2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 191/шш2025/10392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: **** төв байранд байрлах, Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Ү******* /РД:ИМ*******/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Алаг адуу овогт Н******* Ү******* /РД: ИМ*******/ нь 2024 оны 10-р сарын 09-ны өдөр Г******* банктай Дугаар ЗГ-R000628948 Дижитал Зээлийн гэрээ байгуулан, гэрээнд заасан нөхцөлийн дагуу 8,500,000.00 /Найман сая таван зуун мянган төгрөг төгрөгийн Дижитал харилцагчийн зээлийг авсан болно.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн тул, түүнд холбогдуулан Г******* банк нь харъяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1-д заасныг үндэслэн Шүүгчийн захирамжаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Зээлдүүлэгчийн зүгээс түүний оршин суух хаягийг Шүүхийн бус журмаар тодруулах ажиллагааг явуулсан боловч үр дүн гарахгүй байна.

Иймд тус банкны зээлдэгч, Иргэний хэрэгт хариуцагчаар татагдвал зохих Н.Ү*******г эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж, эрэн сурвалжлах ажиллагааг холбогдох хуульд зааснаар харъяалалын дагуу Цагдаагийн байгууллагад даалгаж өгөхийг хүсэе гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г******* банк ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Ү*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэрэгсэхгүй болгох тухай Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 141/ШЗ2025/00663 дугаар захирамж, дижитал зээлийн гэрээ, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/48791 дүгээр захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн Н******* Ү*******гийн оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, Н******* Ү******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Н******* Ү*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Н******* Ү******* /регистрийн дугаар:ИМ*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Н******* Ү******* /регистрийн дугаар:ИМ*******/-г эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА