Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2018/00994

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Энхтайваны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13ы өдрийн 182/ШШ2018/00495 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Энхтайваны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Энхтайван нь Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн дарга алба тушаалтай ажиллаж ирсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №2016 Б/61 тоот тушаал гарч түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1241 дүгээр шийдвэр гарч ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулан, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан. Анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаагүй, хүчин төгөлдөр болсон. Уг шүүхийн шийдвэр гарснаас хойш яамны холбогдох ажилтнууд хариуцлагагүй хандаж, удахгүй шийднэ, удирдлага шийднэ гэх зэргээр хүлээлт үүсгэдэг, мөн албан тушаалтнууд нь солигддог зэргээр өнөөдрийг хүртэл шийдээгүй. Тийм учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа хийж байгаа боловч өнөөдрийг хүртэл ажилд нь аваагүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон бол ажил олгогчийн зүгээс ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүрэгтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрт 1 сарын дундаж цалин хөлсийг 932 940 төгрөг тооцсон. Энэ шийдвэрийг гарах үед Т.Энхтайваны 5 сарын цалингийн бичилт нийгмийн даатгалын дэвтэрт дутуу бичигдсэн байдаг юм байна лээ. Харин шүүхийн шийдвэрийн дараа зөвтгөгдөж бичигдсэн, тэгэхлээр дундаж цалин хөлс нь 1 000 000 гаруй төгрөг болох юм. Шүүх тооцоо хийхдээ дэвтрийн уг бичилтийг харж нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлж өгнө үү.

Бид нэхэмжлэлээ анх 13 061 160 төгрөг гэж тодорхой дүн тавьж шүүх хуралдааны явцад нэмэгдүүлж 13 994 100 төгрөг болгосон. Гэхдээ шаардлагаа тодруулж үнийн дүн тавихгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас уг олговрыг гаргуулж, Т.Энхтайваны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байна. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний дараа өөр ажил хийж байсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоолгох асуудлаар яаманд хандаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх асуудлаар хүсэлт гаргаагүй учраас нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоонд сонгон шалгаруулалтын дагуу албан хаагчдыг томилсон. Тухайн үед манай байгууллагыг төлөөлж явсан хүн ажлаасаа гарсан, хариуцлагагүй хандсаны улмаас бид шүүхийн шийдвэрт давж чадаагүй юм. Т.Энхтайван ажилдаа орох талаар бидэнд мэдэгдэж байгаагүй, байгууллагын удирдлага Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхлэхэд энэ асуудлыг мэдсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэдгийг тогтоосон бөгөөд энэ хугацаанаас эхлэх 3 сарын дотор нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 14 254 452 төгрөгийн олговрыг гаргуулж нэхэмжлэгч Т.Энхтайванд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, Т.Энхтайваны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Энхтайван нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 229 222 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэж маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч нь төрийн албаны өөр байгууллагад ажиллаж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар цалингийн зөрүү гарсан тохиолдолд түүнтэй тэнцэх олговрыг олгох ёстой гэж маргасан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэж заасныг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар давхар ажил эрхлэх боломжгүй байдаг. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийг шүүх тайлбарлаж байгаачлан бага цалинтай ажил эрхэлж байгаа бол зөрүүг олгох зохицуулалт нь нэхэмжлэгч зөвхөн тухайн байгууллага дотор ажиллаж буй тохиолдолд хамаарна" гэх хуулийн утга санаа, зохицуулалтыг явцууруулж тайлбарлаж байгаа нь хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй болно. Мөн шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Т.Энхтайван нь хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13 994 100 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах гэж тодруулсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт Т.Энхтайваныг тус яамны Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас түүний ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн олговорт 2 714 007 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/01241 дугаартай шийдвэр авагдсан байна. /хх 6-12/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.Ганбаатарыг ажилд нь эгүүлэн томилоогүй болохыг хариуцагч үгүйсгээгүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байна. Иймээс уг эрхийн зөрчил үргэлжилж байх тул зөрчлийг дууссан үеэс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох талаар Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, хөлс түүнтэй тэнцэх нөхөн олговрын хэмжээг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 43 392 төгрөгийг ажилгүй байсан 15 сар 6 хоногт тооцон 14 254 452 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүх дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13ы өдрийн 182/ШШ2018/00495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Д.ЦОГТСАЙХАН