэврээр Ц.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар буюу 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хасах шийтгэл оногдуулсан. Улмаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолоор Ц.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дахин нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулан, энэ ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэх боловч Ц.Ч-ийн нийт эрх хасах ялын дуусах хугацааг 2026 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байхад 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дуусахаар агуулгын хувьд зөрчилтэй болсон,   

Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудаст авагдсан таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргуулж, гарын үсэг зуруулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг яллагдагчид тайлбарлахыг шүүгчийн туслахад даалгажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг  тайлбарлахаар хуульчилсан. Гэтэл шүүгчид хуулиар олгогдсон эрх хэмжээг шүүгчийн туслах хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байгаа нь буруу болсон,

Яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Баримт№1-д иргэний бичиг баримтыг хуулбарлаж эсхүл түүнтэй адилтгах лавлагааг хавсаргахаар байхад яллагдагчийн бичиг баримтыг хавсаргаагүй /хх-ийн 55/,

Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт яллагдагч, шүүгдэгч гэж хэргийн оролцогчийн нэрийг зөрүүтэй бичсэн /хх-ийн 56-57/,

Прокуророос 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхэд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан байх ба энэ хүсэлт нь “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-д заасны дагуу баталгаажиж хэрэгт авагдаагүй /хх-ийн 62/,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг прокурорт танилцуулаагүй, он сар байхгүй /хх-ийн 67/,

Шүүгдэгчээс 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр анхан шатны шүүхэд өмгөөлөгч Л.Лхааганжавыг оролцуулах тухай хүсэлт гаргасан байх ба энэ хүсэлт нь “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-д заасны дагуу баталгаажиж хэрэгт авагдаагүй /хх-ийн 71/ зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Ч-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                ШҮҮГЧИД                                Н.ЭНХМАА

                                                                                 Л.НЯМДОРЖ