| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/02002/И |
| Дугаар | 191/шш2025/08836 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 191/шш2025/08836
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Д******* У******* /регистрийн дугаар: ШВ*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** тоот хаягт оршин суух, Үүд овогт Х******* Б******* /регистрийн дугаар: ХЗ*******/-д холбогдох,
2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Д.У*******ыг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Монгол Улсын иргэн Д.У******* миний хүү Б.Б нь Б К Т ХХК-д ажиллаж байхдаа өр төлбөрт орсон талаар мэдсэн. Тэгтэл Б К Т ХХК-ийн хуулийн зөвлөх Э.Т******* нь танай хүүхэд чинь өр, төлбөрөөс болоод шоронд явах гээд байна та өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгөө манай компанийн захирал Х.Б*******ийн нэр дээр түр хугацаагаар шилжүүлчих. Тэгээд асуудал намжихаар та буцаагаад шилжүүлээд ав гэсэн.
Би өөрөө хууль мэдэхгүй, компанийн хүмүүс нь хүүхдийг минь шоронд явуулах гээд байна гэх мэт сэтгэл сэнааны дарамт, шахалтанд оруулж хүч хэрэглэн аргагүйн эрхэнд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлийн Улаанбаатар хотын ******* тоот орон сууцыг 160,000,000 төгрөгөөр худалдсан гэсэн гэрээнд гарын үсэг зурж Б К Т" ХХК-ийн захирал Х.Б*******ийн нэр рүү шилжүүлж өгсөн.
Тэгтэл одоо энэ бэйр компанийн байр тул та нэр суллаж өг гэх мэтээр байнга дарамт шахалт үзүүлж байна. Бодитоор энэхүү гэрээ хийгдээгүй болно.
Би Б К Т ХХК-ийн захирал Х.Б******* болон хуулийн зөвлөх Э.Т******* нарт орон сууцаа худалдаагүй, 160,000,000 төгрөг аваагүй ба намайг төөрөгдөлд оруулж, хүч хэрэглэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг байгуулж маш ихээр хохиоч байгаа тул шүүхэд хандаж байна
Иймд иргэн Д.У******* болон Х.Б******* нарын хооронд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Улаанбаатар хотын ****** тоот дахь Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тооцож, Д.У******* намайг тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тоггоож шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У*******ын хүү манай компанид 10 гаруй жил ажиллаж ирсэн ажилтан. Энэ хүн ажиллах явцдаа мөрийтэй тоглоом тоглодог байсан. Манай компани компьютер, гар утас, электрон барааны дэлгүүр, Б.Б засварыг нь хийдэг байсан. "Б К т" ХХК нь электрон бараа борлуулдаг байсан. Нэлээн олон салбар дэлгүүр агуулахтай тэднээс нөэтбүүк явуул гэх замаар маш олон нөүтбүүкийг ломбарданд тавиад бараг 400,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Бид 10-аад жилийн хамтын ажиллагаатай, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан хүнээ бодож, 4-ийн 4 хүүхэдтэй гэх мэтийг манай хувьцаа эзэмшигч нар нь харж үзээд 400,000,000 төгрөгөөс нилээн олон компьютер, нөэтбүүк, гар утсыг актлаад 262,000,000 төгрөг болгосон. Компанид ийм хохирол учруулсан учир эцэг эх, эхнэртэй нь уулзсан. Гэтэл ээж нь бидэнд хохирлыг чинь барагдуулах мөнгө байхгүй, байгаа нь байр байна. 160,000,000 байраа өгье гэсэн. Бид харилцан хүлээн зөвшөөрөөд төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулаад түүний дараа үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэр гэрээгээр юуг шийдвэрлэсэн бэ гэхээр эд хөрөнгө завших гэмт хэрэг болчхож байгаа учир цагдаад битгий өгөөч, 4-ийн 4 хүүхэдтэй хүн гэж гуйсан. Бид ч мөн ажил 10-аад жил ажилласан хүнээ явуулж чадаагүй, 4 хүүхэдтэй хүнийг шоронд оруулмааргүй байна гэсэн бид ч ажилтнаа шууд цагдаад өгч чадаагүй. Та нарт 6 сарын хугацаа өгье, 6 сарын дараа өрөө барагдуулахгүй бол бид таны гэрээ байгуулсан үл хөдлөх хөрөнгийг үл маргах журмаар авна гэсэн. 6 сар хүлээгээд байраа өгөөгүй. Өгөөгүй байхдаа нэхэмжлэл гаргасан байсан. Өөрөө хүүг минь цагдаад битгий өгөөч, байгаа нь л энэ байр гэж 2, 3 удаа уулзаж, нотариат орж учир байдлаа хэлэхэд нотариатч та энэ үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож байна уу, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд Б.Бын 160,000,000 төгрөгийн өр төлбөрт авч байна гэж гэрээнд зааж өгсөн байгааг ч дурдаж байсан. Нэхэмжлэгч талын өнөөдөр гаргаж өгсөн шүүгчийн захирамжийг би яагаад гаргаж өгсөн гэхээр 262,000,000 төгрөгийн эд хөрөнгө завшиж хохирол учруулсан, наад захирамж чинь компани Б.Бт 55,000,000 зээлүүлээд, түүний хүү, алданги, компаниас зээлсэн гар утасны төлбөр буюу иргэний хэрэг учраас бид ялгаад тусад нь Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлах төвд хандаад ийм захирамж гаргуулсан. Өөрөөр хэлбэл 262,000,000 нэмээд 110,000,000 төгрөгийн өр төлбөртэй хүн. Тусдаа ойлголт шүү гэдгийг ойлгуулахын тулд хавсаргасан. Тийм учраас бид хавсаргасан байгаа. Д.У*******ыг бид ямар ч хуурсан, хохироосон, залилсан, дарамталсан зүйл байхгүй. Түүнийгээ нотлохоор төлбөр төлөх гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, түүний 3.2-т төлбөр төлөх нөхцөл хугацаа 2023 оны 3-р сарын 15-ны өдөр хүү Б.Бын өр төлбөрийг барагдуулж, төлбөр тооцоо дуусав гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл манай компанид хүү Б.Бын өр төлбөрийг барагдуулж байр өгч байгаагаа маш сайн ухамсарлаж ойлгосон байсан. Ийм учраас бид нэхэмжлэлийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Санхүүгийн янз бүрийн тайлан тооцоо, татвар гэх мэтээс шалтгаалж 6 сарын дараа буцаагаад Д.У*******ын нэр дээр шилжүүлэхэд тэр болгонд татвар, тайлан тооцоо бодогдох юм байна гээд гүйцэтгэх захирлын нэр дээр уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлбэл илүү амар юм байна. Иргэний хувиар шилжүүлбэл компани бол 260,000,000 төгрөгөөс 160,000,000 төгрөгөөр бууруулаад л явчихна. Хувь хүний нэр дээр шилжүүлсэн нь амар юм байна. Компанийн нэр дээр шилжүүлбэл үл хөдлөх хөрөнгө бүртгэгдчихээр, орлогоор бүртгээд татвар аваад байдаг юм. Компанийн үндсэн хөрөнгө болохгүйгээс хойш хувь хүн дээр бүртгүүлэх нь илүү амар юм байна. Компанид бүртгэгдсэнээр илүү хохирол учрах юм байна гэж үзсэн гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус шүүхэд иргэн Д.У******* нь Х.Б*******өд холбогдуулж 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлдээ миний хүүг шоронд явуулах гээд байна гэж сэтгэл санааны дарамт, шахалтанд оруулж хүч хэрэглэн аргагүйн эрхэнд байрыг Б К тХХК-н гүйцэтгэх захирал Х.Б*******ийн нэр дээр шилжүүлсэн гэжээ.
Д.У*******ын хүү Б.Б нь Б К тХХК-д ажиллаж байх хугацаандаа олон тооны компьютер албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан. Б.Б нь компаниас худалдах гэж буй болон засварт ирсэн нөүтбүүк буюу компьютерүүдийг хулгайлан авч ломбарданд тавьж мөнгө болгож мөрийтэй тоглоом тоглох замаар компанид хохирол учруулсан бөгөөд хохирлын дүн нийт 262,993,318.18 төгрөг болсон.
Уг төлбөрийг компаний зүгээс яаралтай төлөхийг шаардахад Б.Б болон түүний ээж Д.У******* нар нь бид одоогоор төлөх боломжгүй байна, бидэнд байгаа хөрөнгө ХУД,2-р хороо, 19-р хороолол, 30-р байр, 29 тоот хаягт орших дугаартай орон сууц л байна. Бид одоо амьдарч байгаа учраас хугацаа өгөөч одоо энэ байрыг шилжүүлж аваад 6 сарын дараа төлбөрөө барагдуулахгүй бол байрыг албан ёсоор шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж маш их гуйсан.
Б.Б нь Б К тХХК-д компьютер, техникийн засварчнаар олон жил ажилласан, 4 хүүхэдтэй, захиралтай ойр дотно найз нөхдийн харилцаатай байсан тул түүний болон ээжийнх нь гуйснаар завшсан эд хөрөнгийн төлбөрөө барагдуулахад 6 сарын хугацаа өгсөн. Энэ хооронд хууль хяналтын байгууллагад өгөөгүй хүлээсэн. Ингээд тэдний гуйснаар Б.Бын ээж Д.У*******ын орон сууцыг 160,000,000 /нэг зуун жаран сая / төгрөгөнд тооцож Төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ байгуулж түүний үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж хууль ёсны дагуу Б Компъютерс тХХК-н гүйцэтгэх захирал Х.Б*******ийн нэр дээр шилжүүлж авсан болно.
Д.У*******т худал хэлж хүч хэрэглэсэн зүйл огт байхгүй бөгөөд Нотариат дээр очоод гэрээ байгуулах үед нотариатч Д.У*******т хандаж та ямар гэрээ хэлцэл хийх гэж байгаагаа ойлгож байна уу, таны хүү өр төлбөрт орсон нь үнэн үү, та хүүгийнхээ өр төлбөрийг барагдуулахын тулд орон сууцаа худалдаж байгаа юм уу гэж асуухад тиймээ ойлгож байна гэж үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно.
Д.У******* гэрээ байгуулах үед гэрээний учир холбогдлыг бүрэн ойлгосон, ноцтой төөрөгдөлд ороогүй, түүнд хүч хэрэглэсэн ямар үйлдэл, эс үйлдэл болоогүй тул Х.Б*******тэй байгуулсан 2024.03.15-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Д.У******* болон түүний хүү Б.Бтай Б К т ХХК гүйцэтгэх захирал Х.Б******* нь 2024 оны 03-р сарын 15-ны өдөр Өр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж түүний үндсэн дээр 2024 оны 03-р сарын 15-ны өдөр Үл Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Д.У*******ын өмчлөлийн **** тоот хаягт орших дугаартай орон сууцны өмчлөх эрхийг Б К тХХК-н гүйцэтгэх захирал Х.Б*******ийн нэр дээр шилжүүлж авсан болно.
2024.03.15-ны өдрийн Өр төлбөр барагдуулах тухай гэрээний 1.2-т Төлбөр төлөгч Б.Б нь хохирлоо төлж барагдуулахын тулд өөрийн ээж Д.У*******ын өмчлөлийн ***** тоот хаягт орших дугаартай 40мкв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг 160,000,000 /нэг зуун жаран сая/ төгрөгөөр тооцож Б к тХХК-н гүйцэтгэх захирал Х.Б*******ийн өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байна.
1.3.-т Б.Б нь 2024 оны 03-р сарын 15-наас 2024 оны 09-р сарын 15-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд гэрээний 1.1-д заасан 262,993,318.18 /хоёр зуун жаран хоёр сая есөн зуун ерэн гурван сая гурван зуун арван найман төгрөг/ төгрөгийг бүрэн төлж барагдуулбал 1.2-т заасан орон сууцыг Д******* У*******ын нэр дээр буцаан шилжүүлэн өгөх болно.
1.4.-т Гэрээний 1.3-т заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй бол үл маргах журмаар ****** тоот хаягт орших дугаартай 40м2 хэмжээтэй 3 өрөө орон сууцыг эзэмшилдээ бодитоор шилжүүлэн авч захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхийг талууд харилцан хүлээн зөвшөөрөв гэж тус тус заасан болно.
Д.У******* болон түүний хүү Б.Б нар нь 2024 оны 03-р сарын 15-наас хойш нэг төгрөгний ч төлбөр төлөөгүй учраас дээр заасан Х.Б*******ийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа шаардсан боловч биелүүлээгүйгээр барахгүй шүүхэд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Иймээс Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1-д заасны дагуу ***** тоот хаягт орших дугаартай 40мкв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг Д.У*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжпэлийг шаардлагаар маргааны зүйл болсон орон сууцыг чөлөөлүүлж авах гэж шаардлага гаргасан нь хуульд нийцэхгүй байна.
2. Би өөрөө хууль мэдэхгүй, компанийн хүмүүс нь хүүхдийг минь шоронд явуулах гээд байна гэх мэт сэтгэл санааны дарамт, шахалтанд оруулж хүч хэрэглэн аргагүйн эрхэнд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлийн Улаанбаатар хотын ****** тоот орон сууцыг 160,000,000 төгрөгөөр худалдсан гэсэн гэрээнд гарын үсэг зурж Б К Т ХХК-ийн захирал Х.Б*******ийн нэр рүү шилжүүлж өгсөн. Энэ үйлдэл минь хуульд нийцэхгүй байгаа тул шүүхэд хандсан.
3. Б к т ХХК-ийн захирал Х.Б******* 2024 онд манай хүү Б.Бт холбогдуулан компанид хохирол учруулсан гэж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлт гомдол гаргаж одоог хүртэл мөрдөн шалгалт явагдаж байна. Миний орон сууц тэдний хоорондын эрүүгийн хэргийн маргаанд хамааралгүй бөгөөд Х.Б******* нь эрүүгэийн хэрэг, иргэний хэргээр давхардуулан хөрөнгөжиж байна гэж үзэж байна.
Иймд сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.У*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ 2024.03.15, Х.Б*******өөс Э.Т*******д олгосон 2024.03.11 итгэмжлэл, Д.У*******аас С.Т*******өд олгосон 2024.09.16 итгэмжлэл,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Х.Б*******өөс Э.Т*******д олгосон 2025.03.14 итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.03.15 Бест к т ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2024.03.15 Өр, төлбөр барагдуулах гэрээ, Х.Б******* өмчлөгчөөр бүртгэлтэй, дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 2024.03.24№ гэрчилгээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.06.04№183/ШЗ2024/12783 захирамж, 2024.05.27№270 эвлэрлийн гэрээ, Зээлийн гэрээ 2023.04.28, Б компьютер т ХХК-ийн ажилтан Б.Бтай холбоотой авлагын тооцоо 2024.05.22, тооцоо нийлсэн акт 2024.03.14, нэхэмжлэх 2024.03.14, 2024.03.14, Б к т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х.У******* нь хариуцагч Х.Б*******өд холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд ...хүү Б.Б Б К Т ХХК-д ажиллаж байхдаа өр төлбөрт орж, компанийн хүмүүс нь хүүхдийг минь шоронд явуулах гээд байна гэх мэт сэтгэл сэнааны дарамт, шахалтанд оруулж хүч хэрэглэн аргагүйн эрхэнд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлийн Улаанбаатар хотын ***** тоот орон сууцыг 160,000,000 төгрөгөөр худалдсан гэсэн гэрээнд гарын үсэг зурж Б К Т" ХХК-ийн захирал Х.Б*******ийн нэр рүү шилжүүлж өгсөн. Бодитоор энэхүү гэрээ хийгдээгүй, 160,000,000 төгрөг аваагүй ба намайг төөрөгдөлд оруулж, хүч хэрэглэн гэрээг байгуулсан... хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, орон сууцыг Д.У*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дор дурдсанаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.
- Д.У*******ын хүү Б.Б нь Б К Т ХХК-д ажиллаж байхдаа тус компанийн эд зүйлийг хулгайлан ломбардад тавьж 262,993,318.18 төгрөгийн хохирол учруулсан. Уг төлбөрийг төлөхийг шаардахад Б.Б болон түүний эх Д.У******* нь дугаарт бүртгэлтэй орон сууцыг шилжүүлж аваад 6 сарын дараа төлбөрөө барагдуулахгүй бол байрыг албан ёсоор шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж маш их гуйсан,
- Д.У******* гэрээ байгуулах үедээ гэрээний учир холбогдлыг бүрэн ойлгосон, ноцтой төөрөгдөлд ороогүй, түүнд худал хэлж, хүч хэрэглэсэн үйлдэл байхгүй,
- Төлбөр төлөгч Б.Б нь хохирлоо төлж барагдуулахын тулд өөрийн ээж Д.У*******ын өмчлөлийн ******* тоот хаягт орших дугаартай 40мкв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг 160,000,000 төгрөгөөр тооцож Б к тХХК-н гүйцэтгэх захирал Х.Б*******ийн өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 3 дугаар сарын 15-наас 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд гэрээний 1.1-д заасан 262,993,318.18 төгрөгийг бүрэн төлж барагдуулбал 1.2-т заасан орон сууцыг Д******* У*******ын нэр дээр буцаан шилжүүлэн өгөх, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй бол үл маргах журмаар уг орон сууцыг эзэмшилдээ бодитоор шилжүүлэн авч захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхийг талууд харилцан хүлээн зөвшөөрснийг Орон сууцны өмчлөх эрхийг Х.Б*******ийн нэр дээр шилжүүлсэн Д.У*******, түүний хүү Б.Б болон Б К т ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б******* нарын хооронд байгуулагдсан 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Өр төлбөр барагдуулах тухай гэрээнд тусгасан;
3. Нэхэмжлэгч Д.У******* болон хариуцагч Х.Б******* нарын хооронд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Улаанбаатар хот, ******** тоот, 40 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Б*******ийн өмчлөлд шилжүүлж, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Х.Б*******ийг өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ олгогдсон байна.
4. Талууд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан шалтгаан, нөхцөлийн талаар маргаагүй буюу нэхэмжлэгч Д.У*******ын хүү Б.Б нь Б К т ХХК-д 262,993,318.18 төгрөгийн дүнтэй хохирол учруулсныг барагдуулахаар тус компанитай харилцан тохиролцож, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Өр, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, Д.У*******ын өмчлөлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Б*******ийн өмчлөлд шилжүүлсэн байх ба 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 262,993,318.18 төгрөгийг бүрэн төлж барагдуулбал уг орон сууцны өмчлөх эрхийг Д.У*******т шилжүүлэх, төлбөр төлөөгүй тохиолдолд уг орон сууцыг өмчлөгч Х.Б******* эзэмшилдээ бодитоор авахаар харилцан тохиролцсон байна.
5. Гэвч 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа, 262,993,318.18 төгрөгийн эд зүйлээрээ хохирсон гэх төлбөр авагч Б К т ХХК-д орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй, тус компанийн гүйцэтгэх захирал Х.Б*******өд өмчлөх эрхийг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.
6. Ийнхүү төлбөр авагчид Д.У*******ын өмчлөлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ тус компанийн үндсэн хөрөнгө болохгүй, санхүүгийн янз бүрийн тайлан тооцоо, татвар гэх мэтээс шалтгаалж 6 сарын дараа буцаагаад Д.У*******ын нэр дээр шилжүүлэхэд дахин татвар, тайлан тооцоо бодогдож, компанид хохирол учирах тул гүйцэтгэх захирал Х.Б*******ийн нэр дээр шилжүүлэхэд хялбар хэмээн орон сууцны өмчлөх эрхийг иргэн Х.Б*******ийн өмчлөлд бүртгүүлсэн хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.
7. Мөн түүнчлэн, Талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн байх учиртай.
8. Гэвч компанид учирсан хохирлыг арилгах зорилготой Өр төлбөр барагдуулах хэлцлийн агуулгаас хазайсан, уг хэлцлийн зорилгыг халхавчилж, хохирол төлбөр төлөгдөөгүй атал гэрээний зүйлийн үнийг 160,000,000 төгрөгөөр үнэлж, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б.Бын өр төлбөр барагдуулах гэрээний дагуу өр төлбөрт бодож өгч, төлбөр тооцоо дууссан, төлбөрийг бүрэн төлж дууссан хэмээн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 3.1, 3.2, 3.3-т тус тус заасан байна.
9. Д.У******* болон Б К т ХХК-ийн хооронд хийгдэх хэлцлийн дагуу үүсэх үр дагавар буюу холбогдох татвар, тайлан тооцоолол, зардлаас зайлсхийж гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж авах зорилгогүй Б К т ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б******* гэрээ байгуулсан нь өөр хэлцлийг халхавчлах зорилготой байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т заасан, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
10. Харин, Б К т ХХК-д Б.Бын учруулсан хохирол 262,993,318.18 төгрөгийг Б.Б, түүний эх Д.У******* нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн үйл баримт нь хэрэгт авагдсан гэрээ, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох төөрөгдөлд оруулж, хүч хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
11. Дээр дурдсанаар, ****** тоот, 40 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.Б*******ийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бүртгэх үндэслэл болсон 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон тул уг орон сууцны өмчлөгчөөр Д.У*******ыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
12. Хариуцагч Х.Б******* нь Б К т ХХК-д учруулсан хохирлыг барагдуулах зорилгоор өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгогүй байсан, уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлж авхаар Д.У*******тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т зааснаар хүчин төгөлдөр бус, Д.У*******ыг дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр шүүхээс тогтоож шийдвэрлэсэн тул хариуцагч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар, өмчлөгчийн хувиар шаардах эрхгүй тул орон сууцыг нэхэмжлэчгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дах хэсэг, 116, 118, 120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, Д.У*******, Х.Б******* нарын хооронд байгуулагдсан, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 0767 бүртгэлийн дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, ********* тоот, 40 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Боржигон овогт Д******* У******* /регистрийн дугаар: ШВ*******/-ыг тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, ********** тоот, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг Д.У*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Х.Б*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,028,150 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 958,000 төгрөгийн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б*******өөс 1,028,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.У*******т олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 887,800 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж хариуцагч Х.Б*******өд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА