| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01278/И |
| Дугаар | 317/ШШ2025/01290 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 317/ШШ2025/01290
2025 09 15 317/ШШ2025/01290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ,
Хариуцагч: Э ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 52,402,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.М
Хариуцагч Э.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Э.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 52,402,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие Э.Э тай анх 2021 оны 07 сард танилцаж, дотносож 4 сар үерхээд салсан. Харин 2025 оны 2 сараас эхлэн надтай буцаж холбогдон харилцаж эхэлсэн. Э.Э нь намайг хамтдаа амьдарна, болгоно бүтээнэ, бизнес хийнэ гэж надад итгэл төрүүлсэн. Гэтэл харилцаж эхэлснээс хойш 2025 оны 03 сарын 21-ний өдөр хүнээс мөнгө зээлсэн юмаа, тэрийгээ өгөхгүй бол болохгүй байна гэж надаас мөнгө зээлсэн. Тухайн үед тэрээр хүнд мөнгөө зээлсэн тэрийг орж ирэхээр өгнө, 1 сарын хугацаатай зээлчих гэж байсан. Энэ цаг үеэс эхлэн байнга надад "...бизнес хийх гэж байна, хамтдаа сайхан амьдаръя...", "...хүн дайрчихлаа, нөгөө хүн нь нас барах гээд байна...”, “мөнгө хэрэг болоод, мөнгө зээлээч”, “би хөдөө явах гэсэн юм аа бензиний мөнгө зээлээч”, “удахгүй шүүхээс мөнгө орж ирнэ, тэр болтол зээлчих ийм юманд хэрэглэнэ, тийм юманд хэрэглэнэ” гэх мэт удаа дараа худлаа ярьж, намайг гарцаагүй байдалд оруулан мөнгө зээлдэг байсан. Мөнгө зээлэх бүртээ ааваас аваад өгнө, эгчээс аваад өгнө, эгчийн зээлийг хаагаад аваад өгнө гэх мэт ярьдаг байсан. Энэ мэтээр надаас нийт 51,402,000 төгрөгийг зээлсэн. Надад бэлэн мөнгө байхгүй тул би эдгээр зээлсэн бүх мөнгийг “Хаан банк”, “М банк”, раy on, pocket, simple зэрэг олон банк болон зээлийн аппликэйшн ашиглан дандаа хүүтэй мөнгө зээлж авч өгдөг байсан. Нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулганд бүх үйл баримт харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, би зээл авсан бүх мөнгөө хариуцагч Э.Э ын данс руу шилжүүлсэн. Э.Э д итгэж, түүнийг хайрлаж байсан учир асуудал гарсан үед нь туслах үүднээс түүнд итгэж мөнгөө зээлсэн. Гэтэл надаас авсан бүх мөнгөө мөрийтэй тоглоом тоглож алдсан талаар сүүлд би мэдсэн. Ингэж миний итгэлийг эвдэж, худал хэлж, хууран мэхэлсэн. Мөнгө зээлэхгүй, байхгүй гэх үед намайг дандаа элдвээр харааж уурладаг байсан. Монгол улсын Иргэний хуулийн заалтын дагуу миний бие зээлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Харин 2025 оны 05 сарын 05-ны өдөр зээлсэн 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай зээлэх тухай бичгээр баталгаа гаргах нь гэсэн утга бүхий баримтыг бичиж өгсөн байдаг. Уг зээлсэн мөнгөний хүү 1,000,000 төгрөг болсон.
Би Э.Э д 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 20,000 төгрөг, 100,000 төгрөг, 20,000 төгрөг, 2,500,000 төгрөг нийт 2,640,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 40,000 төгрөг, 2,500,000 төгрөг нийт 2,540,000 төгрөгийг, 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 40,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 300,000 төгрөг нийт 900,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 700,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 100,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 10,000 төгрөг, 400,000 төгрөг нийт 410,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 187,000 төгрөг, 1,400,000 төгрөг нийт 1,587,000 төгрөгийг, 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 50,000 төгрөг, 1,200,000 төгрөг нийт 1,250,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 105,000 төгрөг, 50,000 төгрөг нийт 155,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 90,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 5,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 10,000 төгрөг, 15,000 төгрөг, 25,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 4 удаа 5,000,000 төгрөгөөр нийт 20,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 6,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг нийт 13,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 120,000 төгрөг, 100,000 төгрөг нийт 520,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 10,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 70,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 60,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөгийг, нийт 51,402,000 төгрөгийг зээлүүлсэн.
Энэ мөнгөнүүдийг би өөрийн нэр дээрх Хаан банкны 5845563273 тоот данс, Хас банкны 5002778701 тоот данс, М банкны 8010190300 тоот данснуудаас Э.Э ын нэр дээрх 5736226244 дугаартай данс руу шилжүүлсэн. Иймд хариуцагч Э.Э аас зээлсэн 51,402,000 төгрөг, зээлийн хүү 1,000,000 төгрөг, нийт 52,402,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Э.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М гээс надруу шилжүүлсэн мөнгийг миний нэр дээрх банкны дансны хуулгаас харахад нийт 42,000,000 төгрөг шилжин орсон. Гэвч уг мөнгө нь дансанд удаан хадгалагдаагүй бөгөөд бүгдээрээ богино хугацаанд шууд тоглоомд зарцуулагдсан. Тодруулбал Б.М бид хамтдаа тоглодог байсан, өөрөөр хэлбэл энэ мөнгө "poker" аппликейшн-д зарцуулагдсан бөгөөд банкны хуулга дээр энэ нь "Chivas", "Achaa", "Nooluur" гэх нэршлээр зардал хэлбэрээр гарсан нь тодорхой харагдана. Иймд түүний надруу шилжүүлсэн мөнгө нь надад зээлсэн зээл бус, харин надтай хамт тоглоомд зориулсан хөрөнгө оруулалт байсан. Энэ талаар албан ёсны зээлийн баримт байхгүй. Нэхэмжлэгчийн хэлж буй шиг надтай хийсэн зээлийн гэрээ, өрийн бичиг, нотариатаар баталгаажсан баримт огт байхгүй. Харин ч эсрэгээрээ миний гар утсанд байсан зарим чат, харилцаа, бичлэгийг нэхэмжлэгч өөрөө зориуд хадгалж, заримыг нь бүр миний утсаар өөрөө бичиж үлдээсэн байж болзошгүй шинжтэй. Миний чатаас олон мессежийг санаатайгаар устгасан, зөвхөн өөрт ашигтай хэсгийг үлдээсэн нь тодорхой байна. Бидний хооронд зөвхөн мөнгөний асуудал байгаагүй, харин хувийн харилцаа, ойр дотно байдал ч байсан. Нэхэмжлэгч намайг байнга гэртээ дууддаг, уулзах, хамт байхыг хүсдэг, заримдаа "чи над дээр ир, хамт хоёулаа тоглоё” гэх мэтээр санал тавьдаг байсан. Тоглож алдаж байсан үедээ "хамтдаа төлъе, өрнөөс гарах арга замыг хамтдаа хайя, гадагшаа хүртэл явж орлого олж төлж болно" гэх мэтээр ярилцдаг байсан. Энэ нь миний ганцаараа үүрсэн өр биш, харин хамтын хариуцлага гэдгийг нотолно.
Нэхэмжлэгч надад байнга дарамталсан өнгө аястай зурвас бичдэг байсан. Заримдаа "чи заавал төлөх ёстой" гэх мэт шаардлага тавьж, намайг тогтмол бухимдуулж ирсэн. Харин би маргалдах, хэрүүл хийхээс зайлсхийж чимээгүй өнгөрүүлсээр өнөөг хүрсэн. Миний гар утсанд хийсэн "20 сая төгрөг авсан нь үнэн" гэх мэт бичлэг байгаа. Гэвч уг бичлэг нь миний сайн дурын мэдүүлэг бус, харин нэхэмжлэгчийн шахалт, түүний эгчдээ үзүүлэх баримт болгон ашиглах зорилгоор намайг хүчээр хэлүүлсэн бичлэг болно. Иймээс уг бичлэгийг бодит үнэн зөв нотолгоо гэж үзэж болохгүй. Надад нэхэмжлэгчийн адил их хэмжээний өр үүссэн, эдийн засгийн хувьд хүнд байдалд байгаа. Миний хувьд энэ маргааныг улам хурцатгалгүйгээр, хамтдаа ярилцаж, шийдвэрлэхэд бэлэн байна. Шүүхээс шударга үнэнээр дүгнэж, бодит байдлыг харгалзан шийдвэр гаргахыг хүсье.
Бид хоёр хамт байж байгаад мөрийтэй тоглоом тоглоод бүх мөнгөө алдсан. Өнөөдөр нэхэмжлэгчийн хэлээд байгаа зүйлийг анх удаа сонсож байна. Намайг мөнгө зээлсэн гээд гарын үсэг зураад бичиг хийж өгсөн гэж байна. Тийм зүйл огт байхгүй, би бичиж өгөөгүй. Мөн нийт 52,402,000 төгрөг зээлсэн гэж байна. Миний дансанд нийт 42,000,000 төгрөг л орсон байсан. Энэ мөнгийг бид хоёр хамт байж байгаад мөрийтэй тоглоом тоглоод хамт алдсан. 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 2,500,000 төгрөгийг зээлж авсан. Бусад мөнгийг зээлж аваагүй. Би хүнээс мөнгө зээлчихсэн байсан. Түүнийгээ эргүүлж өгөх гээд Б.М гээс зээлээд найз руугаа шилжүүлсэн. Тухайн үед бид хоёр хамт амьдарч байсан. Бид хоёр Б.М гийн ах эгчийнх нь гэрт байсан. Ах, эгч нар нь хоёр гэртэй болохоор эзгүй үед нь гэрт нь очиж хамт байдаг байсан. Би бусад мөнгийг нь зээл гэж бодохгүй байна. Бид хоёр хамт тоглоод алдсан. Б.М гөөс надад мөнгө шилжиж орж ирээд шууд тоглоомын данс руу шилжиж орсон гэдгээр тогтоогдох байх. Б.М гийн эгч нь банкинд ажилладаг болохоор өөрийнх нь данснаас ийм олон удаагийн гүйлгээг тоглоомын данс руу шилжүүлж болохгүй гээд миний данс руу тэр мөнгө хийдэг байсан. Б.М зохиомлоор худлаа ярьж байна. Бид хамтдаа тоглож, хамтдаа мөнгөө алдсан. Сүүлд нь бүх хариуцлагыг над дээр тохож байгаа. Б.М мөнгөө нэхэж байсан. Ер нь л байнгын хардаж, дарамталж залгаж, мессеж бичдэг. Өглөө, өдөр, орой, шөнөгүй хардаж, дарамталж тайван байлгах нөхцөл олгодоггүй. Энэ мөнгийг хамт тоглож, хамт алдсан нь үнэн. Би ажил хийгээд хоёулаа бага багаар авсан өр зээлээ дараад явъя эсхүл хамт гадаад улс руу виз мэдүүлье гэж хэлээд ярилцаж байсан удаатай байгаа. Одоо миний ажиллаж байгаа орон нутагт ээлжийн ажлыг Б.М олж өгч оруулсан. Намайг яг ажилдаа явсан хойгуур шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хоёулангийнх нь энэ мөнгө бүгд өр болоод үлдэж байна. Чи ядаж 5,000,000 төгрөгийг ч хамаагүй өг гэж хэлдэг байсан. 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж надаас мөнгө нэхсэн. Дансны хуулга шүүхэд 42,000,000 төгрөг орсон байсан. Миний 5736226244 Хааны данс руу ороод мөнгөө хамт хэрэглээд дууссан. Б.М Түмэн шувуут ХХК-д өндөг савлагч хийдэг. Тэрээр зээлийн аппликейшнээс ихэвчлэн зээл авдаг байсан. Зээл авах үед нь хамт байдаг байсан. Зарим тохиолдолд Б.М мөнгө өгөөд чи дахиад тоглоод алдсан мөнгөө олчих гэж хэлж байсан удаа ч байдаг. Шүүхэд хандахдаа өөрийн бичсэн чат, мессежүүд, хамт тоглосон талаар бүх зүйлийг устгаад скрийн шот хийгээд хэрэгт хавсаргасан байсан. Би Б.М гээс зээлсэн 2,500,000 төгрөгөө өгнө. Харин үлдэх мөнгөний тухайд ярилцаж хамтдаа ажил хийж сар болгоны цалин дээрээсээ зээлээ төлөөд явах боломжтой гэж бодож байна. Хамт тоглож, хамт зарцуулсан байж бүх зүйлийг надад тохож байгааг гайхаж байна. Хамт тоглож байсныг нотлох гээд тоглоомын сайт руу орж үзсэн боловч хамт тоглож байсан нь харагдахгүй юм байна лээ. Энэ мөнгө бүгд тоглоомд зарцуулагдсан. Хамт тоглож мөнгөө алдчихаад бүх зүйлийг над дээр тохож байгаад гайхаж байна. Энэ хүн анхнаасаа зохион байгуулалттай ч юм шиг нотлох баримт цуглуулаад яваад байсныг мэдсэнгүй. Би Б.М д хайртай байсан учраас ингэнэ гэж бодсонгүй. Эгч дээ үзүүлэх гэсэн юм гээд надаар бичлэг хийлгүүлж байсан удаатай.
Би худлаа яриагүй, би болсон зүйлийн талаар үнэн хэлж байна. Хоёулаа хамтдаа энэ мөнгийг алдсан байж яагаад хамтдаа энэ асуудлыг шийдээд, хамтдаа өрөө дараад явахгүй байгаа юм бэ, бүх амьдралаа ярих шаардлага байна уу, чи өөрөөсөө хамаг зүйлийг түлхээд надад яагаад тохоод байгаа юм бэ, би өөрийгөө зөвтгөсөн зүйл байхгүй. Үүнийг асуумаар байна. Утсаараа покер тоглосон. Тоглох үедээ дэлгүүрээс хэрэглээний зүйлсээ авсан зүйл байж магадгүй. Би нарийн сайн санахгүй байна. Өнгөрсөн хугацаанд би Б.М гийн дарамт, шахалтад байсан. Хэд хоногийн өмнө чи Төв аймгийнх, Төв аймгийн шүүгч нарт мөнгө өгчихсөн гэж орилж, чарлаж байсан. Болоогүй зүйлсийг яг болсон мэт ярьж гүтгэж, харааж, амьдралыг чинь байхгүй болгоно гэдэг. Би цагдаагийн байгууллагад хандаагүй. Бид хоёрын хамт тоглож, хэрэглэсэн 42,000,000 төгрөгийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Би өмнө ярилцъя гэж хэлж байсан. Б.М зөвшөөрдөггүй. Тиймээс уг мөнгийг миний ганцаараа үүрсэн зээлийн өр гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсье гэв.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 419,960 төгрөг төлсөн баримт, Б.М гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Э ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 03 сарын 21-ний өдрөөс 2025 оны 05 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Хаан банк ХК дахь 5845563273 дугаартай Б.М гийн нэр дээрх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 05 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны “М банк” ХК дахь 8010190300 дугаартай Б.М гийн нэр дээрх дансны хуулга, 2025 оны 5 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны “М банк” ХК дахь 8010190300 дугаартай Б.М гийн нэр дээрх дансны хуулга, 2025 оны 05 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны “Хас банк” ХК дахь 5002778701 дугаартай Б.М гийн нэр дээрх дансны хуулга, “Баталгаа гаргах нь” гэх гараар бичсэн бичвэр, 2025 оны 05 сарын 05-ын өдөр “Таван богд финанс” ББСБ ХХК-тай байгуулсан 93001-327996 дугаартай цахим зээлийн гэрээний хуулбар, 2025 оны 06 сарын 25-ны өдрийн 25301/163228 дугаартай Ашид капитал ББСБ ХХК-ийн тодорхойлолт, 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 6000575824 дугаартай “М банк” ХК-тай байгуулсан цахим зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2025 оны 06 сарын 25-ны өдрийн 2025062500082 дугаартай “Хаан банк” ХК-ийн тодорхойлолт, 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 2966 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг ирүүлсэн байна.
5. Хариуцагчаас хариу тайлбар, 2025 оны 03 сарын 15-ны өдрөөс 2025 оны 06 сарын 15-ны өдрийг дуусталх хугацааны “Хаан банк” ХК дахь 5736226244 дугаартай Э.Э ын дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “...Хариуцагч Э.Э нь надаас зээлсэн мөнгөө өгөөгүй учир төлөх ёстой” гэж, харин хариуцагч Э.Э нь хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлахдаа “...би Б.М гөөс мөнгө зээлж аваагүй, Б.М гийн данснаас миний данс руу нийт 42,000,000 төгрөг шилжин ирсэн бөгөөд үүнийг бид хамтдаа мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцлээ.
3. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.М , хариуцагч Э.Э нар нь 2021 оноос эхлэн танилцаж, 4 сар орчим үерхэж байгаад больсон, улмаар дахин 2025 оны 2 дугаар сараас эхлэн үерхэж эхэлсэн. 2025 онд нэхэмжлэгч Б.М гийн нэр дээрх данснаас хариуцагч Э.Э ын нэр дээрх данс руу тодорхой хэмжээний мөнгө шилжсэн гэдэгт маргаагүй, харин талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн эсэх мөн нийт шилжүүлсэн гэх мөнгөний дүн дээр маргасан.
4. Нэхэмжлэгч Б.М гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хариуцагч Э.Э аас зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байна.
6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:
- нэхэмжлэгч Б.М гийн нэр дээрх Хаан банк дахь 5845563273 дугаар данснаас хариуцагч Э.Э ын нэр дээрх Хаан банк дахь 5736226244 дугаарын данс руу 2025 оны 3 дугаар сараас 2025 оны 5 дугаар сарыг дуустал нийт 20,342,000 төгрөг /хх-ийн 7-11/,
- нэхэмжлэгч Б.М гийн нэр дээрх М банк дахь 8010190300 дугаар данснаас хариуцагч Э.Э ын нэр дээрх Хаан банк дахь 5736226244 дугаарын данс руу 2025 оны 5 дугаар сард нийт 10,130,000 төгрөг /хх-ийн 12-14/,
- нэхэмжлэгч Б.М гийн нэр дээрх Хас банк дахь 5002778701 дугаар данснаас хариуцагч Э.Э ын нэр дээрх Хаан банк дахь 5736226244 дугаарын данс руу 2025 оны 5 дугаар сард нийт 14,084,900 төгрөг /хх-ийн 15-21/, нийт 44,556,900 төгрөг шилжин орсон байна.
Иймд хариуцагч Э.Э ын шүүх хуралдаанд гаргасан “...Б.М гөөс нийт 42,000,000 төгрөг миний данс руу шилжин орсон” гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд мөн нэхэмжлэгч Б.М нь нийт 51,402,000 төгрөгийг шилжүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй болно.
7. Харин хариуцагч Э.Э ын нэр дээрх Хаан банк дахь 5736226244 дугаарын данснаас нэхэмжлэгч Б.М гийн нэр дээрх Хаан банк дахь 5845563273 дугаар данс руу нийт 900,000 төгрөг шилжин орсон байна.
8. Талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаас үзэхэд тэдгээрийн хооронд өөр байдлаар бие биенийхээ данс руу мөнгө шилжүүлээгүй гэж тайлбарласан тул хэрэгт авагдсан дээрх дансны хуулгад авагдсан орлого, зарлагыг энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааны мөнгө гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.М нь өөрийн нэр дээрх М банк дахь 8010190300 дугаар данснаас хариуцагч Э.Э ын нэр дээрх Хаан банк дахь 5736226244 дугаарын данс руу 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 400,000 төгрөгийг шилжүүлсэн /хх-ийн 12/ гэх боловч уг гүйлгээ хийгдсэн MN790032005005925898 дугаартай данс нь хариуцагч Э.Э ын нэр дээрх данс мөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
9. Хариуцагч Э.Э нь нэхэмжлэгч Б.М гээс шилжин ирсэн мөнгийг түүнээс зээлсэн мөнгө биш, нэхэмжлэгч Б.М тэй хамт тоглоом тоглоход зарцуулсан мөнгө гэж тайлбарлах боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус зааснаар зохигч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын талаар татгалзаж буй үндэслэлээ нотолж, холбогдох нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй байна.
Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 51,402,000 төгрөгийг хариуцагчид зээлүүлсэн гэдгийг, хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, 42,000,000 төгрөг орж ирснийг хамтдаа тоглоом тоглоход зарцуулсан гэх тайлбараа тус тус баримтаар нотлохгүй байна.
10. Мөн нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “...Хариуцагч Э.Э нь 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр надаас 20,000,000 төгрөгийг зээлж авахдаа сарын 5 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар зээлсэн. Ингэхдээ гараар бичсэн баталгаа гаргаж өгсөн...” гэж хэрэгт “Баталгаа гаргах нь” /хх-ийн 33/ нэртэй материалыг ирүүлснийг хариуцагч эс зөвшөөрч “...би ийм зүйл бичиж өгөөгүй, мэдэхгүй” гэж маргасан.
Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан байна.
Өөрөөр хэлбэл хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэх заалтаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулжээ.
Хэрэгт авагдсан “Баталгаа гаргах нь” нэртэй гар бичвэрийг талуудын хооронд байгуулагдсан гэрээ гэж үзэх боломжгүй юм. Тодруулбал, үүнийг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч хүү авах эрхээ алдана.
11. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүсэнээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүснэ. Үүний гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
12. Иймд хариуцагч Э.Э аас 43,656,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,745,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Тодруулбал, нэхэмжлэгч Б.М ээс хариуцагч Э.Э ын данс руу шилжин орсон нийт 44,556,900 төгрөгөөс хариуцагч Э.Э аас нэхэмжлэгч Б.М гийн данс руу шилжүүлсэн нийт 900,000 төгрөгийг хасаад үлдэх 43,656,900 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 419,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э аас 43,656,900 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 376,243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож шийдвэрлэв.
14. Хэрэгт авагдсан чатын хуулбар /хх-ийн 22-32, 75-79/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэрэгт баримтаар үнэлээгүй болно.
Мөн нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор дүрс, дуу бичигдсэн 1 ширхэг флашийг шүүхэд өгч, үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасныг тус шүүх 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 3816 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч тэрээр уг хүсэлтээсээ татгалзаж, үзлэг хийлгэхээс татгалзсан тул түүний шүүхэд ирүүлсэн флашийг хэрэгт баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Э.Э аас 43,656,900 /дөчин гурван сая зургаан зуун тавин зургаан мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,745,100 /найман сая долоон зуун дөчин таван мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 419,960 /дөрвөн зуун арван есөн мянга есөн зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э аас улсын тэмдэгтийн хураамж 376,243 /гурван зуун далан зургаан мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА