| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2025/01531/И |
| Дугаар | 317/ШШ2025/01294 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 317/ШШ2025/01294
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 17/3 Алтай центр барилгад байрлах Д ХХК,
Хариуцагч: Төв аймаг, Жаргалант сум, 1-р баг, Буурал, 1 тоотод оршин суух, байрлах Бс ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 262,778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Бс ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 262,778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Талууд 2023 оноос эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан борлуулахаар харилцан тохиролцон хамтран ажилласны дагуу 2023 оны 02 сарын 27-ны өдрөөс 2023 оны 08 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд "Дакал фарм" ХХК-аас "Бс ХХК-д 8,937,943 төгрөгийн эм бараа нийлүүлснээс 8,675,165 төгрөгийн төлбөр Бс ХХК төлсөн билээ. Хамгийн сүүлд "Бс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал Хаан банкны 5740050611 тоот өөрийн данснаас "Дакал фарм" ХХК-ийн 5099005699 тоот дансанд 200,000 төгрөгийн төлбөр төлсөн ба үүнээс хойш дахин төлбөр төлөөгүй билээ. Өр төлбөрөө барагдуулах талаар "Бс ХХК-ийн 89842992 тоот утсанд манай зүгээс холбогдоход ...төмс ногоогоо ялгаж байгаа одоо захаасаа өгнө..." гэсэн хариу өгсөн ба түүнээс хойш утсаа авахгүй, хариу өгдөггүй болсон. Иймд 262,778 төгрөг төгрөгийг Бс" ХХК-аас "Дакал фарм" ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Адилбиш нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Бс ХХК нь биелүүлж, төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 8,533 төгрөг төлсөн баримт, Д ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д ХХК-ийн дүрэм, 2025 оны 09 сарын 05-ны өдрийн Г.Адилбишэд олгосон итгэмжлэл, Г.Адилбишийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д ХХК болон Бс ХХК-ийн талуудын эм бараа нийлүүлсэн төлөлт хийсэн огноо, Г.Адилбишийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Бс ХХК-аас гэрээний үүрэгт 262,778 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Адилбиш нь хариуцагч Бс ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 262,778 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,533 төгрөгийн тал хувь болох 4,266.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,266.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 4,266.5 төгрөгийг хариуцагч Бс ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч Бс ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 262,778 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,533 төгрөгийн тал хувь болох 4,266.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,266.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, тал хувь 4,266.5 төгрөгийг хариуцагч Бсоос гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА