Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 040

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өлгий сумын 13 дугаар багийн оршин суугч С.Зояа, Д.Кулия нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох,

аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/51 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Зояа, Д.Кулия, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Өмиржан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Ержан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ерлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Зояа, Д.Кулия нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/51 дүгээр захирамж нь дараах үндэслэлээр хууль бус гарсан захирамж үзэж байна. Уг захирамжаар олгосон 240 м2 газарт зориулалт нь тодорхой бус, ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар обьект баригдах нь захирамжид заагаагүй байхад газар эзэмшигч нь 5 давхар 20 айлын орон сууц барих юм байна. Энэ нь уг барилгыг барих буюу цаашид ашиглах явцад 1998 оноос одоо хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Хазына ХХК-ны ШТС-ын галын аюулгүй байдал, мөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө.аюулгүй орчинд амьдрах зэрэг Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө зөрчигдөн аюул учрах нөхцөл байдал бий болох юм байна. Олгогдсон газраас 1 м зайд хот суурийн газарт онцгой обьектэд тооцогдох цэвэр, бохир усны гол шугам байгаа нь хууль зөрчигдөж хотын хүний амь нас эрүүл ахуйд хохирол учруулаад зогсохгүй цаашид ноцтой аваар гарах аюултай байдал үүсэхээр болоод байна.

Аймгийн Засаг дарга Х.Дармен нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийг үндэслэн 2016.01.27-ны өдрийн А/51 дүгээр захирамж гаргахдаа дараах үйлдлүүдийг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

1. Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарахаас өмнө техникийн нөхцөлийг зөвшөөрсөн тухай холбогдох эрх бүхий байгууллагуудын санал дүгнэлтийг харгалзах ёстой боловч үүнийг үл харгалзан шууд захирамж гаргасан байна. Жишээлбэл: Зэргэлдээ орших ШТС-ын галын аюулгүй байдлын дүрмийг зөрчих учир тухайн үед онцгой байдлын газрын байцаагч зөвшөөрөөгүй байна. Гэвч уг байцаагч ажлаас өөрчлөгдөх үеийг ашиглан танил тал харж нөхөж гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Онцгой байдлын байгууллага гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үүргээ нэг хүний эрх ашгийн төлөө зөрчиж, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулах юм байна. Ийм учраас хууль бус үндэслэлгүй гарсан захирамж байна гэж үзэж байна.

2. Мөн Онцгой байдлын газрын байцаагчийн зөвшөөрөл ШТС-ын галын аюулгүй байдлын дүрэм, МNS 4628 2013 онд шинэчлэгдсэн дүрмийг ноцтой зөрчсөн байна. 1998 оны стандартад зэргэлдээ орших обьектыг, шатахуун түгээгүүр, газар доорх сав, үйлчилгээний байр зэрэг тус бүрээс 50 метр гэж хэмжээ заасан бол шинэ 2013 онд батлагдсан стандартад ШТС-аас 25 метр гэж заасан нь ШТС хийн буцаах системтэй нөхцөлд мөрдөгдөнө энгийн системд 50 метр байх ёстой. Зэргэлдээ байгаа ШТС энгийн системийн ажиллагаатай. Энэ нь ШТС-ын нутаг дэвсгэрээс гэж ойлгох ёстой. Шинээр баригдах иргэн Ш.Ержаны обьект нь ШТС-ын үйлчилгээний байраас 10 метр байгаа нь Галын аюулгүй байдлын тухай хууль, ШТС-ын галын аюулгүй дүрмийг ноцтой зөрчиж байгааг онцлон анхаарах хэрэгтэй. Бид хувиа хичээгээгүй, зөвхөн Өлгий сумын нийт орчин суугчид хохирох тул санаа зовж байгаа болно.

3. Аймгийн Засаг дарга газар олгох шийдвэр гаргах үед баримталсан аймгийн ерөнхий архитектор баталсан шинээр баригдах иргэн Ш.Ержаны обьект зэргэлдээ орших Хазына ШТС-ын газрын хоорондын зай хэмжээг тодорхойлсон байршлын зургийг татан авч Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газарт, Мэргэжлийн хяналтын газарт тус тус явуулан Шатахуун түгээх станцын галын аюулгүйн стандарт МNS, Шатахуун түгээх станцын галын аюулгүйн дүрэм БНбД /барилгын норм ба дүрэм/, барилгын галын аюулгүйн дүрэм БНбД хэрэгжилт стандарт, дүрэм зөрчсөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулан маргааныг шийдвэрлэх шаардлагатай байна.

Хэрэв иргэн Ш.Ержаны обьект баригдах явцад эсвэл барьж дуусч ашиглах явцад гал түймрийн аюул гарч улмаар хүний амь нас хохирох, эд хөрөнгөд хохирол учрах бол аймгийн Засаг дарга, газрын алба, онцгой байдлын байгууллага, иргэн Ш.Ержан нарын буруутай этгээдийн хэн нь хариуцах вэ?

Бид Монгол улсын Үндсэн хууль, Иргэний тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16,17,18 дугаар зүйлийг тус тус үндэслэн ШТС-ын аюулгүй байдлыг хангах үүднээс мөн эд хөрөнгө хамгаалуулах, хүрээлэн буй орчинд нийт Өлгийчүүдэд аюул учруулахгүй байх эрх ашиг зөрчигдөх учраас шүүхэд хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Зояа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/51 дугаартай захирамжаар олгогдсон уг газрыг ашиглах зориулалтыг тодорхой заагдаагүй, ямар зориулалтаар ашиглах, ямар объект барих нь тодорхой бус байна. Газрын тухай хуульд зааснаар Монгол улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд орон сууц барих зориулалтаар 500 м2 газар эзэмших эрхтэй гэж заасан байгаа. Гэтэл уг 120 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон нь ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй, хуулийг гууль болгосон үйлдэл байна. Гэтэл Х.Жардем, Ш.Ержан гэсэн 2 иргэнд хамтран эзэмшихээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон газар нь 240 м2 байна. Уг газарт 2 иргэн хувийн орон сууц барих ямар ч боломжгүй. Холбогдох зарим мэргэжлийн байгууллагын байцаагч нар газар олгохыг зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулаагүй байхад газар олгосон нь танил талаа ашигласан, авилгын элемент байх магадлалтай байна. Уг газарт үйлчилгээ явуулах зорилгоор олон удаа аж ахуйн нэгж газар эзэмших хүсэлт гаргахад уг газрыг олгох боломжгүй гэж олгоогүй гэдгийг архитектор Б.Марат мэдэж байгаа.

Газар эзэмшигч Ш.Ержан нь би уг газарт юу барихаа би өөрөө мэднэ гэж тайлбарлаж байна. Газрын тухай хуульд иргэн аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохдоо уг газрыг ашиглах нөхцөлийг аймгийн Засаг дарга захирамжид тодорхой зааж өгөөгүй тул хууль бус эрхийн акт байна. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх авч, хувийн орон сууц барих нь хууль бус бөгөөд хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл байна. Газар эзэмшигч Ш.Ержан нь нийтийн орон сууц барьж, худалдан бизнес эрхлэх зорилготой гэж үзэж байгаа. Үүгээр Ш.Ержан нь Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажилладаг тул төрийн албан хаагч нь бизнес эрхлэхийг хориглосон хуулийн заалтыг зөрчиж байна.

Уг газарт тодорхой амьдрах, ажиллах ямар нэгэн объект барьсан тохиолдолд халаалт тавих нь зайлшгүй юм. Гэхдээ уг газарт барьсан объектыг төвийн нэгдсэн халаалтад холбох ямар ч техникийн нөхцөл байхгүй. Уг газрын орчин тойронд байгаа Т.Ерлан, Ж.Айнагүл нарын хувийн сууцыг төвийн халаалтад холбох ямар нэгэн техникийн нөхцөл байхгүй тул энгийн халаалт ашиглаж байгаа. Гэхдээ Ш.Ержан нь нэгдсэн халаалтад холбох боломжтой гэж үндэслэлгүй тайлбар хэлж байна. Иймд уг газарт ямар нэгэн объект барьсан тохиолдолд төвийн нэгдсэн халаалтад холбох боломжтой эсэхийг Мэргэжлийн хяналтын газрын холбогдох байцаагч нарыг байлцуулан шүүхийн үзлэг хийж өгөхийг хүсэж байна. Уг газарт барьсан объектыг нэгдсэн халаалтад холбох боломжгүй учир энгийн халаалт ашиглах нь зайлшгүй.

Гэтэл барилгын норм, нормативт шатахуун түгээх станцаас энгийн халаалт нь 50 метрээс дээш байх ёстой гэсэн стандартыг зөрчиж байгаа гэдгийг үзлэг хийж тогтооно уу. Уг газрыг хамтран эзэмшдэг гэх Х.Жардем нь Цэнгэл сумын 1 дүгээр багт оршин суудаг, уг Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж, хувийн байшин барьж амьдарч байгаа юм байна. Энэ тухай холбогдох захиргааны байгууллагаас тодорхойлолт авахыг хүсэхэд хувь хүнд холбоотой мэдээллийг иргэнд өгөхгүй, шаардлагатай бол шүүхийн журмаар авч болно гэсэн хариу өгсөн юм. Иймд Х.Жардем нь Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс газар эзэмшиж байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй байна.

Иргэн хүн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 500 м2 газар эзэмших эрхтэй байхад аймгийн Засаг даргын захирамжаар дахин гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн нь хууль бус байна. Иргэн Х.Жардем, Ш.Ержан нар нь ийм жижиг газарт хувийн байшин барьж амьдрах ямар ч боломж байхгүй. Уг газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж, цаашид хувийн орон сууц барьж, бизнес эрхлэх гэж байгаа нь тодорхой байна. Иймд хууль бус үйлдлийг хуулийн дагуу таслан зогсоож, дээрх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/51 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.Гулья шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Би шүүх хуралдаанд нэмж хэлэхэд 4-5 жилийн өмнө манай аав Монгол улсын гавьяат багш Даржаа Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ш.Насихат нартай уулзахад уг газарт инженерийн шугам сүлжээ байгаа учраас эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна гэв.

Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/51 дугаар захирамжтай холбоотой иргэн С.Зояа, Д.Кулия нарын аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/51 тоот дугаар захирамжаар иргэн Ш.Ержан, Х.Жардем нарт 240 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн ба тухайн газарт хэзээ, ямар зориулалтаар хэдэн давхар барилга, байгууламж барих эсэхийг заах шаардлагагүй байдаг.

Уг газар нь нэхэмжлэгч С.Зояа, Д.Кулия нарын эзэмшиж буй газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй. Тухайн газар нь 2016 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдохоор тусгагдсан бөгөөд Монгол улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ, 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасныг үндэслэн иргэн Ш.Ержан, Х.Жардем нарт эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан байна.

Тус газар нь дэд бүтцийн шугам, сүлжээний газартай давхцаагүй ба хууль журмын дагуу орших зай, хэмжээний дагуу техникийн зураг нь хийгдсэн бөгөөд уг техникийн зургийг холбогдох байгууллагын мэргэжлийн хүмүүс зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Иргэн Ш.Ержан, Х.Жардем нарын хамтран эзэмшиж буй газар нь Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаартай тушаалаар баталсан Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм-ын БНБД 21-07-14 дугаартай стандартын дагуу олгосон ба ямар нэгэн галын аюулгүй байдлын дүрэм, журам зөрчөөгүй болно.

Иймд иргэн Ш.Ержан, Х.Жардем нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/51 дугаартай захирамж нь хууль ёсны эрхийн акт мөн тул нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Өмиржан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/51 дугаартай захирамжаар иргэн Ш.Ержан, Х.Жардем нарт 240 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн. Уг аймгийн Засаг даргын захирамжид уг газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн тухай тодорхой заасан байгаа. Дараагийн асуудал иргэн хүнд 700 м2 хүртэл газар эзэмшүүлж болно гэж хуульчилсан байгаа. Тийм учраас аливаа иргэнд 700 м2 хүртэл хэдэн ч м2 газар эзэмшүүлж болно. Иймд нэхэмжлэгч нар шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа. Дараагийн асуудал маргаж байгаа газар нь нэхэмжлэгч С.Зояа, Д.Кулия нарын эзэмшиж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй.

Тухайн газар нь 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгохоор тусгагдсан бөгөөд үүнтэй холбоотой Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасныг үндэслэн аймгийн Засаг дарга нь уг газрыг иргэн Х.Жардем, Ш.Ержан нарт эзэмшүүлэх тухай захирамж гаргасан байна.

Мөн тус газар нь дэд бүтцийн шугам сүлжээний газартай давхцаагүй бөгөөд хууль журмын дагуу техникийн зураг нь хийгдсэн болно. Уг техникийн зургийг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд зөвшөөрч, гарын үсэг зурсан болно. Иргэн Х.Жардем, Ш.Ержан нарын хамтран эзэмшиж буй газар нь Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаартай тушаалаар баталсан Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм-ын БНБД 21-0714 дугаартай стандартын дагуу олгогдсон ба ямар нэгэн галын аюулгүй байдлын норм журмыг зөрчөөгүй болно. Иймд иргэн Ш.Ержан, Х.Жардем нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/51 дугаартай захирамж нь хууль ёсны эрхийн акт байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна гэв.

 

Гуравдагч этгээд Ш.Ержан, Х.Жардем нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Гуравдагч этгээд болох Ш.Ержан, Х.Жардем бид нар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн С.Зояа, Д.Кулия нарын захиргааны хэргийн шүүхэд аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/51 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалын хавсралт Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журам-ын 2 дугаар зүйлд эрхийн гэрчилгээ олгох ажиллагааны дарааллыг заасан байдаг. Дараалал ёсоор газар эзэмшүүлэх Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулагдаж, шийдвэр гарсны дараа техникийн нөхцөл хийгдэж, холбогдох байгууллагуудын улсын байцаагч, мэргэжилтэн нарын зөвшөөрсөн байдал, өөрөөр хэлбэл гарын үсэг зурагдах учиртай юм.

Бидний эзэмшиж буй газрын техникийн зураг гарсны дараа техникийн зурагт нэрс нь дурдагдсан улсын байцаагч, мэргэжилтэн нараас аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагчаар ажиллаж байсан Х.Сайлау нь тухайн үед ганцаараа гарын үсэг зураагүй бөгөөд бусад улсын байцаагч, мэргэжилтэн нар бүгд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Харин гал түймрийн улсын байцаагч Х.Сайлау нь бид хоёрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж буй газар нь шатахуун түгээх станц хүртэлх зай, хэмжээ нь Стандарт хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн 1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор батлагдсан МЫЗ 4628:1998 Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм, стандартад зааснаар 50 метр байх ёстой, та нарын эзэмшиж буй газар Хазына ХХК-ний шатахуун түгээх станц хүртэлх зай, хэмжээ 50 метр хүрэхгүй юм байна гэж гарын үсэг зураагүй.

Гэвч бид хоёр улсын байцаагч Х.Сайлаугийн хэлсэн Стандарт хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн 1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор батлагдсан №N5 4628:1998 Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм, стандарт-ыг судалж үзэхэд уг стандартыг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, МNS 4628:2013 Шатахуун түгээх станц, техникийн ерөнхий шаардлага стандарт-ыг шинээр баталсан байна. Шинээр батлагдсан МNS 4628:2013 стандартад шатахуун түгээх станц болон эзэмшүүлж буй газрын хоорондох зай, хэмжээг заасан ямар нэгэн зохицуулалт байхгүй байсан.

Харин станц болон эзэмшүүлж буй газрын хоорондох зай, хэмжээг Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаартай тушаалын хавсралт Шатахуун түгээх станц, галын аюулгүй норм ба дүрэм-ээр зохицуулсан байна. Уг норм ба дүрмийн 5 дахь хэсэгт Байршилд тавигдах шаардлага-ын талаар заасан бөгөөд газар доор байрлах савтай шатахуун түгээх станцаас орон сууц, олон нийтийн барилга хүртэл 25 метр гэж заасан байна Энэ норм ба дүрэмд буцаах системтэй эсвэл буцаах системгүй тохиолдолд, мөн шатахуун түгээх станцын үйлчилгээний байрнаас хэдэн метрийн зай, хэмжээтэй болох талаар огт заагаагүй байна. Мөн уг норм ба дүрмийн тайлбарт Газар доор байрласан савтай шатахуун түгээх станцаас барилгын С0 ба С1 гал тэсвэршилтийн ангилалд багтах 1 ба 2 дугаар зэргийн орон сууц, олон нийтийн барилга байгууламж хүртэлх зайг 25 хувиас ихгүй хэмжээгээр багасгаж болно гэжээ

Бид хоёр дээрх Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаартай тушаалын хавсралт Шатахуун түгээх станц, галын аюулгүй норм ба дүрэм зааснаар шатахуун түгээх станцаас орон сууц, олон нийтийн барилга хүртэлх зай, хэмжээ 25 метр болохыг мэдмэгц улсын байцаагч Х.Сайлаутай уулзаж, дээрх байдлыг танилцуулан тайлбарлахад дээрх норм, дүрэмтэй өөрөө биечлэн танилцаж, энэ норм ба дүрэмд зааснаар та нарын эзэмшиж буй газар нь шатахуун түгээх станц хүртэлх зайг хэмжээг барьж, шаардлага хангаж байгаа юм байна, би дахин судалж үзээд гарын үсэг зурж өгье гэсэн. Харин дараа нь дахин очиж уулзахад маргааш ирж гарын үсэг зуруулж аваарай гэж хэлээд хэд хэдэн удаа тодорхой бус шалтгаанаар гарын үсэг зураагүй бөгөөд улмаар цэргийн тэтгэвэрт гарсан.

Х.Сайлаугийн оронд Х.Ербулан нь улсын байцаагчаар томилогдсоны дараа эзэмшиж буй газрын холбогдох материалыг техникийн нөхцөл зургийн хамт Х.Ербуланд өгч дээрх учир байдлыг хэлж тайлбарласан. Х.Ербулан нь холбогдох хууль, дүрэм, журмыг судлан үзэж ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй учир хүлээн зөвшөөрч техникийн нөхцөлд гарын үсэг зурсан болно.

2. Бид хоёрын эзэмшиж буй газар нь нэхэмжлэл гаргаж буй иргэд С.Зояа, Д.Кулия нарын эзэмшиж буй газарт ямар нэгэн байдлаар давхцаагүй.

Мөн тус газар нь аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд орсон, холбогдох байгууллага, мэргэжилтэн нараас судлан үзэж хууль, журам, дүрэмд зааснаар эзэмшүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн тул засаг даргын захирамж гарч, бид хоёрт эзэмшүүлсэн.

3. Тус газар нь ямар нэгэн дэд бүтцийн шугам, сүлжээнд давхцаагүй ба хууль журмын дагуу орших зай, хэмжээний дагуу техникийн зураг нь хийгдсэн бөгөөд уг техникийн зургийг холбогдох байгууллагын улсын байцаагч, мэргэжилтэн нар зөвшөөрч гарын үсэг зурсан болно.

Техникийн зургийг холбогдох байгууллагын улсын байцаагч, мэргэжилтэн нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан учраас Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газруудаар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн бид хоёрт гэр бүлийн хэрэгцээнд 30 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсэн А/51 дугаартай захирамж нь хууль ёсны гарсан акт мөн бөгөөд энэ акт гарснаар нэхэмжлэл гаргаж буй С.Зояа, Д.Кулия нарын ямар нэгэн эрх, ашиг нь зөрчигдөөгүй бөгөөд эдийн болон эдийн бус хохирол учруулаагүй болно.

Иймд дээрх бидний гаргасан тайлбарт дурдагдсан эрх зүйн актуудыг харъяалагдах яам, газар, хэлтсүүдээс албан ёсоор авч хэрэгт нотлох баримтаар хавсаргаж, С.Зояа, Д.Кулия нараас гаргасан нэхэмжлэлийг хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг эрхэм шүүгч танаас гүн хүсэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Ержан шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Миний бие 2013 оноос эхлэн аймгийн Засаг даргад болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт одоогийн эзэмшиж байгаа газрыг эзэмших тухай удаа дараа хүсэлт гаргасан. Тухайн үед уг газар нь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд ороогүй байх тул олгох боломжгүй гэх хариу өгч байсан юм. Улмаар би 2015 онд тухайн газрыг дахин судалж үзсэн. Дараа нь уг газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгох боломжтой гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь гарч, техникийн нөхцөл нь хийгдэж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан.

Тэгэхэд зөвхөн Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын байцаагч Х.Сайлау гарын үсэг зураагүй юм. Тухайн үед Гамшгаас хамгаалах улсын байцаагч Х.Сайлаугийн гарын үсэг зураагүй шалтгаанаа надад 1998 онд батлагдсан MNS 4628 гэсэн стандартын дагуу шатахуун түгээх станцаас орон сууц, олон нийтийн барилга 50 метрийн зайтай байх ёстой байтал чиний эзэмшихээр хүсэлт гаргаж байгаа газар чинь шатахуун түгээх станцаас 50 метрийн зайд хүрэхгүй байна гэж тайлбарласан.

Миний бие тухайн үед Гамшгаас хамгаалах улсын байцаагч Х.Сайлаугийн хэлсэн стандартыг судалж үзэхэд уг стандарт нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 61 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, MNS 4628:2013 гэсэн Шатахуун түгээх станц, техникийн ерөнхий шаардлагын стандартыг баталсан байна. Уг стандартаар шатахуун түгээх станцаас барилга байгууламж хүртэл хэдэн метр байх ёстой гэдгийг зохицуулж өгөөгүй. Харин иргэний эзэмшиж байгаа газар болон шатахуун түгээх станцын хоорондын зай хэмжээг Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Шатахуун түгээх станцын галын аюулгүй байдлын норм ба дүрэм-ээр зохицуулсан байдаг. Уг норм ба дүрмийн 5 дугаар хэсэгт байршилд тавигдах шаардлагын талаар зохицуулагдсан байдаг. Үүнд газар доорх байрлах савтай шатахуун түгээх станцаас орон сууц, олон нийтийн барилга байгууламж хүртэл 25 метр байхаар журамлажээ.

Энэ норм ба дүрэмд буцаах системтэй ба буцаах системгүй тохиолдолд, мөн шатахуун түгээх станцын үйлчилгээний байрнаас эсвэл түгээгүүрээс барилга байгууламж хүртэл ямар хэмжээтэй байх талаар зааж өгөөгүй. Одоогийн миний эзэмшиж байгаа газар бол "Хазына" ХХК-ийн шатахуун түгээх станцаас 25 метрээс дээш зайтай бөгөөд ямар нэгэн байдлаар галын аюулгүй байдлын дүрэм, журам зөрчсөн асуудал байхгүй.

Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд тайлбар хэлэхэд уг газрыг эзэмшүүлэх тухай гаргасан аймгийн Засаг даргын захирамжид уг газрыг ямар зориулалтаар ашиглах талаар зааж өгөөгүй гэж хэлсэн. Гэхдээ уг газар эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжид ... Хахарманы Жардем, Шамелханы Ержан нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсүгэй гэж тусгасан байгаа.

Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд тайлбар хэлэхэд иргэн хүн 500 м2 газар эзэмших ёстой байтал Х.Жардем, Ш.Ержан нар нь 240 м2 газар эзэмшсэн нь хууль бус гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ хуульд иргэн хүн 700 м2 хүртэл газар эзэмших эрхтэй гэж хуульчилсан учраас тухайн иргэн 1 м2 газар ч гэсэн эзэмших эрхтэй гэсэн үг. Мөн нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд тайлбар хэлэхэд уг газарт намайг орон сууц барих гэж байгаа гэж хэлсэн. Би одоогоор уг газарт амины орон сууц барина гэх бодолтой болохоос биш 10 давхар барилга барина гэж ямар нэгэн байдлаар техникийн нөхцөл нь хийгдсэн зүйл байхгүй. Харин би уг газарт ямар нэгэн барилга байгууламж барьсан тохиолдолд мэдээж зориулалтын дагуу хуульд нийцсэн байдлаар барих болно.

Дараагийн асуудал нэхэмжлэгч нар нь иргэний эзэмшиж байгаа газар нь шатахуун түгээх станцаас 50 метрийн зайтай байх ёстой гэсэн боловч уг стандарт хүчингүй болсон гэдгийг нэхэмжлэгч нар ойлгох хэрэгтэй. Мөн нэхэмжлэгч талаас энэ хэргийн гуравдагч этгээд Х.Жардем нь Цэнгэл сумд оршин суудаг гэж хэлсэн боловч гуравдагч этгээд Х.Жардем нь Цэнгэл сумын харьяат болохоос биш одоо Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, Баян-Өлгий аймгийн Цахилгаан, шугам сүлжээний газарт монтёрын ажилтай. Дараагийн асуудал нэхэмжлэгч талаас техникийн нөхцөл хийгдэхээс өмнө газар эзэмшүүлэх тухай шийдвэр гарсан гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ Газрын тухай хууль болон холбогдох дүрэм журамд заавал техникийн нөхцөл нь хийгдсэний дараа газар эзэмшүүлэх шийдвэр гаргах тухай зохицуулалт байхгүй. Үүнтэй холбоотой Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаартай тушаалаар баталсан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам байгаа.

Уг журмын 2 дугаар зүйлд эрхийн гэрчилгээ олгох ажиллагааны дарааллыг зааж өгсөн байдаг. Уг дараалал ёсоор бол газар эзэмшүүлэх тухай Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулагдаж гарсны дараа техникийн нөхцөл хийгдэж, холбогдох байгууллагын мэргэжилтнүүд гарын үсэг зурах учиртай юм. Мөн нэхэмжлэгч нар уг газарт барилга барихад төв халаалтад холбох боломжгүй гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ уг газарт баригдсан барилгыг төв халаалтад холбох бүрэн боломжтой бөгөөд үүнтэй холбоотой судалгааг би холбогдох байгууллагад нь хүсэлт гаргаж хийлгэж байгаа. Уг газрын 3 талд дулааны станцын СТП нь байгаа. Жишээ нь, нэхэмжлэгч Д.Кулиягийн хашааны ертөнцийн зүгээр баруун урд талд 1 СТП, нэхэмжлэгч С.Зояагийн эзэмшлийн байшингийн баруун урьд зүгт 1 СТП, 60 айлын орон сууцны буланд дулааны худаг байж байгаа бөгөөд эдгээрээс халаалтын шугам татах бүрэн боломжтой. Мөн миний эзэмшиж байгаа газар Хазына ХХК болон нэхэмжлэгч Д.Кулия нарын эзэмшиж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй бөгөөд би хуулийн дагуу газар эзэмшиж байгаа. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

ХазынаХХК-ийн захирал С.Зояа, иргэн Д.Кулия нар нь маргаан бүхий акт болох аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/51 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийг[1] хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн үндэслэлээ ...иргэн Ш.Ержан нь маргаан бүхий нийтийн орон сууц барих гэж байгаа, уг обьект баригдах явцад эсвэл барьж дуусч ашиглах явцад гал түймрийн аюул гарч улмаар хүний амь нас хохирох, эд хөрөнгөд хохирол учрах, Монгол улсын Үндсэн хууль, Иргэний тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16,17,18 дугаар зүйлийг тус тус үндэслэн ШТС-ын аюулгүй байдлыг хангах үүднээс, мөн эд хөрөнгө хамгаалуулах, хүрээлэн буй орчинд, нийт Өлгийчүүдэд аюул учруулахгүй байх эрх ашиг зөрчигдөх тул шүүхэд хандаж байна ... гэж тодорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь судлаж үзээд нэхэмжлэгч нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

Гуравдагч этгээд Ш.Ержан, Х.Жардем нар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай 66 дугаар тогтоолын[2] хоёрдугаар хавсралтаар баталсан Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар шинээр эзэмшүүлэхээр заасан байршлаас[3] газар эзэмшүүлэх хүсэлтийг[4] гаргасан нь, уг хүсэлтэд газар эзэмших зориулалт, хугацаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, нэгж талбарыг харуулсан тойм зураг зэргийг[5] тусгасан нь Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Аймгийн Засаг дарга нь Ш.Ержан, Х.Жардем нарын гаргасан хүсэлтийн дагуу тэдэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар, 30 жилийн хугацаатай, 240 м2 газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан, уг шийдвэрийг үндэслэж газар эзэмшигчидтэй аймгийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ[6] байгуулж, нийтийн орон сууц барих зориулалтаар бус газар эзэмшүүлэх шийдвэрт заасан зориулалтаар 000616016 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[7] олгосон нь хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Аймгийн Засаг даргын газар эзэмшүүлсэн шийдвэрийг нэхэмжлэгчид эс зөвшөөрч, Ш.Ержан, Х.Жардем нарт газар олгосон нь Хазына ХХК-ийн ШТСтанци болон зэргэлдээ байрлах барилга хоорондын зайг тогтоосон Галын аюулгүй байдлын норм, стандартыг зөрчсөн, урьд нь уг газрыг эзэмшүүлэх талаар эрх бүхий албан тушаалтнуудад амаар хүсэлт гаргахад зөвшөөрөөгүй, хуульд заасан хэмжээнд газар эзэмшүүлээгүй, аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргасны дараа эрх бүхий албан тушаалтнууд техникийн нөхцөлд гарын үсэг зурсан нь хууль бус, үүний улмаас аюулгүй орчинд амьдрах эрх ашиг зөрчигдсөн гэж маргасан боловч эдгээр үндэслэлүүд нь дараахь байдлаар маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

1. Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт ...барилгын норм, нормативын баримт бичиг... гэж барилга байгууламжид мөрдөх нийтлэг шаардлага зарчмыг агуулсан барилгын норм, дүрэм, стандарт, цомог, заавар, журмыг хэмээн тодорхойлжээ.

Гуравдагч этгээд нар нь маргаан бүхий газарт байшин барьсан тохиолдолд барилга болон Хазына ХХК-ийн шатахуун түгээх станци хоорондын зай нь холбогдох норм, стандартыг зөрчөөгүй гэж шүүх үзлээ. Тодруулбал,

Хазына ХХК-ийн газар доор байрлах савтай ШТС-аас гуравдагч этгээд Ш.Ержан, Х.Жардем нарт олгосон газар хүртлэхзай 31.20 м болох нь маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгээр[8] тогтоогдсон бөгөөд энэ нь Барилга, хот, байгуулалтын сайдын 2014 оны 57 дугаар тушаалын хавсралтаар баталсан Шатахуун түгээх станц, галын аюулгүйн нормын 5-ын шатахуун түгээх станцаас зэргэлдээ орших барилга, байгууламж хүртэл хамгийн бага зайг тогтоосон Хүснэгт 1-ийн 3 дах хэсэгт заасан 25 м байхыг зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгчид 1998 оны Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс тогтоосон стандартад заасан барилга байгууламжаас шатахуун түгээх станци хүртлэх зай 50 м-ээс багагүй байна гэснийг зөрчсөн гэж нэхэмжлэлд тусгасан боловч үндэслэл болгосон үндэсний стандарт нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 61 дүгээр тогтоолын 2 дахь хэсгээр хүчингүй болжээ.

2. Нэхэмжлэгчид шүүх хуралдаанд урьд нь уг газрыг эзэмшүүлэх талаар эрх бүхий албан тушаалтнуудад амаар хүсэлт гаргасан, зөвшөөрөөгүй гэх боловч иргэн, хуулийн этгээд нь шинээр газар эзэмших хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргахаар Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-дэх хэсэгт болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалын хавсралтаар баталсан Газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журам-ын 3.1-дах хэсэгт тус тус заасан тул нэхэмжлэгч нарыг хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргасан байхад газрыг олгоогүй, тэдний газар эзэмших эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтан зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

3. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт ...иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа, барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна... гэж заасан, захиргааны байгууллагаас гуравдагч этгээдэд олгосон газрын хэмжээ 240 м2 буюу 0,024 га газрыг 2 иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн нь хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байна.

4. Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх журмыг Газрын тухай хуулиар болон холбогдох журмаар зохицуулсан, газар эзэмшүүлэх тухай хүсэлтийг гаргахад шаардагдах бичиг баримтад техникийн нөхцөлийг бүрдүүлсэн байхыг шаардаагүй боловч Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт тухайн газарт барих барилгын зураг төсөлд техникийн нөхцөл байх шаардлагыг заажээ.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дах хэсэгт барилгын техникийн нөхцөл гэж барилга байгууламжийг дулаан, уур, цэвэр, бохир, ус, цахилгаан, холбоожуулалт, радио, дохиоллын эх үүсвэрт холбох тухай эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг гэж заасан, хуулийн энэхүү заалтаас техникийн нөхцөл-ийг тухайн эзэмшүүлсэн газарт барилга барих тохиолдолд шаардагдах баримт бичиг гэж ойлгох бөгөөд Засаг дарга нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаас өмнө техникийн нөхцөлийг бүрдүүлсэн байхыг хуулиар шаардаагүй тул нэхэмжлэгч нарын Засаг даргаас захирамж гаргасны дараа техникийн нөхцөлийг[9]бүрдүүлсэн, үүний улмаас аюулгүй орчинд амьдрах эрх ашиг зөрчигдсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/51 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж нь нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны хэрэг хэлэлцэх ажиллагааны шатанд буюу нэхэмжлэлээ дэмжиж тайлбарлах үед ... Ш.Ержан нь эзэмшүүлсэн газарт обьект барьсан нөхцөлд энгийн халаалтанд холбох ба нэгдсэн халаалтанд холбох боломжгүй, иймд уг газарт баригдсан обьектийг нэгдсэн халаалтанд холбож болох үндэслэлийг газар дээр мэргэжлийн хяналтын газраас байцаагч нарыг оролцуулан шүүхийн үзлэг хийж тогтоох, мөн гуравдагч этгээд Х.Жардем нь Цэнгэл сумын 1 дүгээр багт оршин суудаг тул Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс гэр бүлийн зориулалтаар газар эзэмшиж байгаа эсэхийг тогтоох... талаар хүсэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт ...энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан болзахиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино... гэж заасан.

Нэхэмжлэгчдийн хүсэлтэд тусгасан ...Гуравдагч этгээд нарын барих барилга нь энгийн болон нэгдсэн халаалтад холбогдох эсэхийг, мөн гуравдагч этгээд Х.Жардем нь өөр газар эзэмшдэг эсэхийг тус тус шалгаж тогтоох... асуудал нь хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгчдийн субьектив эрхтэй холбоогүй асуудал, түүнчлэн нэхэмжлэгчид нь шүүх хуралдааны нийтлэг журамд заасан буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-дахь хэсэгт заасан шатанд бус хэрэг хэлэлцэж эхлэх үед буюу нэхэмжлэлийн үндэслэлээ дэмжиж тайлбарлах явцад уг хүсэлтийг гаргасан тул хангах боломжгүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.2., 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 60 дугаар зүйлийн 60.2, Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.7-дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хазына ХХК-ийн захирал С.Зояа, иргэн Д.Кулия нараас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/51 дүгээрзахирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 111 дүгээр хуудас

[2] Хэргийн 29 дүгээр хуудас

[3] Хэргийн 43 дугаар хуудас

[4] Хэргийн 105 дугаар хуудас

[5] Хэргийн 106-110, 112 дугаар хуудас

[6] Хэргийн 113 дугаар хуудас

[7] Хэргийн 115 дугаар хуудас

[8] Хэргийн 169-170 дугаар хуудас

[9] Хэргийн 114 дүгээр хуудас