Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 115

 

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                      Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                    П.Соёл-Эрдэнэ,

                                                    Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаартай гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0840 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Д.М нарыг оролцуулж, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0840 дүгээр шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 16 дугаар зүйлийн 16.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1-т заасныг баримтлан Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаартай гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0840 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаартай магадлалыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гардаж аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дах хэсэгт зааснаар хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан БГД-ХААА/НТ-19-02 тоот цахим тендерийн баримт бичигт хууль зөрчсөн буюу өрсөлдөөнийг хязгаарласан заалт байна гэж үзэн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан. Гэвч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 тоот албан бичигтээ манай гомдлыг хүлээн авахаас татгалзаж буюу тендер шалгаруулалтыг ТБОНӨХБАҮХАтХ-ийг зөрчиж, өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна гэж шийдвэрлэдэг. Улмаар “Х” ХХК -иас дээрх албан бичгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.

4. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан магадлалыг гаргасан. Магадлалын хянах хэсэгт “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаартай бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1 -д заасан “тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон” захиргааны акт биш байна....3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг захиргааны шүүхийн харьяаллын бус гэж үзлээ..” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглэсэн гэж үзэж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шийдвэрийнхээ үндэслэлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 “Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно.”, 15.2 “Захиалагч санхүүгийн чадавхийн шаардлагыг тендерийн, эсхүл урьдчилсан сонголтын баримт бичигт тусгана.”, 16.1. “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно”, 16.1.2 “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт;” 19.1. “3ахиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ.” Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан тендерийн өгөгдлийн хүснэгтэд дурьдсан жилийн хугацаанд ашигтай ажилласан байх гэснийг өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсний тухайд : Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана.” Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дах хэсэгт заасан “Санхүүгийн чадавхийг нотлох” баримт бичгийн жагсаалтад ашигтай ажилласан жил гэсэн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл ашигтай ажилласан жилийн тоог ямар ч сонгох боломжгүйгээр шууд нэг жил заах цаашлаад ер нь ашигтай ажилласан жил гэсэн шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

6. Дээрхээс үзэхэд тендерт оролцогчийн санхүүгийн чадавхи гэдэгт хуулийн 15.3.1- 15.3.4 дэх хэсэгт заасан шаардлагаас гадна тендерийн материалд заасан 18.1.6, 18.1.г, 18.2.а, 18.2.6, 18.2.г-д тус тус заасан санхүүгийн чадавхийг нотлох баримтуудыг хангалттай гарган өгсөөр байхад зөвхөн ашигтай ажилласан жилийн шаардлагыг харгалзан үзэж манай санал болгосон тендерээс татгалзаж байгаад гомдолтой байна. Учир нь “Х” ХХК нь БНСУ-ын Х компанийн монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютор компани болохын хувьд хьюндай брэндийн том оврын болон тусгай зориулалтын бүх төрлийн автомашиныг 0 км гүйлттэйгээр, хамгийн сүүлийн оны загварыг нийлүүлдгээрээ бусад өрсөлдөгч компаниудаас давуу талтай. Өрсөлдөгч компаниудын хувьд хуучин онд үйлдвэрлэсэн автомашинуудыг санал болгодог ба энэ эргээд захиргааны байгууллагын үйл ажиллагаа үр нөлөөтэй, эдийн  засгийн хэмнэлттэй, үр ашигтай байх зарчимд харшлах нөхцөл байдлыг бий үүсгэх магадлалтай гэж харж байна.

7. Төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авч байгаа учраас чанартай бараа ажил үйлчилгээг нийтэд түгээх нь чухал гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, захиргааны байгууллага өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй. Энэ хүрээнд ЗЕХ-ийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмын хүрээнд авч үзэхэд дүүргийн тохижилт үйлчилгээнд зориулан хог тээврийн автомашин худалдан авах зорилготой ба ингэхдээ тендерийн материалд заасан техникийн тодорхойлолт үзүүлэлтийг 100 хувь хангах, чанар, техникийн үзүүлэлтийг бүрэн хангаж буй албан ёсны үйлдвэрээс борлуулагдсан шинэ автомашиныг худалдан авах зорилготой байна. Гэтэл захиргаа буюу захиалагч нь хуульд заасан зарчмаа үл баримтлан шударга өрсөлдөөнийг хязгаарлаж байгааг дэмжин шийдвэр гаргасан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 дугаартай тендерийн баримт бичиг цаашлаад анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь тухайн тендер хуульд нийцэж байгаа эсэх, өрсөлдөөнийг хязгаарласан асуудал байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах нь тус байгууллагын нэг чиг үүргийг болохыг хуулиар баталгаажуулсан билээ. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэгт “Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх” гэж заасан. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь хуулиар олгосон байдаг. Бид үүний дагуу л нэхэмжлэлээ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэхгүй бол өөр хаана хандах вэ?

9. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бол Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг юм. Энэ утгаараа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гарсан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолд захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүй ёсны хэрэг юм. Энэ төрлийн маргааныг харьяалан шийдвэрлэх нь захиргааны хэргийн шүүхийн чиг үүрэг юм. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0840 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ

10. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

11. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан, тус газрын 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 тоот албан бичгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхийг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт” гэдгийг захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгохыг хуульчилсан.  

13. Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан “Баянгол дүүрэгт хог тээврийн машин худалдан авах ажил” БГД-ХААА/НТ-19-02 дугаар тендерийн баримт бичигтэй холбогдуулан өрсөлдөөнийг хязгаарласан тухай гомдлыг гаргасан байх бөгөөд тус газраас нэхэмжлэгчийн гаргасан гомдолд 2019  оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1387 тоот албан бичгээр хариуг хүргүүлжээ. 

14. Тодруулбал, хариуцагчаас маргаан бүхий 1/1387 тоот албан бичгээр, Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 18.2-ын /д/-д “ашигтай ажилласан байх жилийн тоог сүүлийн 1 жил буюу 2018 он” гэж, “ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоог тендерт оролцогчийн сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа төсөвт өртөгтэй дүйцэхүйц үнийн дүнтэй хог тээврийн автомашин нийлүүлсэн тухай ...баримт ирүүлэх” гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2-т заасантай нийцэж байна. Иймд тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй” гэсэн хариу өгсөн нь нэхэмжлэгчийн маргаж буй асуудлаар хариуцагч захиргааны байгууллагаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй, уг тендерийн бичиг баримтын холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй, өөрчлөөгүй буюу эрх зүйн шууд үр дагавар үүсгэхгүй албан бичиг гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасантай нийцсэн байна.

15. Нэхэмжлэгчийн хувьд тендерийн үнэлгээтэй маргах замаар эрхээ хэрэгжүүлэх боломжтой учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг үндэслэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шааардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна.

16. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гарсан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүй ёсны хэрэг. Энэ төрлийн маргааныг харьяалан шийдвэрлэх нь захиргааны хэргийн шүүхийн чиг үүрэг юм. ...Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.

17. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөх”-ийг хүссэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     М.БАТСУУРЬ

                                       ШҮҮГЧ                                                            Б.МӨНХТУЯА