Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128

 

2018 оны 7 сарын 04 өдөр                       2018/ШЦТ/128                             Хэрлэн сум

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2018/0137/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                       М.Сайнболд,

Улсын яллагч                                          Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Ц.Ширчиндоо,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор,

Шүүгдэгч                                                Ц.Б нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аврага овогт Цээлбишийн Бд холбогдох 1839002350122 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд  1962 оны 12 дугаар сарын 18-нд төрсөн, 55 настай,  эмэгтэй,  тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, зээ хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 8-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Аврага овогт Цээлбишийн Б /РД: / 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч  Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах Чацаргана жолооны курсын жолооны дадлагын талбайд 26-36 УБЧ улсын дугаартай аксент маркын тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  2.1а,  19.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган Ц.Ширчиндоогийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах Чацаргана жолооны курсын дадлагын талбайд 26-36 УБЧ улсын дугаартай аксент маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  2.1а,  19.1, 9.2 дахь хэсэгт заасан журмуудыг зөрчиж зам тээврийн осол гарган Ц.Ширчиндоогийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь: 

Хохирогчийн Ц.Ширчиндоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...хамт сурч байсан Ганбаатар, Энхмаа нарын хамт бид 4 Ганбаатарын машинтай Хэрлэн сумын 2 дугаар багт байдаг жолооны дадлагын талбайд 9-12 цагийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сургуульлалт хийсэн юм. Тэгээд дуусаад бид хэд тэнд байрлуулсан байсан моднуудаа хурааж байтал гэнэт араас ирээд намайг мөргөөд, би газар унасан. Газар унаад хартал миний 2 хөл машины урдталын 2 дугуйны голд машин доогуур орсон байсан. Би айж сандараад босох гэтэл машин угзчаад ухасхийсэн. Тэгтэл миний зүүн хөлийн шилбэ маш хүчтэй өвдөж хугарсан. Тэгээд хөлөө татаж авах гэтэл зүүн хөл шилбээрээ нэг юманд дарагдчихсан авч дийлэхгүй байсан. Тэгтэл Б машинаас бууж ирсэн. Мөн тэнд Ганбаатар, Энхмаа нар машинаа өргөж байж намайг гаргаж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-14 хуудас/

Гэрч Л.Энхмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...дромонд бэлтгэсэн моднуудаа хураахаар Ширчиндоо бид  замынхаа эсрэг талд буюу ертөнцийн зүгээр зүүн талаас нь модоо хураагаад явж байтал баруун талаас машин тойроод ирж явж байсан чинь гэнэт бахиралдаад Ширчиндоо уначихсан машин тулаад зогсчихсон байсан. Тэгээд очтол Ширчиндоогийн зүүн хөл машины урд дугуйны дотор тал эргэгдсэн байсан. Тэгээд хөлөө татаж болохгүй болохоор нь бид хэд өргөх төдийд машинаа хөндийлөхөд хөлөө татаж авса....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 22 хуудас/

Гэрч Г.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд хүн тус бүр дээр 1 цаг зааж өгөөд бид хэд дуусаад одоо моднуудаа хурааж байтал гэнэт машин маань хөдлөөд явчихсан. Тэгээд хартал Б машиныг маань бариад хөдөлгөөд явахаар нь за гайгүй ирчих байлгүй дээ гэж бодоод байж байтал буцаад зүүн талаас буцаад эргэхдээ Ширчиндоогийн араас нь мөргөсөн....Б Ширчиндоог мөргөчихөөд машинаа унтраачихсан. Тэгтэл Ширчиндоогийн зүүн хөл нь жолооч талын урд буюу баруун урд дугуйн доор дарагдсан байсан. Энхмааг гүйгээд ирэхээр нь гуравуулаа машинаа өргөтөл Ширчиндоо хөлөө татаад авсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23 хуудас/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 204 дугаартай дүгнэлт....Ц.Ширчиндоогийн биед зүүн шаант тахилзуур ясны ташуу зөрөөтэй хугарал, баруун, зүүн гуяанд зулгаралт, зүүн гуяанд цус хуралд гэмтэл тогтоодлоо....Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....гэх дүгнэлт.../ХХ-ийн 31 хуудас/ 

 

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт....Жолоодох дадлага хийх талбайд 26-36 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооодсон Ц.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а-д заасан тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д жолоодлогын дадлагын багшийн шууд удирдлагын дор хийнэ. 9.2-д жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам  тээврийн осол гарсан байна...гэх дүгнэлт.../ХХ-ийн 34 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ширчиндоогийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Ширчиндоо эмчилгээний болон бусад зардалд нийт 7.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд 1.200.000 төгрөгийг, шүүх хуралдаан дээр 800.000 төгрөгийг төлж бусад хохирол зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон нь хуульд харшлаагүй, бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Аврага овогт Цээлбишийн Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосугай.  

3. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Бгийн тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах албадланыг арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Бд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хохирогч нь цаашид гарах хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

6.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ