| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0502/э |
| Дугаар | 539 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оч,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Ч.Занданбал /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/
Хохирогч Б.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Занданбалд холбогдох эрүүгийн 1811009710549 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржигон овогт Чулуунхүүгийн Занданбал, Монгол Улсын иргэн, 1971 оны 01 сарын 20-ны өдөр Оросын Холбооны улсын Эрхүү хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 46 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар,
1992 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 7 сар 27 хоногийн хорих ялаар,
2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
2002 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
2005 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,
2008 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХВ71012072/
Шүүгдэгч Ч.Занданбал нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бишрэлт” зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах оффисын өрөөнөөс хохирогч Б.Гансүхийн эзэмшлийн “Сasio” даралтат хөгжим, акустик гитар хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Занданбалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах найз Гансүхийн гэрт Содномцэрэнгийн хамт байж байсан. Ингээд байж байхад Содномцэрэн хүнтэй уулзаад ирье гээд бид хоёр хамт гараад ...Бишрэлт зочид буудалд ирсэн. Энд байж байхад Содномцэрэн хөгжим авч яваад гадуур тоглож халтуур хийе гэсэн. Ингээд өрөөнд байхад Содномцэрэн хүнтэй уулзаад ирье гээд бид хоёр өрөөнөөс гитар 1 ширхэг, даралтад хөгжим нэг ширхэгийг аваад гарсан. Гадаа байж байхад Содномцэрэн хүнтэй уулзаад ирье гээд бид хоёр өрөөнөөс гитар 1 ширхэг, даралтад хөгжим нэг ширхэгийг аваад гарсан. Гадаа байж байхад Содномцэрэн хүнтэй уулзаад ирье гээд яваад өгсөн. Би Содномцэрэнг 30-40 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь хөгжмийг нь аваад такси бариад Батхишигийн гэрт очоод хүргэн Батзаяад нь хөгжмийг мөнгөний хэрэг болоод байна миний хөгжим байгаа юм гээд 800.000 төгрөгөөр зарсан. Би тухайн үед мөнгийг нь аваад явахдаа мөнгөтэй болохоороо эргэж ирж авна гэсэн. Ингээд мөнгийг нь өөрийн хэрэглээндээ зарцуулаад дууссан. Тухайн үед ганцаараа байсан учраас байрны түрээсэнд өгсөн байгаа. Миний хувьд хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-35-36х/,
Шүүгдэгч Ч.Занданбалаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Содоотой хамт “Бишрэл” зочид буудалд очоод Содоог явсаны дараа би хөгжмийг авсан. Мөнгөний хэрэг гараад Батхишиг гэдэг хүнд мөнгөний барьцаанд тавиад явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Б.Гансүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед Бишрэлт зочид буудал дахь сүмийн оффис өрөөндөө ороход даралтад хөгжим гитар алга болчихсон байсан. Содоо гээд сүмийн дуучин залуу руу залгаад асуутал Занданбал ах миний халааснаас түлхүүр авчихсан юм шиг байна. Би мэдэхгүй гэсэн. Тэгээд камерыг шүүж үзэхэд 15 цагийн орчим Занданбал, Содномцэрэн хоёр хамт орж ирж байгаа бичлэг байсан бөгөөд буцаж гараад Занданбал ганцаараа орж ирээд миний хөгжмийг аваад гарч яваа бичлэг байсан. Занданбалыг урьд өмнө хориход байхдаа зүс мэддэг байсан. Сүүл манай сүмд итгэгчээр байя гэхээр нь би хүлээж аваад сүмдээ хөгжимчнөөр авсан. Би Занданбалыг орох оронгүй гэхээр нь нэг өрөөндөө амьдруулж итгэл хүлээлгэсэн боловч миний итгэлийг алдсан. Би өөрөө мөнгөөрөө барьцаанд тавьсан хөгжмийг нь 800.000 төгрөг төлж авсан. Энэ төлбөрөө Занданбалаас барагдуулахыг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-16х/,
Хохирогч Б.Гансүхээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Ч.Занданбал манай чуулганд байнга ирдэг байсан. 2018 оны 3 дугаар сард манай сүмд ирсэн. Би хашаа байшин авч өгсөн. Би өөрт учирсан гэм хорын хохирол болох 800.000 төгрөгөөсөө татгалзаж байна, шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Гэрч Г.Содномцэрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчим гэртээ танил Занданбалтай хамт байж байхад хүнтэй уулзчихаад ирье хоёулаа хамт явъя гэхээр нь тэгье гээд гэрээсээ гараад явж байтал нөгөө хүн маань болоогүй байна гэж байна гэхээр нь бид хоёр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бишрэлт” зочид буудал дээр очоод хүлээж байя гээд хамтдаа ирсэн. Учир нь Бишрэлт зочид буудлын заалыг манай ах Гансүх түрээслэн үйл ажиллагаа явуулдаг, хөгжим хадгалдаг өрөөний түлхүүр надад байдаг юм. Тэгээд хөгжим хадгалдаг өрөөнд ороод хүлээж байх гэснээ болиод ариун цэврийн өрөө орчихоод үүдэнд сууж байгаад мөнгө авах хүнийхээ гэр рүү явчихаад ирье гээд Занданбал ахыг үлдээгээд явсан. Тэгээд модны 2 очиж мөнгө авчихаад 15 цаг 30 минутын орчим буцаж ирэхэд Занданбал ах байхгүй явчихсан байсан …Тэгээд гэртээ очоод байж байхад ах Гансүх намайг түлхүүрээ үз дээ гэхээр нь гэрт байсан жинсэн өмдний халаасыг үзтэл байхгүй байсан. Бишрэлт рүү яваад очтол хөгжим хадгалдаг өрөөнд байсан даралтад хөгжим, гитар байхгүй байхаар нь Гансүх ах руу мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-22х/,
Гэрч П.Батзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр би гэртээ хүүхдүүдийн хамт байж байхад Занданбал гээд ах орж ирээд хямдхан хөгжим зарж явна 1 сая төгрөгөнд өгнө гэсэн. Тэгээд би сонирхоё гэтэл Нисэхэд ломбарданд 400.000 төгрөгийн барьцаанд тавьчихсан байгаа, чи авахаар бол очоод ав гэхээр нь би тэр өдрөө Занданбал ахтай яваад Нисэхийн эцэс хавьд байдаг ломбарднаас даралтад хөгжмийг 300.000 төгрөгөөр, гитарыг нь 100.000 төгрөгөөр тус тус хүүг нь төлж чөлөөлөөд бид хоёр шууд манай гэрт ирээд эхлээд 220.000 төгрөг өгч маргааш нь 180.000 төгрөгийг нь өгсөн. Сүүлд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр манай аав яаралтай хагалгаанд орох болоод надад мөнгөний хэрэг гараад би даралтад хөгжмийг нь 400.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр цагдаа ирээд уулзтал Занданбал ахын надад зарсан хөгжим нь хулгайн хөгжим болохыг мэдээд хохирогч нь гээд Гансүх гэх хүн би хөгжмөө өөрөө авъя гээд миний ломбарданд тавьсан байсан хөгжмийг 800.000 төгрөг төлөөд авсан” гэсэн мэдүүлэг /хх-28х/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-9х/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /х-10х/,
Иргэн П.Батзаяагаас Ч.Занданбалын хулгайлсан “Casio” даралтат хөгжим, акустик гитарыг хураан авч хохирогч Б.Гансүхэд хүлээлгэн өгсөн “Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл /хх-37-38х/,
Шүүгдэгч Ч.Занданбалын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-69х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-107х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-72-100х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ч.Занданбал нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бишрэлт” зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах оффисын өрөөнөөс хохирогч Б.Гансүхийн эзэмшлийн “Сasio” даралтат хөгжим, акустик гитар хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул Ч.Занданбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Гансүх нь шүүхийн хэлэлцүүлэгт “өөрт учирсан гэм хорын хохирол болох 800.000 төгрөгөөсөө татгалзаж байна, шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Ч.Занданбалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Ч.Занданбалд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Чулуунхүүгийн Занданбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Занданбалыг 340 /гурван зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Занданбал нь 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Гансүх нь гэм хорын хохирол болох 800.000 төгрөгнөөс татгалзсан болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Занданбалд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН